Оюутан цагийн ангийн охин Р.Энхбаяр бүсгүйн төрсөн өдрийн урилга хүлээн авснаар мөн л гэнэт Зүүнхарааг зорих боллоо. Ангийн хэсэг төлөөлөл “Эрүүл агаар-эм” зарчмыг баримтлан Дархан хотод амьдарч буй Д.Чулуунхүү багштайгаа коронагийн өмнөх жил уулзсан явдал бидний олон жилийн үерхлийг улам бататгасан гэхэд болно. Чанд хатуу ч, өр нимгэн багшаасаа бид бараг л бага насандаа “хүн” гэдэг лекц сонсож суугаагаа огт төсөөлдөггүй байж дээ. Ажиллаж байгаад оюутан болсон 30 орчим насны эгч нарыг “Эд нар юм сурах уу, ойлгох уу” хэмээн ангайж асан алдрай бага нас мину. Анги даасан багшийн хичээл бусад ангид утга төгөлдөр, харин бидэнд тухайн үедээ ёстой яршиг төвөгтэй санагддагсан. Анги танхимаа хэрхэн цэвэрлэхээс авахуулаад айл гэр, амраг хос, уран зохиол гэж халуурч байснаа нэг нэгээр нь индэрт гаргаж илтгэл тавиулах зэргээр ёстой тарчлуулж байгаа мэт ундууцацгаана. Ангийн багш надад онцгойлон хатуу ханддаг ч, сургуулийн ханын сонинд миний холбомор аядсан “юм”-ыг нийтлэхэд хөөрөн баясаж, дэвэн дэлхийгээр жингүйднэ. Тухайлбал:
“Хангинуур сайхан дуу хөгжимтэй
Халуун дотно эсрэг харцтай
Хойтон жил хүрэлцэн ирлээ”. Одоо бодоход бид үр хүүхдэдээ урам зориг өгөхийн тулд гаргадаг бүх үйлдлийг багш минь нэр төрөө умартан гүйцэтгэжээ. Ханын сонин харчихаад ангидаа ороход “Энхээ, дурлачихсан уу. Яагаад тэгж бичсэн бэ” гэж багш асуухаа мартахгүй. Багш минь бас л хүүхэд байж. Оюутан болдог жил бид сургуулийн дотуур байрны цонх угааж байлаа. Ангийн багш ширүүн харах гээд хичээчихсэн эмэгтэй намайг чиглэж ирээд “Охин минь наад цонхоо бүр загалтуулчихжээ. Хаанаас ирсэн бэ”. “Дархан”. “Дарханы хулигаан шив дээ”. Балмагдав. “Яагаад хулигаан болчих гэж”. Уйлахад багадна. “Дарханых гэхээр хулигаан уу”. Галт тэрэг хөдлөнгүүт ухасхийнгээ хачин их барайсан аавын минь царай харагдлаа. Амьдралд тавтай морил. Багшаасаа ийм үг сонссоны дараа сургуулийн дотуур байрны дэргэд тарьсан моддыг усалж зогстол нэг охин инээмсэглэн хүрч ирээд, дааж ядан буй усны хоолойноос өргөлцөхдөө ер бусын дотно инээмсэглэлээ. Сетергүль. Тэр “Намайг Нандин-Эрдэнэ гэдэг” гэв. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцээд Баян-Өлгий аймгаас баахан хүн Казахстан явсан. Сетергүль маань тэдний нэг байж. Баян-Өлгийн, Казахстаны гэсэн хүн бүхнээс түүнийг сурагласаар л явна.
Ангийнхнаа төлөөлж, Зүүнхараа руу ханьссан П.Цэрэндолгор, Ч.Урантогос, Н.Март, М.Содномцэрэн, П.Саранчимэг нарыгаа хараад л Сетергүлийгээ дотор сэтгэлдээ хачин ихээр үгүйлэв.
Бид сургуулийн урлагийн үзлэгт курсийнхээ төлөөлөл болж оролцоод, орос шүлэг хоршин уншдаг байв. “Намар бол урлаг бусад нь тэгээд л улирал” гэдэг бил үү. Зах хязгааргүй цэлийх талд тариан түрүү шаргалтаж, хаа сайгүй комбайны дуун нүргэлнэ. Хөдөөгийн салхинд нүүр нь хэт борлосон залуус их ажилд шамдан буйг харах урамтай. Оюутан болсон анхны жил Орхоны САА-н Бэлэн далайн үтрэмд дороос төөнөх нуруулдсан будаан дээр тэгнэж хэвтчихээд, тэнгэрт түгсэн түм буман оддыг ширтэнгээ Урантогостойгоо ам уралдан ярьж хэвтдэг дүрслэл нүднээ амилав.
Нүдээрээ инээсэн, хөөрхөн шар охин өдийд огтхон ч өөрчлөгдсөнгүй, хацар нь хонхойчихоод мушийн зогсоно. Барилгын материалын салбарт олон жил бизнес эрхлэхдээ тун ч амжилттай яваа нэгэн. Бид дотуур байранд нэг өрөөнд байсан тул багаас чамбайг нь мэднэ. Хувцсаа дэрийтэл индүүдэж өмссөн нь нэн содон. Урантогос эмээгийн хүүхэд. Цал буурал толгойтой буриад аялгаар ярьж, үргэлж үйл урлаж суудаг эмээгээс ихийг сурсан нь дамжиггүй. Тэр инээгээд гэхийг “нээгээд” гэж ярьдаг. “Нээд хүрлээ” л гээд хөхрөөд байх нь тэр. Цэрэндолгор Төв аймгийн охин. Бид хааяа Төв аймагт хамтдаа очиж, би ахынхаар айлчилдагсан. Цэрэндолгор ангийн охин Эрдэнэчимэгтэй хоршиж ардын дуу хангинуулах нь тухайн үедээ бас содон. Одоогийнхоор бол бараг этник хэлбэрт оруулчихсан юм биш үү. Цаанаа л нэг харгиа дуулна. Цээгий “Сэмүүн” гээд хувцасны брэнд урладаг оёдлын салоны эзэн. Марттай 2004 оны сонгуулиар “Данида” хэвлэх үйлдвэрт таарсан нь сургууль төгссөнөөс хойш уулзаж буй анхны тохиолдол юм. Сонины хэдийг зандраад л “Ахиж оройтуулахгүй шүү” гээд Чөлөөт хэвлэлийнхний оргил баавар үе л дээ.
Хүүхдүүд танай ангийн Гэрэлтуяа хөөрхөн гэлцдэг бол надад намхан биетэй, дэгжин хувцаслалттай, нүд, хамар, уруул нь ер бусын зохицолтой Март таалагддаг байв. Шинэ жилээр гоёлын даашинз өмсөөд, үсээ буржийлгачихаар бүр ч янзтай. Нэг удаа шинжлэх ухааны сургууль дээр ямар ч зорилготой очсон юм бэ, бүү мэд. Хаанаас нь ч харсан Мартын бүх хувцсыг өмссөн эгч явж байхаар нь мэл гайхаж, хойноос нь гүйсээр өмнө нь гараад царайг нь харвал төстэй ч юм. Сүүлд гэрт нь очихдоо Мартын эгч байсныг мэдэж билээ. Тэр үед олон хүүхэдтэй айлынх бол хувцсаа ээлжилж өмсөх нь хууль л даа. Март хэвлэх үйлдвэрт дизайнераар мөн л хар залуугаасаа ажилласан. Саранчимэг хотынх. “Чанамал” жийнс өмссөн, панк үстэй охин байв. Батлан хамгаалах яаманд ажилладаг. Ер нь ангийнхан хэн нь ч мэргэжлээрээ ажиллаагүй мөртлөө салбар бүрдээ тууштай юм гээч. Содномцэрэн үргэлж инээмсэглэдэг, шаргал үст охин байв. АПУ ХК-д нягтлан. Мөн л домог болтлоо ажиллажээ.
Төрсөн өдрийн эзэн Энхбаяр яг эрэгтэй хүүхэд шиг хувцасладаг, халимаг үстэй охин байв. Дотуур байрны хэдэн охин Амгаланд амьдардаг тэднийд хааяа очиж цадтал хооллонгоо хонодог байлаа. Ээж нь автобусны кондуктор учир хар нүд хуу татав уу, үгүй юу үүрээр гарч одно. Зан сайтынд хүн олон гэж цэлийсэн олон өрөөнд амьдардаг Гэрэлтуяа “манайд ир ээ” гээд байхад л Энхбаярынд оччихсон газраар зулцгаана. Хүүхэд нас аа гэж... Энхбаяр ээж шигээ ааш сайтай, дайлах цайлахыг эн түрүүнд тавьдаг нэгэн болжээ. Хоёр жилийн өмнө Зүүнхараад шинэ байшин барьсан гээд ангийнхнаа урихад очиж амжаагүй юм. Ангийн охид дүнзэн байшинд өнгө өнгийн шинэ жилийн цамц авахуулсан гоё зургуудыг хараад ёстой нэг атаа таван тэнгэр хөдөлнө гэгч болж билээ.
Дараагийн үйл ажиллагаанд заавал оролцоно гэж өөртөө андгайлахаа ч мартсангүй. Тэр зургууд яагаад тийм гоё гарсан учрыг ойлголоо. Сараа маань энд ирэхдээ зурагчин найз залуутай болжээ. Олон жил ганцаар явсан тэр одоо л хань ижилтэй болжээ. Амьдрал нулимсанд дургүй. “Хүргэн хүү хүчтэй, хүзүүний мах мөлжүүртэй” гэгчээр олон жил зурагчин хийсэн залуу ур чадвараа хэнд гаргахаа мэдэлгүй дээ.
Давхилдсаар Зүүнхараагийн төвд ирээд Энхбаяр руу залгалаа. “Хараа” амралтанд юмаа бэлдэж байна аа. Та хэд наагуураа юм хум үзээд явж байгаад ир. Эхлэх арай болоогүй” гэв. Март уурлаж, түнтгэнээд “Юугаа үзэх юм бэ. Солироод байх юм. Буцлаа шүү гээд айлгачих”. Март угаас хамгийн түргэн зантай нь. Цэрэндолгор “Юутай ч “Уулын нуур” орж талх, боовоо авъя” гэж байна. “Уулын нуур” ХХК-ийн талх, нарийн боов гойд амттай тул Монгол Улсын хамгийн олон хүнтэй эл сумын дэлгүүрүүд, иргэд эндээс бүтээгдэхүүнээ нийлүүлдэг гэнэ. Үнэхээр сайхан амттай юм аа. Хав халуухнаараа, Цээгийгийн гэрийнхэн дуртай гэх нарийн боовыг амталсан тэр мөч Мартын нөлөөнд дүрэлзэх гэж байсан уурыг нам дарав. Ногоон захаар орлоо. Томоо гэгчийн хулуу, шилтэй ногоонууд өржээ. “Хамгийн баян ногоочин нь хэн бэ”. “Хотод “Алтан намар” үзэсгэлэнд явсан даа.”
Би хаа яваа газраасаа рекламны ярилцлага авах гэж ийнхүү солиордог юм. Энэ маягаар оройдоо хот руугаа буцах нь лөөлөө л дөө. Төрсөн өдөр хэзээ ч эхлэх юм бэ, бүү мэд. Сараа, Содномцэрэн, Урантогос гурав хүргэний студид уран сайхны зураг авахуулаад эрхэлж байна гэнэ. Хотоос бид гурвын хойно гарсан атлаа түрүүлж ирчихээд тарвалзаж буй нь Мартын ууран дээр цучил нэмэлгүй л хаачих вэ. Тэр гурав руу утасдаж “буцлаа” гэж айлгасан Цээгий, Март бид гурав инээлдээд л дэлгүүр хэсэв. Зүүнхараагийн төв яагаад ч юм бэ Оросын тосгон шиг санагдана.
Биднийг оюутан ахуйд өвөл, зуны амралтаараа гэрийн зүг галт тэргээр хөдлөхөд Зүүнхараагаар дайрна гэхээр л хүүхдүүдийн сүнс зайлдаг байв. Эмэгтэй хүүхдүүд чухам ямар учиртайг мэдэхгүй ч эрэгтэй хүүхдүүд энэ тухай ойр зуураа ярилцах нь тун болгоомжлонгуй. Тэдний ярианаас сонсохул Зүүнхараагийн атаманууд зодоон цохионд гарамгайн дээр өнгөтэй, өөдтэй хувцас тэргүүтнийг “барьдаг” гэлцэнэ. Дээрэмдэх гэдгийг “бариа” хэмээн нэрийджээ. Миний хувьд аавын зарим хамаатан амьдардаг учраас багадаа эл тосгонд очсоноо бүүр түүрхэн санадаг. Саглагар моддын мөчирт багшралдах үрэл хэмээх жимс ой санамжид тодхон үлдэж. Аавын ахын том охины нөхөр Юра гээд хараажаар орос царайтай, лагс биетэй эрээр Зүүнхараачуудыг яагаад ч юм шонхор хамартууд ихтэй, хүнсний ногоо тариалж амьдардаг хүмүүс байгаа даа хэмээн өдийг хүртэл төсөөлж ирэв. Үнэхээр ч өрх бүр хашаандаа их, бага ч атугай ногоо тариалдаг бололтой юм. Олон ястны өлгий нутаг ч мөнөөс мөн аж.
Хэвтэж буй арслангийн дүртэй ганц сондгой хайрхан Ширхэнцэг нэртэй. Хажуу бэлээр нь ургасан сагсгар бургасууд дунд Хараа гол шуугин урсана. Энд 1943 онд байгуулагдсан Спирт бал бурмын үйлдвэр олон хүнийг ажлын байраар хангадаг. 1994 онд Мандал сум, Түнхэл тосгон, Зүүнхараа хотын иргэд нэгдэн санал хүсэлтээ төр засгийн газарт гаргаснаар мөн оны УИХ-ын 36 дугаар тогтоолоор эдгээр засаг захиргааны нэгжүүд нэгдэн Сэлэнгэ аймгийн Мандал сум хэмээх Зүүнхараа хот төвтэй Хэрх, Түнхэл хоёр тосгонтой улсын хэмжээний хамгийн том сум болон зохион байгуулагджээ.
Мандал сумын газар нутаг нь Сэлэнгэ аймгийн зүүн урд хэсэгт Хэнтийн нурууны баруун, Хэнтийн салбар уулс Ерөө, Хараагийн сав газарт оршдог. Хойд талаараа Ерөө сум, зүүн урд талаараа Төв аймгийн Эрдэнэ, зүүн талаараа Батсүмбэр сумуудтай тус тус хил залгана. Хараа, Ерөө, Чулуут, Түнхэл гэсэн томоохон гол болон 120 гаруй гол горхитой 136 булаг шандтай. Автозамаар Улаанбаатар хотоос 174 км, аймгийн төвөөс 201 км зайд байрладаг. Төвийн бүсийн аймгуудтай олон улсын төмөр зам болон автозамаар холбогддог дэд бүтэц сайн хөгжсөн сум юм.
Энхбаяр 2010 оноос Сэлэнгэ аймагт амьдарч, “Ева” нэртэй жолооны курс ажиллуулжээ. 2017 онд Зүүнхараад шилжин суурьшиж. Тэр хоёр дахь амьдралаа зохиож буйгаа гурван жилийн өмнө ангийнхан Тэрэлжид амарч байхад хүргэнийг дагуулан ирж мэдэгдсэн. Оюутны ангийнхан ер нь бүх зүйлд айхавтар албаны ханддаг. Зүүнхараагийн төвөөс холгүйхэн Хараа амралтын газар байршдаг юм байна. Тод худалдааны төвийнхөн аваад, эзний сэтгэлээр халаалттай байшин, ханагар том гэрүүд барьж тохижуулжээ. Энхбаяр, хүргэн Д.Гүррагчаа хоёр сийлбэртэй модон тавилга бүхий захын модон гэрт биднийг урив. Хоёр, гурван бүсгүй салат бэлдээд чухам завгүй. Ширээ чимэглэх явц хараахан дуусаагүй бололтой тул ангийнхан тохижилт сайтай амралтын өнгөтэй өөдтэй болгонд очиж зургаа даруулав.
Зураг даруулах гэж нэг нажидтай ажил байна аа. Цэрэндолгор фотомодель аятай л аяглана. Хамгийн хайнга нь Март. Мартыг тэгж хайнгатахаар Тогосын хэлдгээр “нээд” хүрээд байдаг юм. Зүүнхараад үе тэнгийн, ганц бие гурван найз бүсгүй ирээд амьдрал цэцэглүүлж эхэлсэн тухайгаа ногоо арилгаж байсан хүүхнийг заагаад Энхбаяр ярьж гарах нь тэр. Их яриа хүн л дээ. Юм юманд авьяастай. Уг нь сэтгүүлчээр ч хожим суралцсан. Зүүнхараагийнхан гэр бүлүүдээрээ нөхөрлөн, зовлон жаргалаа эн тэнцүүхэн хуваалцдаг эвтэй хүмүүс гэдэг нь харваас ойлгомжтой. Энхбаяр ангийнхан, найз нөхдөө хооронд нь танилцуулав. Энэ үедээ “Ийм нэгэн явдал” киноны дарга хүүхэн шиг маш албархуу. Энэ албархуугаараа мөн ч удах байх даа гэсэн шүү юм бодогдоно. Голчлон төрийн албанд ажилладаг найзуудтай юм байна.
Тээвэр зохицуулалтын инженер Отгонсайхан гэдэг махлаг биетэй, алиа эрийг хүргэний ах ч юм уу, дүү нь байх гэж бодогдоод асуутал “Үгүй, зүгээр л найзууд” гэнэ ээ. Ийм адилхан найзууд байх ч гэж дээ. Хачирхалтай. Тэд найрсаг, зочломтгой ч гэж жигтэйхэн. Хотоос ирсэн ангийнханд илүү хүндэтгэлтэй хандана. Найр эхлэв үү, үгүй юу өнөө Чулуунхүү багшийн ангийнхнаас хэн нэг нь “Эд нар хоорондоо ярилцаж байг л дээ. Хэдүүлээ гол оръё. Голын эрэг гоё байгаа даа” гэсэн эмо санал тавьсныг бүгд дэмжлээ. Хорхог зооглочихсон хэд бод идсэн боохой шиг гол өөд алхлав. Салхины зөөлөн исгэрээ, голын чимээнд угаас тайван амгалан зантай ангийнхан жаргалтай харагдана. Ямар үзэсгэлэнтэй сайхан нутаг вэ.
Биднийг эргэн ирэхэд найр хавтгайрчээ. Бага зэрэг халамцсан баяр жаргалтай хүмүүс угтав. Түрүүхэн зэнзийрхэж байсан хүмүүс илэн далангүй ярьж хөөрөх завсар манай ангийн охин Солонгос улсад амьдардаг Нямхандын илгээсэн шил дарсыг нийтэд зарлан тунхаглаад задалцгаалаа. Бид өргөө цагаан гэрийг тойроод л Энхбаярын найз бүсгүйчүүдтэй гадаалангаа аж амьдрал, элдэв бусыг ярьцгаан хэзээний танилууд шиг байгаа нь түүнд нэн таатай санагдав бололтой. Үе үе нулимс дуслуулж, царай нь хөөр баяраар гэрэлтэнэ. Хараа гол хажуудхан урсах тохилог сайхан амралтад ийнхүү оюутан цагийн найзуудтайгаа нэгэн оройг өнгөрөөсөн дурсамжаа хуваалцлаа.
Энхбаяр Швейцарт байдаг охиноо, бидэнд хорхог боодгоор үйлчилж буй хүүгээ, “Ээж ээ, сайхан баярлаарай” гээд цөөнгүй доллар илгээсэн бас нэг хүүгээ яриан завсар хавчуулна. Үеийн нөхөд эрүүл энх, үр хүүхэд аз жаргалтай байвал болдог л хорвоо доо. Маргааш нь Энхбаярынхаа барьсан байшинд очиж хэсэг саатаад, дурсамжаа зузаатгасан хэсэг нөхөд нь их хотын зүг хөлгийн жолоо заллаа.
Н.Энхцэцэг
Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24615/
Сэтгэгдэл (1)