“Бидний үйлчилгээ таны ая тухын баталгаа”



Улаанбаатар хотын оршин суугч, хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг  24 цагийн турш тасралтгүй үзүүлдэг ОСНААУГ-ын ажилтнуудтай ярилцлаа. 

Х.Батдорж:  Оршин суугчдын эвийг олж, шуурхай ажиллахыг хичээдэг 


Эргэх дөрвөн цагт завгүй ажилладаг ХҮТ-15-ын дуудлагын засварчин Х.Батдоржтой ярилцлаа. 

-Дуудлагаас дуудлагын хооронд ажиллахад янз бүрийн ааш авиртай хүн таардаг байх. Тэдний эвийг олоход хэцүү байдаг уу?
-Тааралдана. Айл болгоны хаалга ондоо. Ерөнхийдөө дуудлагаар очиход сайхан зантай хүн угтах нь ховор. Биднийг ойлгож, хүлээцтэй ханддаг хүмүүс бий. Тэдний эвийг олж, хурдан ажиллаж, бусад айлд хохирол учруулахгүйг хичээдэг. Ирсэн дуудлага, хүсэлтийг шуурхай барагдуулан хэрэглэгчээс гомдол санал гаргалгүй ажиллах нь бидний үүрэг юм даа. Мөн дуудлагын тоог өмнөх оноос бууруулан ажиллахыг зорьж байна. 
-Хүнд хэцүү гэж хойш суулгүй ажлаасаа урам авдаг зүйл тань юу вэ?
-Хамт олны дотно уур амьсгал, ажилдаа хайртай учраас урамтай явдаг. Манай Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн тэмдэглэлт баярын өдрүүдэд утсаа салгах эрхгүй ажилладаг. Хүнд нөхцөлд ажлаад ядраад ирэхэд хамт олон л дэм өгдөг. 
-Хүйтний улиралд халаалт тавих, дулааны саруудад усны шугам сүлжээ, урсгал засвар гээд танай байгууллага дөрвөн улиралд завгүй ажилладаг ч хамт олныг нэгтгэсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг уу?
-Байгууллага дотроо сагсан бөмбөг, волейбол, шатар зэрэг спортын болон урлагийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Бид ч идэвхтэй оролцож, нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлдэг. 
-Амаргүй нөхцөлд оршин суугчдын ая тухын төлөө ажилладаг. Цаг наргүй үүрэг гүйцэтгэж байхад халшрах үе гардаг уу?
-Нуулгүй хэлэхэд байлгүй яахав ээ. Бид чинь бүгд л айл гэрийн эзэн, хүний хань, хүүхдийн эцэг, эх. Хүмүүс гоё амарч зугаалаад баярын өдрүүдэд санаа зовохгүй баярлаад амралтын өдрүүдэд амарч байхад манайхан 24 цагаар хариуцлагатай ажилладаг. Гэхдээ хэцүү гэж гомдоллож, ажлаа хийдүүлдэггүй. Аль болох түргэн шуурхай ажиллаж “Энэ бол миний хийх ёстой ажил, мэргэжил минь” гэж боддог.


Л.Одонтунгалаг: Өдөрт 6000 гаруй дуудлага шийдвэрлэж байна

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа салбар компанийн ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд, оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаарх дуудлагыг 70005454 утсаар, санал, гомдол, шуурхай ажиллагааны дуудлагыг 325595 дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулдаг. Дуудлагын төвийн операторууд нийслэлийн бүх дүүргийн дуудлагыг авч, харьяа контор руу нь холбож өгдөг. ОСНААУГ-ын 7000-5454 утсанд өдөрт дунджаар 1000-2000 гаруй дуудлага, мэдээлэл ирдэг байна. Шуурхай дуудлагын төвийн ажилтнууд "Халаалтын улирал эхлээд энгийн өдрүүдийг бодоход  ачаалал  ихтэй байна. Сүүлийн өдрүүдийн дуудлага мэдээллийг авч үзвэл ахуйн хэрэглээний халуун, халаалттай  холбоотой дуудлага мэдээлэл зонхилжээ. Тэр бүрд шуурхай арга хэмжээнүүдийг авч, хэвийн горимд нь оруулан ажиллалаа" хэмээлээ.


Дуудлагын төвийн оператор Л.Одонтунгалагтай энэ талаар ярилцлаа. 

-70005454 дуудлагын төв өдөрт хэчнээн санал гомдол хүлээн авч шийдвэрлэж байна вэ?
-Өдөрт  2500 орчим дуудлага авдаг. Оргил ачааллын үе учраас өдөрт 6000 дуудлага авч шийдвэрлэж байна.
-Намрын урсгал засвар, халаалт залгалт гээд танай байгууллагын завгүй өдрүүд үргэлжилж байна. Ачаалал ихтэй байна уу. Энэ өдрүүдэд иргэдээс ихэвчлэн ямар дуудлага зонхилон ирүүлэв?
-Намрын ид ачааллын үе тохиож байна. Оршин суугчдаас ихэвчлэн халаалт, халуун усны гомдол ирсэн. 
-Удирдах газар гэдэг утгаараа танай үйл ажиллагаатай холбоогүй санал хүсэлт ирдэг үү?
-Харьяа контор, ХҮТ-үүдэд ажлын үйл явцыг сайжруулах шаардлага тавих санал хүсэлтийг голдуу ирүүлдэг. 
-Дуудлага бага улирал гэж байдаг уу?
-Зун төлөвлөгөөт засварын ажлуудтай холбоотой дуудлага, намар, өвөл халаалт, халуун устай холбоотой гээд дуудлага  бага улирал байхгүй дээ. 


Ө.Дэлгэрмаа: Цаг агаарын ямар ч нөхцөлд ажилдаа гарахдаа түүртдэггүй

Ус, дулааны төлбөрөө төлөлгүй хэдэн сар жилийн өрийн хуримтлал үүсгэсэн айл, албан газруудад борлуулалтын байцаагч нар л очин, нэхэмжилдэг. Ийм л хэрүүлийн шугам дунд ажилладаг ХҮТ-1-ийн борлуулалтын байцаагч Ө.Дэлгэрмаатай ярилцлаа. 

-Төлбөр тооцооны асуудалтай албан байгууллага, айл өрхүүдэд очиход сайхан угтахгүй нь ойлгомжтой. Их л бухимдалтай хүмүүс угтдаг байх даа?
-Мэдээж, “Та сайн явж ирэв үү, За хэдэн төгрөг өгөх билээ” гээд инээгээд угтахгүй. Тэглээ гээд бид ширүүдүүлж болохгүй, аль болох эвийг нь олж, нааштай хандана. Хэрэглэгчид халааснаасаа гаргах мөнгөндөө нарийн хандах нь аргагүй. Нийтийн дунд ухамсартай, ухамсаргүй хүн олон. Гэхдээ би зовлон тоочилгүй, ажил мэргэжлийнхээ сайхан талыг ярих дуртай. Манай төв нийслэлийн зүүн бүсийг хариуцдаг. Захын хороолол учраас түрээслэгчид, өндөр настан, төлбөрийн чадваргүй оршин суугч ихтэй. Хүйтэн, цас орж байна амарна гэдэг ойлголт байхгүй. Цаг агаарын ямар ч нөхцөлд ажилдаа гарахдаа түүртдэггүй. 
-Та хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Би ОСНААУГ-т борлуулалтын байцаагчаар арав дахь жилдээ ажиллаж байна. “Отгонтэнгэр” их сургуулийг аж ахуйн эрхзүйч мэргэжлээр төгссөн.
-Удирдлагын зүгээс ажилтнуудын эрүүл мэнд нийгмийн асуудалд хэрхэн анхаарч шийдэж ирэв?
-Манай байгууллага ажилтнуудынхаа нийгмийн асуудал ялангуяа эрүүл мэндэд онцгой анхаардаг.   Жил бүр эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг, бүх төрлийн шинэжилгээнд тогтмол хамруулдаг юм. Мөн нийгмийн баталгааг хангах  олон ажил хийж хэрэгжүүлсэн. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар гэхээр барилга барьдаг гэж ташаа ойлгож болохгүй. Манайх орон сууц барьдаггүй. Гэхдээ ажилтнуудаа амьдралын анхдагч баталгаа болсон орон сууцны хөтөлбөрт хамруулсаар ирсэн. Энэ ташрамд хамт олондоо Монгол Улсад Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж, хөгжсөний ойн баярын мэнд хүргэе. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24616/ 


0
angry
1
care
0
haha
4
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Оросын оюун санааны дууч 13 минутын өмнө
Нүд “ичиж”, чих дөжрөх нь 17 минутын өмнө
М.Даваасүрэн: Монгол хүний оюуны өмчийн бүтээлүүдийг эдийн засгийн эрг… 21 цагийн өмнө
Монгол тэмүүлэл монгол ухаанаар оршихуй 21 цагийн өмнө
Статистикийн салбар хөгжлийн шинэ эрин үетэй хөл нийлүүлэн алхахдаа б… 21 цагийн өмнө
Үндэсний Статистикийн Хорооны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй он… 22 цагийн өмнө
Б.Батдаваа: Статистикийн салбар хөгжлийн шинэ эрин үетэй хөл нийлүүлэ… 22 цагийн өмнө
Төсөв тойрсон хэрүүл, уран дагасан улстөржилттэй долоо хоног 22 цагийн өмнө
Хоноцын сэтгэл ба үгүйлэгдсэн хайр 2024/11/08
Т.Баасансүрэн: “Монголын үнэн” сонин өнгөрсөн зууны толгой, өнөө зууны… 2024/11/08
ТУМБААШЛАГ ТӨР 2024/11/08
Эрдмийн эрдэнэ эгэл ардад байдаг 2024/11/08
Мэндчилгээ 2024/11/08
Мэндчилгээ 2024/11/08
Шинэ зууны түүчээ-залуустаа илгээх захидал 2024/11/08
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Санд… 2024/11/07
​ УИХ-ын гишүүн М.Мандхай: ТӨСВИЙН ХЭТ ҮРЭЛГЭН, ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА НЬ… 2024/11/06
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танх… 2024/11/05
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс байгалийн баялгийн бэлтгэн ний… 2024/11/05
Элсний нүүдлийг зогсоохын тулд бургасан хашлага хэрэглэжээ 2024/11/05