Р.Булгамаа: Хүүхэд хамгааллын төрийн бодлого хүүхдэдээ бүрэн хүрэхгүй байна



Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай ярилцлаа.

-Ярилцлагаа таны мэргэжилтэй бас цаг үеийн хөндөх сэдэв болсон хүүхэд хамгааллын асуудалтай уялдуулан эхлүүлэх үү. Энэ чиглэлээр мэргэшсэн хуульчийн хувьд та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Хүүхэд хамгаалалд хүн бүрийн оролцоо чухал. Тэр дундаа хүүхдийн эрхийн төлөө ажилладаг боловсон хүчин, мэргэжилтнүүд, хүүхдийн эрхийн хуульчдын оролцоо маш чухал гэж боддог. Энэ чиглэлээр хуульчдыг мэргэшүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар тогтмол хангах зорилгоор Хүүхдийн эрхийн хуульчдын клубийг санаачлан байгуулсан. Улмаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар болон Монголын Өмгөөлөгчдийн холбооны удирдлагуудын түвшинд санамж бичиг байгуулж мэргэшүүлэх, чадавхжуулах сургалтыг зохион байгуулдаг. Энэ жил Хүний эрхийн үндэсний комисстой хамтран “Хүүхдийн эрхийн хуульч, өмгөөлөгч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах” сургалт, өмгөөлөгчдөд Хүүхдийн эрхийн хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд мэдлэг мэдээлэл олгох сургалтыг тус тус явууллаа. Давтагдсан тоогоор 200 гаруй хуульч өмгөөлөгч хамрагдсан. Цаашид хуулийн хүрээнд батлагдан гарах дүрэм журам, стандарт, аргачлалыг сурталчлан таниулах ажил олон байна. Түүнчлэн боловсрол, сургалтын байгууллагын албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтан, сэтгэл судлаачдад Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд хүлээх үүрэг хариуцлага, хүүхэдтэй харилцах харилцаанд анхаарах асуудлын талаар боловсрол, мэдээлэл өгөх шаардлагатай байна. Иргэн бүрд Хүүхэд хамгааллын хуулийн хүрээнд хүлээх үүрэг хариуцлагын талаар таниулах шаардлагатай. Манай нийгэмд нэг дутагдал бий. Хүн бүр хүүхэд хамгааллын асуудал нэн чухал гэж ярих атлаа энэ харилцааг зохицуулсан хуулиар ямар үүрэг хүлээсэн тухай ойлголтгүй явдаг. Батлагдсан хуулиа сөхөж ч хардаггүй. Нөгөө яриад, попроод байгаа асуудал нь аль хэдийнэ хуульчлагдаад зогсохгүй ямар хариуцлага хүлээх талаар Зөрчлийн хуульд  тусгасан байх жишээтэй. Хүн бүр хүүхдэд хайртай гэх мөртлөө ямар үйлдлийг хүүхдийн эрхэд халдсан эсвэл зөрчсөн үйлдэл болох талаар захын иргэнээс асуухад хариулж мэддэггүй. Хүүхэд хамгааллын харилцааг зохицуулсан хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны нэгдүгээр сарын 17-д батлагдсан. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Энэ хуулийг дагалдаж Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх, боловсролын сургалтын байгууллага, сүм хийдийн орчны аюулгүй байдалд нөхцөл байдлын үнэлгээ хийх, цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зэрэг 14 журам, зургаан стандарт, таван хөтөлбөр, хоёр төлөвлөгөө болон Соёл спортын үйл ажиллагаан дахь хүүхэд хамгааллын бодлого батлагдан гарах ёстой. Хуулийн хүрээнд дагалдан гарах 10 гаруй журам, Соёл, спортын яамнаас хүүхэд хамгаалалд чиглэгдэх бодлогын томоохон баримт бичиг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж Засгийн газрын гишүүд батлахаар хуульчилсан. Гэтэл энэ ажил ямар ч үр дүнгүй. Хууль батлагдаад 10 сар, хүчин төгөлдөр үйлчилж эхлээд даруй хоёр сарын нүүр үзэж байна даа.

-Монгол Улс Хүүхэд хамгааллын хуулиа шинэчлэн баталсан. Энэ хуульд орсон шинэлэг зүйл, заалтууд юу байв?

-2016 онд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдсанаар Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцооны суурь тавигдсан. Хорь шахам жил хэрэгжсэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль нь материаллаг шинжтэй  байсан төдийгүй  хүүхдийн хамгаалагдах эрхийн хэрэгжилтийг хангах, хүүхэд хамгааллын төрөл бүрийн үйлчилгээ, түүнийг үзүүлэх тогтолцооны эрх зүйн зохицуулалт, хариуцлагыг асуудлаас гадна процессын шинжтэй зохицуулалт үгүйлэгдэж ирсэн. Өөрөөр хэлбэл, Хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагуудын тогтолцоо нь хүртээмжтэй, үр өгөөжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадаагүйгээс гадна хүүхэд хамгааллын үйл ажиллагаан дахь шүүхийн оролцоо тодорхойгүй, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих төрийн, мэргэшсэн хяналтын механизм зэргийг бүрэн зохицуулаагүй байсан. Түүнчлэн хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр мэргэшсэн ажилтны орон тоо, үүрэг хариуцлага тодорхой бус, дагнасан ажилтангүй. Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын ажилтныг бэлтгэх, мэргэшүүлэх, арга зүйн хувьд тогтмол удирдлагаар хангах талаарх харилцаа эрх зүйн хувьд, зохицуулалтын хувьд учир дутагдалтай явж ирсэн. Дээрх харилцаа, зохицуулалтыг бий болгох хэрэгцээ шаардлагын хүрээнд Хүүхэд хамгааллын шинэчилсэн хууль батлагдсан гэж хэлж болно. Хүүхэд хамгааллын хуулийг шинэчлэх асуудал хэдэн парламент дамжин яригдаж байсан хэдий ч төдийлөн тодорхой үр дүнд хүрэхгүй байсан.  Хэдийгээр боловсруулалтын хувьд давчуу ч цаг үеийн чанартай тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тодорхой зохицуулалт тусгалаа олсон. Тус хуулийн ажлын хэсэгт орж ажилласан гишүүний хувьд практик амьдрал дээр хүүхдийн ямар эрх зөрчигдөөд байгаа, хэрхэн шийдвэрлэх гарц шийдэл хийгээд кейс менежментийн хувьд хүүхэд хамгааллын байгууллага, мэргэжилтнүүд хэрхэн ажиллах, хүүхэд хамгааллын үйлчилгээг ямар үе шаттайгаар хэрэгжүүлэх, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хүүхэд хамгааллын бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой саналыг дэвшүүлж, хуулийн төсөлд бодит тусгалаа олсон. Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд орсон шинэлэг зохицуулалтаас дурдъя. Монгол Улс дахь хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын эрх үүрэг хийгээд хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний талаар маш тодорхой хууль зүйн зохицуулалтуудыг оруулсан. Өмнөх хуулиудад хүүхэд хамгааллын асуудал Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүүхдэд хамааралтай байдлаар зохицуулагдаж байсан бол шинэчилсэн найруулгын хүрээнд хилийн гадна байгаа Монгол Улсын харьяат хүүхэд төдийгүй Хүүхдийн эрхийн конвенцын дагуу 18-21 насныханд тус хуульд заасан тусламж, үйлчилгээ хамаарахаар хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл, хуулийн үйлчлэх хүрээг өргөн түвшинд авч үзнэ. Хүүхэд хамгааллын үйлчилгээг гурван түвшинд үзүүлж, шуурхай тусламж болон хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээний онцлог зохицуулалтын талаар дэлгэрэнгүй хуульчиллаа. Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх “кейс менежмент”-ийн үе шатыг хуульчлав. Гэр бүл дэх хүүхэд хамгааллыг өргөжүүлж хүүхдийн эрх зөрчсөн нөхцөлд хүлээлгэх хариуцлагын асуудлыг зөрчлийн хуульд тусган оруулсан.

-Хүүхэд хамгааллын асуудлын хүрээнд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал хамгийн эмзэг асуудал байдаг. Та эрх нь зөрчигдсөн олон хүүхдийг өмгөөлж хууль зүйн туслалцаа үзүүлж байдаг. Хэргийг судлаад нотлох баримтуудтай танилцахад хүүхэд ямар хэргүүдэд гол төлөв хохирогч болж байна вэ. Эрх нь зөрчигдөж байгаа хүүхдийн  талаарх тоон мэдээлэл ямар байна вэ. Та үүн дээр ямар дүн шинжилгээ хийж байна вэ?

-Юуны өмнө хүүхдийн эрх яагаад зөрчигдөөд байгаад нийтээрээ анхаарлаа хандуулж дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Мөн ямар хүүхдүүдийн эрх илүүтэй зөрчигдөж байгаад төвлөрч бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх учиртай. Амьдрал практикаас харахад нийгмийн олон хүчин зүйл нөлөөлж байгаа дүр төрх харагдаж байгаа хэдий ч гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын бодлого, тэр дундаа эцэг эхийн анхаарал халамж, хайхрамжгүй байдал, үл хайхрал зэргээс улбаатайгаар хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа байдал нийтлэг харагддаг. 

 Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас гаргасан  статистикаас харахад Монгол Улсын хүн амын 38 хувийг хүүхэд эзэлдэг. Үүнээс 446034 хүүхэд нийгмийн халамж, дэмжлэг хэрэгтэй гэр бүлд өсөн торниж, эрсдэлт нөхцөлд 8180 хүүхэд амьдарч байна. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн хүүхдийн тоо жилд дунджаар 2100 орчим байна. 

Насанд хүрээгүй хүнээс үйлдсэн гэмт хэрэг жилд дунджаар 1500 гаруй, Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо жилд дунджаар 2000 гаруй, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд жилд дунджаар 100, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 300 гаруй байгаа талаар мэдээлсэн байдаг. Дээрх статистик, тоон мэдээллүүдээс дүгнэлт хийхэд Монгол төрийн хүүхэд хамгааллын бодлого нэгж хүүхдэдээ үнэндээ хүрэхгүй байна. Гэмт хэргийн хохирогч болсон, холбогдсон хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээ бодитой хүрсэн үү гэдэг асуултад бүрэн гэж хариулах мэргэжлийн албан тушаалтан байхгүй гэж дүгнэхэд хэлсдэхгүй. Хүмүүс миний л хүүхэд биш бол надад хамаагүй гэж  ханддаг. Харамсалтай нь таны хүүхэдтэй хамт өсөж, тоглож, магадгүй нэг өдөр таны хүргэн, бэр болоод ороод ирэх хувь тохиолыг бодон хүүхэд бүрд хүнлэг сэтгэлээр хайрлаж хамгаалж хандаарай.

-Технологийн хөгжлийн сүүдэр хүүхэд, насанд хүрээгүй хүүхэд, өсвөр насны хүүхдүүдэд илүү тусаад байх шиг. Өөрийгөө хамгаалж чадахгүй байгаа хүүхдүүд цахим гэмт хэргийн золиос болж байна. Эцэг эх асран хамгаалагчдад сэрэмжлүүлэг  болгон та мэргэжлийн зөвлөгөө өгнө үү?

-Бага насны болон өсвөр насны хүүхдүүд фэйсбүүкээс гадна инстаграм, телеграмм зэрэг цахим платформ өргөнөөр ашиглаж байна. Үүнтэй холбоотойгоор гэмт этгээдүүд хуурамч аккаунт үүсгэж өөрийгөө тэдний үеийн хүүхэд гэж итгэл үнэмшил төрүүлж харилцаж улмаар нэгж шилжүүлэх, санхүүгийн зохих дэмжлэг үзүүлэх хэлбэрээр итгэл төрүүлж зураг бичлэгийг авах, уулзаж эд хөрөнгөд халдах, гар утсыг дээрэмдэх, эд зүйлийн хулгайлах, биед нь халдах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргах болсон. Гол төлөв хүүхдүүдийн итгэлийг төрүүлсний дараа уулзах, гэр бүлийн талаарх мэдээллийг авах зэргээр нарийн төлөвлөн эрх, эрх чөлөөнд халдах болсныг онцгой анхаарах хэрэгтэй. Иймээс цахим платформын хэрэглээнд эцэг эхчүүд хяналт тавих, харилцаж байгаа найз нөхдийн хүрээлэлд таньдаг хүмүүс байгаа эсэхийг хянах, цахим хэрэглээний цагийг хязгаарлах зэргээр анхаарал хандуулаарай. Эцэг эх, сурган хүмүүжүүлэгчийн зүгээс хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж, хүүхдэдээ сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тогтмол өгч байгаарай.      

-Үе тэнгийн дээрэлхэлтийг зогсооход сургууль, төрөөс анхаарч эхэллээ. Гэхдээ хориглох тусам далд хэлбэрт орчих вий гэсэн айдас эцэг эхчүүдэд төрж байгаа. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал анх удаа Хүүхэд хамгааллын хуульд тусгагдлаа. Үе тэнгийн дээрэлхэлт бол гэмт хэрэг, зөрчлийн чанартай үйлдэл гарах урьтач нөхцөл нь болж ирсэн. Үүнийг хүүхэд хоорондын харилцаа, хандлагын асуудал мэтээр тоохгүй орхиж хэрхэвч болохгүй. Үе тэнгийн дээрэлхэлт бол хүний эрхэд халдаж байгаа ноцтой үйлдэл. Тиймээс хүүхдэдээ  бусдын эрхэд халдах нь ямар хор хөнөөлтэй талаар асуудлын учир шалтгаантай нь уялдуулан тайлбарлаж, ойлгуулахаас эхлэх учиртай.  Хүүхдүүд бие биедээ хүндэтгэлтэй хандах нь хүн ёсны төдийгүй хуулиар зохицуулагдсан харилцаа гэдгийг бага наснаас нь ухамсарлуулах нь эцэг эхийн үүрэг.  

Цагдаагийн байгууллагаас манлайлан үе тэнгийн дээрэлхэлтийн талаар улсын хэмжээний аян зохион байгуулж байна. 

Энэ ажилд боловсрол, сургалтын байгууллага илүү санал санаачилгатай оролцох ёстой. Хуульд заасны дагуу үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх мэдээ мэдээлэл, гомдлыг хүлээн авах  сувгийг хэрхэн бий болгож, ажиллуулахаас эхлэх учиртай. Дараа нь багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдэд энэ талаарх мэдээ мэдээллийг түгээе. Төгсгөлд нь хүүхдүүддээ ийм нөхцөл байдалтай учирвал хаана, хэнд хандаж, хэрхэн шийдвэрлүүлэх талаар мэдээллийг өгье.  "Үе тэнгийн дээрэлхэлт" гэж нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг буюу хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэхийг ойлгоно хэмээн хуульчилсан тул цахим орчинд ч соёлтой, хүний эрхийн мэдрэмжтэй байхыг нийгэм, хууль шаардаж байна.

-Хүүхдээ асран хамгаалахаас  татгалзсан иргэдэд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэг үү?

-Хүүхэд хамааллын асуудлыг гэр бүлээс нь тусад нь авч үзэж төр эсвэл хүүхдийн чиглэлээр ажилладаг албан хаагчид илүү хамруулах ёстой гэсэн хандлага, бодлого иргэдийг гэр бүлийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй,  эцэг эх үүргээ ухамсарлаж, хариуцлага хүлээхгүй байх нөхцөл байдал рүү аваачиж байгаа юм. Бодит амьдрал дээр үр хүүхдээ орхиод, хаяад явчихдаг, үл хайхардаг этгээдүүдэд хүлээлгэх хууль зүйн хариуцлага дэндүү сул байдаг. Энэ харилцаа гэр бүлийн хуульд заасан эцэг эх байх эрхийг хязгаарлах гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлд эцэг эх байх эрхийг хасах, мөн хуулийн 38-42 дугаар зүйлийн хүрээнд тэтгэлэг гаргуулах зэрэг хэдхэн хэм хэмжээгээр хүрээ нь хязгаарлагдаж байна. 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан судалгааны тоймоор  сүүлийн таван жилийн байдлаар шүүхээс 120 гаруй хүний эцэг эх байх эрхийг хассан. Харин 7000 гаруй хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон байна. 

Жилд дунджаар 1500 гаруй хүүхэд тэтгэмж тогтоолгож байна гэсэн үг. Хүүхдэд ирэх тэрхүү тэтгэлгийн мөнгө нь ҮСХ-оос гаргасан амьжиргааны доод түвшнээр тодорхойлогддог. Гэр бүлийн хуулиар 14-өөс доош насны хүүхэд бол тэтгэлгийн мөнгөний 50 хувийг авах эрхтэй. Хуульд хүүхдийн тэтгэлгийг насны хязгаараас хамаарч ялгавартай хуульчилсныг УИХ-ын гишүүд өөрчлөөд өгөөсэй.  Хүүхдийг насаар нь ийнхүү ялгамжтай хандах нь 14 хүрээгүй бол зүсэм талхныхаа талыг идэх эрхтэй гэдэгтэй агаар нэг шүү дээ. Энэхүү нөхцөл байдал өнөөх хүүхдийн эрхийн зөрчлийн бодит жишээ. Улсын хэмжээнд хүүхдийн тэтгэлэг төлөлтийн хувь ердөө 30-40 хувьтай л байдаг.  Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй. Мэндэлсэн цагаас эрх нь зөрчигдөж хар нялхаасаа хавчлага, ялгаварлан гадуурхалт үзэж болохгүй. Тиймээс хүүхдийн тэтгэлгийн асуудалд төр  өөр менежмент хийж, үр өгөөжтэй зохицуулалтад  оруулах хэрэгцээ шаардлагатайг онцлон тэмдэглэе. 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24619/


0
angry
2
care
0
haha
3
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 4 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 4 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 4 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 4 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 4 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 4 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 4 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 4 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 4 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 4 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 5 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 5 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 5 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж б… Өчигдөр