Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборуудыг байгуулна


Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төсөл ба боловсруулах үйлдвэрүүдийн судалгаа, байршлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах “Кокс-химийн цогцолбор”, “Нүүрс-химийн цогцолбор”, “Зэс боловсруулах цогцолбор”, “Ган үйлдвэрлэлийн цогцолбор”, “Жонш баяжмал боловсруулах цогцолбор”, “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна. Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах, алтны олборлолтыг нэмэгдүүлэх ба алт цэвэршүүлэх үйлдвэр барих, нүүрс-химийн технологийг эзэмших, хүний нөөцийг бэлтгэх, ирээдүйн томоохон төслийн ТЭЗҮ-ийг тодорхойлох зорилгоор туршилт тохиргооны бага оврын үйлдвэр байгуулж хийн түлш, нийлэг материал, устөрөгч гарган авах зорилтыг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлнэ.

Цаашид үйлдвэрлэл, технологийн парк байгуулсан болон байгуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгуулах, паркийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах асуудлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

“Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлнэ

Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах зорилготой “Go Mongolia” зэрэг зорилтот ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Монгол Улсыг олон улсад сурталчлах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэлэлцэн баталлаа.

Дэлхий дахин улам даяаршиж буй энэ цаг үед улс орны талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, иргэд хоорондын харилцаа, улс хооронд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх, Монгол Улсын түүх, уламжлал, эдийн засаг, нийгмийн салбарын ололт, амжилтыг гадаадад сурталчлах, Монголд зочлох сэдэл төрүүлэх ажлыг идэвхжүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Тиймээс Монгол Улсыг олон улсад төдийгүй хувийн хэвшил, гадаад, дотоодын иргэдэд сурталчлах хүрээнд “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр тогтов. Төлөвлөгөөт ажлын дагуу 2028 он гэхэд жилдээ хоёр сая жуулчин хүлээж авдаг болох зорилтыг дэвшүүлээд байна.

 

Хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилготой хуулийн төслүүдийн явцыг хэлэлцэв

Хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж буй хууль, тогтоомжийн төслүүдийн явцыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хуралдаанд танилцууллаа.

Тус яамнаас авлигатай тэмцэхтэй холбоотой зарим хуулийн төсөл, тухайлбал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.

Эдгээр хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан холбогдох хууль, тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагаатай Засгийн газрын үйл ажиллагааг уялдуулах талаар зохих арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгалаа.

 

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн явцыг танилцуулав

Тавантолгой-Гашуунсухайт, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн талаарх 2008 оноос хойш УИХ, Засгийн газар, салбарын сайд нарын гаргасан шийдвэр ба хэрэгжилт, Ерөнхий сайдын 2024 оны 28 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний ордыг улсын хилтэй холбох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд эхлүүлж, хил хүртэлх 233.6 км төмөр замыг барьж 2022 онд ашиглалтад оруулсан. Энэхүү төмөр замын үргэлжлэл болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь улсын нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл хэдий ч улс төрийн гацаанд орж, сүүлийн 16 жилийн турш яриа хэлэлцээрийн түвшинд байсаар ирсэн.

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолыг 2023 онд УИХ-аас баталсан. Мөн Засгийн газрын 2024 оны 58 дугаар тогтоолоор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын шугамын чигийг тогтоосон. Тус боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулаад байна.  

 

Товч мэдээ

Бүгд Найрамдах Итали Улсад энэ оны долоодугаар сарын 07-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Барток-Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаан”-д оролцож, мэргэжлийн төгөлдөр хуурын хоршил төрөлд Монгол Улсын консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн багш Б.Ариунаа, С.Алимаа, Л.Баярмаа, оюутан Н.Бодьзавъяа нар хоёрдугаар байрт шалгарсан тул Засгийн газрын журмын дагуу 6,0 сая төгрөгийн мөнгөн шагнал, оюутан Н.Бодьзавьяа нь ганцаарчилсан төрөлд мөн хоёрдугаар байрт шалгарсан тул 24 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Залуучуудын хөгжлийн ялгааг арилгаж, хамтын үнэ цэн бүтээхэд “SDY Call… 27 минутын өмнө
БНСУ-ын Гадаад хэргийн яам визний асуудлаар цаашид хамтран ажиллахаа и… 29 минутын өмнө
“Deaf Nomads” баримтат киноны нээлтийг Монголд хийлээ 38 минутын өмнө
“МОНГОЛЫН ҮНЭН” сонины 2025 оны хоёрдугаар улирлын захиалга явагдаж ба… 47 минутын өмнө
Б.Пүрэвдагва: СДМЗХ-ны долдугаар үеийнхэн шинжлэх ухаанд суурилсан пра… 59 минутын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 1 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 1 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүр… 16 цагийн өмнө
"ТОП КЕРАМИКС" байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ 18 цагийн өмнө
“Идэр” их сургуулийн 30 жилийн ой тохиож байна Өчигдөр
Монгол, Солонгосын хамтран хэрэгжүүлж буй “Солонго-I, II’’ хороолол, 1… Өчигдөр
Экспортын орлого өмнөх долоо хоногийнхоос есөн хувиар өсчээ Өчигдөр
1200 гаруй зам талбайн үйлчлэгч, ажилтан 320 гаруй тусгай зориулалтын … Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/03/26
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2025/03/26
Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүл… 2025/03/25
"​Монголын үнэн" сониноо цахимаар захиалан уншаарай 2025/03/25
Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” хэлэлцүүлэг өрнүүлж, “Амьдрахуй” жү… 2025/03/25
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг… 2025/03/25
ХЗДХ-ийн сайдын мэдээллийг сонсож, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг… 2025/03/25