Далд хотын "дайчид"


Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар хотын оршин суугчид өвөлдөө зэхээд завгүй байна. Халаалтын улиралд гал алдахгүй байх үүрэг хүлээсэн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар 2024-2025 оны өвлийн бэлтгэлээ базаажээ. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн инженер, техникийн ажилтнууд өнгөрсөн өдрүүдэд гэрийн бараа харах завгүй ажиллажээ. Угаас сар бүрийн 20-ноос хойш Орон сууцны конторыхонд амрах цаг хомс.   Улсын орлого төвлөрүүлж, дуудлагаас дуудлагын хооронд  ажиллана. Хааяа галын шугамд үүрэг гүйцэтгэдэг тэднийг далд баатрууд гэвэл хэтрүүлсэн болохгүй. Ус алдлаа, шугам хагарлаа, халаалт зогслоо, крантаас зэвтэй ус гоожлоо гэх иргэдийн дуудлага бүрд ОСНААУГ-ын ажилтнууд шуурхай ажиллаж, санал гомдлыг шийдвэрлэдэг.  Нийслэлд бүртгэлтэй өрхүүдийн 51 хувь нь орон сууцад амьдарч байна. Нийтийн зориулалттай 4268 орон сууцны  ашиглалт, үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хариуцдаг. Тодруулбал, орон сууцны 47 хувийг ОСНААУГ, 53 хувийг компаниуд хариуцдаг.  Оршин суугчид мэдээлэлгүй учраас ОСНААУГ-ыг СӨХ буюу Сууц өмчлөгчдийн холбоотой андууран ташаа ойлгодог. Мэдсээр байж албаар мэдэн будилах нь ч бий. Орон сууцны тухай хуульд тухайн барилгын гадна дулааны шугам сүлжээ, инженерийн дэд бүтцийг барилгынхаа үнэ тарифт шингээж борлуулах ёсгүй гэсэн заалт бий. Гэтэл барилгын компаниуд энэ заалтыг мөрдөхгүй байгаагаас  барилгын гадна дулааны шугам сүлжээний хэсэг нь тухайн орон сууцны иргэдийн дундын өмч болчихоод байна. Харин СӨХ-ны тухай хуульд инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ гэж заасан байдаг.

 “Ажил, гэртээ тав тухтай байгаарай.  Ар нь баталгаатай шүү”

Орон сууцад амьдрах болсноор хот айл, саахалт гэх уламжлалт ойлголт оршин суугчид гэдэг үгтэй хослох болжээ. “Саахалт айлын санаа нэг, айл хүний амь нэг” гэдэг зүйр үг малчдад төдийгүй орон сууцныханд ч хамаатай.  “Доод давхрын айлууд халахгүй байна”, “Дээд давхарт шугам солино” гэхэд “Энэ тэдний хэрэг.  Бусад айлын асуудал манайд  хамаагүй” гэдэг оршин суугч олон байгаа нь өмчийн талаарх ойлголт нийтийн дунд хэвшээгүйн илрэл. Таны өмч бол таны квадратыг бүрдүүлж байгаа байшин. Харин байшингийн эргэн тойрны газар, орон зай, хэн нэгний биш дундын эзэмшил. Хувийн өмчийг дотор нь нийтийн болон нэгжийн зориулалттай хэмээн ангилдаг. Бидний амьдарч буй орон сууц нийтийн зориулалттай хувийн өмчид хамаарна. Өмчтэй хүн эд хөрөнгөөр ч баян, сэтгэлгээгээр ч баян явдаг. Товчоор хэлбэл, хувийн өмч бол тухайн хүний эрх чөлөө юм. Гэтэл өмч гэдгээ бид зөвхөн амьдарч буй өрөөнүүдээ хэмээн ойлгодог нь учир дутагдалтай байна. Өмчийг зөвхөн эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэмжээнд ойлгодог нь өрөөсгөл юм. Оршин суугчид өмчөө өөрсдөө хамгаалахаас гадна нийгмээр хамгаалуулах, ашиг олох нөхцөлийг бүрдүүлэх, эрх зүйн орчныг буй болгох, өмчийнхөө төлөө хөрөнгө хуваарилах, төлөвлөх эрхтэй байтал учир дутагдалтай хандсанаас ойлголтын зөрүү гардаг. Хувиа бодсон хэсэг нь “Халаалт муу байсан, зэвтэй ус гардаг” хэмээн төлбөр тооцооноос бултацгаана. Ус, дулааны төлбөрөө төлөөгүй айлуудыг хэсэгчлэн хааж болохгүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний амьд явах наад захын эрхийг зөрчих бас -30 гаруй хэмийн хүйтэнд дулааны шугамаа хаах  сэтгэл конторын ажилтнуудаас гарахгүй.  Хувийн контор, СӨХ-д нь орон сууцны шугам сүлжээ  муудаад, ашиглалт нь хүндрээд ирэхээр хуулиараа нийслэл хүлээж авах ёстой гээд ирдэг. Зарим нь компаниа дампууруулаад, оршин суугчдыг хохироодог гэмтэй. Дулаан, цэвэр, бохир усны шимтгэл дээр нэмээд орон сууцны элэгдлийн засвар үйлчилгээ хийх тарифыг иргэдээс аваад явдаг хэрнээ засвар үйлчилгээндээ бодит төсөв зарцуулалгүй шугам сүлжээгээ муутгадаг. Ингээд өртэй, үйл ажиллагаа нь доголдсон хувийн орон сууцны конторын хариуцаж байсан насжилт өндөртэй шугам сүлжээ нь орон нутгийн өмчит байгууллагад шилжин ирдэг. Тэр бүрд нөгөө л ОСНААУГ давхар  хариуцлага үүрч ажилладаг. “Ажил, гэртээ тав тухтай байгаарай.  Ар нь баталгаатай шүү” хэмээн сэтгэл дэвсэн өгүүлэх Орон сууцны конторыхон 24 цагаар ажилласаар. Оршин суугчид та бүхэн санаа амар байгаарай. Харин ганцхан зүйл хүсэхэд үйлчилгээний төлбөрөө л сар сард нь төлж хэвшээрэй.


Хамгийн супер үйлчилгээ

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний 60 хүртэлх хувийг хариуцан ажилладаг. Тэдний зорилго иргэн төвтэй.  “Бидний үйлчилгээ таны ая тухын баталгаа” уриатайгаар нийслэлийн зургаан дүүргийн 2139 орон сууцны байр,  114193 өрх, 374086 оршин  суугч , 9963 аж ахуйн нэгж байгууллага, оршин суугч хэрэглэгчдийг дулааны эрчим хүч хэрэглээний халуун хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй найдвартай үзүүлэн ажиллаж байна. Нийслэлийн орон сууцны инженерийн шугам сүлжээнд техникийн шинэчлэл хийх хэтийн төлөвийг тодорхойлж, их ба урсгал засварын нэгдсэн төлөвлөгөөг холбогдох байгууллагатай хамтран зохиож, хэрэгжилтэд техникийн хяналт тавьж, харьяа орон сууцны компаниудыг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэгтэй. Харин оршин суугчид “Амгалан тайван байдал алдагдууллаа” гэж загнах, давилуун нэгэн нь заамдаж авах энүүхэнд. Албан үүргээ гүйцэтгэж ажилласныхаа төлөө зодуулсан, доромжлуулсан ажилтан олон. Тэглээ гээд хэл ам, хэрүүл тэмцэл хийх нь ховор, оршин суугчдынхаа бухимдлыг давж уужуу хандана.  Бие махбод, сэтгэл санааны ноцтой хохирол авсан ажилтан шүүхэд хандах явдал гарна. Гэвч Зөрчлийн хуулийн дагуу тухайн ажилтныг иргэний амгалан тайван байдал алдагдуулсан хэргээр нэмж  торгодог. Шүүхийн шийдвэрийн цаана иргэний журамт үүргээ биелүүлээгүй этгээд ихэмсэг гэгч нь ялагчийн дүрдээ итгэн омогших нь харамсалтай.  Ус, дулааны төлбөрөө төлөөгүй айлд  хязгаарлалт хийвэл Үндсэн хууль зөрчиж, хүний амьд явах эрхэд халдсан болно. Хязгаарлахгүйн хэрээр иргэд хэдэн сар жилээр төлөөгүй өрийн хуримтлал үүсгэдэг. Айлуудын төлөөгүй төлбөр конторынхон дээр бууна.  Энэ чөтгөрийн тойргийг зохицуулах шийдэл нь иргэдийн ухамсар. Ийм л хэрүүлийн шугам дунд Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтнууд үүрэг гүйцэтгэдэг аж.

Эсгий хотоос инженерийн шийдэлтэй дэд бүтэц

Улаанбаатарчууд 1950-аад он хүртэл  хашаа байшин болон гэрт амьдардаг байв. Социалист жишгээр нийгэм, соёлд дэвшихийн хэрээр төвлөрсөн орон сууцны хорооллыг барьж эсгий туургатан хот төрхөө  өөрчилсөн юм. Хотын төвд 40 мянган м.кв газар дээр орчин үеийн таван давхар орон сууцны барилгууд сүндэрлэн бүтээн байгуулалт эхэллээ. Эндээс л 40 мянгат нэршил үүдэлтэй.  Шил шилээ даран сүндэрлэсэн хорооллууд Улаанбаатар хотын  стандартыг тогтоосон. Улмаар шинэ тутамд хөгжиж буй нийслэлийг төлөвлөгөөтэй орон сууцжуулах, оршин суугчдад ая тухтай үйлчлэх зорилгоор Хот, нийгэм хангамжийн хэлтсийн харьяа Орон сууцны тасгийг байгуулжээ.  Хүн ардыг орчин үеийн соёлын орон зайд хамруулж нүүдэлчдийн хотын өнгө төрхийг эрс өөрчилсөн юм.Ийнхүү иргэдээ орон сууцжуулах ажил өнөөдрийн түвшинд хамгийн өндөр хөгжлийг олж зөвхөн нийслэл болон төвлөрсөн хот төдийгүй аймаг, сумын төвд суугчид тохилог орон сууцад амьдрах болсон нь өнгөрсөн 100 жилийн хөгжлийн нэгэн тод нүүр царай болжээ. Улаанбаатар хотод орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага анх 1947 онд байгуулагдсан бөгөөд 2005 оноос Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нэртэй болжээ. Харин төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн анхны Орон сууц, нийтийн аж ахуйн компанийг 2001 онд байгуулжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа энх цагт есөн ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол одоо 1200 гаруй ажилтантай их айл болжээ. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ ус, дулаан дамжуулах 115 төв, хэрэгцээний халуун усны төвлөрсөн 162 узель, 1100 гаруй орон сууцны байр болон дулаан, цэвэр бохир ус, цахилгаанаар тасралтгүй ханган үйлчилж, бэлэн байдалд ажилладаг.


 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24616/ 


0
angry
2
care
0
haha
3
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 14 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 14 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 14 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 15 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 16 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 16 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 16 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 16 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 16 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 16 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 16 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 16 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 16 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 17 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 17 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 17 цагийн өмнө