​ Монгол Улс ШХАБ-д байр сууриа бататгаж, Монгол, Туркменистаны хооронд хөгжлийн “шинэ урсгал” нээв



Төр, засгийн тэргүүнүүд гадаад улсад айлчилж,  харилцаа хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн нэгэн долоо өнгөрч байна. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан улсад энэ сарын 10-13-ны өдрүүдэд төрийн айлчлал хийв.  Монгол Улсаас тус улсад анх удаа хэрэгжүүлж буй дээд түвшний энэхүү айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсныг албаныхан тодотгож байна.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 15-16-нд Исламын бүгд найрамдах Пакистан улсад ажиллаж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцлоо. Энэ үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын тэргүүнүүд уулзаж, “Эдийн засгийн коридор”-ын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд хэлсэн үгэндээ “Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байна” хэмээн байр сууриа олон улсад бататгалаа. Ингээд, төр, засгийн тэргүүнүүдийн гадаад улсад хийсэн айлчлалыг тоймлон хүргэе.

У.Хүрэлсүх: Эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлнэ

Туркменистан улсын Ерөн­хийлөгч Сердар Берды­мухамедовын урилгаар  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсад хийсэн  айлчлалаар албаны ёсны хэлэлцээ хийж, Төрийн тэргүүнүүд “Монгол Улс, Туркменистан Улсын харилцаа, хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл” гаргалаа.

Мөн Монгол, Туркменистаны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг нийгэм, эдийн засгийн чухал салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохиролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулсан байна.

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр, логисти­кийн салбарын хамтын ажил­лагаа нэн чухал гэдэгт санал нэгдэж, айлчлалын хүрээнд агаарын харилцааны болон олон улсын автотээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгуулжээ.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эдгээр баримт бичиг нь зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, улмаар худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлэх болно” гэдгийг хэвлэлийн мэдээлэл хийхдээ онцолсон байна.

Хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулж, Монгол, Туркменистаны зах зээлд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай бараа бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэхээр тохиролцжээ.  Түүнчлэн Монгол, Туркменистаны хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц бололцоонд тулгуурлан хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөрийг судлан хэрэгжүүлэхээр болсон байна.

Энэ удаагийн айлчлалаар аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай баримт бичгийг байгуулсан нь Монгол, Туркменистаны ард иргэд улс орноо харилцан сурталчлан таниулах, хоёр улсын түүх, соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж үзжээ.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чар­майлтад хамтын хувь нэмрээ оруулах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Туркменистан улсын Ерөнхийлөгчийн санаа­чилсан “Туркменистаны ойжуу­лалт” үндэсний хөтөлбөртэй уялдуулан байгаль орчны салбарт хамтран ажиллахаар болсон байна.

Монгол Улс, Туркменистан улсын харилцаа, хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдлийн хүрээнд “Талууд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон орчин цагийн ногоон хөгжил, байгаль орчинд ээлтэй, ухаалаг хот төлөвлөлт, байгуулалтын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлж, “Шинэ Хархорум” хотын төлөвлөлт, байгуулалтын хүрээнд “Аркадаг” хотын бүтээн байгуулалтын талаар туршлага судлах, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон”-ыг дурдсан байна.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхий­лөгчийн энэхүү айлчлалаар  Монгол Улс, Туркменистан улсын хооронд харилцаа, хамтын ажиллагааны шинэ урсгал нээгдлээ.


Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байна

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Исламын бүгд найрамдах Пакистан улсын нийслэл Исламабад хотноо аравдугаар сарын 15-16-нд  боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанд ажиглагчаар оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогынхоо хүрээнд ШХАБ-ын гишүүн, ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнуудтай тогтоосон харилцаа, хоёр талын болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэн хөгжүүлэх болно.

Монгол Улс ШХАБ-тай болон ШХАБ-ын гишүүн орнуудтай эдийн засаг, дэд бүтцийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж, худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр логистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, ногоон шилжилт, аялал жуулчлал, мэдээллийн технологи, AI хиймэл оюун болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

ШХАБ-ын гишүүн бүх оронтой Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон бүс нутгийн хамтын ажиллагаа, Засгийн газруудын үйл ажиллагааны хөтөлбөрүүдтэй уялдуулан хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхэд бэлэн байна” хэмээгээд ШХАБ-ын дараагийн стратегийг тодорхойлоход дараах гурван саналыг оруулсан юм. Үүнд:

•Нэгдүгээрт, хурдтай хөгжиж байгаа технологийн үед хиймэл оюун ухаан болон хурдтай технологийн хөгжил бүс нутгийн хэмжээнд хэрхэн нөлөө үзүүлэхийг цаашдын стратегидээ илүү анхаарч үзвэл чухал байна.

•Хоёрдугаарт, уул уурхайн салбар дээр эдийн засаг нь тогтдог Монгол Улстай адил эдийн засгийн бүтэцтэй улс орнуудад ногоон хөгжлийн загвар хэрхэн өрнөх вэ гэдэг дээр бүс нутгийн хэмжээнд стратегиа тодорхойлбол илүү чухал байх болов уу гэж үзэж байна.

•Гуравдугаарт, өдрөөс өдөрт хүний нөөц хомсдож байна. Улс орнуудад төрөлт багасаж байна. Ажиллах хүчний хомсдолд орж байна. Боловсролын салбар хурдтай хөгжиж байгаа ногоон эдийн засгийн хөгжилтэй уялдахгүй байна гэх зэрэг асуудал үүсэж байна. Тийм учраас ШХАБ хүний нөөцийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж, хиймэл оюун ухаан, ногоон хөгжил бүс нутгийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг механизмыг гаргах нь бидний цаашдын хөгжилд хэрэгтэй гэсэн байна.

Энэ нь ирэх жилийн уулзалт болон ШХАБ-ын цаашдын стратегийг тодорхойлох, ялангуяа, технологийн хөгжилтэй БНХАУ, БНЭУ, ОХУ зэрэг улс орон үүнд илүү манлайлал үзүүлбэл алсыг харсан ухаалаг сонголт болно гэдэг итгэлтэй байгаагаа Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ тодотгосон байна. 

ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай уулзлаа.  Засгийн газрын тэргүүнүүд гурван улсын төрийн тэргүүний тохиролцоог бодит ажил хэрэг болгох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Эдийн засгийн коридор”-ын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван улсын хамтын ажиллагааг дэд бүтцээр харилцан холбох бүтээн байгуулалтыг бодитоор урагшлуулах, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг гурван талын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэх, эрчим хүчний реформын хүрээнд гурван тал хамтран ногоон, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгох төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын аялал жуулчлалын жишиг бүс байгуулах, улсын хил дамнасан цахим худалдааны платформыг бий болгох, боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэг, гамшигтай тэмцэх зэрэг чиглэлд гурван тал илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах зэрэг саналыг дэвшүүлжээ.

 Монгол Улсын “Талын зам” хөтөлбөр, Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг харилцан уялдуулж, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах ажлыг идэвхтэй урагшлуулахад Монголын тал бэлэн байна. Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт хамруулах 33 төслийн жагсаалтыг Монголын  холбогдох байгууллагууд тохиролцжээ. Энэ жагсаалтын нэгдүгээр заалтад тусгагдсан Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн шинэ төмөр зам барих төслийг эхний ээлжид хэрэгжүүлэх  нь гурван улсын эдийн засгийн коридор үүсгэхэд нэн чухал эхлэл цэг болно гэж үзэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлсэн байна.

Ийнхүү Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс  ШХАБ-ын гишүүн орнуудтай харилцан ашигтай, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байгаагаа бататгаж, хоёр хөрш орондоо   гурван улсын хамтын ажиллагааг дэд бүтцээр харилцан холбох бүтээн байгуулалтыг бодитоор урагшлуулах саналаа тодотгосон үр дүнтэй ажлын айлчлал боллоо.

Харин 126 гишүүнтэй шинэ парламентын тухайд намрын чуулганы ид ажилдаа шуударсан,  2025 оны Монгол Улсын төсөв, Төрөөс мөнгөний бодлогын  талаар баримтлах 2025 оны үндсэн чиглэл зэрэг хуулийн хугацаатай төслүүдийг хэлэлцээд  ачаалал ихтэй ажиллаж байна. Гэсэн хэдий ч  долоо хоногт манай улсад  УИХ-ын  дарга Д.Амарбаясгалангийн урилгаар  Австралийн Холбооны улсын Парламентын сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс нар айлчилсан бол   УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Швейцарын холбооны улсын Женев хотноо болсон  ОУПХ-ны 149 дүгээр Ассамблей болон Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн чуулга уулзалтад оролцлоо.

Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24618/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 6 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 10 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 10 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 10 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 10 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 11 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 11 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 11 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 11 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 11 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 11 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 12 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 12 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 12 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 12 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 12 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 12 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 12 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 13 цагийн өмнө