Улаанбаатар хотын төдийгүй орон нутгийн улс төр шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэллээ. Улс орон даяар энэ сарын 11-нд болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн дүнд МАН нийслэл хотод үнэмлэхүй ялалт байгуулсан. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 40-д МАН ялалт байгуулж, үнэмлэхүй олонх болоод байгаа юм. Үүний дагуу ялалт байгуулсан төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж, тэмдэг, үнэмлэхийг нь гардуулан өгснөөр хотын парламент ажилдаа шуурхайлан орлоо. Тодруулбал, орон нутгийн сонгууль дууссан даруйд буюу энэ сарын 14-нд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг зарлан хуралдууллаа. Нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад нь болох Хан-Уул дүүргээс сонгогдсон төлөөлөгч Г.Батсайхан нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг даргалан явуулсан юм.
Анхдугаар хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэн. Хуралдааны эхэнд Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар ээлжит сонгуулийн дүнгийн талаарх мэдээдэл болон сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай илтгэлийг танилцуулав. Түүний мэдээлснээр энэ удаагийн сонгуульд 15 нам, нэг эвслээс оролцох хүсэлтээ илэрхийлж, 10 нам, нэг эвслийн хүсэлтийг хүлээн авч, нэр дэвшигчдийг бүртгэжээ. Нийт 276 нэр дэвшигчийг бүртгэсэн бөгөөд үүнээс 36.2 хувь буюу 100 нь эмэгтэй нэр дэвшигч байжээ. Харин МАН 45, АН 44, Үндэсний эвсэл 26, ИЗНН 45, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам нэг, Иргэний хөдөлгөөний нам зургаа, ХҮН нам 44, Үнэн ба зөв нам 14, Ард түмний олонхын засаглал нам 18, Иргэдийн оролцооны нэгдэл нам 25, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас найман нэр дэвшигч оролцсон байна. Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар “Нийслэлийн ИТХ-ын 2024 оны 35 дугаар тогтоолоор нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийг 12 тойрог байгуулж, олон мандаттай зохион байгууллаа. Энэ удаагийн нийслэл болон сонгуулийн есөн дүүргийн 515 хэсгийн хороо мэдээлэл технологийн 10 багтай ажиллалаа. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн нийслэл, дүүрэг, хороо, хэсэг тус бүрээр нь цахим хуудаст хуулийн дагуу байршуулж, сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллалаа” хэмээн мэдээллийн эхэнд онцолсон. Түүний мэдээллийг сонссоны дараа АН-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх хэр шударга сонгууль болсон талаар асуусан бол тус намын төлөөлөгч Т.Батцогт “Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн ирц 42 хувьд хүрсэн. Төрийн байгууллагаас томилогдсон сонгуулийн хороо иргэдийн ирцийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил хийсэн бэ. Улсын төсвөөр ямар ажил хийсэн бэ” гэдгийг асууж тодруулсан юм. Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар тэдний асуултад “Ирцтэй холбоотой мэдээллийг нийслэлийн төр, захиргааны тавдугаар байран дээр тусгай дэлгэц дээр шууд дамжуулж явсан. Ирцийн мэдээллийг цаг тухайд нь хийж, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилласан. Нийт сонгогчдын тоо өссөн хэдий ч санал өгсөн хүний тоо 2020 оноос их байсан. Ирцийг нэмэх тал дээр анхаарч ажилласан” гэх хариултыг өгсөн юм. Ийнхүү Нийслэлийн сонгуулийн хорооны даргын тайлан, илтгэлийг сонссоны дараа нийслэлийн ИТХ-ын даргыг нууцаар санал хурааж, нэр дэвшүүллээ. Үүний өмнө тооллогын комиссыг байгуулсан. Тооллогын комиссыг Баянзүрх дүүргээс нийслэлийн ИТХ-ын сонгуульд хоёр дахиа өрсөлдөн ялалт байгуулсан төлөөлөгч Ү.Оюунзул, Сонгинохайрхан дүүргээс нийслэлд мөн л гурав дахиа сонгогдсон төлөөлөгч Ж.Сандагсүрэн нарын таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулснаар санал хураалтыг явуулсан юм. Тус санал хураалтад оролцсон хүчинтэй 43 саналаас 39 төлөөлөгчийн буюу 86.7 хувийн саналаар Амарбаясгалан овогтой Баярыг Нийслэлийн ИТХ-ын даргад нэр дэвшүүлсэн юм. Улмаар Амарбаясгалан овогтой Баярыг Нийслэлийн ИТХ-ын даргаар сонгох тухай тогтоолын төсөлд илээр санал хураан, олонх нь дэмжин баталгаажуулав. Ингэснээр нийслэлийн ИТХ-ын даргын тамгыг 2020-2024 оны нийслэлийн ИТХ-ын бүрэлдэхүүний даргаар ажилласан Жанцангийн Батбаясгалан гардуулан өгсөн юм. Улмаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Хишгээгийн Нямбаатарыг дэвшүүлж, олонхын саналаар томилуулахаар нэр дэвшүүлсэн. Хуралдааны дэгийн дагуу шинээр сонгогдсон нийслэлийн ИТХ-ын дарга нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцүүлнэ гэж заасны дагуу Улаанбаатар хотын захирагчид нэр дэвших тухай асуудлыг хэлэлцсэн юм. Ингэснээр Хотын даргад нэр дэвшүүлэх тухай саналыг нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр танилцуулав. Тэрбээр 100 хувийн саналаар Х.Нямбаатарыг нэр дэвшүүлж байгаагаа танилцуулсан бөгөөд заалнаас өөр хүн нэр дэвшүүлэх саналтай төлөөлөгч байсангүй. Ингээд Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэхийг олонхын саналаар дэмжиж, тогтоолын төслийг олонхын саналаар баталлаа. Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны шийдвэр, холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов.
Нийслэлийн ИТХ-ын даргаар сонгогдсон А.Баярын хувьд 1985 онд төрсөн, хүний их эмч мэргэжилтэй юм байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийг дүүргэсэн. Аав Д.Амарбаясгалан нь эрчим хүчний салбарт 34 жил ажилласан инженер, “ДЦС-4” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженерээр саяхныг хүртэл ажиллаж байжээ. Харин ээж Г.Сарангуа нь эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажилласан хүний их эмч мэргэжилтэй. А.Баяр ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн бөгөөд 2008 онд АШУҮИС-ийг дүүргэжээ. Мөн Хартфордын их сургуулийн бизнесийн удирдлага, МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн байна. Тэрбээр 2010 оноос “Хүрэл-интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Тус компани нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн-БНХАУ-ын Сэхээ боомт хооронд ачаа тээвэрлэдэг юм байна. Энэ цагаас хойш А.Баяр "JCI Централ" салбар байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон олон нийтийн болон улс төрийн идэвх оролцоотой ажиллаж иржээ. Ингээд 2016 оноос Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, БЗД-ийн ИТХ-ын даргаар мөн сонгогдож байсан. Улмаар 2020 оноос УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн зөвлөхөөр ажиллаж байгаад нийслэлийн ИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт өрсөлдөн ялалт байгуулснаар ийнхүү хотын парламентыг удирдан ажиллахаар болж байна. Ирэх дөрвөн жилд нийслэлийн ИТХ-ыг даргалан ажиллах болсон А.Баяр тамга тэмдгээ гардан авснаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон олон нийтэд хандан үг хэлсэн юм. Тэрбээр “Надад итгэл үзүүлж, улс эх орныхоо төлөө чин сэтгэлээсээ ажиллах боломж олгосон Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон эрхэм төлөөлөгч журмын олон нөхдөдөө талархсанаа илэрхийлье. Иргэдийн төлөөлөгч гэдэг иргэн, төр хоёрын харилцах гүүр. Тиймээс Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын даргын хийж, хэрэгжүүлэх бодлого, хэтийн төлөв, алсын хараанд нийцүүлэн иргэд, ард түмнийхээ дуу хоолойг хүргэж, тууштай дэмжиж ажиллах болно. НИТХ гэдэг бодлогын байгууллага. Цаашид бодлого тодорхойлох үндсэн үүргээрээ ажиллах учиртай. Сайн бодлогын үр дүнд сайн бүтээн байгуулалт өрнөж, амьдрах орчин, аюулгүй байдал, ажлын байр дээшилдэг. 385 жилийн түүхэн замналыг туулж, 28 удаа нүүдэллэсээр тунгалаг Туулын хөвөөнд суурьшсан их хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийг улам хөгжүүлэхийн тулд бид сайн бодлого тодорхойлох ёстой. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа нийслэл хотын хөгжилд хөрөнгө оруулалт, түүнийг дэмжсэн ажлууд шаардлагатай. Улаанбаатар хотын алсын хараа, хэтийн зорилгод 2040 он хүртэл хэрэгжүүлэх шинэ сэргэлт, “Шинэ Улаанбаатар” төслийг зоригтой, зорилготой, шинэ үеийн лидер хотын даргатайгаа хамтдаа хэрэгжүүлж, иргэн төвтэй, эдийн засгийн чадамжтай нийслэл хотоо бүтээхийн тулд хамтын нөхөрлөл, олон улсын дэмжлэг гадаад харилцааны шинэ хөрөнгө оруулалтыг татан ажиллахыг уриалж байна” гэлээ. Анхдугаар хуралдааны үеэр нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Ихбаярыг улираан томилсноор хотын парламент ийнхүү шинэчилсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэллээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24618/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна