Гэр хорооллын айл өрхүүд гал алдахгүй, өвлийг өнтэй давна



Улаанбаатар хотын хэмжээнд 200 гаруй мянган өрх гэр хороололд амьдардаг бөгөөд эдгээр айл жилд 500-600 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг. Нийслэлийн долоон дүүргийн эдгээр айл өрхийг “Тавантолгой түлш” компани сайжруулсан шахмал түлшээр хангадаг. Тиймээс хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулан бид энэ удаагийнхаа дугаарын сурвалжилгыг сайжруулсан шахмал түлшний нөөц, эрэлт хэрэгцээ, чанар, үзүүлэлт болон бусад асуудлын хүрээнд бэлтгэлээ.  


Сайжруулсан шахмал түлшийг өнгөрсөн есдүгээр сарын 15-наас худалдаалж эхэлсэн. Тиймээс бид шахмал түлшний борлуулалтын хэд хэдэн цэгээр орлоо. Худалдаачдын хэлж буйгаар түгээлт болон борлуулалт хэвийн байгаа бөгөөд дулаан үед өдөрт 4-5 тонн, хүйтэн үед 6-10 орчим тонн шахмал түлш борлуулдаг байна. Мөн иргэд, олон нийтийн дунд сайжруулсан шахмал түлшний үнийг нэмэх гэж байна гэх яриа гарч, хүмүүс олноор нь авъя гэж хандаж байсан ч сүүлдээ эл асуудал намжсан талаар Сонгинохайрхан дүүрэг дэх борлуулалтын цэгийн ажилтан ярилаа. Тэрбээр “Би энэ борлуулалтын цэгийг хоёр дахь жилдээ ажиллуулж байна. Одоогоор түгээлт, борлуулалт ямар нэгэн асуудалгүй, хэвийн байна. 

Түлшний үнэ ханш, нэг айлд олгодог тоо ширхэг гэх мэт зүйлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, яг өмнөх жилийнхтэй адил байгаа. Харин худалдан авагчид түлшний чанартай холбоотой санал гомдол хэлдэг. Тухайлбал, тортог ихтэй, бүрэн шатахгүй, нунтаг хог ихтэй байна гэх мэт санал шүүмж ирдэг. Би үүнийг холбогдох газарт нь уламжилдаг. Компани хэрэглэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлаж сайжруулах арга хэмжээ авдаг байх гэж бодож байна” гэв.

Сайжруулсан шахмал түлшийг 582 цэгээр борлуулж байна

Тус борлуулалтын цэгээс худалдан авалт хийж байсан иргэн Б.Ганбатын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Манайх картаараа долоо хоног бүр түлшээ авдаг. Сарынхаа хэрэглээний 28 шуудайг нэг дор авч болдог юм шиг байсан. Манайх олноор нь авбал хийх агуулах сав байхгүй болохоор долоо хоног бүр авдаг юм. Чанарын хувьд шууд сайн, муу гэж дүгнэж хэлэх боломжгүй. Үүнийг лабораторид тогтоох байх. Ямартай ч нүдээр харж, гараар барихад их л нунтаг бас хөө тортог ихтэй санагддаг” гэсэн бол түүнтэй хамт явж байсан Б.Нямсүрэн энэ жилийн сайжруулсан шахмал түлш шаталт, элч сайтай байгаа хэдий ч эвгүй, хурц үнэртэй гэх мэт зарим нэг асуудал байгааг хэллээ. Харин тэдний дараа шахмал түлш авахаар ирсэн Б.Мөнх-Эрдэнэ сайжруулсан шахмал түлшний чанар үзүүлэлтэд шүүмжлэлтэй хандаж, цаашид олон улсын туршлага судалж, илүү сайжруулах ёстой гэдэг санал хэлсэн юм.


Энэ жилийн тухайд сайжруулсан шахмал түлшний үнэ болон жинд өөрчлөлт оруулаагүй бөгөөд 25 кг буюу нэг шуудайг нь 3750, нэг тонныг нь 150 000 төгрөгөөр худалдаалж байна.

Шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэдийг бүртгэж, сонгон шалгаруулдаг. Энэ жилийн хувьд  шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг наймдугаар сарын 15-наас цахимаар бүртгэж, сонгон шалгаруулж гэрээ байгуулжээ. Одоогоор сайжруулсан шахмал түлшийг 582 цэгээр борлуулж байгаа бөгөөд өвлийн ид хүйтэн буюу оргил ачааллын үед энэ тоог нэмэгдүүлж, 650-670 цэгээр борлуулахаар төлөвлөсөн байна. Борлуулалт хийж буй гэрээт цэгүүдэд шахмал түлшийг 29 компанийн 200 гаруй тээврийн хэрэгслээр түгээж байгаа аж.

Засгийн газраас холбогдох шийдвэр гаргаж, чиглэл өгсний дагуу “Тавантолгой түлш” компани баруун бүсийн буюу Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт байрладаг үйлдвэрийнхээ үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Ингэснээр сайжруулсан шахмал түлшний хомсдол үүсэхвий гэсэн болгоомжлол иргэд, олон нийтийн дунд үүсээд буй. Тэгвэл тус компани бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор зүүн үйлдвэрийнхээ II, III цехдээ техникийн шинэчлэлт хийж, хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн байна. Ингэснээр өндөр хүчин чадалтай таван шугамаар хоногт 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэх боломжтой болжээ.  Ингэснээр тус компани 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд энэ жил 100 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэхээс энэ сарын 15-ны өдрийн байдлаар нийслэлийн долоон дүүргийн 44 агуулахад нийт 89000 тонн шахмал түлш нөөцөлсөн байна.


Д.Өлзийбат: Түүхий эд болон бусад нөөц хангалттай учраас асуудал гарахгүй 

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлын хүрээнт “Тавантолой түлш” компанийн ерөнхий технологич Д.Өлзийбаттай цөөн хором ярилцлаа. 

-Сайжруулсан шахмал түлшний түүхий эд болон бусад зүйлийн нөөц хангалттай бий юү?

-Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 100 мянган тонн шахмал түлш нөөцлөх ёстой. Энэ ажлын гүйцэтгэл 93 хувьтай  байна. Ямар нэгэн эрсдэл гарсан үед хэрэглэх зориулалт бүхий агуулахын нөөцөөс гадна үйлдвэрлэлийн үйл ажиллагаа  хэвийн үргэлжилж байгаа учраас энэ өвөл түлш тасрахгүй. Шахмал түлшний үндсэн түүхий эд болох мидлингийн зургаан сар, барьцалдуулагчийн дөрвөн сар, шуудайны жилийн нөөцтэй байна. Тиймээс энэ өвлийг гал алдахгүй давах бүрэн боломжтой.

-Танайх мидлинг нийлүүлдэг ”Энержи ресурс” компанитай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон талаар өмнө нь мэдээлэл өгч байсан. Энэ асуудлаа хэрхэн яаж шийдвэрлэсэн бэ?  

-“Энержи ресурс” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд мидлингийг манайд үнэ төлбөргүй нийлүүлж байсан. Гэрээний хугацаа нь өнгөрсөн зургадугаар сард дуусгавар болсон. Гэхдээ гэрээгээ сунгаж жилийн хугацаанд дахин нийлүүлэхээр тохиролцсон. “Эрдэнэс Тавантолгойн баяжуулах үйлдвэр” ашиглалтад орсон учраас жилийн дараа манайх энэ үйлдвэрээс гарсан мидлингийг ашиглахаар болсон. Мөн “Энержи ресурс” компанийн нийлүүлсэн мидлингийг тухайн баяжуулах үйлдвэрээс төлж барагдуулахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл, мидлингийг мидлингээр төлнө гэсэн үг.

-Баруун бүсэд байр­лалтай сайжруулсан шахмал түлшний үйлд­вэрийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоо­той­гоор нийлүүлэлт багасах, түлш олдохгүй байхвий гэдэг бол­гоомжлол байна?

-Бид баруун бүсэд байрлалтай үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өнгөрсөн дөрөвдүгээр сард бүрэн зогсоосон. Ингэхдээ зүүн болон төвийн бүсэд байрладаг үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Тухайлбал, төвийн бүсийн үйлдвэр хоёр шугамаар хоногт 850-1000 тонн, зүүн бүсийн үйлдвэр 1800-2100 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Ингээд хоёр үйлдвэр маань хоногт хамгийн багадаа 2100-2600 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой. Өмнө нь  баруун бүсийн үйлдвэрийн шугамтай нийлээд хоногт 2400 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол одоо хоёр үйлдвэрт 2600 тонныг үйлдвэрлэх техникийн боломж нөхцөлийг бүрдүүлсэн учраас сайжруулсан шахмал түлш хомсдох, нөөцгүй болох гэх мэт асуудал гарахгүй. 

-Иргэд жил өнгөрөх тусам сайжруулсан шахмал түлшний чанар муудаж байгаа гэх санал гомдол хэлж байна. Түлшний чанар үзүүлэлт ямар түвшинд байгаа вэ. Хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Манай компани өнгөрсөн 2023 онд дотооддоо лабораторитой болсон. Тиймээс бүтээгдэхүүн болон түүнд хэрэглэж буй түүхий эд мидлинг, барьцалдуулагчаас өдөр бүр дээж авч шинжилдэг. Мөн сард нэг удаа хөндлөнгийн лабораторид шинжлүүлдэг. Үүнээс гадна холбогдох мэргэжлийн байгууллагууд мөн дээж авч, хянадаг. Чиг үүргээрээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас холбогдох мэргэжилтнүүд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар дээж авч шинжлүүлж, дүгнэлт гаргуулдаг. Одоо хэрэглэж буй бүтээгдэхүүн болон түүхий эдийн шинж чанар өмнөх жил хэрэглэж байсантай адил түвшинд байгаа юм.

-Сайжруулсан түлшний түүхий эд буюу орц найрлагад ямар нэгэн өөрчлөлт оруулсан уу?

-Манай компани 2019 оноос хойш “Энержи ресурс” компанийн нийлүүлж буй мидлингийг ашиглаж байна. Тэгэхээр бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болох мидлинг өөрчлөгдөөгүй. Харин барьцалдуулагчийн тухайд 2019 оноос цардуул суурьтайг ашиглаж байгаад Засгийн газраас хүхэрлэг хийг бууруулах чиглэл өгсний дагуу 2022 оноос дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн доломитийн орцтой барьцалдуулагч хэрэглэдэг болсон. Ингэснээр шаталтаас үүдэлтэй агаарт дэгдэж буй хүхэрлэг хий тодорхой хувиар буурсан нь холбогдох шинжилгээгээр тогтоогдсон.

-Та бүхэнд бүтээгдэхүүнээ илүү сайжруулах, чанар үзүүлэлтийг нь нэмэгдүүлэх тухайд төлөвлөсөн зүйл бий юү?

-Бид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч нэлээд олон судалгаа хийж, ирэх жилээс бүтээгдэхүүнээ илүү сайжруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тодруулбал, нүүрсний шаталтын явцад ялгардаг дэгдэмхий тоос, тоосонцрыг бууруулах Солонгос болон Тайвань улсын нэмэлт бүтээгдэхүүнийг туршиж үзэхэд тодорхой хэмжээний үр дүн гарсан. Хэрэв үүнийг хэрэглэхийг холбогдох байгууллагууд дэмжвэл ирэх жил тухайн нэмэлт бүтээгдэхүүнийг шахмал түлшиндээ ашиглана. Ингэснээр шаталтаас үүдэлтэй тоос тоосонцор багасаж улмаар агаарын бохирдол ч тодорхой хувиар буурна. 

-Сайжруулсан шахмал түлшийг нүхтэй шуудайнд савладаг нь ямар учиртай вэ?

-Одоо савлаж буй шуудай өөрөө чийг, ус нэвтрүүлэхгүй байх зориулалттай. Тиймээс айлууд битүү шуудайтай түлшээ дулаан газарт оруулж, улмаар цан цохих, түлш нь норох асуудал гардаг байв. Тиймээс шуудайгаа нүхэлж, агаарын урсгал чөлөөтэй нэвтрэх, түлш норохгүй байх нөхцөлийг бий болгосон. Бидний тавьсан санал хүсэлтийн дагуу нүхэлсэн шуудай нийлүүлж байна. 

-Иргэдийн дунд сайжруул­сан шахмал түлшний үнэ нэмэгдэхвий гэсэн болгоомж­лол байна. Түлшний үнэд өөрчлөлт оруулах уу?

-Энэ жилийн тухайд сайж­руулсан шахмал түлшний үнэд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Нэг шуудай нь 3750, нэг тонн нь 150 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Яг энэ үнээр худалдан борлуулна.

 

Угаарын хий мэдрэгчээ шалгаарай

Манай улс сайжруулсан шахмал түлшийг 2019 оноос хэрэглээнд нэвтрүүлсэн. Сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэнтэй холбоотойгоор угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүдэд суурилуулсан. Тус төхөөрөмж зайгаар болон цахилгаанд залгаж ажилладаг хоёр төрөл бөгөөд ногоон гэрэл 30 секунд тутамд анивчиж байвал төхөөрөмж зөв, хэвийн ажиллаж байгааг, улаан гэрэл анивчиж, дохиолол дуугарвал угаарын хий аюултай түвшинд илэрч буйг илтгэдэг байна. Харин шар өнгийн гэрэл анивчиж дохиолол дуугарч байвал мэдрэгч гэмтэлтэй гэсэн үг аж. Хэрэв ийм гэрэл асаж байвал нийслэлийн харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн газар болон 70119410 дугаарын утсанд хандаж тусламж авах боломжтой.

Ташрамд дурдахад, олон улсад шахмал түлшний чийгийг 10-15 хувь гэж тооцдог бол “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэж буй шахмал түлшний чийг 2019 онд арван хувьтай байсан бол улмаар 2022 онд зургаан хувьд хүргэж бууруулжээ. Шахмал түлшний 97-98 хувь нь мидлинг буюу эрчим хүчний баяжуулсан нүүрс, харин үлдсэн хувь нь барьцалдуулагч байдаг аж. Шахмал түлшний шаталтаас гарах хүхэрлэг хийн стандарт хэмжээ 1200 микрограмм метр куб байх ёстой гэж үздэг.

Харин одоогийн түлшин дэх хүхрийн хэмжээ 600 микрограмм метр куб буюу 50 хүртэл хувиар буурсан байгаа нь стандарт үзүүлэлт аж.

 С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24618/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 5 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 8 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 8 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 8 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 8 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 10 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 10 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 10 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 10 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 10 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 10 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 10 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 10 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 10 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 10 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 11 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 11 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 11 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 11 цагийн өмнө