Намрын сэрүүхэн өдрүүдэд өрнөсөн сурталчилгааны кампанит ажил өндөрлөж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонголоо. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 8031 мандатын төлөө 17277 хүн нэр дэвшиж өрсөлдлөө. Сонирхуулахад 18 настай залуугаас эхлээд 82-той азай буурал нэр дэвшсэнээрээ онцлогтой сонгууль болж өндөрлөв. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа Улаанбаатар хотод аядуу тайван, харин аймаг, сум, багт гал ноцсон ширүүн уур амьсгал дунд өрнөлөө. Эх орныхоо торгон хилийг манадаг Говь-Алтайд гэхэд АН-ынхан бичил уурхай эрхлэгчдэд найман газарт алт ухах зөвшөөрөл өгнө гэж амлан, энэ амлалтыг нь төрийн сайд нь очиж баталгаажуулснаар нийт иргэд, “нинжа” нарын дунд гол өрсөлдөөн явагдсан сурагтай. Алт ухах хүсэлдээ автсан бичил уурхай эрхлэгч нар мөнгө төгрөг тарааж, сүлжээ байгуулж, сошиал орчинд багагүй дуулиан тарив. Мөн Хөвсгөл, Өмнөговь аймгийн сонгуулийн сурталчилгаа бохир явагдсан гэдэг гомдол нэр дэвшигчдээс тасралтгүй ирсэн Ийнхүү монголчууд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, 2024 онд УИХ, Орон нутгийн гэсэн тодотголтой хоёр сонгуулийн ард гарч, засаг төр, нутгийн өөрөө удирдах байгууллагаа эмхлэв. Сүүлийн хоёр жилийн турш дуулиан шуугиан, хэл ам, хэрүүл тэмцэл дагуулсан сонгуулиуд амжилттай өндөрлөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2027 онд болно. Тэр болтол “Сонгууль минь баяртай, гурван жилийн дараа уулзъя” гэж хэлэх боломж бүрдэв.
Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Туркменистан улсад айлчлах товоо зарлаж, Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахарыг хүлээн авч уулзан, тус сан 400 гаруй км авто зам тавьж, Тайширын усан цахилгаан станц, Түлэнхийн төв зэрэг томоохон бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Найрамдал" одонгоор шагналаа. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нээлтэд оролцож, Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Кенжи Окамура, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгч Одиль Рено-Бассо тэргүүтэй донор байгууллагын Монгол дахь захирлуудыг хүлээн авч уулзан, 14 мега төслөө танилцуулан дэмжлэг хүслээ. Европын сэргээн босголт, хөгжлийн банк эрүүл мэнд болон эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний төслүүд, банк санхүүгийн орчныг сайжруулахад хамтран ажиллах сонирхолтой байгаа бол Олон Улсын валютын сангаас эрчим хүч, бүсчилсэн татварын реформыг эдийн засгийн эрсдэл, сөрөг нөлөө багатай, үр дүнтэй хийх талаар зөвлөмж өгч хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэлээд бухимдуу байна. Учир нь гишүүдийн санал өгөх төхөөрөмж гацах, гишүүний өгсөн санал тоологдохгүй байх зэрэг зөрчил гарсаар байгаа тул шалгалт оруулахаар болжээ. Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Манай энэ системтэй холбоотой нэг асуудал байна. Ирцэнд хүн шинээр орох, ирцнээс гарахаар хоёр минутын турш үйлдэл хийж болдоггүй гацчихдаг боллоо. Тиймээс УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржоор ахлуулсан ажлын хэсэг гаргаж, шалгалт хийхээр шийдсэнээ мэдэгдэв. Монгол Улс УИХ-ын 126 гишүүнтэй болж, чуулганы танхимд засвар үйлчилгээ хийхээр багагүй хөрөнгө мөнгө төсөвлөж, их ажил өрнөсөн. Гэвч намрын чуулган нээлтээ хийгээд хэдхэн хонож байхад техникийн том саатал гарч байгаа учраас УИХ-ын дарга бухимдаж байгаа сурагтай.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах зорилготой “Go Mongolia” зэрэг зорилтот ажлыг эрчимжүүлэх тогтоолыг хэлэлцэн баталлаа. Монгол Улсыг олон улсад төдийгүй хувийн хэвшил, гадаад, дотоодын иргэдэд сурталчлах хүрээнд “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр болж байна. Энэ тогтоол хэрэгжсэнээр Монгол Улс жилдээ хоёр сая жуулчин авдаг болно гэсэн тооцоог гаргажээ. Мөн Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төсөл ба боловсруулах үйлдвэрүүдийн судалгаа, байршлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Засгийн газраас ирэх дөрвөн жилийн хугацаанд аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах “Кокс-химийн цогцолбор”, “Нүүрс-химийн цогцолбор”, “Зэс боловсруулах цогцолбор”, “Ган үйлдвэрлэлийн цогцолбор”, “Жонш баяжмал боловсруулах цогцолбор”, “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна гэдэг том амбицтай байгаа юм. Ямартай ч энэ төслүүдийг эхлүүлэхээр байршил, газрын асуудлаа шийдээд байгаа юм байна.
Монголчууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын индэр дээрээс тэрбум мод тарих том амлалт авсан цагаас хойш гурван жил өнгөрөөд байна. Тэгвэл энэ хугацаанд нийтдээ 84 сая мод тарьж, 2021-2024 онд үндсэн бэлтгэл ажлаа хангаснаар ирэх жилээс их хэмжээний талбайд бөөнөөр нь тарьж эхлэх боломж бүрдлээ гэдгийг Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдэв. Тухайлбал, улсын хэмжээнд 39 зүйлийн мод сөөгийн 12.1 тонн үрийн нөөц бүрдүүлснээр 292 сая ширхэг тарьц, суулгац ургуулах боломжтой болжээ. Мод үржүүлэх иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тоо 32 хувиар нэмэгдэж 452 газар болсон. Дээрх газрууд 124 зүйлийн 63 орчим сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах нөөц бүрдүүлэх бүрэн боломжтой болсон гэнэ.
Өнгөрсөн хавар болсон нүүрсний сонсголын дуулиан шуугиан намдаагүй байна. Энэ сонсгол дээр нэр хүндэд халдсан, буруу ташаа мэдээлэл өгсөн гэж гомдож байгаа хүмүүс олон байгаа бөгөөд тэд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаярыг шүүхэд өгчээ. Тухайлбал, нүүрсний сонсгол дээр 425638 тонн нүүрсийг хулгайгаар гаргасан хэмээн цоллуулсан “Эко глобал ложистикс” ХХК Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл өгөхдөө гурван ч шүүхэд дуудагдаж байгаагаа нуусангүй.
Өнгөрөгч долоо хоногийн хамгийн таагүй мэдээллийг Зэвсэгт хүчний жанжин штабаас дуулгалаа. Монгол Улс жилд хоёр удаа цэрэг татлагын ажлыг зохион байгуулдаг байсан бол энэ оноос эхлэн нэг удаа цэргийн зарлан дуудах тараадаг болсон. Гэвч энэ жил Батлан хамгаалах салбар түүхэнд байгаагүй цөөн тооны залуус цэрэгт явахаар иржээ. Эх орон дуудахад бэлэн байдаг эр цэргийн тоо цөөрч байгаа учраас хугацаат цэргийн алба хаагчдыг жолооны үнэмлэхтэй, англи хэлний анхан шатны мэдлэгтэй болгох чиглэлээр ажиллаж байна.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24617/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна