УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент ирэх дөрвөн жилд баримтлах хуулийн чиглэлийн үзэл баримтлалаа зарласан. Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хууль тогтоох дээд байгууллагыг удирдан ажиллах хугацаандаа хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болох, хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлоход “Гурван төгөлдөршил”-ийн зорилго оршиж байгааг онцлон зарласан. Тэгвэл Д.Амарбаясгалан даргын дэвшүүлэн зарласан “Гурван төгөлдөршил”-ийн агуулга, ач холбогдлын талаар УИХ-ын даргын Хуулийн зөвлөх Н.Булгантамиртай ярилцлаа.
-УИХ-ын даргын зүгээс “Гурван төгөлдөршил”-ийг дэвшүүлэн зарлаад байна. Энэ бодлогын ач холбогдлын талаар та манай уншигчдад мэдээлэл хүргэнэ үү?
-УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар бүрдсэн, олон намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй анхны парламентын талаар ард иргэд, олон нийт асар өндөр хүлээлттэй байна. Учир нь салбар бүрийн төлөөлөл, судлаач, туршлагатай мэргэжилтнүүдээс шинэ парламент бүрдлээ. Хамгийн залуу 27 настай УИХ-ын гишүүнээс эхлээд олны дунд нэр хүндтэй олон гишүүнээс парламент бүрдсэн учраас олны анхаарлын төвд байна. Тийм ч учраас энэ удаагийн парламент хуулийн талдаа манлайлал үзүүлэх ёстой гэж УИХ-ын дарга үзэж байгаа юм. Үүний дагуу УИХ-ын дарга “Гурван төгөлдөршил” бодлогыг танилцуулаад байна. Энэхүү бодлого нь иргэдийн өдөр тутмын амьдралд чөдөр, тушаа болсон хуулийн заалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилго агуулсан. Иймд Үндсэн хуульд заасан УИХ-ын онцгой бүрэн эрхийг буюу хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтээ хүн төвтэй хууль, цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль гэсэн “Гурван төгөлдөршил” бодлогыг санал болгож байгаа юм.
-Тухайлбал, “Гурван төгөлдөршил”-ийн хүн төвтэй хууль гэх үзэл санааг бид хэрхэн ойлговол зохилтой вэ?
-Угтаа энэ гурван төгөлдөршил бол хоорондоо салшгүй холбоотой зүйл. Та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс жишээ, баримтад тулгуурлан тайлбарлая. Хууль бичилт, дараалал, бүтцийн хувьд хүндээ ойлгомжтой байх хэрэгтэй байгаа юм. Ялангуяа залуу үеийн хэрэгцээ, шаардлагыг тодорхой хэмжээнд анхаарч байвал их сайн байна. Хуульд эхлээд байгууллагын бүрэн эрх, тогтолцоог тусгаад дараа нь иргэний эрх ашигт хэрэгтэй хэсгийг оруулсан байдаг. Тиймээс хууль бүтээх үйл явцад иргэний асуудлыг нэн тэргүүнд эрэмбэлэх, хуулийг бүтэц, дэс дарааллын хувьд иргэн хүн хайж байгаа зүйлээ олох, ойлгоход хялбар болгомоор байгаа юм. Жишээлбэл, 2017 онд батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль нь залуучуудын хэрэгцээ шаардлагад тулгуурласан гэхээс илүүтэйгээр тунхаг шинжтэй, төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүргийг тодорхойлсон, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг журамласан. Энэ нь тус хуулийн үнэ цэнийг бууруулах, залуучуудад ойлгомжгүй байдал үүсгэх, бодитой дэм болохгүй байна. Тиймээс энэхүү хууль нь төрийн захиргааны байгууллага, эсхүл эрх бүхий албан тушаалтны хэм хэмжээг тодорхойлохоос илүүтэй залуучуудад ямар боломж олгосон, нийгмийн хэрэгцээг нь яаж хангаж байгааг нь тодорхой, ойлгомжтой бичих хэрэгтэй байгаа юм. Энэ бол хүн төвтэй байхын суурь үндэс юм. Нэн тэргүүнд хүний эрхийн зөрчилтэй хуулиудын заалтыг засаж, залруулах хэрэгтэй. Хоёр жилийн өмнө хийсэн хуульчдын судалгааг үзвэл нийт 810 гаруй хуульд дүн шинжилгээ хийж, 300 гаруй хуулийн 400 гаруй заалт хүний эрхийн зөрчилтэй байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргасан. УИХ-ын дарга чуулганы танхимыг сэтгүүлчдэд нээлттэй болгож буй нь иргэдийн мэдэх эрхийг хангаж буй хэрэг юм. Хуулийн хэлэлцүүлгийн уур амьсгалыг бодитой мэдрэх нөхцөлийг парламент бүрдүүлж байгаа нь иргэдийн мэдэх эрхэд хүндэтгэлтэй хандаж буй жишээ. Ийнхүү иргэдийн өдөр тутмын амьдарлыг хааж боох бус дэмжин туслах, хүний эрхийг дээдэлсэн, эрх тэгш байдлыг хангасан байх нь Хүн төвтэй хууль батлах үзэл санаа юм.
-“Гурван төгөлдөршил”-ийн нэг нь цаг үеийн шаардлагад хуулийг нийцүүлэх тухай тусгасан. Цаг үеэ мэдрээгүй, бодит амьдралаас хол байх нь хууль хэрэгжихгүй байхын нэг шалтгаан гэж үздэг шүү дээ?
-Аж үйлдвэрлэлийн дөрөв дэх хувьсгал ид өрнөж буй цаг үед бид амьдарч байна. Хүн төрөлхтний харилцаа болон техник технологийн дэвшил сараар бус өдрөөр, заримдаа өдрөөр бус цаг, минутаар хэмжигдэх үе иржээ. Тиймээс хууль тогтоох байгууллага нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болох хэрэгтэй юм. Жишээлбэл, Тамхины хяналтын тухай хуулиар зөвхөн утаат тамхины асуудлыг хөнджээ. Гэтэл электрон тамхи, шүлсэнд нэвчдэг нунтаг тамхины асуудалд зохицуулалт алга. Мөн AI технологитой холбоотой эрх зүйн орчин, оюуны өмчийн хамгаалалт сул байна. Мөн энэхүү технологи нэвтэрснээр зарим тохиолдолд бусдын нэр хүнд, ажил мэргэжлийн нэр хүндэд халдах оролдого гарч буй тул эрх зүйн үр дагавар бүхий асуудлууд зохицуулах зайлшгүй шаардлагатай. Манай иргэд, залуучуудын дунд скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгсэл аль хэдийнэ хэрэглээнд нэвтэрсэн. Гэхдээ үүнийг тээврийн хэрэгсэл гэж үзэх эсэхээс эхлээд харилцааг хэрхэн зохицуулах талаар эрх зүйн акт байхгүй байна. Мотоцикл механикжсан тээврийн хэрэгсэлд хамаардаг. Харин сүүлийн үеийн скүүтер, мопед нь тус тээврийн хэрэгслээс дутахааргүй хүчин чадалтай тул уг асуудлыг зохицуулах шаардлага үүсэж эхлээд байна шүү дээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эдгээр хэрэгслээс болж 500 гаруй хүн бэртсэн гэдэг судалгаа гарчээ. Нөгөөтэйгүүр хуулийн хэрэгжилт хангалтгүй байхын сацуу соёл төлөвшөөгүй цөөнгүй жишээг дурдаж болно. Тухайлбал, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд асран хамгаалагчийн эрхийн талаарх тодорхой заалт нь хэрэгжих боломжгүй байна. Энэхүү заалтын талаар мэдээлэлгүй байхаас гадна аж ахуйн нэгжүүд дотоод журмаар хязгаарлалт хийх буюу хууль давсан журам гаргах гэх мэт олон асуудал үүсчээ.
-Тэгвэл үүнээс улбаалаад дараагийн төгөлдөршил буюу иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хуулийн асуудал хөндөгдөж байна гэж ойлгож болох уу?
-Тиймээ, хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох шаардлагатай. Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт 2786 журам байдаг. Хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулсан жишээ олон. Мөн хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, тодорхой үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэм хэмжээг тухайн харилцааны нэг тал буюу хяналт тавьдаг нийтийн захиргааны байгууллага батлах нь хэр зохимжтой вэ гэдгийг эргэн харах ёстой. Үндсэн хуульд иргэний эрх, эрх чөлөөг гагцхүү хуульд заасан үндэслэл журмаар хязгаарлахаар заасны дагуу иргэний үндсэн эрхийг хангуулах хүрээнд хуулийг иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой батлан гаргах хэрэгцээ шаардлага байна. Жишээлбэл, Цагдаагийн албаны тухай хуульд “...хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, эсхүл албадлагын арга хэмжээ авсан тохиолдолд...” гэж заасан нь өөрөө иргэний үндсэн эрхэд халдаж байх магадлалтай юм. Мөн Гаалийн ерөнхий газрын даргын тушаалын хавсралтаар “Бараа тээврийн хэрэгслийг саатуулах журам”-ыг батлан гаргасан байдаг. Тус журамд хугацааг зааж өгөхдөө 30 хоногт багтаахаар тусгасан нь иргэний өмчийн эрхийг зөрчиж байж болзошгүй юм. Хууль, журмын зохистой харилцаа алдагдсан нь байгууллага, эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээ нэмэгдэж, хүний эрх бүдгэрэхэд нөлөөлж байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд гагцхүү СӨХ-ны дүрмээр зохицуулахаар бүх төрлийн харилцааг зохицуулж буй нь өрөөсгөл гэж үзэх үндэслэлтэй байна. Жишээлбэл, тус хуулийн 6 дугаар зүйлд “Холбооны дүрэм” хэсэгт дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах журам, сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам, холбооны үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө бүрдүүлэх, сан байгуулж, ажиллах журмыг тусгасан байна. Ингэснээр хуульд заасан СӨХ-ны үйл ажиллагааны талаар нэгдсэн зохицуулалт байхгүй, бүгд дор бүрнээ дүрмээр шийдэхээр байгаа нь хуулиар зохицуулбал зохих харилцааны тэнцвэр алдагдаж, дүрэм журам голлох үүрэгтэй болсон. СӨХ-ны үйл ажиллагаа сайн байх нь иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэн хадгалагдах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаж чаддаг. Харин СӨХ-ны үйл ажиллагаа муу байх нь иргэдийн үл хөдлөх эд хөрөнгө үнэгүйдэхээс эхлээд олон сөрөг үр дагавар гарч байдаг. Мөн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд сайн дурын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалттай болсон нь давуу талтай юм. Гэтэл түүнийг журмаар зохицуулахаар тусгаж, улмаар журам нь хангалттай түвшинд биш тул уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын хавсралтаар Залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журмыг баталсан. Тус журамд сайн дурын ажлын явц, үр дүнг тухайн орон нутгийн Залуучуудын хөгжлийн төвийн саналыг үндэслэн залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга үнэлнэ гэсэн байна. Үүнээс үзэхэд залуучуудын сайн дурын үйл ажиллагааг үнэлэх процесс нь төвөгтэй, олон шат дамжлагатайгаас гадна нэг төрлийн байгууллагын даргын үзэмжээр үнэлж байгаа нь залуучуудад чиглэсэн бодит дэмжлэг болж чадахгүйгээс гадна ялгавартай байдал үүсгэж болзошгүй юм.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24618/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна