Х.Нямбаатар: “Шинэ Улаанбаатар”-ыг цогцлоох шилдэг боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн


Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авч, сурталчилгаагаа эхлүүллээ. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 17400 гаруй нэр дэвшигч өрсөлдөх юм. Тухайлбал, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 15 нам, нэг эвсэл оролцохоор бүртгүүлсэн. Тухайн нам, эвслийн удирдлагууд нэр дэвшигч нарт үнэмлэхийг нь албан ёсоор гардуулж, амжилт хүслээ. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар нэр дэвшигч нарт үнэмлэхийг нь гардуулж, шударга, ил тод өрсөлдөх хариуцлагын гэрээ байгуулав.

   
Иргэн бүрд ээлтэй, тэсвэртэй хотыг цогцлоох хөгжлийн хөтөлбөрийг дэвшүүлжээ

Нийслэлийн МАН-ын хороо “Шинэ сэргэлт-Шинэ Улаанбаатар” хөгжлийн мөрийн хөтөлбөртөө хотод тулгамдаж буй ногоон байгууламж, агаар, хөрс, усны бохирдол, автомашины түгжрэл зэрэг олон асуудлыг шийдвэрлэх гарц шийдэл, зорилго зорилтуудыг багтаасан гэдгийг тус намын хорооны дарга Х.Нямбаатар онцоллоо. Тэрбээр “Одоогоос 70 жилийн өмнө буюу 1954 онд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг анх батлахдаа 600 мянган хүн ам, 60-70 мянган автомашинтайгаар төлөвлөж байсан. Гэтэл өнөөдөр хот маань хоёр сая хүн, 800 мянган тээврийн хэрэгсэлтэй болж, анх төлөвлөснөөс даруй гурав дахин нэмэгдэж, олон асуудалтай нүүр тулж байна. Тиймээс бид Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг бодитой шийдвэрлэхээр бодит хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан. Намайг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байх үед Монгол Улсын Ерөнхий сайд улс төрийн шийдвэр гаргаж, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэг даалгавар өгч, намайг хотын даргаар томилсон билээ. Бид тэр үеэс буюу нэг жилийн өмнөөс сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж, улмаар томоохон зарим ажлыг нь эхлүүлсэн. Нийслэлчүүд 40 жилийн өмнө метроны тухай үзэл санааг дэвшүүлж байсан бол өдгөө бид үүнийг бодит ажил болгож, метроны төслийг гараанаас гаргасан. Мөн хотын нэг түвшний бүх замыг энэ онд багтаан шинэчилж, ирэх жилээс хоёрдугаар давхрын замаа барих ажлыг  хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Бид иргэн бүрд ээлтэй, хүртээмжтэй,  аюулгүй, байгалийн гамшигт тэсвэртэй хотыг бүтээж, цогцлоох хөгжлийн хөтөлбөрөө дэвшүүлж байна” хэмээгээд тус хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх баг хамт олон буюу нэр дэвшигчдийнхээ тухайд тэрбээр “Бид урьд өмнө улс төрийн ажил хийж байгаагүй, инженер, эдийн засагч, хуульч зэрэг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай, мэдлэг боловсролтой, хариуцлагатай шилдэг боловсон хүчнээ нэр дэвшүүлсэн. Хамтдаа шинэ Улаанбаатарыг бүтээе" хэмээн уриалав.  
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн дундаж нас 41 бөгөөд нийт нэр дэвшигчийн 20 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Боловсролын тухайд нэр дэвшигчид бүгдээрээ гадаад, дотоодод дээд боловсрол эзэмшжээ. Нэр дэвшигчдийн 50 гаруй хувь нь сонгуульд анх удаа нэр дэвшиж буй гэдгээрээ онцлогтой аж. 
 
Бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нийтдээ 12 тойрог, 45 мандаттай. Тодруулбал, Баянгол дүүрэг нэг тойрог зургаан мандаттай, Баянзүрх дүүрэг гурван тойрог 10 мандаттай, Сонгинохайрхан дүүрэг хоёр тойрог 10 мандаттай, Сүхаатар дүүрэг нэг тойрог дөрвөн мандаттай, Хан-Уул дүүрэг нэг тойрог зургаан мандаттай, Чингэлтэй дүүрэг нэг тойрог дөрвөн мандаттай, Багануур дүүрэг нэг тойрог хоёр мандаттай, Багахангай дүүрэг нэг тойрог нэг мандаттай,  Налайх дүүрэг нэг тойрог хоёр мандаттай юм. Эдгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй зарим хүний сэтгэгдлийг сонслоо. 
УИХ, Засгийн газраас Улаанбаатарын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд маш том эрхзүйн орчныг бүрдүүлж, улмаар бонд гаргаж олон хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт хийх боломжтой болсон гэдгийг Баянгол дүүрэгт нэр дэвшигч, нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэллээ. Тэрбээр “Цаашид энэ  боломждоо үндэслэж хотын хэт төвлөрлийг задална. Дагуул хот, дэд төвүүд буюу дэд бүтцийн сонголттой, бие даасан шийдвэрээ гаргаж чадах хурлыг байгуулах боломжтой болсон” хэмээгээд Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж буй УИХ, Засгийн газартай хамтран ажиллах нийслэлийн ИТХ-тай хамтран ажиллах "Хотын сэргэлт-Шинэ Улаанбаатар" мөрийн хөтөлбөртэй багийг дэмжихийг уриаллаа. 
Сүхбаатар төвийн дүүрэг хэдий ч хүн амын тал хувь нь гэр хороололд амьдарч байгаа тул орон сууцжуулах, дэд төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллахаа тус дүүрэгт нэр дэвшигч М.Говьсайхан онцоллоо. Тэрбээр “Сүхбаатар дүүрэгт Сэлбэ, Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Сэлбэ дэд төвийн тухайд дэд бүтэцжүүлэх бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссан. Түүнийг түшиглэн барих 12 мянган айлын орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Харин Дамбадаржаа дэд төвийг дэд бүтэцжүүлэх бүтээн байгуулалтын ажил 40 хувьтай үргэлжилж байна. Эдгээр ажлыг эрчимжүүлж, дуусгаснаар иргэд ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэхийн зэрэгцээ ажлын байр бий болох, эдийн засаг солонгорох боломж бий болно” гэсэн бол 2020 оны нийслэлийн ИТХ-ын сонгуулиар МАН-аас Баянзүрх дүүргээс сонгогдсон, дахин тус дүүрэгт нэр дэвшиж буй Ү.Оюунзул нийгмийн асуудал буюу эрүүл мэнд, боловсролын салбарт илүү анхаарч ажилладаг зарчмаа үргэлжлүүлэн баримтлахын зэрэгцээ бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэхээ мэдэгдлээ. Тэрбээр “Манай дүүрэг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаараа тэргүүлж байгаа. Тиймээс эхлүүлсэн ажлаа дуусгах, эрчимжүүлэх, шинээр хийж хэрэгжүүлэх томоохон зорилго зорилт өвөртлөн нэр дэвшиж байна. Бид дүүргийнхээ автозамын сүлжээг 66 км-ээр өргөжүүлсэн. 40 гаруй хувьтай байсан гэрэлтүүлгийн ажлыг 90 гаруй хувьд хүргэлээ. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг бодитой нэмэгдүүлсэн гэх мэт олон ажил бий. Ирэх жилүүдэд бүтээн байгуулалтын ажлыг улам илүү эрчимжүүлнэ. Тухайлбал, Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх боломжтой 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” хэмээн байр сууриа илэрхийллээ.  
Сонгинохайрхан дүүргийн хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тохижилт, автозам төдийгүй дугуйн болон явган хүний замыг шинээр тавих, дэд бүтэцжүүлэх зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлэхийн зэрэгцээ цэцэрлэгийн хүртээмжийг 95 хувьд хүргэж, ерөнхий боловсролын сургуулиудыг бүрэн дүүрэн өргөтгөсөн гэдгийг тус дүүрэгт нэр дэвшигч Ж.Сандагсүрэн хэллээ. Тэрбээр “Таваншарын уулзварын нүхэн гарцыг ашиглалтад оруулсан. Одоо нэгдүгээр хорооллын арын гэр хороолол дунд тавьж буй зургаан эгнээ автозамын ажлын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж байна. Мөн Яармагаас Хархорин руу чиглэсэн дүүжин тээврийн эхний шугамын ажлыг эхлүүлсэн. Энэ мэт олон жил хийж байна. Баянхошуунд дэд төв байгуулах ажлыг дуусгасан. Ирэх дөрвөн жилд Сонгинохайрхан дүүрэгт дөрвөн хотыг цогцлоож, 40 мянган айлыг орон сууцад хамруулахаар төлөвлөсөн” гэв. 

Сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжилнэ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд “Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” гэж заасан. Тиймээс нэр дэвшигчид албан ёсоор тодорч, үнэмлэхээ гардаж авснаар сурталчилгаагаа эхлүүлэв. МАН “Хотын сэргэлт-Шинэ Улаанбаатар”, АН “Хүүхдийн төлөө хот”,  Үндэсний эвсэл “Иргэн баян бол хот баян”, ХҮН нам “Мэргэжилтнүүд өөрчилнө” гэсэн мөрийн хөтөлбөрийг боловсруулан дэвшүүлжээ. Орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд хуульд заасны дагуу 14 хоногийн хугацаанд буюу аравдугаар сарын 9-ний 23:59 хүртэл бодлого, мөрийн хөтөлбөрөө сурталчлан таниулах юм. Сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаагаа хуульд зөвшөөрсөн арга хэлбэрээр явуулах ёстой бөгөөд өөрийн болон намынхаа мөрийн хөтөлбөрт тусгаагүй амлалт өгөх, сурталчилгааны материалаа хуульд зөвшөөрсөн тоо хэмжээ, хязгаарт нийцүүлээгүй зэрэг нь тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болно гэдгийг холбогдох албаныхан анхааруулж байна. 
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй 17400 гаруй хүнээс бүх шатны ИТХ-д 8155 нь төлөөлөгчөөр сонгогдох юм. Учир нь, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг 2020 онд баталсан хуулиар мажоритар буюу нэр дэвшигчид тойрогт өрсөлдөж, сонгогчдын олонхын санал авсан нь ялах зарчмаар зохион байгуулна. Улсын хэмжээнд 2230 хэсгийн хороо байгуулсан бөгөөд санал хураалт аравдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 07:00-20:00 цагийн хооронд болно.

 С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24615/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 15 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 15 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 15 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 15 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 16 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 16 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 16 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 16 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 16 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 17 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 17 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 17 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 17 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 17 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 17 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 17 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 18 цагийн өмнө