Мод-Эко системийн эмч


Мод тарих үндэсний өдөр. Нийтээрээ хөдөлж, нийгмээрээ уухайлдаг сайхан ажил. Тэгвэл хүн төрөлхтөн байгаль дэлхийдээ мод тарьж үйлддэг буянтай ажил хэзээ, хаанаас  эхлэлтэй юм бол.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 2012 онд гуравдугаар сарын 21-ний өдрийг Олон улсын ойн өдөр болгон зарласан.  Энэ өдрийг ойн ач холбогдол, эко системийн тэнцвэртэй байдал нь гараг ертөнцийн эрүүл мэндэд хэчнээн тустай байх талаар олон нийтэд ойлгуулж, сурталчлах зорилго агуулжээ. Олон улсын ойн өдрийг тохиолдуулан улс орнууд мод тарих, эко системийн тэнцвэртэй байдлыг хамгаалах нь ямар хэрэгтэй талаар хүүхэд багачуудад сургалт явуулах гэх мэт кампанит ажил зохион байгуулдаг. НҮБ-ын Ойн форум (UNFF) болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), CPF болон бусад байгууллага  хамтран энэ өдрийг зохион байгуулдаг. Анх 2007 онд Герман улс нэг сая мод тарих зорилготой "Гаргаа аварцгаая" аян зохион байгуулсан юм. Германд зохион байгуулсан энэ аян дэлхий даяар тархаж, өнөөг хүртэл 15 тэрбум гаруй модыг хүн төрөлхтөн тарьж ургуулжээ. Энэ тоо үнэхээр их санагдаж байж болох л юм. Гэтэл хүмүүсийн үйл ажиллагаа, байгалийн жам ёсоор жил бүр 15 тэрбум мод устаж үгүй болсоор байгаа гэвэл та итгэх үү. Өнөөдөр бидний цэнхэр гараг дээр нийт 3.04 их наяд мод байгааг жил бүр устаж байгаа 15 тэрбум модонд хуваавал бид ойн эко системгүй болоход хэдэн жил зарцуулах бол.  

 Аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхтэй харьцуулахад дэлхий дээрх моддын тэн хагас нь устаж үгүй болсон. Үлдсэн мод, ургамлын 30 хувь нь л хуурай газрыг бүрхэж байна гэдэг харамсалтай статистиктай сууж байна бид. Хэрвээ энэ хэвээр байвал манай дэлхий ердөө 200 жилийн дотор ямар ч модгүй болох урьдчилсан тооцоолол байна. Зарим хүнд энэ мэдээ аймаар санагдахгүй байж магадгүй л юм. Яагаад гэвэл тэдэнд өнөөдрийн ашиг орлого л хэрэгтэй. Хэрэв дэлхий дээрх бүх мод устаж үгүй болбол амьд амьтдын амьдрал цаашид оршин тогтнох боломжгүйд хүрч болзошгүй нь тэдний хувьд мянга дахь асуудал. Хүн дэлхий гараг дээр хүчилтөрөгчгүйгээр  амьсгалах боломжгүй. Хүчил­төрөгчийг нь мод, ургамал үйлд­вэрлэж таны бий болгосон агаар бохирдуулагч нүүрсхүчлийн хийг  шингээж бидний амьсгалыг тэт­гэдэг болохоор ой мод эх дэлхийн уушги, байгалийн эмч.

 

Мод тарих үндэсний өдөр

 

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр 63 тоот зарлиг гарган мод тарих үндэсний өдөртэй болсон. Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор хэмээн тодорхойлсон уг зарлигт: Жил бүрийн тавдугаар сар болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гаргийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Мөн “Мод тарих үндэсний өдөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалсугай” хэмээн уг зарлигт дурджээ.

Энэ өдөр дан ганц мод тариад зогсохгүй ой модыг устгах, ой модыг шатаах, цэцэг, зарим ургамлыг устгах зэрэг хүний үйлдлийн үр дагаврыг хүмүүст ойлгуулах ажлыг орхигдуулахгүй байх ёстой. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад ургамал ямар чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрч, тэдэнд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг талуудын талаар мэдлэг олгох ёстой бөгөөд ингэснээр хүмүүс санаачилга гаргаж, ганц ургамал тарих, цэцэрлэгжүүлэлт хийх замаар дэлхийн эко системийг сайжруулахын төлөө ажиллах боломжтой болно. Ургамал хуурай газрын бүх организмыг хоол хүнс, хүчилтөрөгчөөр ханга­даг, эм бэлдмэл (зарим мод, ургамал) хийхэд ашигладаг, хөрсний эвдрэлийг хянаж, жимс жимсгэнэ үүсгэдэг тул хэчнээн чухал гэдэгтэй маргах хүн үгүй биз.

 

Ой руу бүх л фронтоор

 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас "Хүний буруутай үйл ажиллагаанаас  хамааран ойг өөр газар шилжүүлэн ашиглах хэлбэр" гэж тодорхойлсон ойн устгал 1990 оноос хойш 420 гаруй сая га ой модыг сүйрүүлжээ. Мөн 2000 оноос хойш экологийн хувьд үнэлж баршгүй 47 сая га ой мод устаж үгүй болсон мэдээ байна. Хүний хар амиа бодсон тансаг хэрэглээ дэлхий гаргийн эрүүл мэндийг хэрхэн сүйрүүлдэг вэ.

Дэлхийд устгагдаж байгаа ойн 90 орчим хувь нь хөдөө аж ахуйтай холбоотой. Үүний шалтгааныг бид оройн хоолныхоо тавагнаас цааш хайх хэрэггүй. Өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа мах, махан бүтээгдэхүүний эрэлтийг хангах, зоогийн ширээн дээр тавих үхрийн шүүслэг зөөлөн махыг үйлдвэрлэх зорилготойгоор  мал аж ахуй эрхлэгчид малын бэлчээр гаргах шаардлагатай болдог.  Тэдэнд бидний өлсөглөн ходоодыг цатгахын тулд илүү олон үхэр хэрэгтэй. Олон үхрийг бэлчээхийн тулд өргөн уудам ой модыг устгах ёстой. Өргөн уудам нуга, бэлчээр хэрэгтэй. Мөн устгагдсан ойн талбайд тарьж ургуулсан нийт шар буурцгийн 80 орчим хувь нь үхэр, тахиа, гахайн хоол тэжээл болдог гэдгийг бид оройн хоолны ширээнд ярихгүй нь ойлгомжтой. Өдөр тутмын хэрэгцээнд байдаг боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд  түгээмэл байдаг дал модны тос ойн устгалын долоон хувийг мөн эзэлж байна гэвэл ямар вэ.

Мод, модон эдлэлийн дэлхийн эрэлт хэрэгцээг хангахын тулд жил бүр олон тооны модыг тайрдаг. Дэлхийн нөөцийн хүрээлэнгээс 2023 онд хийсэн судалгаагаа "Nature" сэтгүүлд нийтэлсэн бөгөөд дэлхийн модны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд дэлхийн модны ургацыг 54 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. 

Мөн л байнга өсөн нэмэгдэж буй ашигт малтмалын эрэлтийн ачаар уул уурхай нь дэлхийн ойн экосистемийн 1/3 хүртэл (шууд бус нөлөөллийг оруулаад) нөлөөлж байна. Энэ зууны эхэн үеэс ашигт малтмалын олборлолт хоёр дахин нэмэгдэж, Амазон, Серрадо зэрэг газруудын халуун орны ширэнгэн ой, тусгай хамгаалалттай газруудад улам бүр нөлөөлж байна. Ихэнх тохиолдолд уул уурхайтай холбоотой ойн сүйтгэл нь алт, нүүрс гэсэн хоёр төрлийн түүхий эдтэй холбоотой гэнэ. Алт, нүүрсний олборлолт сүүлийн 20 жилийн хугацаанд ойролцоогоор 6877 хавтгай дөрвөлжин километр ой модыг сүйтгэсэн болохыг саяхан хийсэн судалгаагаар тогтоожээ. Ойн хомсдолд ихээхэн хувь нэмэр оруулдаг бусад ашигт малтмалд боксит, төмрийн хүдэр, зэс орно. Томоохон хэмжээний олборлолт, эрчимтэй үйл ажиллагаа нь дэд бүтэц хөгжүүлэхийг шаарддаг бөгөөд энэ нь тухайн орчныхоо экосистемийг л доройтолд хүргэдэг.

Хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр ой модоор бүрхэгдсэн газар нутгийг цэвэрлэж, хот, суурин газруудыг тэлдэг. Дэлхийн нөөцийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 2001-2023 оны хооронд ойролцоогоор гурван сая га талбайн модыг хотжилтод алджээ. Энэхүү хотжилттой хамт нийгмийн хэрэгцээг хангах дэд бүтцийн төслүүд орж ирнэ. Үүнд ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал, бохирын хог хаягдлыг боловсруулах байгууламж, зам, хурдны замд ус үл нэвтрэх гадаргуу тавих, цахилгаан станц, цахилгаан сүлжээ зэрэг эрчим хүчний байгууламжийг хөгжүүлэх гэх мэт олон зүйл багтана.

Уур амьсгалын өөрчлөлт ой мод устгах гол шалтгааны нэг болж байна. Ой хээрийн түймэр (2001-2023 оны хооронд 138 сая га ойг сүйтгэсэн), ган гачиг, шуурга зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлүүд жил бүр олон сая га ой модыг сүйтгэдэг бөгөөд дэлхийн дулаарлын үед тэдний эрчим улам бүр нэмэгдсээр байна. Гэхдээ асуудал үүгээр дуусдаггүй. Цаг агаарын эрс тэс үзэгдлийн дараа устсан эсвэл доройтсон газарт хортон шавьж өртөмтгий, өвчлөлд  мэдрэмтгий болдог. Энэ нь эргээд ойролцоох эрүүл ойд аюул учруулж болзошгүй юм.

 

Мод тарих гэдэг ойлголт

 

Тийм ээ, энэ бол маш харамсалтай тоо дурдсан нийтлэл. Гэхдээ бид сэтгэлээр унах хэрэггүй. Хүн төрөлхтөн өөрийн орон гэрээ унаган төрхөөр нь, эрүүл аюулгүй болгохоор яаран хөдөлж эхэлнэ гэдэгт би итгэлтэй байна. Тун удахгүй. Ойг нөхөн сэргээх нь бидний үндсэн эрхэм зорилго боловч байгаль хамгаалах нь үүнээс ч илүү чухал  гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Ой модоо хамгаалахын тулд юуны түрүүнд хамгийн том аюул юу болохыг ойлгох хэрэгтэй. Заавал газар ухаж, мод суулгахыг мод тарих гэдэггүй. Цаасаа хэмнэ, хэт олон хувцас авахаа боль, хогоо ангилж тушаа, нойлынхоо хоёр товчлуурын зөвхөн нэгийг дар. Бид амьдралынхаа хэмнэлд багахан өөрчлөлт оруулснаар хэдэн мянган га ойг сүйрлээс аврах юм гэдгийг ухаарах цаг болсон. 

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24617/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 6 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 9 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 9 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 9 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 9 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 10 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 10 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 10 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 10 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 11 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 11 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 11 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 11 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 11 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 11 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 11 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 11 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 12 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 12 цагийн өмнө