Монгол орон даяар мянга мянган хүүхэд сансар огторгуйн нууцаас тайлж, шинжлэх ухааны сонин сайхныг биширсэн долоо хоногийг үдлээ. Энэ өдрүүдэд “UG Arena”-г хязгааргүй сансар огторгуй мэтээр тохижуулжээ. Шинжлэх ухаанаар харанхуйг гийгүүлэх мэт хүүхдүүдийн харц гэрэлтэнэ.
Сансрын нисгэгч анхны шалгалтаа өгөхөөс эхлэн онгоц, пуужин, агаарын бөмбөлөг бүтээн түүнийгээ турших багачууд баяр хөөртэй байлаа. Энгийн зүйлсийг ашиглан хэчнээн олон төрлийн сонирхолтой туршилтуудыг хийж болдгийг тэд, бас томчууд нь мэдэж авцгаана. Яг энэ цаг мөчид огторгуйд ямар гайхалтай зүйлс өрнөж, орчлон ертөнцөд ямар их боломжууд хүн төрөлхтөн хүлээж буйг мэдэх тусмаа хүүхдүүд шинжлэх ухаанд автаж байлаа. Үр дүнд нь зорилгоо тодорхойлж хичээлдээ илүү шимтэн суралцах сэдэл төрнө. Хүрэлцэн ирсэн багачууд нүүдлийн планетариум, сансарт ил захидал илгээх, өөрийн гараар пуужин хийж хөөргөх, сансрын нисгэгчийн шалгалт өгөх, жингүйдлийг мэдрэх, цаасан онгоцны мастер болох, дрон нисгэх зэрэг үйл ажиллагаанд хамрагдаж байлаа.
Мөн сансрын гэрэл зургийн үзэсгэлэн үзэж, хиймэл дагуул, сансрын судалгааны талаар монгол инженерүүдийн түүхийг сонссон юм. Үзэсгэлэнгийн шилээвэр үзмэр “Golden Record” пянз байлаа. Энэ бол манай гаргаас хамгийн хол зайд аялж яваа “Voyager” хиймэл дагуул дээр байрлуулсан бидний амьдрал, түүх, урлаг, хэл гээд хүн төрөлхтнөөс огторгуйн уудам орон зайнд илгээсэн дэлхийн гарын үсэг. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1999 онд аравдугаар сарын 4-10-нд Сансрын долоо хоногийг олон тэмдэглэхээр тунхаглажээ. Учир нь хүний гараар бүтээсэн дэлхийн анхны хиймэл дагуул “Спутник 1”-ийг 1957 оны аравдугаар сарын 4-нд амжилттай хөөргөсөн нь сансрын судалгааг эхлүүлсэн.
Энэ жил 100 гаруй улс оронд сансрын агентлагууд, музей, одон орон судлалын төвүүд хамтран зохион байгууллаа. Манай улсад “Дүдү” боловсролын сан”, шинжлэх ухаан, STEAM боловсролын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын оролцоотойгоор тэмдэглэх болжээ.
“Сансарт хөөрсөн” захианууд
Сансарт нисэхгүй ч захиа илгээх ховорхон боломж хүүхэд бүрд нээлттэй байлаа. Хүүхдүүдийн илгээсэн захидлуудыг “Blue Origin” компанийн “New Shepard” хөлгөөр задгай сансарт гаргаад “Сансарт хөөрсөн” гэсэн тамга дараад буцааж тараах юм. Бүх насныханд зориулсан хөтөлбөр, туршилттай учир хүүхдээ дагуулан очсон эцэг эхчүүд утсаа ухаж, уйтгарлах завгүй цагийг өнгөрүүлж байв.
Сансрын салбар хувьсан өөрчлөгдөж, хувийн компаниуд хүчтэй өрсөлдөж эхэлсэн энэ цаг үед сансар бидэн рүү улам ойртсоор байна.
Монголын сансрын салбарт идэвхтэй ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн илтгэлээс эхлээд сонирхолтой хэлэлцүүлгүүд, нүдээр харж, биетээр турших воркшопууд, асуулт хариултын тэмцээн зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан.Тэгвэл тус арга хэмжээний тайзнаа Монгол Улсын анхны сансрын нисгэгч, ЗХУ болон БНМАУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа “Газрын гадаргаас дээш 100 км-т хүрвэл сансарт гарсан гэж тооцдог. Үүнийг “Карманы зурвас” гэх ба пуужин зохион бүтээгчид энэ өндөрт хүрэхийг хүсэн мөрөөддөг” хэмээгээд Монгол хүн сансарт нисэхийн ерөөл өргөсөн юм. Тэрбээр ЗХУ-ын баатар В.Жанибековын хамт “Союз 39” хөлгөөр 1981 оны гуравдугаар сарын 22-нд сансарт хөөрсөн. Сансарт найман өдрийн судалгаа хийхдээ дэлхийг 124 удаа тойроод амжилттай газарджээ. Ажиглавал, сурагчид ангиараа нэгдсэн зохион байгуулалттай иржээ. “Судлаачид 2020 онд Сугар гаргийн агаар мандлаас фосфины ул мөр илрүүлсэн. НАСА 2030 онд Сугар гараг руу “Давинчи”, “Веритас 2” хөлөг хөөргөхөө зарласан” гэх мэдээллийг сонссон долоон настнууд “Дэлхийгээс өөр хэдэн гараг байдаг вэ”, “Сугар гараг хол уу” гэх зэргээр ихэд сониучирхан асуултаар булж байлаа.
Ангараг бол бидэнтэй хамгийн ойр орших, хүн суурьшиж болохуйц гараг. Ирээдүйн хүн төрөлхтний хувьд чухал лаборатори, судалгааны талбар хэмээгдэж буй учраас цөөнгүй улс орон, хувийн хэвшлүүд Ангараг руу чиглэсэн төсөл, хөтөлбөрийг олноор боловсруулаад байна. Харин манай улсын хувьд “Mars V” төслийг эхлүүлсан MARSA сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшиний илтгэлийг томчууд чих тавин сонсоно. Харин тайзны хөтөлбөрийн хэлэлцүүлэг өсвөр насныхны сонирхлыг татаж байлаа. Харийн соёл иргэншлээс эхлээд шинэ нээлтүүдийн тухай А.Доржпалам, М.Хасчулуу, ШУА-ийн Энергийн физикийн лабораторийн эрхлэгч, доктор Ц.Энхбат нар сүүлийн үеийн мэдээллүүдийг хуваалцсан юм. Монголын анхны хиймэл дагуулыг бүтээсэн эрдэмтэд хамтран MOSTA буюу Монголын сансрын технологийн холбоог байгуулан ажиллаж буй. Тэгвэл эл салбарын хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах басхүү сүүлийн үеийн сонин сайхнаа хуваалцахаар МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч, дэд профессор Т.Төртогтох “Монголын сансрын технологийн холбоо юу хийдэг вэ” илтгэлээ хэлэлцүүллээ.
Хог хаягдалгүй ирээдүй
Танхимын төвд хоёр цаг тутамд болох хуваарьт шоу үзүүлбэрийг хүлээсэн үзэгчид байраа эзэлжээ. Картон цаасан тайз, гар аргаар хийсэн хаяг, чимэглэлүүдийг хараад голох, гайхахыг хослуулсан томчууд хоорондоо “Хэдэн он бэ” гэж шивэр авир хийгээд амжлаа. Энэ бол хог хаягдалгүй ирээдүйг бүтээх багачуудыг бүтээлч байдалд дадалжуулж буй арга.
Тайз, чимэглэл сэлтийг ашиглаж дуусаад дахин боловсруулна. Нэг удаагийн үйл ажиллагааны дараа хэчнээн их хаягдал гардаг билээ дээ. “Сансар ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд зохион байгуулсан учраас тэр. Хүн бүр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулахыг уриалаад зогсохгүй олон талыг оролцуулсан эвент өрнүүллээ. Тухайлбал, электрон хог хаягдлаа авчирж тушаагаад воркшоп хийх, хуучин хувцсаа авчирж хатгамал хийж дахин ашиглах аргыг заасан юм. Электрон хог хаягдал хамгийн хортой хэрнээ дахин ашиглавал хэрэгцээтэй зүйл болдог аж. Хүүхдүүд эх дэлхийгээ хайрлаж, уур амьсгалын өөчлөлтийг сааруулахад бодитой хувь нэмрээ оруулах хүслээр жигүүрлэж байгаа нь Сансрын долоо хоногийн давхар өгөөж билээ.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагчдын нэг “Дүдү” шинжлэх ухааны музейн захирал Э.Даваа “Бидний хэрэглэж байгаа бүхнийг инженерийн шинжлэх ухааны үр дүнд бүтээсэн. Харамсалтай нь манайд МУИС-ийн химийн тэнхимийг хоёр оюутан, физик, биологийн чиглэлээр нэг л хүн төгсөж байна. Монголд дараагийн үеийн инженерүүд гарч ирэхгүй байгаа шалтгаан нь энэ юм. Шинжлэх ухаанд суурилан хийж, бүтээх салбарт хүн дутагдалтай болоод удаж байна. Тэгэхээр Монголд инженерийн үйлдвэрлэл үлдэх нь эргэлзээтэй болсон гэх үгийг сонсоод хоолой зангирч байсан. Энэхүү арга хэмжээнд ирээд инженер болох, ямар нэгэн мөрөөдөл, хүсэл зорилготой, шинжлэх ухааныг сонирхон судлах, хувь хүний зүгээс эх дэлхийдээ ээлтэй байх талаар нөлөөлөх нь бидний зорьж буй үр дүн” хэмээлээ. Гэр бүлээрээ зорин ирсэн хүүхдүүд шинжлэх ухаан, сансар огторгуй ямар сонирхолтой болоод хол биш гэдгийг ойлгоод сэтгэл хангалуун буцлаа. Ирээдүйд тэд шинэ Монголыг бүтээнэ.
Х.Заяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24617/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна