Орон нутгийн сонгуульд хоёр хэсэгтэй саналын хуудас бөглөнө


Орон нутгийн сонгуулийн санал хураалт эхлэхэд ес хоног үлдлээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа энэ өдрүүдэд албан ёсоор үргэлжилж байгаа билээ. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн 2393 тойрогт 8031 мандатын төлөө 12 нам, эвсэл, тэдгээрээс аймаг нийслэлд 1.992, сум, дүүрэгт өрсөлдөж буй 15.283 нэр дэвшигч байгаа юм. Мөн улсын хэмжээнд 2230 хэсгийн хороо байгуулагдсан бөгөөд орон нутгийн сонгууль  2020 оны УИХ-ын сонгуулийнхтай адил буюу мажоритар системээр явагдах юм.  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал хураалт 2024 оны аравдугаар сарын 11-ний баасан гарагт болно. Сонгуулийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдаг.  Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.3-т "Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна" хэмээн заасан байдаг. Иргэдэд мэдээлэл хүргэхэд, сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлддэг. Тиймээс сонгогч та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс өмнө 14-өөс доошгүй хоногийн өмнө буюу есдүгээр сарын 27-ноос өмнө шалгасан байх шаардлагатай. Хуулийн дагуу сонгогчдын мэдээллээ шалгах хугацаа дуусгавар болсон учраас өнөөдрийн байдлаар бүртгэлтэй иргэд  орон нутгийн сонгуульд оролцон, саналаа өгөх боломжтой.  Энэ удаагийн сонгуульд нийт 17 мянга гаруй хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа бөгөөд тэдгээрийн 33.2 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байгаа бол  үүнээс хамгийн олон буюу 7.184 хүнийг МАН нэр дэвшүүлсэн бол Шинэ нэгдсэн эвсэл болон Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намууд тус бүр нэг хүн нэр дэвшүүлээд байгаа юм.

Дээр дурдсанчлан  сонгуулийн санал авах өдрийг амралтынх болгосон учраас аливаа  албан байгууллагын удирдлагууд ажилчдадаа чөлөө олгох ёстойг  “Сонгогчдын боловсрол” төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяа онцолж байна. Тэрбээр энэ тухайд  “Аравдугаар сарын 11 буюу санал авах өдөр мэдээж бүх нийтээр амрах өдөр. Гэхдээ бүх нийтээр амрах өдөр болгож байгаа нь сонгогчдод саналаа өгөх боломжийг олгож байгаа хэрэг юм. Сонгуулийн үндсэн зарчмын нэг нь бүх нийтийн байх. Бүх нийтийн байна гэж юуг хэлж байна вэ гэхээр сонгуульд оролцох боломж бүгдэд нээлттэй байх тухай асуудал. Яагаад гэхээр засгийн эрхээ барих, улс орноо удирдах амин чухал эрхийг нь хангалттай эдлүүлэх гэж тэр шүү дээ. Түүнээс биш амраад, аялаад, юу дуртайгаа хийгээд явах өдөр биш. Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиар санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, саналаа өгөх боломжоор хангах ёстой. Өмнө нь дурдсан сонгуулийн бүх нийтийн зарчмыг хангаж буй хэрэг л дээ. Хэрвээ чөлөө өгч саналаа өгөх боломжоор хангахгүй бол тухайн ажил олгогч Зөрчлийн тухай хуулиар нэлээд өндөр дүнтэй торгууль төлөх хэрэг гарна. Түүнчлэн санал авах өдөр олон нийтийг хамарсан урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, зах, худалдааны төвүүд ажиллахыг хориглодог. Энэ бүгд юуг хэлж байна вэ гэхээр Сонгуулийн өдөр бол саналаа өгдөг, сонгох эрхээ эдэлдэг өдөр шүү гэдгийг онцгойлон сануулж буй хэрэг юм” хэмээн тодотгов. Түүнчлэн орон нутгийн сонгуультай холбоотойгоор “Сонгогчдын боловсрол” төвд  хоёр асуудлаар иргэд сонгогчид маш их асууж лавлаж байгаа юм байна. Тухайлбал, сонгогчийн лавлах утсанд хамгийн их асууж байгаа зүйл нь мандатын тоотой холбоотой саналаа яаж өгөх вэ гэдэг асуулт байгаа бөгөөд хоёр дахь нь сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амрах эсэх тухайд асууж байгаа аж. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд тойрогт ногдох мандатын тооноос илүү тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл, сонгогч тухайн тойрогт ногдох мандатын тооноос илүүгүй саналыг тэмдэглэх бөгөөд мандатын тоог дээд хязгаар гэж ойлгоод дутуу тэмдэглэж болно гэсэн үг. УИХ-ын сонгууль ойрмогхон болж өнгөрсөн тул мандатын тоотой тэнцүү санал өгч байснаа бодоод сонгогчид эргэлзээд байх шиг байна, тийм биш” гэдгийг хэллээ. Нөгөөтэйгүүр УИХ, Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад орон нутгийн хурлын сонгуулийн сонгогчдын ирц бага байдаг тухайд “Хамгийн эхний шалтгаан нь сонгогч орон нутгийн хурлын сонгуулиар байгуулагддаг тэр байгууллага, институцийн талаар бага мэддэгтэй холбоотой байх. Өөрөөр хэлбэл, ИТХ ба ИТХ-ын төлөөлөгч гэж хэн юм, ямар байгууллага юм, ямар бүрэн эрх, чиг үүрэгтэй юм, нутгийн өөрөө удирдах байгууллага гэж юуг хэлээд байгааг ойлгохгүй байна. Нөгөө талаас энэ ИТХ-ын байгууллага, түүний бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж ажилладаг орон нутгийн захиргааны байгууллагын хийж буй ажил, бүтээн байгуулалтууд иргэдийн өдөр тутмын амьдралд өгөөжөө өгдөггүй, амьдралын чанарт нь дорвитой нөлөөлдөггүй байж болох талтай. Уг нь иргэдэд хамгийн ойр байж асуудлыг илрүүлж шийдэж, хамтарч ажилладаг байгууллага. Харин сонгогчид тулгамдсан асуудал бүрээ УИХ, Засгийн газар шийднэ гэж боддог. Эдгээрээс гадна бидний нүүдэлчин ахуй амьдрал бас нөлөөлж байх шиг. Орон нутгийн хурлын сонгуулийн хуулиар сонгогч байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт саналаа өгнө. Гэтэл ихэнх их, дээд сургууль улсын нийслэлдээ байна, тэгэхээр оюутнуудад үндсэн хаяг руугаа очиж саналаа өгөхөд бэрхшээлтэй. Мөн уул уурхайд ажиллаж буй сонгогчид уртын ээлжээс болоод үндсэн хаяг дээрээ саналаа өгөх энэ хуулийн шаардлагаас болоод саналаа өгөх боломжгүйд хүрдэг. Орон нутгийн сонгууль нь газар тариалан, ургац хадлан, өвөлжилтийн бэлтгэл гээд улирлын чанартай ажлуудтай яг давхцаж таараад байна. Тэгэхээр их олон шалтгаан байна” гэлээ. Түүнчлэн тэрбээр цаашид орон нутгийн сонгуулийн ирц, оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн эрхийг хангахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй.  Яагаад сонгууль хийгээд байна гэхээр олонхоороо асуудлаа шийдэх гээд байгаа хэрэг шүү дээ, тэгэхээр цөөхөн хүмүүсийн саналаар үр дүн нь гардаг болчихвол сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөд, нөгөө талаас сонгуулиар байгуулагдсан байгууллагын гаргаж буй шийдвэр нь олонхын хүсэл сонирхлыг хангаж байгаа эсэхэд эргэлзээ төрнө гэдгийг онцоллоо.  Нутгийн өөрөө удирдах байгууллагын тухайд “Бид сонгуулиар Иргэдийн Хурлын төлөөлөгчөө сонгоно, эдгээр төлөөлөгч Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа бүрдүүлдэг. Монгол Улсын Үндсэн хуульд хурлын байгууллага буюу нутгийн өөрөө удирдах байгууллага нь өөрийн нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засгийн асуудлаар өөрөө мэдэж шийдвэрлэх, орон нутгийнхаа өмчийн эрхийг хэрэгжүүлэх, тухайн нутаг дэвсгэртээ татварын хувь хэмжээг тогтоох бүрэн эрхтэй байгууллага юм. Нутаг дэвсгэрийнхээ хүрээнд тулгамдаад байгаа асуудлаа өөрсдийнхөө өмч хөрөнгө, эдийн засгийн боломж бололцоо, онцлогтоо тулгуурлан шийдвэрлэдэг. Хурлын төлөөлөгч нь тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж ажиллах ёстой болохоос сонгож дэвшүүлсэн нам, өөрийн хамаатан садан, нутаг нугынхаа эрх ашигт үйлчлэх ёсгүй” гэдгийг онцоллоо.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар та бид аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчийг сонгоно. Өөрөөр хэлбэл, хоёр шатны хурлын сонгуульд санал өгнө гэсэн үг. Тодруулбал, нийслэлийн сонгогч бол нийслэлийн хурлын болон  дүүргийн хурлын төлөөлөгчөө сонгоно. Харин хөдөө орон нутгийн сонгогч бол аймгийн хурлын болон сумын хурлын төлөөлөгчөө сонгоно. Тэгэхээр саналын хуудас хоёр хэсэгтэй байх бөгөөд тухайн тойргийн мандатын тооноос илүүгүйгээр саналаа тэмдэглэнэ. Мандатын тоо харилцан адилгүй тул сонгогч саналаа тэмдэглэхээс өмнө саналын хуудасны зааварчилгаатай сайтар танилцаж, уг зааврын дагуу саналаа тэмдэглэнэ. Алдаа гаргаж буруу тэмдэглэсэн бол дахин саналын хуудас авах боломжтой. Түүнчлэн орон нутгийн хурлын сонгуулийн санал авах хугацаа УИХ-ын сонгуультай харьцуулахад богино. Сонгогчийн саналыг тухайн өдрийн 07:00-20:00 цаг хүртэл авах учраас иргэд сонгогчид аль болох эртлэн босож саналаа өгөхийг сануулж байгаа юм. 


 Х.Өлзийжаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24616/ 



0
angry
1
care
1
haha
4
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 14 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 14 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 14 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 15 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 15 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 15 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 15 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 15 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 15 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 16 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 16 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 16 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 16 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 16 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 16 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 16 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 17 цагийн өмнө