Агуу долоогоос салбарласан морин циркийнхэн “Морьтны гайхамшиг-50 жил”



 Монгол Улсын циркийн хөгжлийг дэлхийд алдаршуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Гавьяат жүжигчин Д.Норовцэрэн агсны 100 насны ой, түүний үүсгэн байгуулсан  "Морьтны гайхамшиг" морин циркийн үзүүлбэр мэндэлсний 50 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойд зориулсан фото зургийн морьтны гайхамшиг-50 жил" үзэсгэлэн Монголын театрын музейд гарлаа.

Монголын циркийн урлагт бүхий л амьдралаа зориулсан Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Норовцэрэнг энд онцгойлон дурдах нь зүйн хэрэг. Тэрбээр 1961 онд агаарын үзүүлбэрийг анх удаа толилуулсан циркийн уран бүтээлч юм. 1971 онд Циркийн ордон барих санаачилгыг гаргаж, 1974 онд “Нарлаг Монголын моринд гарамгай залуус” бүтээлээ үзэгчдэд толилуулсан гэдэг. 1975 онд дэлхийд гайхагдсан “Морьтны гайхамшиг” үзүүлбэрээ тавьж, моринд эрэмгий монголчуудыг дэлхийн 30 гаруй орны үзэгчдэд сурталчилжээ. Түүнээс хойш үүсгэн байгуулагдсан морьтон хамтлагууд, шавь нар нь  амжилтаа улам бататгасаар байна.  Үе үеийн циркчид, морин үзүүлбэрийн анхны долоогийн зураг, тэдгээр гайхамшигт хүмүүсийн зайдалж асан эмээлийг үзэсгэлэнгийн зочны хойморт залсан явдал хүндлэлийг мэдрүүлнэ. Тус үзэсгэлэнг зохион байгуулж буй шавь нар ба өдгөө дэлхийн өнцөг бүрд морин циркийн үзүүлбэр үзүүлж яваа хүмүүсийн гол зангилаа болох уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонслоо. Мөн морин циркийн анхны долоог уншигч та бүхэнд танилцуулъя.

1.МУГЖ Долгорын Норовцэрэн /1922-1990/ Морьтны гайхамшгийг үүсгэн байгуулагч. 1922 оны гуравдугаар сард Төв аймагт төрсөн.  Циркийн сургуулийн 1941 оны анхны төгсөгч бөгөөд циркийн урлагийн хөгжилд гар бие оролцож жүжигчнээс Улсын циркийн уран сайхны удирдагч, дарга хүртэл ажиллаж морьт аттракционы үүсгэн байгуулагч юм. (Д.Норовцэрэн Төв Баян-Өнжүүл (Баянбараат) /1961-07-17 №172/. Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнагдсан)

Улсын циркт 1941 оноос циркийн акробат, гимнастик, жонглёрын жүжигчин

1950-1968 он Инспектор, жүжигчин

1968-1969 он Уран сайхны удирдагч, найруулагч

1969-1972 он Улсын циркийн дарга

1972-1990 он Морьтны гайхамшгийн удирдан тоглуулагч

1978-1980       Улсын циркийн дарга

2.Доржготовын Цэцэгээ СТА 1954 онд Улаанбаатар хотод төрсөн.

Нийслэлийн 5 дугаар дунд сургуульд тавдугаар анги хүртэл суралцаад, 10 жилийн 48 дугаар дунд сургуульд шилжин суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Спортын төв ордонд мастер Гүндэгмаа багшийн удирдлага дор спортын гимнастикийн тамирчин, улс ба хотын аварга тэмцээнүүдэд оролцож нэгдүгээр зэрэг хүртэл хамгаалсан. 1971-1972 онуудад спортын мастераар бэлтгэгдэж байгаад 1972 оноос Улсын циркт МУГЖ Д.Норовцэрэнгийн  морины номерын жүжигчнээр бэлтгэл хийж эхэлсэн. 1972 оны аравдугаар сараас эхлэн 1974 оны долдугаар сар хүртэл дагалдан жүжигчнээр ажиллаж байгаад 1974 оны долдугаар сарын 7-ны өдөр “Нарлаг Монголын моринд гарамгай залуус” номерын анхны тоглолтод оролцсон байна.

3.Гончигдоржийн Балдандаваа СТА. 1957 онд Улаанбаатар хотод  төрсөн. 17 дугаар  сургуульд дунд анги төгссөн.  Улсын циркт ажиллах хугацаандаа Хөгжим бүжгийн сургуулийн оройн ангийг 1975 онд төгссөн. МУГЖ Д.Норовцэрэнгийн удирдлага дор 1972 оноос Улсын циркийн дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлсэн бөгөөд Ардын хувьсгалын 53 жилийн ойн баяраар 1974 оны долдугаар сарын 7-нд Улсын циркийн манежнаа тавигдсан “Нарлаг Монголын моринд гарамгай залуус” джигитийн номерын анхны тоглолтоор жүжигчин болсон байна. Энэхүү номер нь шинэ жүжигчид, шинэ тоглолтоор баяжуулагдан 1976 онд “Морьтны гайхамшиг” нэртэйгээр арван жүжигчний бүрэлдэхүүнтэй шинэчлэгдэн тавигдсан юм.

4.Дэндэвийн Зоригт  /1953-2006/. Улаанбаатар хотод төрсөн. 1961 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургуульд орж наймдугаар ангийг төгссөн. Хүүхэлдэйн театрт туслах ажилчнаар ажиллаж байгаад Циркт шалгуулан МУГЖ Д.Норовцэрэнгийн удирдлага дор морьтны үзүүлбэрт дагалдан жүжигчнээр ажиллаж байсан бөгөөд 1974-1989 он хүртэл “Морьтны гайхамшиг”-ийн номерыг бүтээлцсэн анхны жүжигчдийн нэг юм.  

1991 онд “Морьтны золбоо” жокеин төрлийг бие даасан уран бүтээл болгон удирдан тоглуулсан байна. 1979 онд Монголын ард түмнээс Вьетнамын ард түмэнд бэлгийн адуу хүргэх ажилд Соёлын яам, Улсын циркээс томилогдож галт тэргээр хүргэж өгсөн түүхтэй.

5.Халзангийн Баярхүү 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. 1964 онд 21 дүгээр сургуульд 7 дугаар анги хүртэл суралцсан. Дунд сургуульд суралцаж байхдаа Морин спортын тамирчин. 1971 онд Улсын циркийн морины жүжигчин сонгох шалгаруулалтад орж тэнцсэн байна. Ингээд циркийн дагалдан жүжигчнээр ажиллаж, морины номерт бэлтгэгдэж байх үедээ Хөгжим бүжгийн сургуулийн оройн ангид суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна.

1973 оноос Улсын циркийн дагалдан жүжигчнээр ажиллах хугацаандаа морин спортоо орхиогүй байна. 1974 онд тоглогдсон “Морьтны гайхамшиг” номерын анхдагч залуусын нэг юм. 1975 онд 10-12 минутын жокеин номерын гол тоглогч байжээ.

6.Батцэрэнгийн Батсайхан 1954 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн  21 дүгээр сургуульд 1962 онд элсэн орж 1970 онд наймдугаар анги төгссөн. 1970 оноос Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн  харьяа морин тойруулгад  тамирчнаар ажиллаж эхэлсэн. Спортын мастерын зэрэгтэй. 1972 оноос МУГЖ Д.Норовцэрэн багшийн удирдлагад сургуулилалт хийж байсан бөгөөд “Нарлаг Монголын моринд гарамгай залуус” тоглолтын анхны жүжигчдийн нэг юм. Б.Батсайхан нь моринд эвтэй, трюкийн гүйцэтгэл өндөр жүжигчин байсан.

7.Нацагийн Болдбаатар 1948 оны дөрөвдүгээр сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн. Циркийн урлагийн үндэслэгч Ардын жүжигчин Л.Нацаг, ДБЭТ-ын гоцлол дуучин Ардын жүжигчин Д.Пүрэвсүрэн нарын хүү болон мэндэлсэн юм. Н.Болдбаатар хүүхэд насаа циркийн үртэстэй манежид тоглож өссөн удам дамжсан циркчин юм. Улсын циркт “Морьтны гайхамшиг” үзүүлбэрийг бэлтгэж тоглуулах талаар тухайн үеийн Уран сайхны зөвлөлийн тушаалаар Н.Болдбаатарыг туслах багш, акробат үсрэлтийг заах тус номерт үндсэн жүжигчнээр томилсон тушаал байдаг. Тэр үеэс эхлэн Н.Болдбаатар “Морьтны гайхамшиг” номерт МУГЖ Д.Норовцэрэн, зөвлөлтийн мэргэжилтэн А.А.Чубаевын удирдлага дор бэлтгэгдсэн жүжигчин багш юм. 1976 оноос Д.Норовцэрэн багшийн удирдлагад тоглож байгаад 1990 оноос эхлэн бие даан удирдан тоглуулж өөрийн шавь нараа бэлтгэж байсан.

8.Лувсансодовын Мөнхтогоо СТА 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. 1969 оноос Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш багшийн удирдлага дор суралцаж дагалдан жүжигчин болсон. 1975 оноос агаарын гимнастикч акробатын жүжигчнээс “Морьтны гайхамшиг”-ийн жүжигчнээр ажиллахдаа хүний мөрөн дээр туг барин давхих, морины эмэгтэй трюкүүдийг чадварлаг үзүүлэхээс гадна сонгомол үйлдлүүдийг гүйцэтгэж байв.

 

“ҮҮР АРИГ” ХХК-ийн захирал Д.АРИУНБОЛД: 50 жилийн хугацаанд дэлхийн бүх хуурай газар тогложээ

 

1971 онд Монголын цирк шинэ байрандаа нүүж орсон. 1972 онд морьдоо цуглуулж, оросын мэргэжилтэн Чуваевын шууд удирдлагад “Морьтны гайхамшиг” хамтлагийг үүсгэсэн юм. Норовцэрэн гуайн отгон шавь нь Ш.Цогтхүү. 1996 онд анх Чежү арал руу явсан анхны долоогийн нэг. Тус хамтлагт Ш.Цогтхүү, Д Ариунболд, Г.Отгонтөгс, Л.Баттөр, С.Туяацэцэг, Р.Балжинням нар багтана. Бид Чэжүд анх тоглолтын талбайгаа дугуйгаар тусгаарлаад гадаа тоглодог байсан гээд бод доо. “Green Resort“ гэдэг жуулчны кемп юм. Тус жуулчны баазын захирал Жон Юун Ги өнөөдөр Улаанбаатарт ирчихсэн яваа. Ийнхүү нүдэлдсээр 2000 онд 2000 хүний суудалтай, битүү, дээвэр нь нээгддэг тоглолтын талбайтай болсон. Дөрвөн сарын дотор бид Улаанбаатар хотын хүн амтай тэнцэх үзэгчид цуглардаг талбайтай болгож чадсан. Миний бие иог хийж байгаад галаар үлээтэл, үзэгчийн суудал морь ордог хаалганы хооронд салхи цохингуут нүүрэнд гал авалцаад түлэгдсэн. Гэзэг үсээ шатаагаад онцгүй юм болов. Хоёр жил тоглолтдоо оролцоод байгаа мөртлөө нүүр  халтар учир зургаа авахуулж чадаагүй. 10 жил Чежү аралд тоглолт хийгээд, Дорж даргын үед циркийн барилгыг анх удаа 38 сая төгрөгөөр түрээслээд, “Их шүтээний домог” театрчилсан тоглолтыг тавьж байлаа. 50 жилийн хугацаанд дэлхийн бүх хуурай газар тогложээ. Хамгийн сүүлд манай хамтлаг АНУ-д тоглолоо. Мөн Орост зохион байгуулагдсан тэмцээнд манай “Үүр ариг” ХХК-ийн тамирчид 13x00-оор хожсон. Монголчууд оролцохгүй бол дэлхийн аваргын тэмцээн тэмцээн биш болчихоод байна. Өмнөд Африкт Саруултөгсийн, Австралид хар Энхбаатарын баг тоглосон. Энэхүү фото зургийн үзэсгэлэн бүх дурсамжийг бидэнд өгүүлээд сайхан байна. 

-Та нүүрээ түлээд хоёр жил зургаа авахуулж чадаагүй гэлээ. Морин спортынхон гэмтэл бэртэл авах тохиолдол их үү?

-Би гэхэд 30-аад удаагийн гэмтэлтэй. Одоо бидэнд бүтэн яс байхгүй. Туяа хэд бэртсэн бэ гэвэл “түй, түй” л гэнэ. Цогоо миний дээрээс хоёр удаа ойчиж байлаа. 2020 онд 52-той хоёр эр накляж хийгээд манежид гарсан. “Цогоо гарах уу” гэтэл “Чи баривал би явна” гээд хоёулаа гарч билээ. Одоо үүнийг хийх залуу хүн байхгүй.

 

 

С.Туяацэцэг: Солонгосын 20 орчим киноны зураг авалтад оролцсон

 

Анх Солонгосын кино жүжигчдийг таван жил орчим морь унах үзүүлбэрт сургасан. Солонгосын 20 орчим түүхэн киноны зураг авалтад хамтран ажиллажээ. Та бүхний сайн мэдэх Тэ Жу Ён киног сайн анзаарах юм бол эхний эгнээнийнхэн дан монгол жүжигчид шүү дээ. 2012 он хүртэл Солонгос киноны зураг авалтуудад явсан. Гол дүрийн бүх жүжигчин надаас сургуулилалт авдаг, тэдэнд таарсан морьдыг өгч кинонд зургийг авахуулдаг, олны хэсэгт 50-60 морьд тоглодог байсан.

-Та хэдэн настайдаа циркчин болсон бэ?

-15 настай, саарал пальтотой охин анх циркт орсон. Уг нь спортын гимнастикч байсан юм. Бие хаа, царай зүс, ур чадвар бүгдийг хардаг, нарийн шалгууртай байлаа. Тэр үеийн жүжигчид ямар гоё байсан юм бэ. Бид хэд Чежүд тоглолтын дараа эмээ, өвөө нартай зургаа авахуулаад 10000 вон авдаг, тэр нь цалиндаа хүрэхгүйгээр амьжиргааны бусад асуудалд хүрэлцдэг байв. Төрсөн өдөр боллоо гэхэд биесдээ алтан эдлэл л авч өгдөг байсан цаг. Үзүүлбэртээ өмссөн эдгээр гоё хувцаснуудаас заримыг нь Цогтхүү ах өөрөө оёдог байсан.

 

Д.Цэцэгээ: Бидний үед циркийн мэргэжлийн жүжигчдийг “үйлдвэрлэдэг” байв

 

Д.Норовцэрэн багшийн санаачилгаар Балдандаваа, Баярхүү бид гурав 1971 оноос хөдөөнөөс авчирсан бүх морийг багштайгаа сургасан. Д.Норовцэрэн багш анх энэ номерыг санаачилсан. 1969 оноос бодож боловсруулсан морин циркийн санаагаа Филатова гуайд танилцуулсан нь дэмжигдэж, морьдын зардлыг улсаас гаргах болсон юм. Бид жолооч, морь хөтлөгч аваад баруун аймгуудаар явав аа. Уулархаг газраар өндөр морьд ихтэй. Зүүн тийшээ намхан морьдтой. Өндөр морь тойрогт явахад тохиромжтой байдаг. Жаргалантаас авсан морио Жавхлан, Сэлэнгээс авсан бор морийг Сэлэнгэ гэх мэт нэр морьддоо хайрлалаа. Орос багшийн хэлсэн хүзүү, гэдсэн доогуур нь орох өндөр морь олох амаргүй байв. Сэлэнгийн бор морь багшийн зүүдэнд орсон гэдэг. Сэлэнгэ аймгаас 14 хоног орчим явж ирсэн. Багш өөрөө морио манаж, жолооч, морь хөтөлгөгчийнхөө хоолыг хийх зэргээр чамгүй адал явдалтай. Морь гэдэг амьтан сайн манахгүй бол нутаг руугаа гүйчихнэ шүү дээ. Багш янзтай дуулна, оросоор ус цас.

-Циркчин эмэгтэйчүүд бага наснаасаа манежид гардаг юм байна. Таны хувьд?

-1974-1999 он хүртэл цирктээ харьяалагдаж явлаа. Намайг наймдугаар ангиас дагалдан жүжигчнээр авсан санагдана. Ажиллаж байх хугацаандаа оройгоор Марксизм, Ленинизмийн сургууль төгссөн. Д.Норовцэрэн багш маань номероо гаргаад зургаан жил болох алдад анхны шавь нар шавь сургалтаар төгсгөж эхэлсэн. Залгуулаад мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэе гэдэг үүднээс Раднаабазарын нэрэмжит Циркийн сургуульд гурван хүн сургасан. Одоо ХБК-ийн дэргэдэх циркийн тэнхим болсон. Тухайн үед бие даасан сургуультай байлаа. Социализмын үед жилдээ 15-20 уран бүтээлч, Москвагийн Циркийн их сургуульд сургах зэргээр мэргэжлийн жүжигчдийг үйлдвэрлэж байв. 

Н.Энхцэцэг


Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24616/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 14 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 14 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 14 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 16 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 16 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 16 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 16 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 16 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 16 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 16 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 16 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 16 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 17 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 17 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 17 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 17 цагийн өмнө