Место под солнцем
Үе тэнгийнхэнтэйгээ Сүхбаатар аймгаар гурав хоног зугаалж ирсэн оройноо зурагтын суваг эргүүлж суув. MN25 телевизээр оросын олон ангит кино эхэлжээ. Гол дүрийн эмэгтэй үнэт эдлэлийн дэлгүүрт худалдагч бололтой. Түүний дэргэд хижээл насны хос ирээд гоёмсог зүүлтүүд сонирхож буй нь дэлгэц дүүрэв. Нөхрийн санал болгосон бүхэн эхнэрт таалагдаагүй нь илт. Эхнэр худалдагчийн хүзүүн дэх харваас эртний эд рүү зангаж, “Ингэхэд танайд яг энэ зүүлт байгаа юу”. “Харамсалтай нь алга аа. Энэ зүүлтийг манай аавд ээж нь бэлэглэсэн, гэр бүлийн шүтээн юм”. Эхнэр “За тэр, харсан биз. Толик, энийг л жинхэнэ эд гэнэ. Тэр чигээрээ түүх. Харин энэ бүхэн ямар ч утгагүй юм аа”. Нөхөр: “За ингэж сүржигнэх хэрэг байна уу даа”. Эхнэр: “Толик чи юу ярина вэ, түүх гэдэг чинь алтнаас үнэтэй эд. Нэг муу бөгж дэргэд нь юу ч биш”.
Мөн ч хачирхалтай. Уг нь аялалд явахаас өмнө Хятадын зохиолч, Лиү Жэньюнь ноёнтны “Гурван намраас урт ганц өдөр” романыг талд нь ортол гүйлгэж, хараахан дуусгаагүйдээ хоргодонгуй. “Ирээд л шударна даа” гэж бодсоноо умартан, амгалан мэдрэмжиндээ дөрлүүлж, ямартаа л зурагтын удирдлага гартаа барих вэ дээ. “Монгол 89” гэж хүчирхэг нэгдэл бий. Энэхүү нэгдэл нь ТББ байгуулж, аймаг тус бүрээ төлөөлсөн удирдлагуудаар дамжуулан, 1987 онд найм, 1989 онд аравдугаар анги төгсөгчдийн дунд есөн шидийн арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал нэгэнт тогтжээ. 8989 /найс найс ч гэдэг/-чүүд гагнасан гинж шиг холбогдох гол хөшүүрэг нь биеийн тамир гэж дүгнэдэг. “Их модун” ХХК-ийн захирал, “Монгол 89”-ийн тэргүүн Б.Цогтсэргэлэн өөрийн бүтээн байгуулсан цогцолбортоо спортын заалтай учир сагс, волейбол сонирхогчид нэгдсэн бэлтгэл хийж эхэлсэн юм билээ. Үүнээс өмнө аймаг тус бүрдээ сургууль сургуулиараа өрсөлдөж байв. Энэ бүгдийг "Монгол 89" болгож өргөтгөсөн хэрэг. Анх удаа “Монгол 89”-чүүд бүс бүсийн, мөн нэгдсэн, спорт тэмцээнүүдийг зохион байгуулсан санагдаж байна. Бүх тэмцээнд алт, мөнгө, хүрэл медальтай, тодорхой хэмжээний урамшуулалтай ч хүмүүс түүнд нь болоогүй гэдгийг гадарлахтайгаа. Товчхондоо монголчууд эв нэгдлээр үнэнхүү өлсөж байна даа гэдгийг илтгэсэн үйл явдал болсон гэх үү дээ. "Монгол 89"-ийн уулчин, бүжигчин, сэлүүрт завиныхан, сагсчин, волейболчид, явган алхагчид хамтын хүчийг мэдрүүлж чадсан юм. "Монгол 89" зар сурталчилгааны нэгдлээс хэдэн хүн өөрт тохирсон ажлын байраа олж, бие биетэйгээ ажил хэргээр холбогдсоныг таашгүй.
Хамгийн сүүлд хэрэгжүүлж буй төсөл бол Монгол Улсын 21 аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах юм. 24 сарын дотор “Монгол 89-Эх орноороо аялахуй” спорт аяллын төслийг хэрэгжүүлж дуусгах зорилго тавьжээ. Гурав хоногийн дотор 130 хүн бүртгүүлсэн байна. Эдгээр төгсөгчид алтнаас үнэтэй түүхийн гэрч болох нь. Манай улс дотоод аялалд сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарал хандуулж, аялагчдын тоо жилээс жилд нэмэгдэн буйг бид бүгд мэднэ. Үүнийг бүх зүйлд анхдагч болоод буй 89-чүүд сэдсэн нь бахархууштай. Зохион байгуулагчид "Дүнжингарав" худалдааны төвд аяллын анхны цэгээ хатгажээ. Суудлын тэргүүд хөлсөлж, бараг л аймаг аймгаараа суухаар хуваарилсан байна. Спорт аяллын ерөнхий зохион байгуулагч Б.Цогтсэргэлэн, Уулын спортын мастер С.Ганхүү нар юм. Ажлын хэсэгт Янжмаа, Д.Болорцэцэг, А.Саруулболд, Ч.Должинсүрэн, П.Наранбат нар багтжээ. Миний бие төрөлх Дарханыхаа 89-чүүд болох Ц.Энхбаяр \"Монгол89" ТББ-ын гүйцэтгэх захирал\, Б.Отгондаваа, А.Энхцэлмэг, С.Үл-Олдох, Г.Энх-Отгон, Ч.Оюунгэрэл нартай аян замд ханьсах нь тодорхой боллоо. Б.Отгондаваа бид нэг ангид суралцаж байсан, ойрын хэдэн жил уулзалдаагүй учраас олзуурхууштай. Ц.Энхбаяр ханийн минь байрны “хүүхэд”. Тэр таарах бүрдээ Дархан хотын хуучин хорооллын 15 дугаар байрныхны гар дамжиж өссөн, ууган хүүг минь “Ким Ир Синий хүү том болсон уу” хэмээн асуудаг алиа хошин нэгэн. Ууган хүү Энхбаяр маань багадаа солонгос хөвгүүнтэй төстэй болохоор үеийн найз Энхбаяр түүнийг ”Ким Ир Синий хүү” гэж нөхөр биднийг инээлгэдэг байв.
“Монгол 89-Эх орноороо аялахуй” гэсэн бичээс бүхий стикер хажуу бөөрөндөө наасан машинуудын цуваа Багануур хотыг чиглэн давхилдав. "Багануур 89"-чүүд цөөхүүл харагдах боловчиг эвсэг хамт олон бий. Тэд аялагчдадаа сүү, цагаагаа дэлгэн угтаж, хорхгоор дайлав. Аяллын анхны цай, хоолны амт гэж ванлий. Одоо Хэнтийн төв орно. Мэдээж, "Хэнтий 89"-ийнхөн мөн тэнд хүлээж буй.
100 жилийн түүхтэй Хэнтий аймгийн нэгдүгээр 10 жилийн захирал бүсгүй биднийг үүдэндээ угтан зогсоно. Сургуулийн цайны газрын хаалгаар оронгуут хуурч хүү алдарт “Хэнтийн өндөр ууланд” аялгууг хорвоод хосгүй хоёр чавхдастаар хүнгэнүүлэн суух нь уугуул нутгийнхны унаган зочломтгой занг илтгэх мэт ээ. Хэнтий нутгийн цөцгий, талх, мойл зооглох юутай сайхан. 50 хүрсэн гэлтгүй нийлэхээрээ хүүхэд насандаа эргээд оччихдог бололтой юм. Хаа сайгүй шуугилдаад л Цогтсэргэлэн хэдэнтээ орилж байж дууг нь намжаан найрсаг, зочломтгой хүмүүст талархал илэрхийлэв.
Дараагийн өртөө болох Сүхбаатар аймаг их онцлогтой. Яг өдийд хунгууд чуулж байгаа. 2000-аад онд сонинууд захиалгын тоогоор өрсөлдөж, бид сонин захиалагчдад өгөх гарын бэлгээ ачаад, орон нутаг руу томилогдоно. Аймгийн шуудан холбоон дээр сониноо сурталчилж, азтан тодруулах зэргээр элдэв өрсөлдөөнөөр захиалагчаа уях тактик баримтална. 2005 оны намар Хэнтий аймагт захиалгаар очоод хэдхэн хонотол тарваган тахал гарчихлаа. Хэнтийчүүд сэтгэл зүйн бэлтгэлтэй ч гэж жигтэйхэн. Хаа сайгүй шуудай гурил, будаа, ахиухан мах, ногоо базаасан хүмүүс хорионд бэлдэн сандруу алхална. Хотоос ирсэн машинууд дуут дохио хангинуулан давхилдаж, цав цагаан одоогийнхоор бол корона хувцастай хүмүүс хөлхөлдөхийг харах хотын бидэнд түгшүүртэй. Тун удалгүй хөл хорио тогтоож, Хэнтийн шуудангийн дарга эгч “Энхээ энэ хорионд чи баларна. Шөнө Сүхбаатар аймаг руу сэмхэн гаргая. Хүмүүстэй ярьчихлаа. Тэнд үзэх харах зүйл их бий. Хунгийн чуулган үзсэн юм уу”. “Үзээгүй ээ, эгч ээ. Ямар гоё вэ. Явдаг хэрэг ээ”. Одоо бодоход тэр сайхан сэтгэлт эмэгтэй алийгаа ч мэдэхгүй, үүргэвч үүрчихсэн, түрийвчиндээ тав, аравхан мянган төгрөгтэй яваа сурвалжлагчийг дурсамж бүтээг гэж тооцоолсон байх. Шуудангийнхан маань ярьснаараа шөнө дөлөөр постонд гарч байгаа хүмүүст нэг зүйл шивнээд, Сүхбаатар аймаг явж буй эхнэр, нөхөрт дайлгав. Тэдний хүүхэд нь өвчтэй, өнөө шөнө гарахгүй л бол балрах аж. Давхилдсаар бараг үүрээр Сүхбаатарын шуудан дээрээ буулаа. Тэндхийн шуудангийн дарга өвгөн, шууданч эгчтэй хоолонд орж байтал “Дөрвөлж” ХХК-ийн захирал Эрдэнэцогт гэдэг хүн ирэв. “Хотоос ирсэн хэдэн хүн аялж яваа юм. Тэдний унаанд суулгаад өгье. Сайхан хамт олон байгаа” гэж байна. Тачигнатал инээсэн бүсгүйгээр ахлуулсан барилгын бригад аж. Унаагаа Сүхбаатарт үлдээгээд хоёр пургон хөлсөлжээ. “Муу сайныг үзсэн мууран Гамбаа байна. Сайн мууг үзсэн сайран Гамбаа байна” гээд л манай жолооч хөхөрнө. Сүхбаатарын Дерсу Узалаа аятай аяглана. Ийнхүү эвсэг хамт олонтой Шилийн богд, Оргихын булаг, Алтан овоо, Тоорой бандийн хөшөө, хунгийн чуулган үзсэн дурсамж сэдрэвэй.
Үргэлжлэл бий...
Н.Энхцэцэг
Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24618/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна