Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Говьсайхантай ярилцлаа. Тэрбээр нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 7 дугаар тойрог, Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшиж байгаа юм.
-Сэлбэ дэд төвийг түшиглэн 12 мянган айлын орон сууц барих томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаа талаарх мэдээлэл нийслэлчүүдийн ялангуяа Сүхбаатар дүүргийн иргэдийн анхаарлын төвд байна. Одоогоор яг ямар ажлуудыг хийж гүйцэтгэж байна вэ?
-Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг эхлүүлж, 158 га талбарт 12 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Нийтдээ 2200 гаруй айлын газрыг чөлөөлөхөөс одоогоор 1500 орчмыг нь чөлөөлсөн байдалтай байна. Үлдсэн айлын газар чөлөөлөх ажлыг оноос өмнө дуусгана. Одоогоор нүүсэн айлуудын талбайн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжилтийн ажлыг хийж барилга барихад бэлтгэж байна. Барилга барих компанийг сонгон шалгаруулах тендерийг зарласан. Барилгын ажлыг ирэх хавар эхлүүлнэ.
-Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хэдэн онд дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бэ?
-Хамгийн богино буюу 2-3 жилийн хугацаанд барьж дуусгана. Дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн нэгдүгээр шатны буюу 12 мянган айлын орон сууцыг эхнээс нь ашиглалтад оруулж эхлэнгүүт хоёрдугаар шат буюу газрыг орон сууцаар солих ажлыг эхлүүлнэ. Хоёрдугаар шатны газар чөлөөлөлтөд Сүхбаатар дүүргийн 12, 13, 15, 17 дугаар хорооны болон Дамбадаржаа орчмын айл өрхүүд хамрагдана. Төслийн хоёрдугаар шатыг Дамбадаржаа дэд төвийг түшиглэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Одоогоор тухайн дэд төвийн ажил 50-60 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ирэх онд дэд бүтцийнх бүтээн байгуулалтын ажил дуусаж, хоёрдугаар шатны газар чөлөөлөх ажлыг хийх юм.
-Та төлөвлөлтөд маш их ач холбогдол өгдөг юм билээ. Ер нь тухайн бүтээн байгуулалтыг ямар зохион байгуулалттай байхаар төлөвлөсөн бэ. Нийслэлээс барьж буй “20 минутын хот” бодлоготой хэрхэн уялдуулсан бэ?
-Өнгөрсөн хугацаанд хот төлөвлөлтийн үйл ажиллагааны 70 хувь нь орон сууц, 30 хувь нь ногоон байгууламж гэж явдаг байсан. Тэгвэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиар дэд төвийг түшиглэн хэрэгжүүлж буй төслийн 60 хувь нь барилга, 40 хувь нь ногоон байгууламж байх ёстой. Мөн “20 минутын хот” концепцын хүрээнд иргэд төрийн болон нийгмийн үйлчилгээг хамгийн ойроос авах нөхцөлийг бүрдүүлж, цогц төлөвлөлт хийсэн. Тухайлбал, эмнэлэг, сургууль, цэцэрлэгээс гадна төрийн байгууллагууд болон үзвэр, худалдаа үйлчилгээний төв зэргийг төлөвлөөд байгаа юм. Мөн Сэлбэ голыг дагасан соёл амралтын бүс бий болгох, долоон буудалд хүнсний ногооны томоохон худалдааны төв, мөн автомашины терминал зогсоолтой байхаар төлөвлөсөн. Хүн орон сууц худалдаж авахдаа зөвхөн ам метр бус ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн орчныг бас хамтад нь авах төлөвлөлтийг хийсэн. Ингэж Сэлбэ хотыг хүн төвтэй, орчин төвтэй, төлөвлөлт төвтэй жишиг хот болгох зорилгоор зураг төслийг нь хийж гүйцэтгэсэн. Цаашид бид яг энэ загвар, жишгээр Дамбадаржаа, Толгойт, Баянхошуу, Дарь-Эх, Шархад, Яармаг, Амгалан зэрэг шинээр байгуулах дэд төв, хотуудыг бий болгох юм.
Дөрвөн сарын хугацаанд 1500 айлын газрыг чөлөөлсөн нь энэ ажил эрчимтэй үргэлжлэхийн баталгаа
-Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах бүтээн байгуулалтын ажил газар чөлөөлөлт, хөрөнгө санхүү эсвэл төлөвлөсний дагуу баригдахгүй байх гэх мэт ямар нэгэн шалтгаанаар удаашрах, цаашлаад зогсохвий гэсэн болгоомжлол байна. Ямар нэгэн эрсдэл гарахгүй гэсэн баталгаа бий юү?
-Баталгаа байна. Яагаад гэвэл, дэд бүтцийн болон зураг төслийн ажлаа хийгээд дуусчихсан. Мөн газар чөлөөлөлтийн ажлыг бид өөрсдөө хариуцаж гүйцэтгээд одоо дуусах шатандаа явж байна. Түүнчлэн нийслэл бонд босгож, санхүүжилтээ бүрдүүлэх эрхээ УИХ, Засгийн газраас баталгаажуулж авсан. Тэгэхээр ямар нэгэн асуудал, саатал гарахгүй.
Улаанбаатар хотод дахин төлөвлөлт хийгдээд арав орчим жил болж байгаа хэдий ч бодит байдалд хэрэгжилт нь 12 хувьтай гарсан. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлтийг бодлогын түвшинд шинэчлэх хэрэгтэй гэж үзээд төсөл хөтөлбөрөө боловсруулсан. Би НОСК-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өмнө нь хэрэгжүүлж байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрт ямар асуудал байв, яагаад удааширч, гацаж байна вэ гэх мэт судалгаа, дүн шинжилгээ хийсэн. Нэгдүгээрт, дэд бүтэцгүй газрыг дахин төлөвлөлтийн байршлаар зарлаж, улмаар дэд бүтэцжүүлэх ажилд шаардлагатай хөрөнгө мөнгийг улс, нийслэлийн төсөвт жил дамнуулж тавих жишээтэй. Хоёрдугаарт, тухайн төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч компаниуд эдийн засаг, санхүүгийн асуудлаас болж удааширч, зарим нь бүр зогсдог тал бий. Энэ бүхний эцэст иргэд газар ч үгүй, орон сууц ч үгүй болж хохирдог.
Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж байсан дахин төлөвлөлтийн ажилд төр огт оролцдоггүй байсан. Дахин төлөвлөлт хийх газрыг нь батламжилж, түүнээс цааших харилцаа иргэн, аж ахуйн нэгжийн дунд өрнөдөг. Тиймээс тухайн төслийг хэрэгжүүлэх эрх бүхий компани өөрсдийн дураар төлөвлөлт хийж, барих явцдаа зураг төслөө өөрчилдөг, төслөө бусдад дамжуулж зардаг, цэцэрлэг, сургууль барих байршил дээрээ орон сууц барих гэх мэт олон асуудал гардаг байан. Энэ бүх шалтгаанаас үүдэж дахин төлөвлөлтийн ажил удааширч, иргэдийн итгэл ч алдарсан. Тиймээс энэ бүх алдааг дахин давтахгүйн тулд хууль эрх зүйн хүрээнд нэршил, байршил, төлөвлөлт, төсөв хөрөнгө зэрэг бүх асуудал буюу газар чөлөөлөлтөөс эхлээд ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд үүсэх харилцаа, үйл ажиллагааг бодлогын түвшинд шинэчлэн боловсруулсан. Тийм учраас дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл богино хугацаанд бодитой хэрэгжих бүрэн боломжтой. Үүний нэг тод жишээ бол дөрвөн сарын хугацаанд 1500 айлын газрыг чөлөөлж чадсан явдал юм.
-Орон сууц барихад газар чөлөөлөх ажил нэлээд төвөгтэй байдаг. Талууд үнэлгээн дээрээ тохиролцохгүй маргаан үүсгэж, удааширдаг юм билээ. Гэтэл та бүхэн дөрвөн сарын хугацаанд 1500 орчим айлын газрыг чөлөөлж чаджээ. Ямар зарчмаар тус ажлыг богино хугацаанд шуурхай зохион байгуулсан бэ?
-Бид өнгөрсөн онд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулж, мөн дагалдах 26 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэж эрхзүйн орчныг нь бүрдүүлснээр газар чөлөөлөлтийн асуудал тодорхой болсон. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дэд бүтцийн ажил гэх мэт нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэж, газрыг нөхөн олговортойгоор чөлөөлж болох тухай зохицуулалт бий. Мөн тухайн хуульд дэд төвүүдийн байршлуудыг хүртэл зааж өгсөн. Тиймээс холбогдох хууль болон журмыг барьж газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулж байна. Ингэхдээ бид хуулийн хүрээнд газраа бэлэн мөнгөөр, нийслэлийн өмчид байгаа бэлэн орон сууцаар, аль эсвэл тухайн байршилд барих орон сууцаар солих гэсэн гурван хувилбарыг санал болгохын зэрэгцээ Олон улсын газар чөлөөлөлтийн хамгааллын бодлого болон иргэдийн амьжиргааны түвшнийг бууруулахгүй байх зарчим баримталсан. Газраа чөлөөлсөн айл өрхийн 95 орчим хувь нь бэлэн мөнгөөр солих хувилбарыг сонгосон учраас энэ зарчмын дагуу явсан.
Дэд төв түшиглэн барьж буй орон сууцыг худалдахгүй, газар чөлөөлөлтөд ашиглах зохицуулалттай
-Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд хамрагдсан айл өрхүүдийн дийлэнх нь газраа бэлэн мөнгөөр сольсон учраас тухайн байршилд барих орон сууцад хамрагдахгүй юм байна. Тэгэхээр тус орон сууцад хэн хамрагдах боломжтой вэ. Энэ тухайд холбогдох хуульд ямар зохицуулалт туссан бэ?
-Газар чөлөөлөлтөд хамрагдсан айл өрхүүд бэлэн мөнгөөр солих хувилбарыг яагаад сонгосон бэ гэхээр энэ төрлийн ажилд итгэл нь алдарчихсан байгаагийн илэрхийлэл. Холбогдох хуульд дэд төв түшиглэн барьж буй орон сууцыг худалдан борлуулахгүй, газар чөлөөлөлтөд ашиглах зохицуулалт бий. Тэгэхээр төслийн нэгдүгээр ээлжид барих 12 мянган айлын орон сууцыг худалдан борлуулахгүй, харин хоёрдугаар ээлжид газраа чөлөөлөх айлуудыг түүнд хамруулна гэсэн үг. Орон сууц нь бэлэн баригдчихсан байгаа тохиолдолд иргэдийн итгэл сэргэж, газраа орон сууцаар солих хувилбарыг сонгох боломж нээгдэнэ.
-Иргэд, олон нийтийн дунд төрийн захиалгаар барьсан орон сууц чанар стандартын шаардлага хангадаггүй гэдэг ойлголт байдаг. Энэхүү төслийг хэрэгжүүлэх үе шат, хяналтыг хэрхэн тавих вэ?
-Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг удахгүй УИХ-аар батална. Үүнд тусгаснаар Улаанбаатар хотод 14 дэд төв байгуулна. Эдгээрээс Сэлбэ болон Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссан. Тиймээс эдгээр дэд төвийг түшиглэж гэр хорооллыг орон сууцжуулах ажил руу орж байна. Ингэхдээ бид томоохон хэмжээний талбар дээр эхлээд төлөвлөлтийн зураг төслийг хийхийн зэрэгцээ газар чөлөөлөх ажлыг нийслэл өөрөө хариуцаж буйгаараа онцлогтой. Барилгын ажлыг тендерийн сонгон шалгаруулалтаар хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ. Харин сонгогдсон тухайн компани зураг төслийн дагуу барьж буй эсэхэд НОСК хяналт тавиад явна.
Бид төлөвлөлттэй бөгөөд хүртээмжтэй хоттой болох бүрэн боломжтой
-Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид иргэд сонгогчидтой уулзаж, бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсох ажил үргэлжилж байна. Танай тойргийн иргэд ямар санал хүсэлт илэрхийлж байна вэ?
-Сүхбаатар дүүргийн иргэд, сонгогчид Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт болон түрээсийн орон сууцны талаар нэлээд сонирхож, тодруулж асууж байна.
Би уулзалт хийх болгондоо энэхүү бүтээн байгуулалтын талаарх бодит мэдээллийг өгөхөөс гадна цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа мөн танилцуулж байгаа юм. Иргэд, сонгогчид бидний бодлого, мөрийн хөтөлбөрийг таатай хүлээн авч, үнэтэй саналаа хуваалцаж, дүүргийнхээ хөгжил дэвшилд хувьд нэмрээ оруулж буйд талархаж байна.
-Нийслэлийн МАН-аас дэвшүүлж буй “Хотын сэргэлт- Шинэ Улаанбаатар” мөрийн хөтөлбөр бидний хот, хүртээмжтэй хот, ногоон хот, орлоготой хот, аюулгүй хот гэсэн бүлгээс бүрдсэн юм билээ. Эдгээрээс бидний хот хэсгийн тухай онцолж асуумаар байна. Бид ямар хоттой болно гэсэн үг вэ?
-Бид амар тайван, аюулгүй, төлөвлөлттэй бөгөөд хүртээмжтэй хоттой болох бүрэн боломжтой. Иргэдийн оролцоотой хот төлөвлөлтийг бий болгохын тулд хамгийн түрүүнд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлуулж, хэрэгжүүлнэ. Төрийн үйлчилгээг иргэнд ойртуулахын тулд эрх мэдэл, төсөв санхүүгийн хувьд нэгдсэн удирдлагаас хамааралтай байсан зургаан дүүрэг, 204 хороог 14 хот, 42 хороолол болгоно. Иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах боломжийг нэмэгдүүлж, 20 минут алхаад л нийгмийн суурь үйлчилгээг шуурхай авах боломжийг бүрдүүлнэ. Мөн төлөвлөлтөд тулгуурласан төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн уялдааг бэхжүүлэхийн зэрэгцээ төлөвлөлтийн бус барилгажилтын золиос болсон орон сууцны хотхон, хорооллыг дахин шинэчилж, авто зогсоол, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Энэ мэт богино хугацаанд бодит ажил хэрэг болгох бүрэн боломжтой олон зорилго зорилт мөрийн хөтөлбөрт багтсан.
-Дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулахаас гадна өөр ямар хувилбараар буюу төсөл, хөтөлбөрийн хүрээнд хүртээмжийг нэмэгдүүлэх вэ?
-Мөрийн хөтөлбөрийн бидний хот бүлэгт орон сууцны хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар тодорхой тусгасан. Тухайлбал, “Миний түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн иргэд түрээслэх, түрээслээд өмчлөх орон сууцны төслийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримтална. Мөн “Миний ажилтан орон сууцтай” хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчид болон ажилтандаа орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Түүнчлэн ипотекийн зээлийн 50 хувиас багагүй хувийг Улаанбаатар хотын дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгох зэргээр хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Сүхбаатар дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулснаар олон асуудал цэгцэрнэ
-Сүхбаатар дүүргийг ухаалаг, жишиг хот болгон хөгжүүлэхээр тодотгож тусгасан байсан. Үүнийг тодруулбал?
-Бид Сүхбаатар дүүргийг хүндээ ээлтэй, хүнлэг, хурдан хот болгон хөгжүүлэх зорилго бүхий мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байна. Мөрийн хөтөлбөрт иргэд төрийн бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай цахимаар авах, эмнэлэг, сургууль, цэцэрлэг нь хүрэлцээтэй бөгөөд үйлчилгээ нь чанартай байх гэх мэт аюулгүй, ая тухтай, амар тайван, стрессгүй амьдрах нөхцөлийг бий болгоход чиглэсэн олон зорилго зорилт багтсан. Тухайлбал, манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2025 онд Кэмбрижийн хөтөлбөртэй таван сургуулийг байгуулахаар багш нарыг нь бэлтгэх ажлыг эхлүүлээд байна. Мөн бид үер ус зэрэг байгалийн болзошгүй гамшгаас иргэнийхээ эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах зорилгоор урьдчилан мэдээлэх дохиоллын системийг Сэлбэ гол дагуу байрлуулахаар төлөвлөсөн.
Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хотын төвийн дүүрэг хэрнээ тохижилт муутай, хотын төвөөс 1.5 км зайтай гэр хорооллууд нь зам талбайн тохижилт, гэрэлтүүлэг, камергүй байх жишээтэй. Тиймээс хүн рүүгээ, орчин руугаа чиглэсэн төлөвлөлт, тохижилт үйлчилгээний ажлуудыг хийж гүйцэтгэн Улаанбаатар хотын жишиг, улсын нүүр царай болсон хот болгох зорилго тавин ажиллаж байна.
-Та иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон тохиолдолд ажлаа хамгийн түрүүнд юунаас эхлэх вэ?
