Зам дээрээ түгжрэлтэй, Засаг дээрээ хэрүүлтэй долоо хоног


Хаа сайгүй цас орж, халтиргаа гулгаа нэмэгдэн, Улаанбаатар хотын иргэд утаа, түгжрэл хоёртоо бухимдсаар өнгөрсөн долоо хоногийг үдэв. Засгийн газрын гишүүд төсөв мөнгө хэтрүүлсэн гэдэг хэл аманд орооцолдож, Засаг дарга нарыг сонгох хэрүүл тэмцэл хаа сайгүй өрнөлөө. Энэ нь ч аргагүй. Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үр дүнд Засаг дарга, ИТХ-ын дарга нар солигдож, үүнийг дагасан халаа, сэлгээ, томилгоо ид үргэлжилж байна. Нийслэлийг үргэлжлүүлэн удирдахаар болсон Х.Нямбаатар дүүргийн дарга нараа зарлаж, аймгийн Засаг дарга нар сумдын удирдлагуудаа томилж, шинэ дарга нарын нэрийг батламжлах ажил эхлэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ой, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Алтан намар-2024” ургацын баярт оролцлоо. Төрийн тэргүүний хувьд  “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” , “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. Үр дүн ч сайн байгаа. Тодруулбал, Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний салбарт нийт 24 хүнсний үйлдвэрийг шинээр ашиглалтад оруулж, 2023 оны байдлаар хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодоосоо хангаж чадсан гэдэг тоо баримтыг арга хэмжээний үеэр зарлалаа.


Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод буцах замдаа БНХАУ-д ажиллаж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцоод ирлээ. Одоогоос хоёр жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзахдаа хоёр улсын худалдааны эргэлтийг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Тэгвэл  өнөөдрийн байдлаар 17 тэрбум ам.долларт хүрч, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжиж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна.

Засгийн газрын хуралдаан дээр эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг ярилцаж, үнэ тариф нэмэх чиглэл гарсан. Үүнээс гадна Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр болжээ. Монгол Улс 1972 оноос хойш Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдсон баталгааг хэрэглэх тухай хэлэлцээр, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, Цөмийн ослын талаар шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай конвенц зэрэг олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон бөгөөд олон улсын гэрээгээр хүлээсэн эдгээр үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн. 2009 онд УИХ-аас баталсан Цөмийн энергийн тухай хууль нь найман бүлэг, 51 зүйлтэй бөгөөд нийт 15 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр найман бүлэг, 38 зүйлийн хэсэг, заалтад өөрчлөлт оруулж байжээ. Хууль хэрэгжих хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, эрх зүйн харилцаанд гарсан томоохон өөрчлөлтүүдийг харгалзан холбогдох өөрчлөлтийг эдгээр хууль тогтоомжид оруулах зүй ёсны шаардлага үүсээд байгаа юм байна.

Ирэх оны төсөв мөнгө хэлэлцэж, сайд нар хөрөнгө мөнгөө тануулахгүй авч гарах гэж УИХ-ын гишүүдэд байцаагдаж, байнгын хорооны хуралдаан дээр ээлж дараалан дуудагдаж байна. Ирэх 2025 онд Батлан хамгаалах яамны төсөв 110 хувиар нэмэгдээд байгаа юм. Гэхдээ төсвөө бүтэн авч гарах гэж Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэрэндээ л их хичээж байна. Тэрбээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр “Судалгаа хийж үзэхэд, манайхтай ижил цөөн хүн амтай, томоохон гүрнүүдтэй хиллэдэг Латви, Литви, Гүрж, Израйл зэрэг орнууд  хамгийн багадаа ДНБ -ийнхээ хоёр хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг бол дээд тал нь 10, 15 хувийг зарцуулдаг. Манай улсын хувьд ДНБ-ийнхээ 0.6-0.7 хувийг батлан хамгаалах салбарт зарцуулж байна.  Энэ нь батлан хамгаалах салбартаа  ДНБ-ийнхээ хамгийн өндөр хувийг зарцуулдаг оронтой харьцуулахад 20 дахин бага, хамгийн бага төсөв зарцуулж байгаа улстай харьцуулахад Монгол Улсын батлан хамгаалах салбарт зарцуулж байгаа төсөв дөрөв дахин бага байна” хэмээн мэдэгдлээ. Мөн “2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдаж байсан бол Батлан хамгаалах сайдын багцад 20 тэрбумын хөрөнгө оруулалт тавигдсан нь 20 дахин бага байгаа шүү” хэмээн сануулав.

