Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Тодруулбал, энэ сарын 11-нд улс орон даяар болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд нийт сонгогчдын 53 орчим хувь нь саналаа өгч, ирэх жилүүдэд өөрийн амьдарч буй нутаг дэвсгэрт төлөөлөгчөөр ажиллах төлөөллөө сонголоо. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд улс төрийн 10 нам, нэг эвсэл болон бие даагчид 8031 мандатын төлөө 17278 хүн нэр дэвшин өрсөлдлөө. Ингэснээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах 45 суудлын 40-д МАН-аас нэр дэвшигчид иргэдийн итгэлийг хүлээж, олонхын санал авснаар төлөөлөгчөөр ажиллахаар болж байна. Харин орон нутгийн 21 аймгийн 14-т МАН-аас нэр дэвшигчдэд иргэд олон нийт итгэл хүлээлгэн сонголоо.
2020 онд болсон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар нийслэлд МАН 34, АН найм, ХҮН намын гурван нэр дэвшигч ялалт байгуулж байв. Харин 2024 онд буюу энэ удаагийн сонгуульд нийслэлийн ИТХ-д МАН-ын авсан суудлын тоо зургаагаар нэмэгдэж 40, АН-ынх гурваар буурч, тав болж байна. Харин ХҮН намын нэр дэвшигчдээс нэг нь ч сонгогдсонгүй.
Нийслэлийн МАН-ын даргын хувиар хотын сонгуульд нэр дэвшигчдээ удирдан оролцсон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар сонгуулийн дүн гарсантай холбогдуулан нийслэлийн иргэддээ хандан “Итгэл хүлээлгэж Нийслэлийн МАН-ыг багаар нь дэмжиж сонгосон нийслэлчүүддээ баярлалаа. Та бүхний итгэл хүлээлгэсэн газарт шударга үнэн оршиж, сайн үйлс дэлгэрэх болно. Ирэх дөрвөн жил нийслэлчүүдийн хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжлийн он жилүүд байх болно” хэмээн тодотголоо. Түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүнтэй холбоотойгоор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар болон Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийт сонгогчдын 53 хувь оролцож саналаа өгсөн байна. МАН-ын хувьд 2020 оны орон нутгийн сонгуулиар 21 аймгийн 13-т ялж, найман аймагт ялагдаж байсан бол нийслэлд найман дүүрэгт ялалт байгуулж байсан. Харин энэ удаагийн орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгээр 21 аймгийн 14-т ялалт байгууллаа. Харин нийслэлийн ИТХ-ын 45 мандатаас 40 суудал авч МАН ялалт байгууллаа. Нийслэлийн есөн дүүргээс наймд нь ялалт байгуулж байна. УИХ-ын сонгуулийн дүнгээ баталгаажуулж МАН-д дахин итгэл хүлээлгэн саналаа өгсөн нийт ард иргэддээ талархал илэрхийлье” гэлээ. Харин нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн ИТХ-ын 45 мандатаас 40 мандатад МАН-аас нэр дэвшигчид ялалт байгууллаа. Энэ удаад нийслэлийн МАН есөн эмэгтэйг нэр дэвшүүлсэн. Есүүлээ ялалт байгуулж чадлаа. 2024-2028 онд нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бид хэрэгжүүлж, Улаанбаатар хотын тулгамдсан олон асуудлыг шийдэж, их бүтээн байгуулалт их хөгжлийн тэсрэлтийг хийх болно” хэмээн онцлон тэмдэглэсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн иргэний хувиар орон нутгийн сонгуулийн санал хураалтад биечлэн оролцож, саналаа өгсөн. Энэ үеэр тэрбээр цаашид Сонгууьтай холбоотойгоор эрх зүйн дорвитой зохицуулалт хийх шаардлагатайг дурдаад монголчууд сонгуулиас сонгуулийн хооронд амьдарч буй энэ циклээс гарах шаардлагатайг хөндсөн юм. Энэ тухайд тэрбээр “Саналаа өгнө гэдэг бол төрийн эрх барих байгууллагад иргэний хувьд оролцож буй чухал хэлбэр. Парламентын сонгууль бол бодлогын сонголт байдаг. Түүнээс бүрдсэн Засгийн газар үндэсний хэмжээний бодлогыг явуулдаг. Орон нутгийн сонгууль бол иргэдийн амьдралд ойрхон шийдвэрүүдийг гаргах сонголт гэж ойлгож болно. Бидний цаашдын анхаарах зүйл бол УИХ-ын сонгуультай орон нутгийн сонгуулийг хамт хийх нь зөв гэж бодож байна. Энэ талаар бусад намтай зөвшилцөнө. Сонгуулийн хуулийг сонгууль дөхөөд хийхгүйгээр аль болох дэвшилттэй, нэг алхам ахисан түвшинд оруулах хэрэгтэй байна. Монголчууд бид сонгуулийн циклээс гарч чаддаггүй. Тийм ч учраас Засгийн газар хүчтэй зоримог шийдвэрүүд гаргаж чаддаггүй байсан. Цаашид дөрвөн жилд нэг л удаа сонгууль хийж, багаар нь сонгож, багаар нь хариуцлага тооцдог болох ёстой. Өнгөрсөн 30 жилийн соёлыг энэ сонгуулиар эцэслэж, дараагийн орон нутгийн сонгуулийг дэвшилттэй болгох тал руу хамтдаа анхааръя” хэмээн тодотголоо.
Энэ удаагийн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтыг 19 аймгийн 78 сумын 87 хэсэгт явуулахаар болсон юм. Тодруулбал, сумын сонгуулийн хороодын шийдвэрээр аравдугаар сарын 13-нд 74 сумын 81 хэсэгт, аравдугаар сарын 19-ний өдөр дөрвөн сумын зургаан хэсэгт нэмэлт санал хураалт явуулахаар болсныг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулдаг. Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгнө. Улмаар нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргахаар хуульчилжээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24617/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна