Хүн төрөлхтөнд XXI зуунд тулгарах хамгийн бэрхшээлтэй асуудал бол "Ёс зүй"-н уналт болж таараад байна. Бид ёс зүй, ёс суртахууны хэмжүүрийг хэт доошлуулснаас үүдэн хэт задгай эрх чөлөө энэ мянганы эхлэлд тренд болж ирлээ. Ёс зүйн хэм хэмжүүрийг сэтгэлгээний эрх чөлөөтэй андуурснаас үүдэлтэй энэ уналт араасаа гоо зүйн мэдрэмжгүй, урлаггүй урлагуудыг чирч мөнөөх гоо зүйгүй, урлаггүй урлаг нь ирээдүй үеийг хүмүүжүүлж эхлээд байна.
Ёс зүйн хэм хэмжүүр хэт доошлох гэж би юуг хэлчихэв. Хэм хэмжүүр доошилсон, дээшилснийг хэн тогтоодог болж таарах вэ. Ингээд өөрийгөө ороосон олон асуултад ээрэгдэн ном сонин сөхөж тодорхойлох гэж оролдов. Ёс зүй гэх ойлголт нь эртний грекийн Ethos буюу хамтран амьдрах, оршин амьдрах газар гэдэг утгатайгаар илэрхийлэгддэг байсан юм байна. Хүн төрөлхтний оюун санаа хөгжиж өөрчлөгдөхийн хэрээр “Ёс заншил, сэтгэлгээний хэв маяг, хүн чанар, үнэт зүйл” гэсэн агуулгатай болж, тэдгээрийн шинж чанарыг илэрхийлэх болов. Уг нь эртний Грект гээд байх ч юмгүй дорно, тэр дундаа буддын шашин дагасан соёлд, шашны соёл давамгайлсан үеийн өвөг дээдэс маань ч ёс зүй гэдэг ойлголт “Хүн чанар, үнэт зүйл”-ийг л илэрхийлдэг гэдгийг хэлж үлдээжээ. Шашны номлол ноёлж байсан тэр үед ёс зүйн үндэс нь бурхан байлаа. Бурхан хүнд ёс зүйн үндсийг номлогчдоороо дамжуулан суулгадаг механизмтай. Монголчууд бидний хувьд ёс зүй буюу ёс суртахуун гэдэг нийгэмд хэрхэн биеэ авч явах, юуг яаж хийх бичигдээгүй дүрэм, журам юм л даа. Үндсэн дөрвөн зарчмаас бүрдэх эдгээр дүрэмд бусдыг үл хорлон буяныг үйлдэх, буянаа нэмэх, бусдад хүч үл хэрэглэн эе эвийг хичээх, үл бузарлан сэтгэлийг ариусгах ба аливаад үл мэхлэх шударгыг эрхэмлэх хэмээн өгүүлсэн байдаг. Өвөг дээдэс маань буян хурааж, нүгэл хийхгүй амьдрахыг чухалчилдаг байлаа. Миний л мэдэхээр шүү.
Эртний грекийн гүн ухаантан Аристотель хүний зан төлөвийн өвөрмөц шинжийг илэрхийлэхийн тулд “Этос” гэх ойлголтыг анх хэрэглэжээ. Үүгээрээ хүний сайн үйл болох эр зориг, шударга байдал зэргийг сэтгэлгээ болон оюун ухааны сайн үйлээс ялгаатай авч үзсэн. Тэгэхээр ёс зүй гэдэг хүний сайн сайхан үйл буюу үйлдлийг л хэлдэг юм байна гэж ойлгож болох нь. Сайн үйл хийх тухай номлол шашны бүх л урсгалд байдаг. Бурханд таалагдахын тулд сайн сайхан үйл хийж, буян үйлдэж амьдрахыг гол зорилго болгох нь хүн болж төрсний утга учир. Шинэ үеийн залуус ёс зүйн талаарх бурхан тэнгэрийн санааг үгүйсгэж, түүнийг хүмүүсийн бодит харилцаагаар нөхцөлдсөн зүйл хэмээн үзэж байгаа юм. За тодорхойлолт нь ийм.
Харин ёс зүйн хэм хэмжээг хэрхэн тогтоох билээ гэдэг толгой эргүүлсэн асуултдаа би хариулт хайх хэрэгтэй болчихлоо. Учир нь би нийтлэлээ эхлэхдээ “Ёс зүйн уналт” гээд биччихсэн учраас хариулт буюу тэр уналт эхлэх цэг болоод хүрэх хязгаарыг олох даалгавар өөртөө өгчихсөн. Гэтэл ёс зүй гэдэг ойлголтын хэмжүүр “Хүн” өөрөө. Хэм хэмжээтэй гэдгийг мөн л хүн өөрөө тогтоосон. Түүнээс арслангийн ёс зүй, ёс зүйн уналт гэж байхгүй. Арслангийн ёс зүй унаснаас үүдэлтэй Африкийн Саваннад идэш хоолны сүлжээ доголдлоо гэдэг мэдээг бид CNN-ээр сонсохгүй. “Хүний ёс зүйн доголдлоос үүдэлтэй авлига хээл хахууль гаарч, иргэдийн амьжиргааны түвшинд нөлөөлж байна” гэдэг мэдээг бид ямар ч улс орны мэдээллийн сувгийн оргил цагийн хөтөлбөрөөс үзэж болно. Эндээс ургуулаад бид мэдээллийн оргил цагийн хөтөлбөрөөр өөр юу үзэж болох вэ гэдгийг саная л даа. Дэлхий дахиныг түгшээсэн дайн, байлдаан, экологийн сүйрэл, цаг уурын дулаарал, хар тамхи, архи, биеэ үнэлэлт, бэлгийн гаж чиг хандлагыг хүлээн зөвшөөрсөн тухай хирдхийм зүйлсийг байнга сонсож, үзэж байдаг. Эдгээр мэдээ, мэдээллүүд олон дахин давтамжтайгаар хүний тархинд орсноор бүх л шашин, шашны номлогчдын заасан ёс зүйн хэм хэмжээнээс давсан зүйлс жирийн зүйлс мэт бодогдож эхэлнэ. Ийм мэдээллийн далай дунд хөвж яваа өнөөдрийн ертөнцөд бидний ёс заншил мөхөж, сэтгэлгээний хэв маяг нэгэн хэвд цутгагдсан. Тийм ч болохоор хүн чанараараа хөлөө арчаад хаячихсан биз. Үнэт зүйлийн талаарх ойлголт мөн л ёс зүйтэй адил маргаантай асуудал болж, маргаан дундаа бид төөрчихсөн. Гэхдээ энэ хариулт нь биш.
Нийгмийн оюун санаанд ёс зүй гэх ойлголт дээрх мэдээнүүдийн хэм хэмжээнд ирсэн учраас үзэх, харах, сонсох мэдрэмж өөрчлөгджээ хэмээн бодож сууна. Эргээд урлаггүй урлагийн талаарх яриандаа орох гээд байгаа хэрэг. Яруу найрагч Галсансүхийн “Бурханд өгөх зөвлөгөө” шүлэгт “Ном болгонд нэжгээд хайр гэдэг үг орох ёстой” гэдэг шиг кино болгонд заавал бүсгүй хүн нүцгэн гарах ёстой болж таараад байгаа юм. Урлаг шинэчлэгдээд байгаа гэх боловч мань мэтийн хуучинсаг уншигч, үзэгчдэд ёс зүйгүй гэдэг агуулга харагдаад байна. Аллага, хүчирхийлэл, хар тамхи, садар самуунтай жүжиг, зохиол, кино дэлхийн шилдэгт тооцогдон наадмуудад нэр дэвших нь юу ч биш. Улс эх орноо муучилсан агуулгатай бол хамгийн сайн ба үнэн гэх тодорхойлолтыг өрсөлдөгчгүйгээр авах бөгөөд уг бүтээлийг шүүмжилж зүрхэлсэн мэргэжлийн шүүмжлэгчдийн санааг эрс эсэргүүцэн няцаагчдын сүрэг нийгмийг яг л зөгийн үүр мэт дүнгэнүүлж орхидог. Хүн төрөлхтний бүтээсэн харилцааны хамгийн төгс хэлбэр бол хуулийн засаглал гэж хэлж болно. Эрх чөлөөний мэдрэмждээ донтсон өнөөгийн ертөнц хууль эрх зүйн энэ төгс системийг нулимахад ч бэлэн байгааг бид харж л суудаг. Нийгэмд хувь хүний зан байдал чухал байр суурьтай. Тухайн хүний хэн байхаас шалтгаалан нийгмийн үнэлэмж дээшилж, доошлох нь шалтгаална. Биеэ үнэлэгчийг тойрон эргэлдэх хүмүүсээр биеэ үнэлэгч нийгмийг үнэлж, тухайн үнэлэмжээрээ асуудалд хандах болно. Энэ мэтээр архичин, хулгайч, дээрэмчин, залилагч гэх мэт бүгд л нийгмийн нэг эс мөн тул ёс зүйн хэм хэмжээ, үнэт зүйлийн эрэмбэ бага багаар унасаар байх аж.
Эндээс харахад ёс зүйн үнэр ч үгүй нийгмийг бүтээж ирсэн байна. Монголын уламжлалд цөвүүн цаг гэсэн ойлголт байдагсан. Тэгвэл түүнийг шинжлэх ухааны хэллэгээр “нийгэм гажуудсан” гэж хэлдэг. Ямар нийгмийг гажуудсан нийгэм гэж тодорхойлох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Нэгдүгээрт, нийгмийн ухамсар, хэм хэмжээ, үнэлэмжийн хамгийн өвөг хэлбэр болсон ёс суртахууны уналт буюу нийгмийн гишүүдийн олонх нь түүнийг зөрчих буюу зөрчихөд бэлэн байх явдал, хоёрдугаарт, нэгэнт ялзарсан ёс суртахуун, унасан ёс зүйн хэм хэмжээ бий тул нийгмийн бүхий л хүрээнд тэр нь өөр өөрсдийн шидээр илрэх болно. Ажилгүй ядуус нь танхайрч, хулгайлж, архиндаа мансуурч, эрх мэдэлтэй нь идэж ууж, цөлмөж, шамшигдуулж доороосоо дээшээ хүртэл бүхий л давхаргад элдэв өнгөөр хэм хэмжээг унагаж, урвуу тонгоруу нийгмийг бүтээж байна. Платоноос эхлээд Карл Маркс хүртэлх олон философич сайн сайхан амьдралын үзэл баримтлалын үндэс болгож хувь хүний эрүүл хөгжлийн онолыг боловсруулж байсан. Эдгээр философичдийн гол үзэл санаа бол жинхэнэ сайн сайхан амьдралд хүрэх зам нь хүний дотоодод сайн зохион байгуулагдсан, эрүүл саруул сэтгэцийг бүрдүүлэх явдал байв. Энэ үзэл санаануудыг өнөөдөр ч гэсэн философич, сэтгэл зүйчид судалсаар байна.
Гэтэл гаднаасаа харагдах байдал нь эгэл жирийн нийгмийн нэг гишүүн бөгөөд бидэн шиг хувцасласан, тэр ч бүү хэл, үзэл санааны чиг баримжаатай, амаараа дүүрэн афоризмтай, алтан хошуутай үзэг энгэрийнхээ халаасанд хийсэн нэгэн байж болох. Дотор руу нь өнгийгөөд үзвэл авах юмгүй, ёс зүйн доройтолд унасан, гар барьж мэндлэхээс сэжиг хүрмээр хүн сүгүүд нийгмийн нэлээд хувийг эзэлжээ. Түүх сөхөн харахад ийм ёс суртахууны доройтол цаг үе бүрд соён гэгээрүүлэгчдийг шаналгаж байсан ажээ. Ёс зүй нь хувь хүний ёс суртахуунлаг шинж чанарын буюу сайн чанаруудын нийлбэр цогцыг, нөгөө талаас хүмүүсийн хоорондын харилцааны хэм хэмжээний нийлбэр цогцыг хамран судалдаг шинжлэх ухаан юм. “Биеэ авч явах тухай сургааль” гэдгээс халих болсон. Олон шинэ урсгалууд. Ёс зүйн шинжлэх ухаан нь улс үндэстний хувьд өөр хоорондоо ялгаатай байх нь бий.
Энэ цаг үеийн шилдэг түүхчдийн нэг Юваль Ной Харари “Эзэнт гүрнүүд үүсэн бий болсон шигээ сулран доройтож, эзэнт гүрний ёс заншил мөн эзэнт гүрний залгисан угсаатнуудын ёс заншил мөхдөг” гэдэг агуулгатай зүйл хэлсэн байдаг. Ёс зүйн уналт ч мөн адил давтамжтай явагддаг юм байна. Тэгвэл Хараритай хийх маргаан ёс зүйн уналтын хариултыг өгөх юм байна гэсэн гутрангуй бодлоор бичвэрээ дуусгая. Би энэ цаг үеийнхээ ёс зүйн уналтын гэрч ажээ.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24615/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна