Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 41 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч М.Цэнд-Аюуштай ярилцлаа.
-Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны иргэдийг төрд төлөөлж ажиллах хариуцлагатай үүргийг Монгол Ардын нам танд хоёр дахиа хүлээлгэлээ. Юуны өмнө хоёулаа иргэд сонгогчдодоо өөрийгөө танилцуулъя?
-Намайг Махвалын ЦэндАюуш гэдэг. Нөхөр, хоёр хүүхэд, ээжийн хамт амьдардаг. Төв аймгийн Аргалант суманд төрсөн. Аав ээж хоёр маань Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул улс. Таван охин, ганц хүүтэй айл. Би бага охин нь байгаа юм.
Баруун салаандаа 2004 оноос хойш, 20 дахь жилдээ амьдарч байна. 2010 онд Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийг төгссөн. Миний хувьд сурагч байхаасаа л нийгмийн идэвх, оролцоо сайтай хүүхэд байсан. Ангийн даргаар ажиллана, нийгмийн аливаа үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрийг оруулахыг хичээдэг, үргэлж шинэ зүйлд суралцаж, оролцож явдаг байв. Тэр утгаараа дунд сургуулийн сурагч байхдаа нэр дэвшигчдийн сонгуулийн штабт орж ажилладаг байв. Сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон маань надад маш том мотивац болж, амьдарч буй орон нутагтаа өөрийн чадах бүхнийг хийж хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстой гэдэг бодол, сэдлийг өгсөн л дөө.
Тэр итгэл үнэмшил маань миний дотор хадгалаатай явсаар дунд сургуулиа төгссөн жилдээ МАН-ын гишүүнээр элсээд зогсохгүй Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороонд Улс төрийн ажилтнаар орсон юм. Ингэж ажлын гараагаа эхэлснээс хойш суралцахын хажуугаар нам, төрийн ажлыг орхилгүй хийж явж ирсэн. 2020 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын сонгуульд иргэдийнхээ итгэлийг хүлээж, төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш дүүргийн МАН-ын хорооны Дэд даргын ажлыг гүйцэтгэж байна. Үндсэндээ миний ажил, амьдрал Сонгинохайрхан дүүрэгтэйгээ салшгүй холбоотой явж ирлээ.
-Таны хувьд 41 дүгээр хороог шинээр байгуулаад удаагүй байхад төлөөлөгчөөр сонгогдсон. Дүүрэг, орон нутагтаа хийж хэрэгжүүлэхээр зорьсон ажлаа хэр нугалав?
-Миний сонгогдсон 41 дүгээр хороо 2019 онд 24 дүгээр хорооноос өрх тусгаарлан байгуулагдсан. 8000 гаруй хүн ам, 2600 гаруй өрхтэй томоохон хороодын нэг. Таны хэлсэнчлэн шинээр байгуулаад удаагүй хороо учраас төлөөлөгчийн үүрэг, оролцоо, санал, санаачилга чухал байсан л даа. 2020 онд намайг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоход манай 41 дүгээр хороонд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байсан. Үүний нэг нь нийтийн тээврийн үйлчилгээгүй байв.
Төлөөлөгчийн хувьд юуны өмнө энэ асуудлыг шийдэх ёстой гэж үзээд тойргоос сонгогдсон
Ард иргэд маань итгэл хүлээлгэж сонгосон учраас цаашид дүүрэг, хорооныхоо иргэдийг төлөөлж илүү их зүйлийг хийж, өөрийнхөө хувь нэмрийг оруулах ёстой гэдэг үүднээс жижиг гэж орхилгүйгээр болгоно гэсэн чин сэтгэлээр хичээн ажилласан үр бүтээлтэй цаг хугацаа байлаа.
- Б о л о в с р о л ы н салбарт ямар санал, санаачилга гаргаж ажиллав. Үр дүнгээсээ бидэнтэй хуваалцана уу?
-Эмэгтэй хүн, ээж хүний хувьд юуны өмнө боловсролын салбарт маш их ач холбогдол өгч, гол анхаарлаа хандуулж ажиллахыг хичээсэн. Тухайлбал, манай 41 дүгээр хороонд улсын хоёр сургууль, хоёр цэцэрлэг байдаг ч хүрэлцээгүйн улмаас таван ханатай монгол гэр 10-ыг барьж сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг явуулдаг байсан юм. Гэсэн хэдий ч хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрх зөрчигдөж байсан төдийгүй 350 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ үлддэг байв.
Эдгээр хүүхдийн цаана ээж аав нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүйд хүрч байсан учраас бүх талын боломжийг эрэлхийлж ажилласан. Ингэснээр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс тухайн үеийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт бодит нөхцөл байдлыг танилцуулан, хүсэлт тавьж ажилласнаар улс, нийслэл, дүүргийн төсвөөр бус “Нямбаатар сан”-гийн буюу хандивын хөрөнгөөр 158 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг 170 хүүхдийн ортойгоор “Нарны хүүхдүүд-3” төслийн хүрээнд зургаан сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулсан.
Мөн хувийн цэцэрлэгүүдтэй хамтран ажилласнаар 41 дүгээр хорооны хэмжээн дэх 800 гаруй хүүхэд зориулалтын орчинд, сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн 134 дүгээр сургууль, 215 дугаар цэцэрлэгийн орчимд харанхуй, шороон замаар хүүхэд, эцэг эхчүүд зорчдог байсан.
Иргэдийг төлөөлөн ажиллаж байгаа залуу, эмэгтэй хүний хувьд анхаарал хандуулж ажиллах ёстой асуудлын нэг зайлшгүй мөн учир авто зам, явган зам, гэрэлтүүлэг бүхий цогц ажлыг хийлгэснээр сургууль, цэцэрлэгийн бүсэд бүрэн гэрэлтүүлэгтэй, хүүхэд,томчууд зорчиход ая тухтай, аюулгүй орчин бүрдүүлж чадсан. Аливаа гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс 124 дүгээр сургуулийн ойр орчмыг мөн бүрэн гэрэлтүүлэгтэй болгож ажиллалаа.
-Боловсролын салбар дахь бүтээн байгуулалтын ажил одоо ч үргэлжилж байгаа шүү дээ. Үлдсэн ажлууд хэзээ бүрэн дуусахаар байна вэ?
-158 дугаар цэцэрлэг маань хоёр байртай. Засмал замаас зайдуу байрладаг үндсэн байр руу 350 орчим метр засмал болон явган зам, гэрэлтүүлэг бүхий цогц ажлыг хийлгүүлэхээр Нийслэлийн замын хөгжлийн газарт хүсэлт тавьсны дагуу тендрийн ажил зарлагдаад байна. Ингэснээр хорооны хэмжээн дэх хоёр сургууль, хоёр цэцэрлэг рүү зорчих хэсэг тав тухтай болно.
Түүнчлэн манай хорооны 1-4 дүгээр хэсгийн хүүхдүүд 40 дүгээр хороонд шинээр байгуулагдсан 168 дугаар сургууль руу хамран сурах тойргоороо шилжсэн. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүд 40, 41 дүгээр хорооны дундуур урсдаг гол, булгийг гаталж хичээлдээ явдаг болсноор хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Тиймээс тухайн хэсэгт 5 метрийн урттай явган гүүрэн байгууламжийг барьж байгуулсан.
Мөн тухайн хэсэгт авто машин зорчих боломжтой 30 метрийн урттай, 8 метрийн өргөнтэй төмөр гүүрийг тавихаар болсон. Ингэснээр 1-4 дүгээр хэсгийн хүүхдүүд хичээл сургуульдаа явахад аюулгүй замтай болголоо.
Түүнчлэн Өрхийн эрүүл мэндийн төв өөрийн гэсэн байргүй, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үйлчилгээ хүргэхэд хүндрэлтэй байсныг нийслэлийн төлөөлөгчидтэйгөө хамтран шийдвэрлэлээ. Тодруулбал, бид Өрхийн эрүүл мэндийн төвийн байрыг хороо, цагдаагийн хэсэгтэйгээр цогцоор нь байгуулах ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Шинэ байр маань энэ аравдугаар сарын сүүлээр ашиглалтад орохоор барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
-Тулгамдсан цөөнгүй асуудалд шийдэл гаргаж ажиллажээ.Цаашид хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар иргэд сонгогчдодоо хандан мэдээлэл хүргэнэ үү?
-Манай хороо шинэ тутам байгуулагдсан учраас тулгамдсан асуудал цөөнгүй байсан. Шилжин суурьшигч олон, алслагдсан байршилтай учраас сургууль, цэцэрлэгээс авахуулаад бүгд л шинээр баригдаж, төвхнөсөн он жилүүд байлаа.
Цаашид эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэх зорилготой байна. Тухайлбал томоохон гурван асуудалд анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт, Улаанчулуутын хогийнцэгийг 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс нүүлгэн шилжүүлж, нөхөн сэргээлт хийлгэх шаардлагатай. Хоёрдугаарт, гудамж дундах гэрэлтүүлгийг 100 хувьд хүргэх. Гуравдугаарт, хорооны нутаг дэвсгэрийг бүрэн камержуулах ажлыг цогцоор нь хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Төр, засгаас хэрэгжүүлж байгаа аливаа ажил шат шатандаа уялдаа холбоотой байх ёстой. Нийслэлийн хэмжээнд зарлан хэрэгжүүлж буй “20 минутын хот” концепцыг хөрсөн дээр буулгахын тулд хороодыг жишиг болгон хөгжүүлж байж хотын сэргэлт гарна. Энэ том бодлогыг хөрсөн дээр нь буулгаж хэрэгжүүлэхийн тулд дүүргийн төлөөлөгчийн хувьд өөртөө өндөр үүрэг хариуцлага хүлээн ажиллаж байна. Төр нь иргэндээ хүрч ажилладаг бодлого баримтална.
Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, амьдрах орчин, нөхцөлийг илүү тав тухтай болгоход чиглэсэн цогц шийдэлтэйгээр 41 дүгээр хороондоо дахин нэр дэвшиж байна. Иргэд сонгогчдодоо нэг зүйлийг нэмж хэлэхэд, манай дүүргийн хувьд УИХ, НИТХ, ДИТХ гээд шат шатандаа МАНыг багаар нь сонгосноор ажлын уялдаа холбоо сайжирч илүү хурдан, илүү олон ажлыг амжуулах нөхцөл бүрдэнэ. 2020-2024 онд яг энэ зарчмаар ажилласны үр дүнд 41 дүгээр хороонд олон бүтээн байгуулалтын ажил өрнөлөө. УИХ-ын сонгуульд итгэл хүлээлгэсэн сонголтоо бататгаж, орон нутгийн сонгуульд МАНын нэр дэвшигчдэд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн дуусгах боломж олгохыг иргэд сонгогч та бүхнээсээ хүсье.
М.Өлзий
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна