Ж.Пүрэвжамц: Инженерийн нийт шугам сүлжээний 60 хувийнх нь насжилт дууссан


ОСНААУГ-ын ерөнхий инженер Ж.Пүрэвжамцтай ярилцлаа.

-ОСНААУГ өвлийн бэлтгэл ажлаа бүрэн хангасан уу? 
-Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ нийтийн зориулалттай 4600 орон сууц  байдаг. Үүнээс 2300 орон сууцыг манай байгууллага хариуцдаг. Энэ нь нийт орон сууцны 48 хувь. Үлдсэн 52 хувийг нь хувийн орон сууцны контор хариуцдаг. 
Аравдугаар сарын 1-ний байдлаар нийтийн зориулалттай орон сууцуудын халаалтыг 100 хувь залгасан. Харин “УБДС” компанийн  харьяа хэд хэдэн том магистрал шугамуудыг  нийслэлийн болон банкны хөрөнгө оруулалттайгаар сольж байгаатай холбоотой 46  байрны халаалтыг залгаагүй байна. Өнөөдрийн байдлаар  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны гурван байр халаалтгүй байна.  Учир нь, нэгдүгээр хэлхээний шугам нь гэмтсэн учир “УБДС”-ээс засварын ажлыг хийж байгаа юм. Засварын ажил дуусвал халаалтыг нь залгана. 
ОСНААУГ-ын тухайд  энэ жилийн төлөвлөсөн их засварын ажил 90 хувьтай, урсгал засварыг 95 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж дуусгалаа. 2024-2025 оны өвлийн улиралд  хэрэглэгчдийг хэвийн, найдвартай халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангаж байна.
-Дулааны шугам сүлжээ хэр насжилттай вэ. Жил бүр л завсарладаг? 
- ОСНААУГ-тай 1223 км инженерийн шугам сүлжээ хариуцдаг. Энэ нь Улаанбаатараас Ховд орох  дайны зай юм. Эдгээр шугам, сүлжээний 60 хувийнх нь насжилт дуусгавар болж байна.  Шугам сүлжээнд 20 жилд их урсгал завсар хийх ёстой. Гэтэл манай дулааны шугам сүлжээний 60 хувь нь 20-40 жилийн насжилттай болсон. 
1988 онд ашиглалтад орсон 30 жил болж байгаа нэгдүгээр хороолол бол Улаанбаатарын  хамгийн залуу хороолол. Хорооллын голын шугамыг жил бүр засварлаж байна гэж иргэд шүүмжилдэг. Бид дулааны улиралд төлөвлөгөөт завсар гаргаад гэмтсэн хэсгийг нь солж байгаа юм. Шугам сүлжээг иж бүрнээр нь солиход их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Өвлийн оргил ачааллын үед гарсан гэмтлийг ч тухай бүр нь сольдог.  
Бид  шугам сүлжээнд  жил бүр 4-5 тэрбум төгрөгийг зарцуулдаг.  Энэ нь нийт шугам сүлжээний ердөө хоёрхон хувьд ч хүрэхгүй. Тиймээс шугам сүлжээнд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байна. 
-Өвлийн оргил ачааллын үед шугам сүлжээний гэмтэл хэр гарах вэ?
-Дулааны станцууд арваннэгдүгээр сарын 1-ээс гуравдугаар сарыг хүртэлх өвлийн оргил ачааллын үед бүрэн хүчин чадлаараа ажилладаг. Энэ үед шугам сүлжээний гэмтэл харьцангуй бага. 2022-2023 оны өвөл том бага нийлсэн 70 гаруй гэмтэл гарсан байдаг. Энэ нь жил ирэх тусам нэмэгдэх магадлалтай. Учир нь, шугам сүлжээний насжилт дууссан. Бид засварт зарцуулах төсвийн 4-5 тэрбум төгрөгөөрөө өмнөх жил нь 3-5 удаа хагарсан шугам сүлжээгээ л засварлахаар төлөвлөдөг. Энэ нь насжилт дууссан шугам сүлжээний хоёрхон хувьд засвар орж байгаа гэсэн үг. Хэрвээ тариф өөрчлөгдөхгүй энэ хэвээр явбал насжилт нь дууссан  шугам сүлжээ нэмэгдээд явна. 
-Насжилт дууссан шугам сүлжээг засварлахад жилд хэдэн төгрөгийн төсөв шаардагдах бол?
-Бид өөрийн төсвөөр ашиглалт дууссан шугам сүлжээний хоёрхон хувийг өнөөдөр засварлаж байна. Инженерийн шугам сүлжээгээ засварлаж дуусгах талаар судалгаа хийсэн.   Жилд 16 тэрбум төгрөгийг насжилт дууссан шугам сүлжээгээ засварлахад зарцуулах шаардлагатай болж байна. Хонгилын системд оруулж засварлахад 100 метр шугам нэг тэрбум төгрөг болж байх жишээтэй. 
-Хонгилын системийг нэвтрүүлэх  нь хэр ашигтай вэ?
-Нэг метр шугамыг хонгилын системд оруулахад 10 сая төгрөгийн зарцуулалт хийдэг. 100 метр шугамын засварт нэг тэрбум төгрөг шаардлагатай.  Хонгилын системээр нэг тэрбум төгрөгөөр 100 метр шугам сольсноос 300-400 метр шугам солих нь мэргэжлийн байгууллагын нэн тэргүүний асуудал болоод байна. Хонгилын системд орсноор тухайн шугам сүлжээний дээр тарьсан мод зүлэг, тоглоомын талбайг эвдэх шаардлагагүй болно. 
Сүүлийн үед инженерийн шугам сүлжээ явж байгаа газарт зам тавих,  тоглоомын талбай байгуулах зэргээр нөхөн сэргээж, хөрөнгө оруулалт хийж байна. Энэ нь нэг талдаа сайн боловч нөгөө талдаа  инженерийн шугам сүлжээний өртгийг нэмэгдүүлж байгаа юм. Дээр хэлсэнчлэн, 100 сая төгрөгөөр  гэмтсэн шугамыг бүрэн засварлах байсан бол одоо 50 сая нь нөхөн сэргээлтэд зарцуулагдана. 
-Олон улсын байгууллагын төслөөр хэрэгжүүлж болох уу?
-Бид олон улсын байгууллагад хандаж үзсэн. Гэтэл олон улсын байгууллага хүлэмжийн хийг бууруулахад яаж нөлөөлөх вэ, ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх, эко байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьдаг. Халуун усаар хангагдах, иргэд орчиндоо найдвартай амьдрах нөхцөл бүрдэнэ гэхэд бодит үр дүнг хардаг. Нөгөөтэйгүүр орон сууц иргэдийн хувийн өмч. Иргэдийн хувийн өмчид бус орон нутгийн өмчид төслөө хэрэгжүүлэх шаардлага тавигддаг. Дэлхийн банк төвлөрсөн дулаан хангамжийн системээсээ татгалзах саналыг бидэнд тавьдаг. Энэ нь эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд схемийн хувьд нийцэхгүй. 
-Улаанбаатар хотод жил  бүр шинэ шинэ барилга, орон сууц сүндэрлэж байна. Гэтэл танай хариуцдаг  нийт шугам сүлжээний 60 хувь насжилт дууссан, шинэчлэх шаардлагатай болжээ. Шугам сүлжээний хүчин чадлын хүрэлцээ хэр вэ?
-Дулааны шугам сүлжээний эх үүсвэр хомсдолтой. Өнөөдөр “ДЦС-4” өвлийн ид оргил ачааллын үед  12.5 тонн/цаг устай  явж байх ёстой. Үүний дээр “ДЦС-3”-ынх нэмэгдэнэ. Ингээд нэгдсэн сүлжээ 20 мянган шоо.метр тонн устай явах ёстой.  Манай шугам сүлжээ өвлийн оргил ачааллыг 100 хувь даана.  Гэхдээ өвлийн ид хүйтний улиралд гадаа -39 хэм хүйтэн байхад хэрэглэгчдэд +80+90 градустай ус хүргэх байсан бол бодит байдал дээр +70+72 градус хүрч очдог.  Ингэснээр  +18 хэмийн дулаан дутуу очихоор эх үүсвэр доголдолж, ачааллаа дийлэхгүй, сүлжээ маань зарцуулалтаа авч чадахгүй  байгаа юм.  
-Хуучин орон сууцуудын дулаан алдагдлыг багасгахаар гадна талыг дулаалж байна. Энэ нь хэр үр дүнтэй вэ?
-Манай хариуцдаг орон сууцуудын 70 хувь нь хуучны угсармал байр. Угсармал байрууд дулаан алдагдал ихтэй. Сүүлийн үед  Японы JICA-гийн төслөөр угсармал орон сууцны гадна талыг дулаалж байна. Ингэснээр дулаан алдагдал багасна. Харин шинэ орон сууцууд дулаан алдагдал харьцангуй багатай. Учир нь, барилгын материалын чанар сайжирсан учир дулаан алдагдал багатай. 
-Шугам сүлжээний технологи сайжирч байна уу?
-Сүүлийн үеийн хэрэгцээний халуун усны шугам сүлжээний технологи сайжирч байна. Нөгөө талдаа цайрын агууламж хүрэхгүй тохиолдол гардаг. Жишээлбэл, “Ханбогд” хороолол, Яармагийн орон сууцны хэрэгцээний халуун усны шугамын технологийг цайран турбагаар хийсэн. Гэвч цайрын агууламж нь хүрэхгүй зэвтэй ус гарч байх жишээтэй. 
-Тэгэхээр шар ус гараад байгаа нь усны чанартаа бус, технологидоо байна уу?
-Усны чанар муу гэхээсээ технологиос шалтгаалж байна. УСУГ зүүн болон баруун бүсийн станцаас дээж авч, өөрийн лабораторидоо хэмжиж,  шинжлээд төвийн шугамаар дамжуулан хэрэглэгчдэд түгээхэд харьцангуй гайгүй. Гэтэл чанарын шаардлага хангаагүй технологиор дамжин ирэхэд орц, найрлага, бүтэц өөрчлөгдөөд байна. 
-Шугам сүлжээний технологид хяналт яаж тавьдаг вэ?
-Хувийн компанийн урд хөршөөс оруулж ирж байгаа барилгын материалыг тухайн үйлдвэрийн бичгээр нь л дүгнэдэг.  Харин одоо Засгийн газраас Замын-Үүдийн гааль дээр анхны лаборатори байгуулах болсон нь дэвшил. Энэ лабораторийг байгуулснаар тухайн технологийг ямар материалаар хийсэн, хэрэгцээний халуун усанд тавьж болох уу гэдэг чанарын дүгнэлт хийх боломж бүрдэх юм. 
-Гадаадын зарим оронд хэрэглээний усны шугам сүлжээгээ зэсээр хийдэг. Үүнтэй адил манайд шугам, сүлжээний стандарт, норм бий юү?
-Стандарт, дүрэм хангалттай бий. Тухайлбал, шинэ барилга барихад инженерийн шугам сүлжээ нь ил явна, стандарт хангах ёстой гэж заасан байдаг. Гэвч стандарт нь байгаа ч түүнийг хянах газар байхгүй. Өмнө нь иргэдийн гомдлоор мэргэжлийн хяналтынхан үздэг байсан. 
-Иргэдийн санал гомдлыг хүлээн авах 7000-5454 дугаарын ачаалал хэр байдаг вэ?
-Өвлийн оргил ачааллын үеэр дуудлага тасрахгүй. Өнөөдрийн байдлаар 2300 орчим дуудлага хүлээн аваад байна.  Үүний 300-400 орчим нь цахилгаан тасарсан, халуун,  хүйтэн усгүй байгаа талаар  мэдээлэл, зөвлөгөө авсан байдаг. 10 гаруй хувийг нь хувийн орон сууцны контортой холбоотой дуудлага эзэлж байна. 
-Хувийн орон сууцны конторт харьяалагддагаа иргэд хэрхэн мэдэх вэ?
-Ашиглалтын зардлын төлбөр төлж байгаа баримтаа л харахад болно. Гэхдээ хувийн орон сууцны конторуудын хариуцаж байгаа барилга, орон сууц харьцангуй шинэ. Тиймээс шугам сүлжээний гэмтэл гарах нь бага байдаг. 
-Орон сууцны СӨХ, конторыг иргэд бид танай харьяа гэж ойлгодог? 
-Нийт шугам сүлжэээний 48 хувийг манайх, 52 хувийг хувийн орон сууцны байгууллага хариуцдаг. Өнөөдөр Улаанбаатар хотод  орон сууц, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч 66 байна. Үүний зөвхөн нэг нь ОСНААУГ буюу манайх. Үлдсэн 65 тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тус тусын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага. 
Эх үүсвэр дээр үйлдвэрлэгдсэн дулаан өмчийн дөрвөн хэлбэрийг дамжиж хэрэглэгчдэд хүрдэг. Дулааны цахилгаан станц, “УБДС” бол төрийн өмч, Ус дулаан дамжуулах төв, байрны оруулах шугам хүртэл  нийслэлийн өмч, байрны оруулахаас дээш босоо шугам нь нийтийн буюу СӨХ-ны өмч, байран доторх нь хувийн өмч болж байна. СӨХ бол хуулийн этгээд биш. 
-Боловсон хүчний нөөц хүрэлцээтэй юү?
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар байх 2099 орон тоотой, хэрэглэгчдэд үйлчлэх 19 төв, түгээх гурван төвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн тухайд мэргэжилтэй ажилтны орон тоо дутуу байна. Төрөөс   үнэ тарифыг хатуу барьж байгаатай холбоотой манай ажилчдын цалин бага.  Энэ нь зөвхөн нийтийн аж ахуйн салбарт хамаарахгүй, “УБДС”, Дулааны цахилгаан станцуудад ч бага цалинтайгаас мэргэжилтэй ажилтнууд нь гарч, уул уурхайн компанид орж байна. Уул уурхайн компанийн лиценз хэдэн жилийн дараа дуусгавар болох бол нийтийн аж ахуйн салбарын үйл ажиллагаа үргэлжилж л байна. Баялаг бол дуусна, дэд бүтцийн салбар бол үргэлж эрэлттэй байх юм.

 Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24616/ 


0
angry
1
care
0
haha
2
liked
3
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.90
2024/10/04
0
0
Хөдөө орон нутаг чинь олон жил даарлаа ялангуяа говийн аймаг гадааны дулаан хүйтэн тохируулж халаана гэдэг тэнэг зүйлээс чинь болж сүүдэр талын айлууд амь өүлээн өвөлжсөөр олон жил болж бна говь нутаг зун халдгийн гайгаар өвөл хавар намар чичирч өвөлжиж хаваржиж бна үүнийг та яах гаж бна хариулаач
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 10 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 13 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 13 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 14 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 15 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 15 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 15 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 15 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 15 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 15 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 15 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 15 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 15 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 15 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 16 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 16 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 16 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 16 цагийн өмнө