-Хамгийн түрүүнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, хороо тус бүрийн зураг төсөл, төлөвлөлтийг шинээр хийж, Сүхбаатар дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нэгдсэн байдлаар батлуулна. Цаашид энэхүү төлөвлөгөөний дагуу ажлуудаа гүйцэтгээд явах нь зүйтэй гэж бодож байна. Сүхбаатар дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулснаар хэн нэгэн сургууль, цэцэрлэгийн ч юм уу нийтийн эзэмшлийн зам, талбайд барилга барьдаг асуудал дуусгавар болох зэргээр олон асуудал цэгцэрнэ. Өөрөөр хэлбэл, төлөвлөлтийн бус барилга баригдахгүй гэсэн үг. Бүтээн байгуулалтын ажлууд тодорхой төлөвлөлт, зураг төсөлтэй байснаар улс, нийслэл, дүүргийн хэмжээнд төсөв, санхүүжилт тавиулах боломж нээгдэнэ.
Би эргэх холбоотой ажиллах жанжин шугам баримталдаг
-Та нийслэлийн болон дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр найман жил ажилласан тодорхой хэмжээний туршлагатай учраас энэ асуултыг тодотгож, асууя гэж бодлоо. Аль ч шатны иргэдийн төлөөлөгч ямар зарчим, жанжин шугамтай ажиллах ёстой вэ?
-Аймаг, нийслэл, сум, дүүрэг гээд бүх шатны ИТХ-ын төлөөлөгч бол дарга биш харин төр, иргэн хоёрын хооронд гүүр болж ажилладаг менежер хүн. Өөрөөр хэлбэл, тухайн тойрогт оршин сууж буй иргэдийн тод төлөөлөл, чанга дуу хоолой болж, эргэх холбоотой ажиллах ёстой гэсэн үг. Би ийм л жанжин шугам баримталж, Сонгинохайрхан дүүргийн болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр найман жил ажиллаж, маш олон ажлын ард гарч чадсан.
-Улаанбаатар хотын иргэний хувьд, хоёр шатны иргэдийн хуралд сонгогдож байсан төлөөлөгчийн хувьд нийслэл хотоо, хотынхоо иргэдийг ямар түвшинд хүрээсэй, хүргэх юмсан гэж боддог вэ?
-Улаанбаатар хот агаар, хөрсний бохирдолгүй, автомашины түгжрэлгүй, сургууль, цэцэрлэг нь хүртээмжтэй, ногоон байгууламжтай, харин иргэд нь стресс, уур уцааргүй, ажил орлоготой, амар тайван ажиллаж амьдардаг болоосой гэж боддог. Ийм болгохын төлөө би чадах бүхнээрээ хувь нэмрээ оруулахыг хичээдэг дээ. Миний туйлын зорилго бол гэр хорооллыг орон сууцжуулах. Яагаад гэвэл, гэр хороололд болон орон сууцад амьдарч буй иргэдийн хувьд асар их ялгаа бий. Тав тух, эрүүл мэндийн байдал, олон нийтийн үйлчилгээ авах гэх мэт асуудал тодорхой хэмжээнд ялгаатай, харилцан адилгүй байдаг. Гэмт хэргийн гаралтын үзүүлэлт хүртэл өөр байх жишээтэй. Яг үнэндээ гэр хороололд амьдардаггүй, амьдарч байгаагүй хүмүүс гэр хорооллын иргэдийн амьдралыг огт мэдэхгүй бас ойлгохгүй байна.
Гэр хорооллыг орон сууцжуулснаар түүнийг дагаад маш олон эерэг өөрчлөлт гарна. Гэхдээ орон сууцжуулж байна гээд ямар ч төлөвлөлтгүйгээр хэдэн айлын газар чөлөөлөөд энд тэнд хэдэн давхар барилга бариад байвал ямар ч ахиц дэвшил гарахгүй. Тиймээс нэг бодлого, нэг жишиг төлөвлөлтийн дагуу цогц бүтээн байгуулалт өрнүүлэх хэрэгтэй. Ингэснээр тухайн иргэдийн эрүүл мэнд, амьдрал ахуй сайжирч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөл бүрдэхээс гадна агаар, хөрсний бохирдол буурах гэх мэт маш олон эерэг өөрчлөлт бий болно. Үүний эхлэл болгож, Сэлбэ дэд төвийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа билээ. Тиймээс аюулгүй, амар тайван Улаанбаатар хотын стрессгүй, ажил орлоготой, аз жаргалтай иргэд болох цаг ойрхон байна.
-Ярилцсанд баярлалаа.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24616/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна