Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашиллаа. Эрс тэс уур амьсгалтай манай орны намрын адаг сар жихүүн салхитай эхэлсэн ч орон сууцны оршин суугчид, албан байгууллагын ажилтнууд халаалттай байшиндаа тухална. Биднийг “Аравдугаар сарын 1-нд халаалт ирнэ дээ” хэмээн хүлээн суух зуур Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн (ХҮТ) амсхийх чөлөөгүй ажиллажээ. Хоногийн 24 цаг тасралтгүй Улаанбаатар хотын орон сууцны иргэд, оршин суугчдын тав тухтай амьдралын төлөө хичээн зүтгэдэг “ХҮТ-12”-ын инженер, техникийн ажилтнуудын ажлын нэг өдрийг сурвалжиллаа. Монгол Улсын Зөвлөх инженер С.Буман-Аюушаар ахлуулсан төвийнхөн намрын халаалт, залгалтын улирлаа амжилттай эхлүүлээд баяр хөөртэй байлаа. Их ажлын ард гарсан хамт олны сэтгэл тэнэгэр байхаас яахав. Тэрбээр “Системийн хамт олонтойгоо 34 дэх жилдээ халаалт, залгалтаа тавилаа. Буянтай сайхан ажил шүү” хэмээн найрсаг хүлээн авлаа. Түүнийг салбарынхан Бумаа инженер хэмээн хүндэтгэнэ. Тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласаар 34 дэх намраа угтаж буй нь энэ. Зуны их болон урсгал засвар, төв шугамын засварын үед шаардлагатай тоног төхөөрөмж, материалыг оновчтой сонгон өвлийн оргил ачааллын үед хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй, жигд ус дулаанаар хангах гээд конторын ажил дуусахгүй. Тухай бүрд хамт олноо мэргэжлийн удирдлагаар ханган ажиллахдаа инженерийн бодлогыг зөв удирдан зохион байгуулан төлөвлөсөөр иржээ. “Өнөөдрөөс эхлээд гэмтэл сааталгүй, өвлийн оргил ачааллын үеийг амжилттай давж, оршин суугчдын тав тухтай амьдрахад анхаарал хандуулна даа” гэх нь ажилдаа чин сэтгэлээсээ ханддагийн илрэл. Беларусь улсын Могилев хотын Барилгын сургуулийг төгсөж ирээд 1990 оны есдүгээр сард Орон сууц нийтийн аж ахуйн наймдугаар конторт сантехникийн засварчнаас ажлын гараагаа эхлүүлжээ. Хариуцлагатай салбар учраас ажлыг доороос нь эхэлж, дадлагаждаг бичигдээгүй хуультай. Газовыг “хэрээн хошуут” гэж монголчилдгийг мэдэхгүй охин ирээд машинист Ш.Лхагва ахад загнуулж байсан гэдэг. Тэр үед зааж зөвлөж байсан хүмүүсийг дурдвал олон. Дагалдангийн гурван сараа дуусгаад орлогын байцаагчаар ажиллаж эхлэв. Гүйцэтгэлээ маш сайн хийдэг шижигнэсэн эгч нартай ажиллаж, дутахгүй ажиллахсан гэж хичээн төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Ажлын хажуугаар 1997 онд ШУТИС -д элсэн орж түргэвчилсэн ангиар 1999 онд Дулаан хангамжийн инженерээр төгсөөд салбартаа тууштай ажилласан байна.
Орхигдуулж болохгүй мэргэжил
Эрчүүд зонхилсон салбарт эмэгтэй хүн түүчээлж ажиллах нь ховор. Мөр зэрэгцэн ажиллаж ирсэн хамт олон нь засварчнаас Монгол Улсын Зөвлөх инженер хүртлээ дэвшсэн С.Буман-Аюушаараа бахархана. Байгууллагынхаа шугам сүлжээг мэдэх ганц хүн нь мөнөөс мөн. Өнөөдөр туршлагатай инженер болоод хамт олноо чиглүүлж, залуу боловсон хүчнүүддээ зааж зөвлөөд ажиллаж байна. Ажилдаа баримталдаг зарчим нь инженерийн ёс зүй. Бас иргэдэд ажил, мэргэжлээ ойлгуулах. “Оршин суугчдын гомдол, дуудлага барагдахгүй. Адаглаад ариутгах татуургын шугамаа бөглөөд л дуудна. Энэ бүхэнд хугацаа алдалгүй очиж хэрэгцээ шаардлагад нь нийцсэн ус, дулааныг түгээж чадвал буянтай сайхан ажил. Амьд явахад эхлээд агаар дараа нь ус, өвлийн хүйтэнд дулаан орон байр л хэрэгтэй шүү дээ. Хүний амьдрах тансаг хэрэгцээг хангадаг хамт олноо би ямагт бахархалтайгаар боддог доо” хэмээлээ. Оршин суугчдынхаа, хамт олныхоо талархлыг хүлээсэн С.Бумаа инженерийнхээ тухай “Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хамт олноо урамшуулдаг, дайчин эмэгтэй. Үнэхээр энэ салбарын төлөө мэдлэг боловсрол, хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээл, амьдралаа зориулан зүтгэж яваа Монгол Улсын шилдэг инженерийн нэг дээ” гэж мэргэжил нэгтнүүд нь үнэлсэн юм. Эцэг, эхчүүд ажлын хувцастайгаа, багаж зэмсгээ үүрээд алхах слесарийг зааж хүүхдүүддээ “Чи онц сурахгүй бол ийм л хүн болно” гэдэг. Үнэндээ бидний бохир гэж хараад байгаа хувцас, багажуудын ард оршин суугчдын тав тух нуугдаж байдаг. Тиймээс япончууд хүүхдүүддээ “Энэ хүмүүсийн ачаар бид дулаахан, халуун устай, цэвэрхэн амьдарч байгаа юм. Тэдэнд талархах хэрэгтэй” гэж хүнлэг, ажилдаа эзэн байх сэтгэлийг багаас нь төлөвшүүлдэг. Ямар ч ажлыг сайн хийх нь чухал. Тэр дундаа хэнийг ч ялгалгүй харилцана гэдэг том хүнлэл шүү.
Бүтээн байгуулалт өрнөсөөр
Монгол Улсын Зөвлөх инженер гэдэг маш том хариуцлага. Мэс заслын эмч хагалгаа хийчихээд орхиод явдаггүйтэй адил инженерийн мэдлэг чадах зүйлээ тултал хийх ёстой. Эс чадвал бусадтай хамтарч асуудлыг ямар нэгэн байдлаар төгс хийхийг эрхэмлэдэг аж. Хамт олныхоо дунд байх нь түүнд нэр төрийн хэрэг. Байгууллагынхаа Хүндэт дэвтэрт бичүүлэх нь хамгийн том шагнал. Эрчүүдтэй эн зэрэгцэн ажиллаж, Хүндэт дэвтэрт алдраа мөнхөлсөн эмэгтэйчүүд цөөн. С.Буман-Аюуш инженер Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын олон төсөл дээр гар бие оролцон ажиллажээ. Тухайлбал, Монгол Улсын төрөөс орон сууцны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хуучин орон сууцны байруудын инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн чанарыг сайжруулах зайлшгүй шаардлага гарсан. Энэ бодлогын хүрээнд “Дулааны үр ашгийг сайжруулах төсөл” дээр ажиллалаа. ЗХУ-ын технологи болох халаалтын хурдны бойлер, насос тоноглолыг халаалтын цогц төхөөрөмж бүхий автомат удирдлагатай ялтсан дулаан солилцуур, насос тоноглолыг хариуцан ажиллаж байсан 3, 4 хорооллын Ус, дулаан дамжуулах төвүүдэд тоноглоход хамтран оролцжээ. Мөн БНСУ-ын “Койко” төслийн хүрээнд хэрэгцээний халуун, хүйтэн усны тоног төхөөрөмжийг шинэчлэн солих төсөл, Айл өрхүүдийг цэвэр усны тоолууртай болгох төсөл, инженерийн шугам сүлжээг нэвтрэх тунельд оруулах төслийг хариуцан ажиллажээ. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр орон сууцны байрууд болон аж ахуйн нэгжүүдийн дулаан хангамж, халуун, хүйтэн усны хэвийн тасралтгүй найдвартай ажиллагаагаар хангагдсан тухай Бумаа инженер хуучилснаар бидний уулзалт өндөрлөсөн юм.
Х.Заяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24616/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна