Монголын эмэгтэйчүүдийн талаарх түүхийн судалгааг тасралтгүй, цэгцтэй хийж, ном, бүтээл олныг хэвлүүлсэн түүх судлаач, сурган хүмүүжүүлэгч багш, түүхийн шинжлэх ухааны анхны эмэгтэй доктор Элчинбуугийн Чимидцэрэн
"Хаанаас ирснээ мэдэхгүй бол хаашаа явахаа мэдэхгүй" гэсэн үг бий. Үүн лүгээ Монголын эмэгтэйчүүдийг хаанаас ирснийг сануулах тов тодорхой судалгааны бүтээлүүдийг хийж үлдээсэн түүхч, багш, эрдэмтэн Элчинбуугийн Чимидцэрэнгийн бүтээлүүд өнөөгийнхөнд ёстой л шижир алт гэлтэй. "Багш маань 1960-аад оноос Монголын эмэгтэйчүүдийн асуудлыг олон жил ул суурьтай судалж, түүхийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан. Түүний судалгааны онцлог нь Монголын эмэгтэйчүүдийн асуудлыг түүхчлэн гүнзгийрүүлж, өргөн цар хүрээтэй сурвалж, судалгааны ном зохиол, архивын баримт, хүмүүсийн дуртгалыг сайн ашиглаж, улстөржөөгүй түүхэн үнэний зарчмыг тууштай баримталж байсанд оршино" хэмээн шавь, МУИС-ийн түүхийн тэнхимийн багш, доктор (ph.D) Д.Энхцэцэг хэлсэн юм. Э.Чимидцэрэн Монголын эмэгтэйчүүдийн асуудлаар гурван цуврал судалгаа хийж, тэр бүхнээ ном болгон хэвлүүлсэн нь бүр ч олзуурхам. "Монголын эмэгтэйчүүд шинэ амьдралын замд /1921-1931 он/" бүтээлээ 1966 онд гаргасан бол "БНМАУ-д эмэгтэйчүүдийг нийгмийн дарлалаас чөлөөлсөн түүхэн туршлага" номоо 1973 онд эрхлэн хэвлүүлжээ. Үүнээс 10 жилийн дараа 1983 онд "Монголын эмэгтэйчүүдийн мэдлэгийн уламжлал, шинэтгэлийн асуудалд" бүтээлээ гаргасан байна. Эхний бүтээл Ардын хувьсгалаас өмнө ба хойно гэсэн хоёр хэсэгтэй байх бөгөөд хувьсгалын үйл хэрэгт эмэгтэйчүүд хэрхэн оролцсоныг жанжин Д.Сүхбаатарын гэргий С.Янжмаагийн үйл ажиллагаагаар жишээ татан өгүүлжээ.
1930-аад он гэхэд эмэгтэйчүүдийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн Монгол орны туршлага бусад дорой хөгжилтэй орнуудад түүхэн сургамжтай гэж зохиогч дүгнэлт хийжээ. Зургаан бүлэг бүхий хоёр дахь судалгааны бүтээлийн тухайд, эмэгтэйчүүдийн асуудал бол эдийн засаг, нийгэм, улс төрийн шинж чанартайг онцлон авч үзэж, БНМАУ-ын төр, засгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнд эмэгтэйчүүдийн ахуй амьдрал, нийгэмд эзлэх байр суурьд ихээхэн өөрчлөлт гарсныг өгүүлсэн байна. Э.Чимидцэрэн өөрөө тэр шинэ түүхийн эзэн юм.
Ардын хувьсгал ялан мандаад удаагүй байсан 1924 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд малчин ард Б.Элчинбуугийн ууган охин болон төрсөн Э.Чимидцэрэн Монголын түүхийн урдаа барьдаг эрдэмтэн болж, өөртөө төдийгүй эх орондоо шинэ түүх бичсэн юм. Түүний сурсан, ажилласан түүхийг он дарааллаар өгүүлбэл,1934-1940 онд Дорнод аймагтаа суралцан, наймдугаар анги төгсөөд Улаанбаатарт иржээ. 1940-1941 онд Багшийн сургуулийн дунд ангийн дамжааг хэлбичгийн багш мэргэжлээр дүүргэн, Багшийн сургууль, Санхүүгийн сургууль, Дорнод аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд 1949 он хүртэл хэлбичгийн багшаар ажилласан байна. 1949-1953 онд МУИС-д суралцан төгсөж, 1953-1954 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, 1954-1998 онд МУИС-д багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ. 1957-1962 онд БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн аспирантурт суралцаж, түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан юм. Түүний судалгаа, шинжилгээ, эрдмийн ажлын оргил үе урд хөршид аспирантурт суралцсан үетэй нь давхацдаг нь санамсаргүй тохиол биш. 1957 онд Бээжингийн их сургуульд Л.Жамсрангийн хамт явж, 1962 онд "Харь орон улсыг сурвалжилсан тэмдэглэл"-ээс Монголын түүхийн сурвалж бичгийг бусад сурвалжтай харьцуулан орчуулж, тайлбар оршил бичиж, түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Түүхч Л.Жамсран "Монголын түүхийг гүйцэд нарийн судлахын тулд хятад хэл сурч, тэр хэлээр байгаа сурвалж бичигт, хятад эрдэмтдийн бутээлийг судлах нэн шаардлагатай байлаа. Гэтэл тэр үед манайд ийм түүхчид бэлтгэгдээгүй байсан тул манай тэнхимийн багш Э.Чимидцэрэн бид хоёрыг Бээжинд аспирантурт явуулах шийдвэрийг дээд байгууллагаас гаргасан. Бид 1957-1962 онд Бээжингийн их сургуулийн хятад хэлний хоёр жилийн бэлтгэл анги, аспирантурт суралцаж төгссөн" гэж бичиж тэмдэглэжээ. "Харь орон улсыг сурвалжилсан тэмдэглэл" нь 1449 оны эртний хятад хэлээр бичигдсэн сурвалж ажээ. Ингэж эртний хятад хэлнээс Монголын түүхийг судлан эрдмийн зэрэг хамгаалсан анхны эмэгтэй монгол түүх судлаач бол Э.Чимидцэрэн. Энэ нь түүний мэдлэгийн царааг илтгэдэг билээ. 1957-1962 оны үе бол БНМАУ, БНХАУ хоорондын харилцаа таатай сайхан байсан үе. Харин 1960-аад оны сүүлчээс хоёр улсын хамтын ажиллагаа зогсож, харилцаа "хүйтэрч", хятад судлалыг зогсоох зэрэг явдал тохиосон бөгөөд энэ үед Э.Чимидцэрэн МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байлаа.
Хоёр улсын харилцаа хүйтэрснээс болоод Э.Чимидцэрэнгийн дэд эрдэмтний зэрэг хамгаалсан хятад хэл дээрх бүтээл ч монгол хэлэнд орчуулагдалгүй үлджээ. Тэрбээр түүхийн багш, судлаачийн ажлаа насан туршдаа хийсэн юм. Шавь нар нь "Монголын түүхийн судалгаа, сургалтын галыг алдахгүй манаж явсан" хэмээн багшийгаа үнэлдэг юм. Учир нь социалист засаг намын түүхийн асуудалд анхаарч явахад Э.Чимидцэрэн тав, зургаахан багштай Монголын түүхийн тэнхимээ удирдаж явсан байна. Дөчөөд жил МУИС-ийн Монголын түүхийн багшаар ажиллаж, олон шавь төрүүлжээ. Тэдний хоёр нь Монголын эмэгтэйчүүдийн түүхийг судалж, багшийнхаа залгамж халаа болон яваа МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор (Sc.D) Ж.Урангоо, доктор (рh.D) Д.Энхцэцэг нар. Гарын хоёр шавь хамтран багшийнхаа дурсгалд зориулж, Алунгоогоос Дондогдулам хүртэлх 20 хатны түүхээр "Монгол хатад" хэмээх намтар ном бичжээ. Д.Энхцэцэг багшийнхаа тухай их чамбай, шаардлага өндөртэй, анх багш болоход бүх л зүйлийг зааж өгдөг байсан хэмээн дурслаа. Мөн "Багш минь жижигхэн биетэй, жигтэйхэн ганган, дандаа гоёороо байдагсан" гэж эмэгтэй хүнийх нь хувиар баясан дурсав. Харин Ж.Урангоо "Багш маань тухайн цаг үеийнхээ хамгийн сайн түүхч, эрдэмтэн бүсгүй байсан даа" гэсэн юм.
1990-ээд оны дундуур буюу эрхэм сайхан багшаа бурхны оронд одохоос өмнө хичээл заалгаж байсан шавь нарын нэг О.Ганхуяг "1990-ээд оны дунд үе хүртэлх МУИС-ийн Нийгмийн ухааны факультет тэр дундаа түүх, угсаатан судлал, археологи, антропологийн ангид сурч байсан оюутнууд Чимидцэрэн багшийн тухай олон сайхан дурсамж ярина. Бид багшаараа хятад хэлний анхан шатны мэдэгдэхүүн заалгаж, тухайн хэлийг цаашид үзэж, судлах боломжтой болсон. Өөрөө хэл, уран зохиолын багшийн мэргэжлийг тэртээ 1940-өөд онд эзэмшсэн, дээр нь Бээжингийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан учраас хятад хэлийг заахдаа төгс байж билээ. Монголын түүхийн талаар ч хангалттай ихийг ярьдаг байсныг мартахын аргагүй. Хятадад соёлын хувьсгал гарч түүнд багшилж байсан багш нарыг нь хэлмэгдүүлсэн тухай, Маоизмын тухай гээд л өөр ч олон сонирхолтой түүх ярьдаг байв" хэмээн дурслаа.
Э.Чимидцэрэн Монголын эмэгтэйчүүдийн түүхийг нийгмээ өөрчилж буй бодит дүрүүдийн намтраар дамжуулан бичсэн нь нэн сонирхолтой. Тухайлбал, партизан эмэгтэй Лувсан, Эрүүлийг хамгаалах яамны анхны эмэгтэй сайд Пунцаг, анхны эмэгтэй жолооч, ахмад дайчин Думаа зэрэг олон арван гавьяат үйлстэн эмэгтэйчүүдийн тухай өгүүлсэн нь хойч үед түүхийн үнэт өв болон үлджээ.
"Монголын эмэгтэйчүүдийн мэдлэгийн уламжлал, шинэтгэлийн асуудалд" бол түүний гурав дахь бүтээл. Ардын хувьсгалаас өмнө эмэгтэйчүүдийн мэдлэг нь голлон нүүдлийн мал аж ахуйн амьдрал, байдалд зохицсон эдийн соёлд холбогдож байсан бол социалист байгуулалтын явцад утга соёлын шинж чанартай болж дэвшин өөрчлөгдсөн тухай эл бүтээлдээ өгүүлжээ. Эмэгтэйчүүдийн талаар ийм цэгцтэй түүхийн судалгаа хийсэн нь Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын сонгуульт ажлыг олон жил хийсэнтэй нь мэдээж холбоотой. "Монголын эмэгтэйчүүд" сэтгүүлийн 1965 оны нэгэн дугаарт "Чимидцэрэн багшийн намтар үйлс нь манай шилдэг сэхээтнүүд, эх орон, ард түмэндээ хэрэгтэй, тустай үйл бүтээхсэн гэж чин санаа өвөрлөж явдгийн нэгэн жишээ мөн” гэж бичсэн байна.
Монголын эмэгтэйчүүдийн хорооны Хариуцлагатай нарийн бичгийн дарга асан Ц.Сийлэгмаа "Э.Чимидцэрэн нь зарчимч шаардлагатай, зан чанараараа үлгэр дуурайл болохыг хичээдэг хүн байсан" гэж дурсжээ. 1955 онд Энэтхэгт болсон энхтайвны бага хуралд, 1965 онд Финландад болсон Дэлхийн энхтайвны их хуралд, 1969 онд Вьетнамд, 1974 онд БНБАУ-д болсон олон улсын эмэгтэйчүүдийн хуралд улсаа төлөөлөн оролцсон гэхээр Э.Чимидцэрэн Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын дээгүүрт эрэмбэлэгдэх зүтгэлтэн байсан нь тодорхой. Хятад, орос хэлний гарамгай мэдлэгтэй, англи хэлээр ярьдаг байсан нь олон улсын тавцанд улсаа төлөөлөх эрхийг түүнд өгдөг ч байсан биз ээ. Түүний эмэгтэйчүүдийн түүхийн судалгаа дээрх гурван бүтээлээр хязгаарлагдахгүй, "Ардын төрөөс эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахын төлөө авсан арга хэмжээ", "Монгол Ардын хувьсгал ба Монголын эмэгтэйчүүд" зэрэг 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн байна. МУИС-ийн Түүхийн тэнхимд тасралтгүй олон жил ажиллахдаа 1972 онд Английн Лийдсийн их сургуульд уригдан хичээл зааж байсан гайхам түүх түүнийх. Барууны орнуудтай харилцаа "халуун дотно" биш байхад уригдан ажилласан зангарагтай эрдэмтэн багш. Түүний хүү Жүгдэрийн Бор мэргэжлийн дипломатч болж, Монголын гадаад бодлогын дипломатын түүхийг дагнан судалж явна. Тэрбээр ээжийнхээ тухай "Ээж маань маш өндөр мэдлэг, боловсролтой жинхэнэ эрдэмтэн хүн байсан. Надад эрдэм мэдлэгийн хойноос цуцалтгүй явахыг үргэлж зааж сургаж, "Миний хүү, номд мөнгө хайрлаж болдоггүй юм шүү" гэж захидаг байж билээ. Ээж минь намайг аливаа юманд няхуур хандаж, уг үндсийг нь барьж авч ойлгож байх ухаанд сургасан. "Чи аливаа юмны дотоод мөн чанарыг ул суурьтай ойлгож авч чадаагүй бол тэдний талаар өнгөц, хуурмаг мэдлэгтэй байна гэсэн үг" гэж хэлж заадаг байсан. Хязгааргүй их эрдмийн далайд өдгөөг хүртэл чадан ядан сэлж яваа маань ээжийн минь сургаж хүмүүжүүлсний ач билээ" гэсэн юм. Хүнд үнэн сэтгэлээсээ тусалдаг, хүнлэг сайхан сэтгэлтэй, ой тогтоолт сайтай, гоо сайхны таашаал өндөртэй, хүний сэтгэлийг өөртөө маш амархан татаж чаддаг гээд сайн сайхан бүх чанарыг нь эрхэмлэн дурсаж явдгаа хүү Ж.Бор ярьсан юм. Ээжийгээ сэтгэлийн зовлон амсаж байсан хэцүү бэрх үеийг ч тэр мэднэ. Улс орноо хөгжүүлэх хэрэгт эд малаар тусалдаг байсан учраас 1936, 1937 онд сайшаал хүртэж, 1938 онд эх орныг батлан хамгаалах ажилд идэвхтэй тусалсан гэж намын "Үнэн" сонинд хүртэл бичигдэж байсан өвөг эцэг Б.Элчинбуу нь улс төрийн хилс хэрэгт ял шийтгэгдсэн, дараа нь цагаатгалын бичиг ирсэн гунигт явдлыг Ж.Бор хэзээ ч мартдаггүйгээ хуучилсан юм.
Ээжийнх нь цагаан даавуун дээр өнгө өнгийн утсаар шагласан үндэсний хээ хуар, цэцэг навчтай алчуур, дэрний уут, орны татлаганууд авдар, пүүгээний бариул, ор буйданг чимэглэн хаашаа л харна энд тэндгүй л байж байдаг байсан бага насны нандин дурсамж түүнд бий. Түүхийн анхдагч эмэгтэй эрдэмтэн маань Засгийн газрын хүндэт үнэмлэх, ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, МУИС-ийн доцент цол болон Хүндэт профессор цолоор шагнуулжээ.
“Зууны 100 эмэгтэй” I ботиос...
Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24616/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна