Эрэгтэйчүүд урт наслахын тулд хандлагаа өөрчлөх хэрэгтэй


 

Манай улсын эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дунджаар 9.4 жилээр богино насалж байна. Энэхүү зөрүү жилээс жилд нэмэгдэж буйг Дэлхийн банкнаас гаргасан Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын талаарх тайланд тодотгожээ. Дундаж наслалт ийм зөрүүтэй байгаагийн гол шалтгаан нь хүйсийг онцолсон нийгмийн хэвшмэл ойлголтууд аж. Тухайлбал, эрэгтэй хүн уйлдаггүй, гэр бүлээ тэжээх үүрэгтэй, өвдөж болохгүй, эмзэглэхгүй, гоншгонохгүй, хэн нэгэнд сэтгэлээ хуваалцаж болохгүй гэх мэт “эр хүн байж” гэдэг хэвшмэл үг, ойлголт нь богино наслахад нөлөөлдөг нэг хүчин зүйл гэдгийг албаны судлаачид тодотгож байна. Энэ мэт хэвшмэл ойлголтоос үүдэлтэйгээр эрэгтэйчүүд ямар нэгэн өвчнөөр өвдөж, энэ нь нас барах нэг шалтгаан болдог байна. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүдийн дийлэнх нь эрүүл мэнддээ анхаарч, эмнэлгийн байгууллагад хандаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүй гэсэн үг юм. Тодруулбал,  Дэлхийн банкнаас дөрвөн бүс нутагт явуулсан судалгаанд оролцсон нийт эрчүүдийн 59 хувь нь өвчтэй үедээ л эмнэлгийн тусламж авдаг,  20 хувь нь хэзээ ч эмчид үзүүлж байгаагүй гэж хариулжээ. Түүнчлэн амбулаториор үйлчлүүлж байгаа эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 1.5 дахин бага байжээ.

Монгол Улсад эрэгтэйчүүдийн нас баралтын дөрөвний гурваас илүү хувийг өвчлөл эзэлдэг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь зүрх судас, хорт хавдраар зонхилон өвчилдөг ч эрчүүд зүрх судасны өвчнөөр эрт буюу 45 наснаас эхлэн нас барах түвшин нэмэгддэг  аж. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс гуурсан хоолой, уушигны хорт хавдрын улмаас нас барж байгаагийн 78 хувь нь эрэгтэйчүүд аж.

Өвчлөл, эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна эрэгтэйчүүд амиа хорлох, бусдын гарт амь насаа алдах, ослоор нас барах магадлал эмэгтэйчүүдээс илүү байдаг. Тухайлбал, 2018 онд үйлдвэрлэлийн ослын улмаас нийт нас барсан хүний 85 хувь, амиа хорлолтын 81 хувь, бусдын гарт нас барсан хүний 79 хувь, зам тээврийн ослын 74 хувь нь эрэгтэйчүүд байжээ. 30-аас доош насны эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь амиа хорлолт, зам тээврийн осол байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Тиймээс Монгол Улсын Зас­гийн газар, Жендэрийн үндэс­ний хороо болон холбогдох бу­сад байгууллагууд хамтран "Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгахаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г боловсруулжээ. Энэхүү төлөвлөгөө нь дөрвөн зорилт, 36 үйл ажиллагаатай бөгөөд үүнийг 2024 оноос 2027 он дуустал дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.


Төлөвлөгөөнд тусгасан зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээнээс заримыг нь онцлон хүргэе.

Хөвгүүд, эрэгтэйчүүдийн эрүүл зан үйл, амьдралын зөв дадал хэвшлийг  сайжруулах замаар чанартай, урт  наслалтыг дэмжих,

0-12 насны хүүхэдтэй эцэг, эх, өрх толгойлсон эцэг, эхийн гэр бүлдээ зарцуулах цагийг уртасгах боломжийг байгууллага, аж ахуйн нэгжийн түвшинд бүрдүүлэх, сайн туршлагыг сурталчлах,

“Стрессгүй ажлын орчин”, “Стрессгүй өрх, гэр бүл” зэрэг аян өрнүүлэх замаар сэтгэцийн эрүүл мэндийн талаарх  ойлголт, мэдлэг түгээх, стрессийг даван туулах, амиа егүүтгэхээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт, зөвлөгөө өгөх,

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт эрэгтэйчүүдийн хамрагдалт, оролцоог тогтмолжуулах, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвд эрэгтэйчүүдийн кабинет байгуулах, хүний нөөц,  тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслээр хангах

Автомашин, мотоцикл, орчин цагийн моторт тээврийн хэрэгслийг жолоодох мэргэшил эзэмшүүлэх, эрх олгох сургалт, шалгалт, хяналтын одоогийн зохицуулалтад эрх зүйн болон үйл ажиллагааны шинэчлэлт хийх,

Амиа егүүтгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагийн утсаар зөвлөгөө, мэдээлэл өгөх тусламж үйлчилгээг нэвтрүүлэх,

Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрыг хөгжүүлэх бодлогыг үндэсний түвшинд сурталчлах, хэрэгжилтийг хангасан хуулийн этгээдийг урамшуулах, сайн туршлагыг түгээх зэргээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг арилгахад чиглэсэн арга хэмжээг тусгажээ.

Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгахад ахиц гаргах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хандлага, дадлыг хэвшүүлэх, эрэгтэйчүүдийн гэнэтийн, зуурдын шалтгаант нас баралтыг бууруулах болон төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж буй төрийн бус байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж буйг холбогдох албаныхан хэллээ. Мөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн жендэрийн тэгш байдлыг хангах, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчим, Монгол Улсын “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн жендэрийн тэгш бус байдлын зөрүүг багасгах зорилт, хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон салбар, орон нутгийн тухайлсан бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг дэмжих, үндэсний түвшинд бодлогын уялдааг хангах бодит нөхцөл бүрдэнэ гэж тооцоолжээ.

“Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын үнэлгээ”, “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г танилцуулах арга хэмжээнд оролцсон холбогдох албаны хүмүүсийн байр суурийг сонслоо.  

Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г 2020 онд анх удаа боловсруулж, хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс бага насалж буй байдал, түүний учир шалтгааныг иргэд, олон нийт ойлгосон. Мөн энэхүү арга хэмжээг төрийн бодлогын түвшинд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг бүх шатандаа хүлээн зөвшөөрсөн. Харин сая шинээр баталсан төлөвлөгөөний зорилго бол иргэд, олон нийтийн хандлагад өөрчлөлт гаргах. Хандлагад өөрчлөлт гаргана гэдэг бол эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаардаг, эмнэлэгт үзүүлдэг болох явдал юм. Өөрөөр хэлбэл, урт наслах, гэр бүл, хайртай хүмүүстэйгээ удаан хугацаанд хамт амьдрахын тулд санаачилга гарган үйлдэл хийдэг болоход нь нөлөөлөхөөр төлөвлөсөн. Яагаад гэвэл, эрэгтэйчүүд ямар нэгэн өвчнөөр өвдөж нас барах, осол аваарт орох, амиа хорлох, боловсрол эзэмшихгүй байх гэх мэт олон хүчин зүйл эмэгтэйчүүдээс богино наслахад нөлөөлж байна. Жишээлбэл, Бакалаврын боловсрол эзэмшиж буй нийт эрэгтэйчүүдийн тоо, хувь 40-өөс хэтрэхгүй байна.  Энэ бүхэн нийгмийн хэвшмэл ойлголтоос үүдэлтэй. Жендэрийн хэвшмэл ойлголт нийгэмд байсаар байгаа нь судалгааны түвшинд харагдаж байна. Эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал зөвхөн өөрсдөөс нь төдийгүй, тэжээх үүрэгтэй, уйлахгүй, гутрахгүй, гэх зэргээр нийгмээс оноосон дүрээр амьдарч байгаатай холбоотой. Тиймээс энэ мэт хэвшмэл ойлголтыг эвдэж, өөрчилж, хүн гэдэг агуулгаар нь хүлээж авах, жендэрийн боловсрол, мэдлэг мэдээлэл олгоход бүх салбар төдийгүй иргэн бүрийн оролцоо маш чухал. Ялангуяа, эрүүл мэнд болон боловсролын салбар голлох үүрэгтэй оролцох ёстой.

Дэлхийн банкны Нийгмийн хөгжлийн ахлах мэргэжилтэн бөгөөд төслийн багийн ахлагч София Жеоринева “Сүүлийн таван жилийн хугацаанд жендэрийн ямар ялгаа байна вэ гэдгийг харсан. Жендэрийн эрх тэгш байдлын бодлого, зарчмыг Монгол Улсын хувьд эрүүл мэнд, боловсрол зэрэг нэлээд хэдэн салбарт амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Гэсэн ч зарим нэгэн саад бэрхшээл бий. Бас жендэрийн эрх тэгш байдал хангагдахгүй салбарууд байсаар байна. Тухайлбал, улс төрийн түвшинд болон эдийн засаг хөгжиж буй салбаруудад эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Жендэрийн зөрүүтэй байдал нь юугаар харагдаж байна вэ гэхээр, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү нь бараг арван жил байгаа явдал юм. Энэ нь эрэгтэйчүүд эрсдэлтэй үйлдэл хийдэг, мөн автозамын болон үйлдвэрлэлийн осол нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болж байгаа юм.  Тиймээс Монгол Улсын Засгийн газраас энэхүү зөрүүг арилгах зорилт дэвшүүлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж том алхам хийлээ” гэв.

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр: “Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Эрүүл монгол хүн” хөтөлбөр багтсан. Өнгөрсөн жилүүдэд “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг” арга хэмжээг хэрэгжүүлж, холбогдох судалгааны дүн эхнээсээ гарч байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд иргэдийн  өвчин эмгэгийг эрт илрүүлэхээс гадна эрсдэлт хүчин зүйл нь юу вэ гэдгийг тогтоож буй явдал юм. Өөрөөр хэлбэл, аль хүйсийнхэн ямар өвчнөөр өвдөж байна вэ гэдгийг тодорхой болгоно гэсэн үг.  Амиа хорлолт, авто осол зэрэгт хүйсийн ялгаатай байдал тод харагддаг бол зарим өвчлөл дээр ялгаатай байдал харагдахгүй байна. Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан бол зүрх судасны тогтолцооны өвчлөл, хавдар, осол гэмтэл буюу гаднын шалтгаант нас баралт. Эдгээр шалтгаан нь нийт нас баралтын 82 хувийг эзэлдэг. Үүний дунд хүйсийн ялгаатай байдлыг нь тогтоож, түүнд чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна” хэмээлээ.

Боловсролын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Алтансүх: “УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар Боловсролын багц хуулиудыг баталсан. Эдгээр хуульд Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг багтаж байгаа юм. Эдгээр хуулийг баталснаар охид, хөвгүүдэд эрүүл зан үйл, дадал хэвшил олгох, монгол хүүхдийн чадамжийг сайжруулах чиглэлээр сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулах, шинэчлэх шаардлага үүссэн. Үүний хүрээнд Засгийн газраас сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын үзэл баримтлалыг баталсан. Үүний дагуу хичээлийн бүх агуулга дотор эрүүл мэндийн боловсрол, жендэрийн эрх тэгш байдлын тухай багтааж байна” гэв.

“Оюутолгой” ХХК-ийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Мөнх-Эрдэнэ: “Манай компанид 20 мянга орчим хүн ажилладаг. Тэдний 70 гаруй хувь нь эрэгтэйчүүд. Бид компанийнхаа ажилчид болон иргэд, олон нийт рүү чиглэсэн олон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлдэг уламжлалтай. Тухайлбал, эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих, дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилготой “80 насалъя” хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Мөн манай компани уурхайн талбарт сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчийг ажиллуулж,  тусламж үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгдөг олон улсын байгууллагатай хамтарч ажилладаг. Тухайн байгууллага маань ажилчдаас гадна тэдний гэр бүлийнхэнд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Бид энэ жилээс “Хамтран ажиллагчдаа дэмжье” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн манай компани шинээр хүүхэдтэй болсон аавуудад 18 хоногийн цалинтай чөлөө олгох журмыг 2022 онд баталж, хэрэгжүүлж байна” гэв. 

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24615/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 14 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 14 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 14 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 15 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 15 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 15 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 15 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 16 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 16 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 16 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 16 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 16 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 16 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 16 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 16 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 17 цагийн өмнө