Өв соёлоо инновацлагч ирээдүйн иргэдийг бэлтгэж байна


"Шинэ санаа иннова" сургууль нь боловсролын салбарт бүтээмж, инновацыг үр дүнтэйгээр нэвтрүүлэхээр зорьж буй шинэхэн хамт олон. Хөтөлбөр нь Кембрижийн олон улсын хөтөлбөрийн хичээлүүдийг үндэсний хөтөлбөртэй интеграцлан, монгол өв соёлыг олон улсын түвшинд судалж, инновацыг бүтээгч шинэ үеийн залуусыг бэлтгэхээр зорьж байна. "Шинэ санаа иннова" сургуулийн дэд захирал О.Сэргэлэнтэй энэ тухай ярилцлаа.

Манай сургуульд бүх дугуйлан төвлөрнө

-"Шинэ санаа иннова" сур­гуулийнхан үргэлж шинийг санаачлагч байдаг гэж боддог. Энэ жил танай сургуульд орсон өөрчлөлт гэвэл юуг нэрлэх вэ?
-Манай сургуульд суралцаж байгаа сурагчдын эцэг эхчүүд багачуудаа төрөл бүрийн дугуйланд суралцуулах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Иймд бид гоо зүй, бие бялдрын хөгжил, иога, “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын дэргэдэх “Охидын мисс” төв,  жүдо, IQ төлөвлөлт, бүтээлч сэтгэлгээ, робот электроник, өв уламжлал, эх хэл, сэтгэн бодох чадвар, калиграф (уран бичвэр), яруу найраг, уран уншлага, гитар, морин хуур, дуу, уран зураг,  гар урлал, дизайн, уртын дуу зэрэг бүх дугуйланг хичээллүүлэхээр зэхэж байна.  Энэ дугуйлангуудад зөвхөн манай сургуулийнхан хамрагдахгүй. Суралцахыг хүссэн хүүхэд бүр хамрагдаж болох давуу талтай. Дугуйлангийн багш нар салбар салбартаа арвин туршлагатай хүмүүс байдаг. Уртын дууны дугуйланг гэхэд СТА Д.Оюунжаргалын удирдлага дор хичээллүүлнэ. Уран уншлага, калиграфын багш нь МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” шагналт Н.Чулуунбаатар. Н.Чулуунбаатар багш бол үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч хүн юм. Мөн гүнзгийрүүлэн судлах сонгоны монгол хэл, англи хэл, хятад хэл, хими, биологи, физик, математик, түүх, нийгэм, компьютер, программ хангамж түвшин тогтоож 1-3 дугаар түвшний гурван ангид хуваарилан суралцуулна.
-Нүхт, Яармагт юм бүхэн шинэлэг байна шүү дээ. Оршин суугчид ч танай сургууль дээр бүх дугуйлан төвлөрөхөөр хүүхдүүдээ суралцуулахыг хүсэх байх?
-Манай сургуульд хичээллэх дугуйланд хүүхдээ суралцуулна гэдгээ ойр орчмын оршин суугчид хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө мэдэгдэж байсан. Маш олон хүний цаг, завыг хэмнэх юм. 
-Хэрхэн яаж Монгол өв соёлоороо инновацыг бий болгох вэ?
-Сургалтын үйл ажиллагаанд инновацын мөн чанарыг шингээнэ гэдэг нь багш сурагчдын санал санаачилгыг дэмжин цуглуулах, үүнээс үр өгөөж өндөртэйг сонгон төсөл болгон хөгжүүлэх тухай юм.  Инновацын эхлэл үе болгож хичээлийн жилийн нэгдүгээр хагаст хамт олноос ирүүлсэн саналаас сонгосон гурван төслийг хэрэгжүүлж байна. Нэгдүгээр багц төслийн хүрээнд, мэдээллийн технологийн төсөл болон биологи, химийн хичээлд суурилсан хүлэмжийн төсөл хоёрыг хослуулан үр дүнд нь бүрэн автомат хүлэмжийг байгуулах бүтээлч ажлаа эхлүүлээд байна. Хоёрдугаар багцын хүрээнд,  монгол өв соёлыг өвлүүлэн, хөгжүүлэх зорилготой эсгий ширмэл бүтээлийн төсөл хэрэгжүүлж байгаа бол, гуравдугаарт нь бүтээлээ зөвөөр илэрхийлж, бусдад таниулах чадварыг эзэмшүүлэх зорилготой илтгэх урлагийн төслийг хэрэгжүүлж байна.
-Өнөө цагийн ЕБС-ийн дүр төрх ямар байвал зохистой юм бол?
Боловсролын салбар бол гэр бүлийн бүх гишүүнд хамаатай маш том салбар юм. Хүүхдүүд хичээл дээрээ сурсан мэдсэнээ гэртээ түгээн дэлгэрүүлж, танилцуулж нээлттэй байж чадаж байвал сургууль дээрх боловсрол олгох үйл ажиллагаа амжилттай байна гэж ойлгоорой. Жишээ нь манай сургуульд заадаг Дэлхий нийтийн чиг хандлага хичээлээр хүүхдүүдэд гэрийнхээ ус, цахилгааны төлбөрийг мэдээд сард хэр хэмжээний ус, цахилгааныг хэрэглэдэг болохоо мэдэж ирэхийг даалгавар болгож өгөхөд тухайн гэр бүлд янз бүрийн яриа өрнөж, гэр бүлийн гишүүн бүр оролцож байх жишээтэй. Эндээс хүүхэд маш их зүйлийг ойлгож авч, цаашид усаа хэмнэж хэрэглэх ёстойгоо ухаарч, цаашлаад хэрхэн байгальд ээлтэй амьдрах талаар цаг ямагт бодож эргэцүүлдэг болох нь бидний нэг чухал зорилго юм. Сургуулийн сургалтын үйл ажиллагаа блүүмийн таксаном ын бүтээх түвшинд 60 хувь нь явагдаж байж, ур чадвар, мэдлэгийг хослуулан эзэмшсэн сурагчдыг бэлтгэж чадна.
-Мэдээллийн технологийн хурдацтай хөгжил, дэлгэцийн хамаарал хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж байгааг хэрхэн зохицуулах вэ. Гар утас, компью­терийн хэрэглээг хязгаарлан хорих нь зөв үү?
-Мэдээллийн технологи өдрөөс өдөрт хурдтай хөгжиж байгаа нь бүхий л салбарт шинэ ур чадвар бүхий мэргэжилтнийг шаардахад хүргээд байна. Ийм үед хүүхдүүдийнхээ төхөөрөмжийн хэрэглээг хорихоос илүү хэрхэн зөвөөр ашиглаж, баялаг бүтээх ур чадварт сургах нь бидний үүрэг билээ. Тийм ч учраас манай сургуулийн хөтөлбөрт робот, кодчилолын хөтөлбөр 1-12 дугаар ангид хэрэгждэг ба анги тус бүрд насны онцлогт нь тохирсон агуулгын хүрээнд хичээл ордог юм. Бусад орны залуусын бүтээсэн тоглоом контентод дурлан донтох, үндэснийхээ соёлыг шингээсэн контент, инновацыг бүтээхийн хооронд маш том ялгаа байна. 
-Гэрийн даалгавар хэт их, хүүхэд насыг нь үрж байна гэсэн эцэг эхүүдтэй санал нэг байна уу?
-Гэрийн даалгавар гэдэг хичээлийн цагт сурсан мэдсэнээ бататгах гол зүйл учир зайлшгүй байх ёстой. Харин хэддүгээр ангид хэр их хэмжээтэй, ямар төрлийн даалгавар өгөх вэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Бага ангийн сурагчдын гэрийн даалгавар нь аль болох гэр бүл, асран хамгаалагчидтайгаа хамтдаа хийж болохуйц, практик үйл ажиллагаатай байвал илүү зохимжтой. Жишээ нь хамтдаа нэг үлгэр уншаад, утгыг ярилцаад ирэх ч юм уу, аль эсвэл оройн хоол хийхэд ямар үүрэг гүйцэтгэснээ багшдаа ярьж өгөх ч байж болно. Гол нь хүүхэд хариуцлагатай байж сурах нь цаашдын сурах үйл ажиллагаанд нь маш том зөв суурь болж өгдөг. Эсрэгээрээ анги дэвших тусам гэрийн даалгавар хийх хугацаа уртсаж, илүү бие даан судлан шинжлэх, дүгнэн нэгтгэх даалгавруудыг өгөх нь чухал. Манайд эсрэгээрээ бага ангид нь суулгаж сургаж байна гээд хэтэрхий их бичих даалгавар өгч, түүнээсээ болж багахан хэмжээний гэр бүлийн хүчирхийлэл үүсэх нөхцөл бүрдэж, даалгавраа хийдэг тогтолцоо байх шиг. Гэрийн даалгаврыг ял мэт хийсээр ирсэн хүүхэд томрох тусмаа даалгавар хийх дургүй болж, ид бие даан суралцах насанд нь ээж аав нь аль хэдийнэ анхаарал хандуулахаа больсон байдаг нь харамсалтай.
-"Шинэ санаа иннова" сургуулийн сурагчдын дүр төрх?
-Манай сургууль хүүхдүүдэд монгол өв соёлоо өвлөн тээсэн, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах ур чадвартай, хайраар дүүрэн, сайхан сэтгэлтэй иргэн байхыг заадаг. Хэрхэн хайраар дүүрэн, сайхан сэтгэлтэй болгох вэ гэж үү. Маш энгийн зүйлээс л хайрыг мэдрүүлж, бусдыг хүндлэхийг үлгэрлэнэ шүү дээ. Багш, захирал гэлтгүй хүүхэдтэй энгийн хүндэтгэлтэй харилцаж, хамгийн гол нь жижиг гэлтгүй хүүхдэд тулгарч байгаа асуудлыг нь анхааралтай сонссоноор эргээд бусадтай яг тэгж харилцдаг хүн болно доо.


  Н.Энхцэцэг

Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24617/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 5 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 8 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 9 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 9 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 9 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 10 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 10 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 10 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 10 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 10 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 10 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 10 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 10 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 11 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 11 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 11 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 11 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 11 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 11 цагийн өмнө