Шинэхэн ургацын өнгө айл гэрийн ширээг чимдэг намар цаг үргэлжилж байна. Эх орныхоо хөрсөнд ургасан эмт ургамал хунчир, чихэр өвс, жимс ногоо, сүү цагаан идээ, зөгийн бал, аймаг аймгийн брэнд, мах махан бүтээгдэхүүн бүгдийг нэг дороос амталж үзээд, шилж сонгоод хямд үнээр худалдан авах боломж улаанбаатарчуудад ховорхон тохиодог. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт урд хөршөөс шууд хамааралтай тул бид “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг хүлээж, өвлийн бэлтгэлээ базаадаг болсон. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулсан өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн хүнс боловсруулах салбарын 500 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршооны төлөөлөл оролцож, бүтээгдэхүүнээ дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэлээ. Энэ удаагийн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээний онцлог нь оролцогчдыг долоон бүсэд хувааж, бүс бүр нэг бүтэн өдөр арга хэмжээний тайзыг ашиглан нутгийн онцлог, өв уламжлал, зан заншлыг таниулах, брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулсан. Хүүхэд шигээ бөөцийлөн тариалсан бүтээгдэхүүнээ шинэ соргогоор нь худалдаалахыг тариаланчид зорьдог. Улаанбаатар хоттой нутаг залгаа, авто замаар холбогдсон аймаг, сумын тариаланчид “Намрын ногоон өдрүүд”-д өргөнөөр оролцдог. Алс хязгаар Ховд, Өмнөговь, Дорнод, Хөвсгөл аймгийн малчид, ногоочид ч зорьж ирснээ хуучиллаа. Ховдын ногоочид нутгийн брэнд тарвас, амтат гуаны дээжээс авчирсан бол өмнөговьчууд говийн элс, нарны шимийг шингээсэн улаан лоолийн амталгаат худалдаа, хармаг, гоёоны дарс гээд нандин бүхнээрээ худалдан авагчдыг дайлж байв. Үзэсгэлэн худалдаанд шинэ соргог бүтээгдэхүүнээрээ оролцсон хүнс үйлдвэрлэгчид, худалдан авагчдын сэтгэгдлийг хуваалцан энэ дугаарынхаа сурвалжилгыг бэлдлээ.
Малчин, ногоочин, зөгийчин, үйлдвэрлэгчид “өнгө” нэмлээ
“Хүнсний хувьсгал” өрнөж эхэлснээр иргэд амьжиргаагаа дээшлүүлэх, хөдөлмөрийнхөө үр шимийг зөв хадгалах, худалдан борлуулах зэрэг асуудлыг нь үе шаттай шийдвэрлэж эхэлсэнд баяртай байгаагаа үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэн төлөөллүүд хэлж байв. “Намар цагт сэлэнгэчүүд хамгийн баян” хэмээн зунжин ургуулж, тарьсан ногоо жимсээ дэлгэн танилцуулж буй тариалангийн бүс нутгийнхан энэ жилийн түрүүч ургац арвин байгааг онцоллоо. Ирсэн ногоочид жил бүрийн “Намрын ногоон өдрүүд”-ээр шилдэг нь байхыг зорьдгоо нуусангүй. Сэлэнгэ аймгаас Шаамар, Сүхбаатар, Зүүнбүрэн, Мандал, Цагааннуур, Жавхлант, Орхон, Хушаат, Баруунбүрэн сумын аж ахуйн нэгж, дундын хоршооныхон Улаанбаатарт иржээ. Дундын хоршооны тариачид ногоогоо татаж, жилийн дөрвөн улиралд тасралтгүй борлуулдаг гэнэ. “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог Сэлэнгэ аймгийн Хушаат сумын тариаланч Мөнхцэцэг “Манай асарт найман нэр төрлийн хүнсний ногоо худалдаалж байна. Маш боломжийн үнээр борлуулж байгаа. Бригадынхаа ногоочдын тарьсан жимс, ногооны дээжээс авчирлаа. Манай сумынхан хүнсний бүдүүн ногоог түлхүү тариалдаг. Ялангуяа хүрэн манжин, луувангаараа алдартай. Сүүлийн жилүүдэд нарийн ногоог амжилттай нутагшууллаа” хэмээн хөдөлмөрийнхөө үр шимийг түмэнд түгээн бардам байв. Ногоочдоос ямар нэг түрээсийн төлбөр, хураамж авахгүй бөгөөд худалдаа эрхлэлтээс гарсан хог хаягдалтай холбоотой цэвэрлэгээ, үйлчилгээг нийслэлийн зүгээс үзүүлж байгаа аж. Тиймээс тариалан эрхлэгч, худалдаачдыг орчин тойрноо цэвэрхэн байлгаж, цэвэр орчинд худалдаа эрхлэхийг дор бүрнээ хичээн асар болгон хогийн савтай байлаа. Хүмүүсийн өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг хүнсний ногоо энэ жил тун боломжийн үнэтэй гарсныг үйлчлүүлэгчид онцолсон. Ногоог шуудайгаар нь авбал нэгжийн үнээс хямдруулж, бөөний ханшаар бодож байгаа учир иргэд найз нөхөд, ахан дүүсээрээ хамт авч байлаа. Жил бүр үзэсгэлэн худалдаанд оролцдог ногоочдоо худалдан авагчид анддаггүй бөгөөд тариаланчид ч урамшуулж, шинэ ургацынхаа дээжээс бэлэглэх нь сайхан. Иргэд хүнсний ногоогоо хөлдөөж нөөцлөх, нөөшлөх хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Шинэ ургац иргэдийн эрүүл мэнд төдийгүй эдийн засаг, экосистемд ч чухал байр суурь эзэлдэг. Ургац хураах үеэр тариаланчдын хөдөлмөрийг үнэлж, худалдаа зохион байгуулдаг нь намрын өнгө төрхийг харуулахаас гадна үндэсний үйлдвэрлэлийн гүйцэтгэх үүргийг сурталчлан таниулдаг. Манай улсын ажиллах хүчний 50 орчим хувь нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж, ДНБ-ий 32 хувийг бүрдүүлдэг аж. Намар бүр нийтээрээ хүлээдэг болсон тус үзэсгэлэнг зорьж ирж хүнсээ базааж буй худалдан авагчдын сэтгэгдлийг сонсвол “Хүнсний ногооны тухайд олон газраас ирсэн тариаланчид байгаа учраас сонголттой юм. Дэлгүүрийн үнээс хямд санагдлаа. Үзэсгэлэнгийн асруудыг бүтэн тойрч үзлээ. Шинэ ногооны амт гоё, өнгө сайхан харагдаж байна. Гэр ойрхон учраас машингүй ирсэн” хэмээн ярив.
Нийслэлчүүдээ дайлсан өдрүүд
Хүнсний ногооноос гадна даршилсан ногоо, салат, нарийн ногоо, зөгийн бал, байгалийн жимсгэнэ, цагаан идээ эрэлттэй бүтээгдэхүүн. Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн Ц.Дайчинхүү “Онон” зөгийн балаа худалдаалж байлаа. Тэрбээр “Тал нутгийнхаа уул, ус, ургамлын охь шингэсэн амтат зөгийн балаа нийслэлчүүддээ зорьж авчирлаа. Манай аймгийн Халхгол сум Монгол Улсын зөгийн аж ахуйн суурь бааз болсон нутаг. Гэтэл Баян-Уул сумынхан таван хошуу малаас өөр туслах аж ахуй төдийлөн эрхэлдэггүй. Тиймээс Халхголоос зөгийн сүргээ авчран нутагшуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлж болдгийг сумынхандаа үлгэрлэх гэсэн юм” гээд анх удаа оролцсон үзэсгэлэндээ сэтгэл хангалуун байлаа. Тэгвэл “Мөөжиг органик мөөг” брэндийг үүсгэн байгуулагч С.Мөнхжаргал “Мөөгөө эх орондоо тариалж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд оливын тосонд даршилсан мөөгөө худалдан авагчдад танилцууллаа. Монголчуудын хоолны зохицолд тааруулж багахан сармис, укроп, амтат чинжүү, алимны цуу, давсаар амталсан” гэсэн юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гол хаалганы хажууд төрөл бүрийн бут эгнүүлсэн асар олноос онцгойрно. Зориод очвол Монголын жимс, жимсгэнэ эрхлэгчдийн үндэсний холбооноос жимс, жимсгэний бут мөчир худалдаалж байв. Хашаандаа мод тарьдаг иргэд буух эзэн буцах хаягтай, найдвартай газар гэж өргөнөөр худалдан авдаг аж. Бүхий л бараа бүтээгдэхүүнээ импортоор авдаг манай улсын тухайд хүнсний ногоогоо дотооддоо бүрэн хангаж, иргэдэд хямд үнээр борлуулж буй нь авууштай. Тиймээс өвөл айсуйг сануулсан хүйтэн бороотой амралтын өдрүүдэд хүн гишгэх зайгүй байлаа. Үүнээс ажвал "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэнг иргэд болон тариаланчид хүлээх нь аргагүй юм. Хэд хэдэн асраар зочилсон иргэд үнэ ханш зөрүүтэй байгаад гайхна. Үүнд ногоочид “Бид нэг ширхэг төмс тарихын тулд хэчнээн их хүч хөдөлмөр, хөлс урсгадгийг хүмүүс сайн мэддэггүй юм. Ганцхан хүн ногоо тарихгүй. Олны хүч хөдөлмөрөөр ургацаа хураадаг. Техник технологи, бензин тос их шаардана шүү дээ. Тиймээс энд үнэтэй байна, тэнд хямдхан байна гэж харьцуулахаасаа урьтаж, тариаланчид ямар их хүч хөдөлмөр зарцуулдгийг ойлгуулахыг хүсэж байна. Манайхан монгол ногоог хэлбэр, галбиргүй гээд голдог. Үнэндээ бордоогүй, эко, байгалиараа ургаж байгаа болохоор тийм байдаг” гэв. Тухайлбал, Өмнөговийн улаан лоолийг кг нь 12 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол төвийн аймгуудад тарьсан нь 5000 төгрөг байв. “Сарлагийн хатаасан гүзээ худалдаж байна” гэсэн содон яриа чихний үзүүрт дуулдахад сурагласаар малчин Т.Алтанзулын асарт очлоо. Тэрбээр “Сарлаг өвсний сорыг идэн, усны тунгалгийг уудаг учраас сүү, мах нь ашиг шимтэй. Монголчууд сарлагийн сүүнээс гаргасан шар тос, өрөм ааруулд дуртай. Тэгвэл гэдэс, дотор, гүзээний борцыг хоол хүнсэндээ хэрэглэвэл эрүүл мэндэд тустай” гэсэн юм. Цагаан идээний асрууд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд эгнээнд байрлажээ. Говийн хоормог, Архангайн өрөм, Булганы айраг, Баянхонгор, Ховдын ааруул, Хөвсгөлийн шар тос гээд иргэдийн сурагласан бүхэн бүрэн. Дорноговь аймгийн Сайншанд сумын “Хашаатын говийн заг” хоршооны хоормог, ингэний сүү дуусаж байв. “Тансаг цагаан” брэндийг үүсгэн байгуулагч Ц.Отгончимэг “Манайх Хамарын хийдийн ойролцоо нутагладаг. Ингэний сүү, хоормогоо захиалгаар борлуулж ирсэн. Байнгын захиалагчид ирээд авчирсан хоормог, сүүгээ дуусгаж байна. Ингэний сүүгээр чанасан цай өтгөн, сайхан амттай болдог. Хоормогийн ач тус их шүү” хэмээлээ. Цагаан идээний үнэртэй хоршин байгалийн танил үнэр сэнгэнэх нь тэр. Алтай, Хангайн аглаг уулсын үнэрийг тээж Завхан аймгаас авчирсан арцыг нийслэлчүүд их л сонирхон худалдан авч байлаа. Үзэсгэлэн худалдаанд уламжлал ёсоор хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөл оролцсон. “Монголд үйлдвэрлэв” гэх бахархалтай бүтээлч үгийг амилуулагчид энд цуглажээ. Арьсан гутал, цүнх, ангийн үсэн эдлэл, ноос, ноолууран хувцас, дээл малгай зэргийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжигчид худалдан авцгаана. “Хатан төгөл” асрыг монголчуудаас илүү гаднынхан бүчжээ. Чоно, үнэг, тарваганы арьсан эдлэл, хурган дээлний дотор гээд ховор чамин хувцас өлгөсөн байх. Чонон дахыг урт богиноос нь хамаарч 4.5-6.5 сая төгрөг, хурган дотрыг 1.8 сая төгрөгөөр худалдаалж байлаа. Уламжлалт аргаар боловсруулсан учир химийн бодисны үнэргүй, үс унадаггүй, хорхой шавж иддэггүй гээд жинхэнэ эко бүтээгдэхүүн болохыг үйлдвэрлэгчид онцолсон юм. Ийнхүү нутаг нутгийн онцлог бүхий идээ, ундааны дээжээс хүртэх нийслэлчүүд, сонин сайхнаа хуучлах хөдөөгийн иргэдтэй “Алтан намар” өндөрлөлөө.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24616/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна