Орон нутгийн сонгууль болж дууссан ч нэмэлт санал хураалт явагдана. Тодруулбал, орон нутгийн буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг энэ сарын 11-нд зохион байгуулсан. Санал хураалтын дүнгээр нийслэлийн ИТХ-д МАН 40, АН таван суудал авсан. Орон нутагт буюу 21 аймгийн 14-т МАН, үлдсэнд нь АН-аас нэр дэвшигчид олонхын санал авч, төлөөлөгчөөр ажиллахаар болов. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд улс төрийн арван нам, нэг эвсэл болон бие даагчид 8031 мандатын төлөө 17278 хүн өрсөлдсөн юм. Үүнийг задалбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай байв.
Таван сумын зургаан хэсэгт энэ сарын 19-нд нэмэлт санал хураалт болно
Санал хураалтын эцсийн дүнгээр зарим суманд нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул дахин санал хураалт явуулахаар болсон. Тодруулбал, энэ удаагийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтыг 19 аймгийн 75 сумын 87 хэсэгт явуулахаар тогтсон. Сумын сонгуулийн хороодын гаргасан шийдвэрийн дагуу аравдугаар сарын 13-нд 19 аймгийн 70 сумын 81 хэсэгт нэмэл саналт хураалт зохион байгуулав. Харин аравдугаар сарын 19-ний өдөр таван сумын зургаан хэсэгт нэмэлт санал хураалт явуулна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийн саналын тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулах зохицуулалт бий. Хуулийн дагуу энэ сарын 13-нд зохион байгуулсан нэмэлт санал хураалтаар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн 3-11-3 хэсэг, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн 10-3-3 хэсэг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн 11-14-5 хэсэгт тус тус хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн байна. Тиймээс эдгээр гурван хэсгийн нэмэлт санал хураалтыг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулах тогтоолыг тухайн сумын сонгуулийн хороод гаргасан байна. Эл өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус, Дорнод аймгийн Хэрлэн, Завхан аймгийн Цэцэн-Уул, Увс аймгийн Малчин, Ховд аймгийн Буянт сумын есөн хэсэгт нэмэлт санал хураалт явуулах юм.
Нэмэлт санал хураалтын дүнг өмнөх сонгогчдын санал дээр нэмж тооцно
Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгнө. Саналын дүнг гаргахдаа нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргахаар хуульчилжээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг долдугаар сарын 13-нд https://election.burtgel.gov.m... цахим хуудаст байршуулсан. Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргадаг. Уг жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс эхэлж орон нутгийн сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулахаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасан байдаг.
Хамгийн өндөр ирцтэй аймгийг Баян-Өлгий тэргүүлэв
Орон нутгийн буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг санал хураалт улсын хэмжээнд 07:00-20:00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд ирц 53.2 хувьтай буюу нэрийн жагсаалтад бүртгэлтэй 2.107.291 сонгогчоос 1.120.021 нь саналаа өгчээ. Улаанбаатарын тухайд ирц 42.3 хувьтай буюу 1.005.132 сонгогчоос 425.347 нь саналаа өгсөн нь өмнөх сонгуулийн ирцтэй харьцуулахад хамгийн бага үзүүлэлт болов. Энэ турхайд нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар “Өмнөх 2020 оны орон нутгийн сонгуулийн ирц 47 хувьтай байсан. Тухайн үед 900 мянга гаруй сонгогчтой байсан. Энэ удаагийн сонгуулийн нэрсийн жагсаалтад 1.2 сая гаруй сонгогч бүртгэгдсэн. Нийт сонгогчийн тоо өссөн. Санал өгсөн хүмүүсийн тоо ч өмнөх 2020 оны орон нутгийн сонгуулиас өссөн дүнтэй байгаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Харин орон нутгийн хувьд сонгуульд оролцогчдын ирц өндөр гарчээ. Тухайлбал, хамгийн өндөр ирцтэй аймгийг Баян-Өлгий тэргүүлэв. Энэ удаагийн Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирцийг өмнөх жилүүдийн сонгуулийн ирцээс харвал,
2008 оны ИТХ-ын сонгуулийн ирц-59.01 хувь
2012 оны ИТХ-ын сонгуулийн ирц-52.9 хувь
2016 оны ИТХ-ын сонгуулийн ирц-60.44 хувь
2020 оны ИТХ-ын сонгуулийн ирц-55.9 хувь
2024 оны ИТХ-ын сонгуулийн ирц-53.2 хувь буюу 2012 оноос хойш зохион байгуулсан сонгуулиудаас хамгийн бага ирцтэй байгаа нь ирцийн босгогүй болгосонтой холбон тайлбарлаж буй.
Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн 27 нь анх удаа сонгогдов
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох 12 тойрог байгуулж, олон мандаттай томсгосон тойргоор зохион байгуулав. Тус сонгуульд 15 нам, нэг эвсэл оролцох хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд Нийслэлийн сонгуулийн хороо үүнээс 10 нам, нэг эвслийн хүсэлтийг хүлээн авч, 276 нэр дэвшигчийг бүртгэсэн юм. Тодруулбал, МАН 45, АН 44, Үндэсний эвсэл 26, ИЗНН 45, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам нэг, Иргэний хөдөлгөөний нам зургаа, ХҮН нам 44, Үнэн ба зөв нам 14, Ард түмний олонхын засаглал нам 18, Иргэдийн оролцооны нэгдэл нам 25, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам найман хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд эдгээр нэр дэвшигчийн 36.2 хувь буюу 100 нь эмэгтэй нэр дэвшигч эзэлж байв.
Нийслэлийн сонгуулийн хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нийслэлийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны мэргэжил, арга зүйн удирдлага дор 515 хэсгийн хороо, мэдээлэл технологийн 10 багтай ажиллаж, амжилттай зохион байгуулсан тухай тус хорооны дарга П.Хадбаатар танилцууллаа.
Тойрогтоо хамгийн олон санал авсан 45 нэр дэвшигч нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон. Эдгээр төлөөлөгчийн 27 нь анх удаа, дөрөв дэх удаагаа нэг, гурав дахь удаагаа дөрөв, хоёр дахь удаагаа 13, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан нэг төлөөлөгч сонгогджээ. Сонгогдсон төлөөлөгчийн дундаж нас 40.8 бөгөөд хамгийн ахмад нь 49, хамгийн залуу нь 30 настай байна. Нийслэлийн ИТХ-д сонгогдсон 45 төлөөлөгчийн арав нь буюу 22 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Мэргэжлийн тухайд нийт төлөөлөгчийн 40 хувь нь эрхзүйч, 22.2 хувь нь инженер, үлдсэн нь санхүү, эдийн засагч, бизнесийн удирдлага, улс төр судлаач, багш, соёл урлагийн удирдлагын мэргэжилтэй аж.
Нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг мэдээлнэ
Холбогдох хуульд заасны дагуу орон нутгийн сонгуульд оролцсон нам эвсэл болон нэр дэвшигчид сонгуулийн зардлын тайлан болон гүйлгээний хуулга гаргаж аудитын байгууллагад хүргүүлэх ёстой. Тодруулбал, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт буюу энэ сарын 10-ны дотор багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэх ёстой гэж заасны дагуу нэр дэвшигчид холбогдох бичиг баримтаа хүргүүлээд буй. Харин одоо нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт буюу энэ сарын 25-наас өмнө мөн адил дээр дурдсан бичиг баримтыг хүргүүлэх ёстой.
Харин сонгуулийн зардлын тайланг хянаж, нийтэд мэдээлэх тухайд зардлын тайланг төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага нам, эвслийн зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор буюу 2025 оны нэгдүгээр сарын 24-ний дотор, нэр дэвшигчийг мөн оны нэгдүгээр сарын 9-ний дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлэх хуулийн зохицуулалттай.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24618/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна