Х.Тамираа: Бүх сургууль хоёр ээлжээр хичээллэх боломжийг бүрдүүлж байна


Боловсролын салбарт өрнүүлж буй бүтээн байгуулалт болон 2025 оны төсвийн төсөлд тусгасан онцлох санал, төсөл хөтөлбөрийн талаар Боловсролын яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Тамираатай ярилцлаа. 

-Сүүлийн жилүүдэд салбар бүрд бүтээн байгуулалт өрнөж байна. Боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэдэн хувь нь бүтээн байгуулалтынх байна вэ?  
-Боловсролын салбарт энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 440 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Үүний 391 нь бүтээн байгуулалтынх буюу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж барих, харин үлдсэн нь их засвар хийх болон шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төсөл хөтөлбөр юм. Бүтээн байгуулалтын 391 төсөлд 142 сургууль, 149 цэцэрлэг, 17 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 40 дотуур байр, 21 спорт заал болон мэргэжлийн боловсрол, сургалтын төвийн барилга багтаж байгаа юм.  

-Одоогоор хэдэн сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулаад байна вэ?

-Өнгөрсөн жил нийт 78 сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заалны барилгыг ашиглалтад оруулсан. Харин энэ оны тухайд хүлээгдэж буй гүйцэтгэлээр буюу он дуусахад улсын хэмжээнд 26 сургууль, 40 цэцэрлэг, 18 дотуур байр, спорт заал зэрэг нийт 91 барилга байгууламжийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнээс одоогоор 42 барилга ашиглалтад орчихсон байна.

-Он дуусахаас өмнө эдгээр сургуулийг ашиглалтад оруулснаар гурван ээлжээр хичээллэдэг асуудал шийдэгдэх үү. Одоо хэдэн сургууль гурван ээлжээр хичээллэж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд найман сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Гэхдээ ирэх сарын дунд үе гэхэд эдгээр сургууль бүгд хоёр ээлжээр хичээллэх боломж бүрдэнэ. Тухайлбал, гурван ээлжээр хичээллэж буй 5, 14 зэрэг сургуулийн өргөтгөлийн барилга удахгүй ашиглалтад орох гэж байна. Харин үлдсэн гурван ээлжээр хичээллэж буй сургуулийн асуудлыг стандартын шаардлага хангасан барилга байгууламж түрээслэх замаар шийднэ.

-Хэдэн сургууль, цэцэрлэг түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна вэ. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт хэдэн хувийн биелэлттэй байна вэ?

-Барилга нь 2025 онд ашиглалтад орох 26 сургууль түрээсийн байранд хичээллэж байна. Мөн 99 цэцэрлэг түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Эдгээр цэцэрлэгт 375 бүлгийн 11980 хүүхэд хамрагдаж байгаа. Энэ жилийн хувьд цэцэрлэгт хамрагдалт улсын хэмжээнд 89.7 хувьтай байна. Бид E.mongolia системээр дамжуулан хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хуваарилсан. Ирэх онд цэцэрлэгт хамрагдалтыг 91.5 хувьд хүргэх зорилт дэвшүүлж, төсвийнхөө тооцооллыг боловсруулсан.

-УИХ-ын чуулганаар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Боловсролын салбарт ирэх жил хэрэгжүүлэхээр тусгаж буй төсөл хөтөлбөрөөс онцолбол?

-Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2025 оны төсвийн төсөлд боловсролын салбарт ирэх жил 198 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад байна. Баримталж буй гол зарчим бол өмнөх жилүүдэд эхлүүлсэн төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж бүрэн дуусгах юм. Засгийн газар  нийгмийн салбарт шинээр төсөл хөтөлбөр эхлүүлэхгүй, харин томоохон хэмжээний мега төсөл болон эрчим хүч, зам тээвэр, дэд бүтцийнхээ төсөл арга хэмжээнд голлон анхаарч, эрчимтэй хэрэгжүүлэх бодлого зарчим барьж байна. Тиймээс бид боловсролын салбарт  хэрэгжүүлж буй нийт 440 төсөл хөтөлбөр, арга хэмжээнээс үлдэж буйг нь ирэх жил эрчимжүүлж бүрэн дуусгана гэсэн үг. 

Ирэх оны төсвийн төсөлд тусгасан нэг онцлог санал шийдэл бол шинээр барьж буй сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийн асуудлыг хамтад нь тусгаж байгаа юм. Жишээлбэл, 960 хүүхдийн суудалтай сургууль шинээр барилаа гэж бодоход ийм тооны хүүхдэд шаардлагатай ширээ сандал, анги танхимын тоног төхөөрөмжийн тооцооллыг гаргаж, тусгаж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдгээр зүйлийг худалдан авахад шаардлагатай санхүүжилтийг барилга барих төсөвтэй нь хамт төсвийн төсөлд тоног төхөөрөмж хэсэгт тусгана гэсэн үг. Өмнө нь яадаг байсан бэ гэхээр үүнд багц дүнгээр төсөв тавьдаг байсан. 2024 оны төсөв дээр  энэ чиглэлд 25 тэрбум төгрөг тавигдсан байх жишээтэй. Тиймээс энэхүү төсвөөр шинээр ашиглалтад оруулсан сургууль, цэцэрлэгийн  самбар, сандал, ширээ зэрэг тавилга, тоног төхөөрөмж, мөн цахим боловсролыг дэмжих зорилтын хүрээнд багш нарыг компьютер болон бусад хэрэгслээр хангах асуудлыг шийдвэрлэдэг. Багц дүнгээр тавьсан төсөв хөрөнгө бол шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэгийг дээр дурдсан шаардлагатай зүйлсээр хангахад хүрэлцдэггүй. Тиймээс бид үүний зөрүүг сургууль, цэцэрлэгүүдэд хуваарилдаг урсгал болон нөхөн хангалтын санхүүжилтийн хүрээнд зохицуулалт хийдэг.

-Тэгэхээр энэ онд хэрэгжүүлж буй 440 төсөл хөтөлбөрөөс хэдийг нь ирэх жил үргэлжлүүлэхээр байна вэ? 

-2025 онд төсвийн тухай хуулиар 198 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний 195 нь энэ оноос шилжин хэрэгжих төсөл, арга хэмжээ юм.

-Эдгээр төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлыг ирэх жил бүрэн дуусгаснаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж, хүчин чадал хэдэн хувиар нэмэгдэх вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадал 39570 суудлаар, цэцэрлэгийнх  9730 ороор нэмэгдэнэ. Хамгийн том хүлээлт бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг чанартай бөгөөд цаг хугацаанд нь ашиглалтад оруулж дуусгах явдал юм.

-Ирэх онд шинээр бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхгүй гэхээр эргээд л ачаалал нэмэгдэх, гурван ээлжээр хичээллэх нөхцөл үүсэх юм шиг санагдаж байна.  Ийм эрсдэлээс сэргийлэх ямар санал шийдэл байна вэ?

-Үүнийг төсвийн хүрээнд зохицуулж байна. Тодруулбал, хувийн хэвшлийн барьсан сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой, стандартын шаардлага хангасан барилга байгууламжийг түрээслэх байдлаар энэ асуудлыг шийдэх санал гаргаж байгаа. Хүн амын өсөлтийн тооцооллыг харахад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг жил бүр л нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тиймээс түрээслэх, түрээслээд өмчлөх хувилбар хэрэгжүүлэх санал гаргаж, үүнд шаардлагатай төсөв мөнгийг ирэх оны төсвийн төсөлд тусгаж өгсөн. Энэ шийдэл нь нэг талаараа сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, нөгөө талаараа хувийн хэвшлийг дэмжих, идэвхжүүлэх хөшүүрэг юм. Өөрөөр хэлбэл, барилгын компаниуд орон сууцаа сургууль, цэцэрлэгтэй барьж, түүнийг нь улс түрээслэх, улмаар өмчлөх боломж бий болно гэсэн үг.

-Төсөв ярьсных нэг зүйлийг тодруулъя. Шинээр баригдсан цэцэрлэгийн тухайд эцэг эхчүүдээс мөнгө хурааж, тохижуулах асуудал шүүмжлэл дагуулдаг. Ер нь ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийн дагуу буулгаад шинээр барьсан сургууль, цэцэрлэгт шаардагдах самбар, ширээ сандал, тоног төхөөрөмж гэх мэт зүйлд зарцуулах санхүүжилт төсөвт  багтдаг уу?

-Ашиглалтын шаардлага хангахгүй сургууль, цэцэрлэгийн барилгыг шинэчлэхдээ хүчин чадлыг нь нэмэгдүүлж барьж байна. Тодруулбал, 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг 250 хүүхдийн хүчин чадалтай болгож барих жишээтэй.  Тэгэхээр энэ нь шинэ цэцэрлэг гэсэн ангилалд багтаж, гаргасан тооцооллынх нь дагуу хангалт хийнэ. Харин яг өмнөх хүчин чадлаар нь шинэчилж барьсан тохиолдолд өмнө нь ашиглаж байсан эд зүйлээ дахин хэрэглэх, хэрэв эвдрэл гэмтэл гарч актлагдсан тохиолдолд түүнийг нь нөхөж олгох зарчмаар явдаг.

Сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаанд баримтлах стандартыг 2022 онд баталж, хэрэгжүүлж байгаа. Үүнээс өмнө баригдаж, одоо хэвийн үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдийн тухайд цаг үеэ дагаад тоглоом наадгай болон хэрэглэгдэхүүнээ шинэчлэх хэрэгцээ шаардлага үүсэж байж магадгүй. Тиймээс эцэг эхийн оролцоо, хамтын ажиллагааны хүрээнд энэ мэт асуудлаа шийдвэрлэх тохиолдол байдаг юм билээ. Үүнийг зөв, буруу гэж үгүйсгэх арга байхгүй. Улсын төсөв хязгаартай учраас сургууль, цэцэрлэгийн бүх асуудал бүрд санхүүжилт тавих боломжгүй.

Төсвийн тухай хуулиараа түргэн элэгдэх бус удаан хугацаанд ашиглагдах, үндсэн хөрөнгө оруулалтын шинж чанартай тоног төхөөрөмж, тавилга эд зүйлс дээр төсөв тавигддаг. Тэгэхээр хөшиг, цагаан хэрэглэл гэх мэт хөрөнгө оруулалтын бус шинж чанартай эд зүйлсийн асуудлыг нөхөн хангалтын төсөв санхүүжилтээр шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн тоонд нь тааруулж, хувьсах зардал олгодог.  Жишээлбэл, 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгт жилд 4-5 сая төгрөг хуваарилагддаг. Үүгээр тоглоом наадгай аль эсвэл цагаан хэрэглэл авах уу гэх мэтээр юунд зарцуулахыг эцэг эхийн төлөөлөл багтсан цэцэрлэгийн зөвлөл өөрсдөө хуралдаж, шийддэг. Сургуульд мөн адил ийм зарчмаар захиран зарцуулах хувьсах зардлын санхүүжилт олгодог.

-Ер нь жилд боловсролын салбарт хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна вэ?

-Боловсролын салбарт зарцуулж буй улсын төсвийн хөрөнгө оруулалтын нийт төсөвт өртөг 2.2 их наяд төгрөг. Гэхдээ жил бүр санхүүжих дүнгээр барилга байгууламжийнхаа гүйцэтгэлд суурилж олгодог дүнгээр 723 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна.

-Сургууль, цэцэрлэгийн барилгуудын нэг маягийн зураг боловсруулах ажлыг гүйцэтгэж байгаа гэсэн. Өмнөхөөсөө ямар онцлог, давуу талтай байх вэ?

-Нэг маягийн зураг гэдэг нь нэг стандартад нийцсэн сургууль, цэцэрлэгийн зураг төсөв гэсэн үг. Нэг маягийн зургийг ногоон технологид суурилсан буюу эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдал багатай, тусгай хэрэгцээт хүүхдүүдэд ээлтэй,  анги тасалгааны агаар сэлгэлтийг сайжруулсан, орон зайн хувьд зөв зохион байгуулалттай байхаар боловсруулж буйгаараа онцлогтой. Ийм нэг маягийн зурагтай болсноор төсвийн хэмнэлт бий болох, нөгөө талаараа хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин нөхцөл бүрдэх юм.

-Сургууль, цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэг­дүүлж, шинэчилж барьж байгуулахаас гадна ариун цэврийн модон байгууламжийг шинэчлэх тухай асуудал яригдаж байсан. Орон нутгийн хамрагдалт болон гүйцэтгэлийн талаар мэдээлэл өгнө үү? 

-Орон нутгийн сургууль, дотуур байрны ариун цэврийн модон байгууламжийг орчин үеийн шийдлээр солих ажлыг “Эрдэнэс Монгол” компанийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байна. Энэ жил 100 тэрбум төгрөгөөр 800 орчим обьектын ариун цэврийн байгууламжийг шинэчлэх төлөвлөгөө гаргаснаас одоогийн байдлаар 424-ийг нь шинээр барьж ашиглалтад оруулаад байна. Энэхүү төсөл арга хэмжээнд 294 сумын 217 цэцэрлэг, 334 сургууль, 245 дотуур байр хамрагдаж байгаа юм.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24618/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 5 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 8 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 8 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 8 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 8 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 10 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 10 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 10 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 10 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 10 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 10 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 10 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 10 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 10 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 10 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 11 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 11 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 11 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 11 цагийн өмнө