Х.Нямбаатар Хотын даргаар ажилласан нэг жилийнхээ ойг үнэмлэхүй ялалтаар угтав


Одоогоос яг нэг жилийн өмнө буюу  2023 оны аравдугаар сарын 12-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын 36 дахь захирагчаар  томилж, тамга тэмдгийг нь гардуулан өгч байв. Харин өнөөдөр буюу яг нэг жилийн дараах аравдугаар сарын 11-нд  Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын даргын хувиар орон нутгийн сонгуульд  намаа, багаа удирдан оролцож, үнэмлэхүй ялалт байгууллаа. Энэ бол түүний хувьд маш чухал бөгөөд хариуцлагатай сонгууль байсан юм.  Учир нь Засаг даргад дүн тавих эрх бүхий Иргэдийн төлөөлөгчдийн хуралд аль нам олонх болох вэ гэдгээс Х.Нямбаатар үргэлжлүүлэн Хотын даргаар ажиллах эсэхийг шийдэх байв.  Нөгөө талаас эрх баригч намын зүгээс цаашид Сонгуулийн хуулийг өөрчилж, УИХ болон орон нутгийн сонгуулийг нэгтгэх талаар ярилцаж эхэлсэн энэ үед нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн олонх аль намаас бүрдэх нь сонин байв. Ийм хариуцлагатай сонгуульд Х.Нямбаатараар удирдуулсан нийслэлийн МАН-ын хороо том амжилт үзүүллээ. Ингэснээр нийслэлийн иргэдийн олонхын саналыг авсан  төлөөлөгчдийн үнэмлэх, тэмдгийг гардуулж, нийслэлийн ИТХ-ын даргыг томилсноор хотын парламент шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр ажилдаа орлоо. 
Х.Нямбаатарын хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс  сонгогдон ажиллаж байсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамыг удирдаж байхдаа ийнхүү Ерөнхий сайдын саналыг хүлээн авч, Хотын даргаар ажиллаж эхэлсэн.  Жилийн өмнө тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзсэн нь улстөрчийн хувьд  карьер буурсан  сонголт боллоо гэх дүгнэлтийг цөөнгүй хүн хийж байв. Гэвч тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс тавьсан Хотын даргаар ажиллах саналыг хүлээн авсан нь  хувь улстөрчийн хувьд өөрийгөө олон талаас харуулах, бататгах алхам байсныг жилийн дараа ийнхүү баталлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнд Хотын даргын тамгыг гардуулан өгөхдөө “Нийслэлийн бодлого, тогтолцоо, бүтэц, эрх зүйд цогц реформ хийж, “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэлийн урт, дунд, богино хугацааны бүрэн төлөвлөлтийг олон улсын байгууллагын зөвлөмж, нийслэлийн иргэдийн оролцоотойгоор боловсруулан, УИХ, Засгийн газраар яаралтай батлуулах нь зүйтэй.  Мөн нийслэлийн эрх зүйн орчин, тэр дундаа газрын харилцаа, нийтийн тээвэр, иргэдийн эрх, үүргийг тодорхой болгож, агаар, орчны бохирдол, хог хаягдал, түгжрэл, ногоон байгууламж зэрэг амьдралын чанарын суурь стандартыг УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө эрх зүйн хувьд бүрэн шийдвэрлэх хэрэгтэй. Эдгээр асуудлыг цэгцлэхэд УИХ-ын намрын чуулганыг бүрэн зориулахад бэлэн байгаагаа УИХ-ын дарга, гишүүд илэрхийлсэн. Мөн Засгийн газар нийслэлийг дэмжиж ажиллана” хэмээж байв. Ерөнхий сайд тухайн үед Улаанбаатар хотыг өмнө нь Засгийн газар гаднаас нь өөрчлөх ямар ч боломжгүй байсан. Учир нь Ерөнхий сайд, Хотын дарга хоёр бие биеэ дэмждэггүй, ойлголцдоггүй байсан. Тийм учраас Засгийн газар хотод их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэггүй, авторлагдсан бусад ажил руугаа төсвийг илүү зардаг байсан. Харин хот болохоор асуудлаа Засгийн газрын дэмжлэггүй шийдэх гэж оролдоод өмнө нь хана мөргөсөн. Үүний үр дүнд Улаанбаатар хот амьдралын чанарын хувьд таатай биш болсон. Хүнээр бол эрүүл мэндийн хувьд хүнд өвдсөн. Тиймээс миний хувьд үүнийг л өөрчлөх гэж Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдаас нь хүртэл татгалзуулж, Хотын дарга болгосон. Яагаад гэвэл би Х.Нямбаатартай хамтарч ажиллахыг хүссэн. Өмнө нь авлига, боомт зэрэг олон ажил дээр хамтарч байсны хувьд түүнийг барьж авсан ажлынхаа ард заавал гардгийг мэдсэн. Алдаатай, оноотой ч түүнд шазруун зан байдаг. Төрд түүн шиг албан хаагч олон биш. Ихэнх нь “…Чимээгүй байж байгаад цаг хугацааг өнгөрөөе” гэж боддог хандлагатай. Миний бие нэгэнт Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа хотын маш том реформ хийе гэж шийдсэн учраас хотынхон маань надтай гар нийлж хамтарч ажиллах Засаг даргыг сонгож өгөх нь туйлын чухал. Энэ Засгийн газарт гэхээс илүүтэй хотынхонд л хэрэгтэй. Тэгэхгүй бол дахин өөр нэг концепц гаргаад, өөр нэг асуудал ярих эсвэл улстөржөөд л байвал Засгийн газар зохицуулахад хүндрэлтэй.  Та бүхэн хараарай. Орон нутгийн удирдлагуудаас хэн нь Засгийн газартай хамгийн ойр ажилласан. Тэр орон нутаг л хөгжсөн”  хэмээн саяхан Хотын дарга Х.Нямбаатарыг тодорхойлсон.  
Ийнхүү Улаанбаатар хотод эрс, цогц реформ хийхийн тулд Х.Нямбаатарыг Хотын даргаар томилсон Ерөнхий сайдын шийдвэр буруу байгаагүйг өнгөрсөн цаг хугацаанд нийслэлийнхэн бага багаар мэдэрч эхлээд байна. Цаашид Засгийн газрын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод метроноос авахуулаад томоохон олон  шинэчлэл өөрчлөлт хийгдэх нь тодорхой болж, гараанаас гарсан. Тийм ч учраас нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг баталгаажуулсан анхдугаар хуралдаанаас Х.Нямбаатарыг Улаанбаатар хотын захирагчаар  улираан ажиллуулахаар санал нэгдээд байна.  Тодруулбал,  нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар нийслэлийн ИТХ дахь  МАН-ын бүлгээс  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Хишгээгийн Нямбаатарыг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжсэн юм. Ингэснээр Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны шийдвэр, холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов.  Ийнхүү УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзан Хотын даргаар томилогдсон Х.Нямбаатар Улаанбаатар хотыг удирдан ажилласан нэг жилийнхээ ойгоор  нийслэлийн МАН-аа удирдан орон нутгийн сонгуульд оролцож үнэмлэхүй ялалт байгуулснаар бүрэн эрхээ дахин баталгаажууллаа. Тийм ч учраас түүнийг нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны төлөөлөгчдийн 100 хувийн саналаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид улираан нэр дэвшүүлсэн юм. Энэ үеэр тэрбээр  “Ирэх дөрвөн жилд нийслэлчүүдийн хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжлийн он жилүүд байх болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг нийслэлийн ИТХ-ын 2024 оны сонгуульд Нийслэлийн МАН-ын хорооноос дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй уялдуулан, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040-д нийцүүлэн, нийслэлийн хүн ам, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн, нэгдмэл, цогц, харилцан уялдаатай, давхардалгүй, хүртээмжтэй, бүх нийтийн оролцоог хангасан байх зарчмуудыг баримтлан боловсруулж, батлуулах болно” хэмээн онцоллоо. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал хураалт дууссаны дараа 154 хэсэгт хяналтын тооллогыг гар агаар тасралтгүй 8-10 цагийн турш явуулсан гэдгийг Нийслэлийн сонгуулийн хорооны дарга тодотгосон. Улмаар  хяналтын тооллогын дүн хар машины саналын тоотой бүрэн тохирсон буюу ямар нэгэн зөрүү гараагүй гэдгийг онцлон мэдээлэв. 


Нийслэлийн Засаг даргын орлогчдыг томилов

       

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар улиран ажиллах болзол хангасан Х.Нямбаатар  өөрийн хоёр орлогчийг томиллоо. Тодруулбал,  Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Амгаланбаярын Амартүвшинг томилов. А.Амартүвшин нь дипломат, олон улсын харилцаа, эрх зүйч мэргэжилтэй. 2007 онд Австралийн Монаш их сургуулийг улс төр, гадаад судлалаар бакалавр, 2011 онд Австралийн Декиний их сургуулийг гадаад харилцааны мэргэжлээр магистр зэрэгтэй хамгаалж, төгссөн байна. 2008 онд УИХ-ын Тамгын газрын захиргааны хэлтэст зохион байгуулагч, 2008-2013 онд УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтэст зохион байгуулагч, шинжээч, референт, 2013-2016 онд БНБУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан, консул, 2016 оноос өнөөдрийг хүртэл Хан-Уул дүүргийн ЗДТГ-т Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм. 2020-2024 онд Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2024 оноос одоог хүртэл нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр ийнхүү Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж эхэллээ. Харин Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Түмэндалайн Даваадалайг томиллоо. Т.Даваадалай нь инженер мэргэжилтэй, орос, англи хэлтэй бөгөөд 2006 онд  ерөнхий боловсролын 73 дугаар дунд сургуулийг, 2006-2011 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг зүтгүүрийн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн. 2015-2017 онд Австрали улсын Күийсландын их сургуульд менежментэд суурилсан инженер-бизнесийн удирдлага хосолсон мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ. 2011-2015 онд Улаанбаатар төмөр замын ХНН-ийн туслах машинч, засварын хүлээн авагч, машинч, засварын инженер, 2016 онд “UniCar” старт-ап үүсгэн байгуулагч, 2017 онд “Батс-Өргөө” ХХК-ийн ОТ сайт менежер, 2018 онд “Аплайс Монгол” ХХК-ийн бизнес хөгжлийн менежер, 2020 онд “Дава Бизнес Консалтинг” ХХК-ийн захирал, 2020 онд “NCСS ХХК”-ийн ОТ төслийн менежер, 2019-2021 онд “Вагнер Ази” ХХК-ийн  техникийн зөвлөх багийн менежер, 2021 оноос өнөөдрийн хүртэл “Бодь Интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл хариуцсан захирал, 2022 оноос өнөөдрийг хүртэл “Бодь” группийн R&D төвийн даргаар ажиллаж байсан туршлагатай аж.  Тэрбээр ийнхүү Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж эхэллээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24618/ 


5
angry
0
care
3
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 7 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 10 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 10 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 10 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 10 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 11 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 11 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 12 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 12 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 12 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 12 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 12 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 12 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 12 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 12 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 12 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 12 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 13 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 13 цагийн өмнө