Үндсэн хуулийн шинэчлэлийн хүрээнд 126 гишүүнтэй болсон хууль тогтоох дээд байгууллага эрхэм гишүүдийн эрх үүргийг сануулж,  сахилга хариуцлагыг сайжруулж, хууль дүрэм мөрдүүлэх  чамгүй том “зовлонтой” нүүр тулаад байна. Лайв хийдэг, наймаа, панз үсэргэдэг, давхар ажил хөдөлмөр эрхэлдэг цөөнгүй гишүүд гарч ирж, Ёс зүй, дэгийн байнгын хороог сандаргаж эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Улсын Их Хурлын гишүүн төрийн бус байгууллагын хамтын шийдвэр гаргахаас бусад удирдах албан тушаал эрхлэх”-ийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байгаа талаарх өргөдлийг тус хороо өнгөрөгч долоо хоногт хэлэлцэж шийдвэрлэлээ. С.Эрдэнэбат УИХ-ын гишүүнээр томилогдсон ч гэсэн МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хийж байгаа учраас сахилгын арга хэмжээ авахаар болжээ.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны  хуралдаан дээр  Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь удаа хэлэлцлээ. Энэ үеэр ирэх онд 226.2 мянган төрийн албан хаагчийн цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан зургаан хувиар нэмнэ гэсэн таатай мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх онд 792 мянган төгрөг хүргэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд маргаан дагуулж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх нь бага цалинтай төрийн албан хаагчид, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэвэр, тэтгэмж авдаг хүмүүсийн хувьд таатай мэдээ, харин хувиараа хөдөлмөр эрхэлдэг, цалин олгогчдын хувьд хүнд тусаж байгаа учраас аргагүй биз.

МАН-ын бүлэг Засгийн газраас боловсруулж буй улс орныг түүчээлэх 14 мега төслийг нэг нэгээр нь хэлэлцэж, тодорхой улс төрийн шийдвэр гаргана гэдгээ мэдэгдсэн. Үүний дагуу өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцын мэдээллийг сонсжээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулахын тулд дөрвөн багц ажлыг гүйцэтгэх ёстой.

Өнөөдрийн байдлаар гурав нь хэрэгжиж байгаа ч мөнгөний асуудал гарчээ. Тодруулбал, Энэтхэг улсын 1.2 тэрбум ам.долларын зээлээр баригдах ёстой үйлдвэрт 431 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болжээ. Тиймээс  Энэтхэгийн Экзим банкнаас 431 сая ам.долларыг нэмж авах гэрээ байгуулахаар болж байгаа гэдгээ салбарын яамныхан мэдэгдлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Боловсролын зээлийн сангийн асуудлаар хэлэлцэж, ажлын хэсэг байгуулснаа зарлалаа. Уг ажлын хэсгийг  УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж байгаа юм байна. Тэрбээр “2008 оноос хойш зургаан сайдын 17 тушаалаар 800 орчим суралцагчийн Боловсролын зээлийн сангийн зээлийг тэглэсэн. Гэхдээ сайд нарын энэ тушаал хууль бус байсан учраас  87.6 тэрбум төгрөгийг эргүүлэн төлүүлнэ” хэмээн мэдэгдлээ. Ямартай ч ардын хүүхдэд олддоггүй зээлийг ар өврийн хаалгаар авсан дарга нараар  төлбөр мөнгийг нь  төлүүлэх ажил үргэлжлэх бололтой.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24619/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18