Социал демократ Монголын залуучуудын холбоо /SDY/-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагватай ярилцлаа. Тус холбооны ерөнхийлөгчөөр өнгөрсөн есдүгээр сард сонгогдсон юм.
-Юуны түрүүнд сүүлийн үеийн үйл явдал буюу орон нутгийн сонгуультай холбоотой мэдээллээс ярилцлагаа эхэлье. Холбооны гишүүнчлэлтэй 1000 гаруй залуу тус сонгуульд нэр дэвшиж, түүнээс 600 гаруй нь сонгогдсон юм билээ. Ийм амжилт гаргахад холбооны зүгээс ямар үүрэг оролцоотой байсан бэ?
-Манай холбоо өнгөрсөн есдүгээр сарын 14, 15-нд долдугаар их хурлаа Улаанбаатар хотноо зохион байгуулж, удирдлагын бүрэлдэхүүнээ сонгож, шинэчилсэн. Үүний дараа төд удалгүй орон нутгийн сонгууль эхэлж, бид “SDY1000” төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тодруулбал, манай холбооны 1054 гишүүн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж, үүнээс 611 нь ялалт байгуулсан. Бид сонгуулийн компанит ажлын хүрээнд аймаг, дүүрэг бүрд “SDY1000” төсөл хөтөлбөрийнхөө талаар танилцуулж ажилласан. Ялалт байгуулсан залуучууд маань тухайн нутаг дэвсгэрт оршин сууж буй иргэд, олон нийтийг төлөөлж, шийдвэр гаргах үйл явцад оролцож ажиллах учраас тэд мэдлэг чадвартай байх ёстой. Тиймээс тэдгээр төлөөлөгчийг нэгдсэн байдлаар хувь хүний хөгжлийн болон бусад төрлийн чадавхжуулах сургалтад хамруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
-Хоёулаа орон нутгийн сонгуулиас өмнө өрнөсөн үйл явдал буюу холбооны долдугаар их хурлын хүрээнд ярилцлагаа үргэлжлүүлье. Тухайн үед та ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр боловсруулсан Дэвшилтэт хөгжлийн стратеги төлөвлөгөөгөө танилцуулж байсан. Энэхүү төлөвлөгөөнд ямар онцлох ажил, төсөл хөтөлбөр багтаж байна вэ?
-Бид Progressive development strategy буюу Дэвшилтэт хөгжлийн бодлого стратеги төлөвлөгөөг их хурлаараа баталсан. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх энэхүү стратеги төлөвлөгөө маань үндсэн дөрвөн чиглэлтэй бөгөөд эдгээрт тус бүр дөрөв, нийт 16 зорилт багтсан. Нэгдүгээрт, хувь хүний хөгжил, хоёрдугаарт, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломж, гуравдугаарт, олон улсын түншлэл, дөрөвдүгээрт, улс төрийн оролцоо гэсэн үндсэн чиглэлд хүрэх зорилго зорилтоо тодорхойлон тусгасан.
-Ийм агуулгаар бодлого стратеги төлөвлөгөөгөө боловсруулахдаа асуудлаа эрэмбэлэхийн тулд залуучуудын дунд судалгаа, санал асуулга явуулсан байх. Тэд тулгамдаж буй болон шийдвэрлэх ёстой асуудлаар юуг нэрлэсэн бэ?
-Засгийн газраас 2025 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлах гэж буйтай холбогдуулан бид залуучуудын дунд өргөн хүрээний судалгаа явуулсан. Ингэхдээ залуучуудын гурван үед шат буюу 19-22, 22-29, 30-35 насныханд нийгмийн хүрээнд тулгамдаж буй үзэн яддаг асуудал, ажиллаж, амьдрахад тулгарч буй саад бэрхшээл, тэдний бахархал, ойрын гурван жилийн зорилго зорилт гэх мэт олон агуулгын хүрээнд судалгаа явуулж, асуудлуудаа тодорхойлж, эрэмбэлсэн. Залуучууд хамгийн их үзэн яддаг зүйлээр түгжрэл, утаа, архидалт, авлигал, нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг нэрлэсэн. Тиймээс бид 2025 он болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөнд эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, үр дүнд хүрэх зорилтуудыг багтааж байна. Ялангуяа нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ, цалин хөлс нь амьдрал ахуйд нь хүрэлцдэг байх боломжийг бүрдүүлэх, бизнес эрхлэх татварын таатай орчныг бий болгох зэрэг чиглэлд гол анхаарлаа хандуулж байна.
-Залуучуудад тулгамдаж буй эдгээр асуудлыг шийдвэрлэх боломж ер нь бий юү?
-Бүрэн боломжтой. Бид одоогоор хийж хэрэгжүүлэх ажил, төсөл хөтөлбөрийнхөө боловсруулалт дээр ажиллаж байгаа учраас нарийвчилж ярих боломжгүй байна. Он гараад энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Ер нь манай холбооны үйл ажиллагааны суурь философи бол залуучуудын дуу хоолойг сонсож, тэдний оролцоог хангаж, асуудлаа хамтдаа шийдэх юм. Тухайн асуудлыг ярих бус бодит үйлдэл хийж, тодорхой үр дүнд хүрэх ёстой гэсэн зарчим баримтлан ажиллаж байна. Тийм ч учраас бид орон нутгийн сонгуулиар “SDY1000” төсөл хөтөлбөрөө “Залуучууд өөрчлөлтийн гэрч бус түүний бүтээгч байна” гэсэн уриан дор хэрэгжүүлж, улмаар тодорхой хэмжээний амжилт үзүүллээ.
Цаашид аймаг, сумуудын салбар холбоод болон төлөөлөгчдөөр дамжуулан нийгмийн инновацын төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь тухайн амьдарч буй орчинд эерэг өөрчлөлт бий болгох төслүүд гэсэн үг. Ийм төсөл хөтөлбөрийг улсын төсвөөр хийдэггүй. Харин залуучуудын санал санаачилга, идэвх оролцоонд тулгуурлаж, хамтарч хийж хэрэгжүүлдэг юм. Тухайлбал, хоггүй гудамж, гэрэлтэй гудамж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоцрогдлыг арилгах программ, нийгэм, соёлын үйл ажиллагаа, залуучуудын боловсрол болон эрүүл мэнд рүү чиглэсэн төсөл хөтөлбөр гэх мэт нэрлэвэл дуусахгүй олон бий.
-Зарим хүн аль нэгэн байгууллага, холбооны даргаар сонгогдож очоод нэрийг нь сольж, бүтэц бүрэлдэхүүнийг нь шинэчилдэг тал бий. Та холбооныхоо тамга, тэмдгийг хүлээж аваад хамгийн түрүүнд ямар шийдвэр гаргасан бэ?
-Миний хувьд ийм өөрчлөлт хийхгүй. Манай холбоо түүхэндээ гурван удаа нэрээ сольсон байдаг. Гэхдээ энэ нь тухайн үеийн удирдлагаас бус цаг үеийн өөрчлөлт шинэчлэлт, нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан, өөрчилж байсан. Бид одоо бүтэц бүрэлдэхүүнээ хэрхэн яаж сайжруулах вэ, мөн салбар холбоодоо бэхжүүлэх, орон нутгийн залуучуудаа хөгжүүлж чадавхжуулахад илүү анхаарах зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Тийм ч учраас миний хамгийн анхны шийдвэр бол Тогтвортой хөгжлийн тав дахь зорилт буюу жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд холбооныхоо дүрэмд өөрчлөлт оруулж, аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувь байх зохицуулалтыг тусгаж, баталгаажуулсан. Ингэснээр 27 жилийн хугацаанд түүхэндээ анх удаа холбооны Хяналтын хорооны даргаар эмэгтэй хүн ажиллаж эхэлсэн.
Дараа нь Удирдах зөвлөл, төлөөллийн болон гүйцэтгэх байгууллага дээрээ мотивацтай байх ёстой гэдэг шийдвэрийг гаргасан. Олон залуучуудын итгэлийг хүлээж, удирдах зөвлөлд сонгогдчихоод юу ч хийхгүй суугаад байж болохгүй шүү дээ. Тиймээс хагас жилийн ажлын үр дүнгээрээ удирдах зөвлөлийн гишүүд солигдоод явна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, идэвх санаалчилга байхгүй, хичээл зүтгэлгүй, ажлын гүйцэтгэл хангалтгүй байвал шат буурч, харин үүний эсрэг хамгийн өндөр оноотой, идэвх зүтгэлтэй нь дээшээ дэвших боломжтой.
-Танай холбоо ямар шалгуур шаардлага хангасан залуучуудад нээлттэй вэ. Гишүүнчлэлийн тухайд гэсэн үг?
-Тийм, ийм байх ёстой гэсэн ямар нэгэн шалгуур шаардлага тавьдаггүй. Ажиллаж, амьдарч буй орчиндоо эерэг өөрчлөлт бий болгоё гэсэн чин сэтгэл, зүтгэлтэй хүн бүрд манай холбооны үүд хаалга үргэлж нээлттэй шүү. Бид гишүүнчлэлийнхээ үе шатыг илүү тодорхой, нээлттэй болгож байна. Тухайлбал, цахимаар бүртгүүлж гишүүн болох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн аймаг, сум, дүүрэг дэх салбар болон төв холбоонд хандаж элсэх боломжтой.
Манай холбооны тэргүүн дээд зорилго бол социал демократ үзэл баримтлалыг дэлгэрүүлэх юм. Тиймээс бид шинэ гишүүдэд зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулдаг болохоор төлөвлөж байна. Энэхүү сургалтаар бид социал демократ үзэл баримтлалын талаарх ойлголт өгөх, мөн холбооны үүх түүх, стратеги төлөвлөгөө зэргийг танилцуулах юм. Үүний дараа залуучууд зөв газраа ирсэн үү, үгүй юү гэдэгтээ дүгнэлт хийж, сонголтоо хийх бүрэн боломжтой.
-Залуучууд SDY-ын гишүүн болсноор ямар боломж нээгдэх вэ?
-Манай холбоонд элсэж, гишүүн болсноор хувь хүний хувьд хөгжих, улмаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, цаашлаад олон улсын түншлэлийн үүд хаалга нээгддэг. Бид ингэж хэд хэдэн шат дамжлагаар бэлтгэгдсэн боловсон хүчиндээ эргээд улс төрийн дэмжлэг үзүүлэх байдлаар ажилладаг.
-SDY-ыг тодотгох онцлог, давуу тал юу вэ?
-Тогтвортой бөгөөд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ онцлог, давуу талтай. Чадварлаг боловсон хүчин бэлтгэдэг институт болсон нь өнгөрсөн хугацааны үүх түүх, үйл ажиллагааны үр дүнгээр батлагдаж байгаа юм. Жишээлбэл, Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч холбооны анхны үүсгэн байгуулагчдын нэг, Ерөнхий сайд холбооны дөрөв дэх ерөнхийлөгч байсан гээд төр нийгмийг удирдаж байсан, одоо ч удирдаж яваа олон улстөрч, зүтгэлтэн манай холбооноос төрөн гарсан байдаг. Улс төрийн, ялангуяа эрх барьж буй намын дэргэдэх байгууллагын хувьд залуучууд бид тулгамдаж буй асуудлаа зөв томьёолж, зөв гарц шийдэл гаргаж ирж чадвал түүнийгээ Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөрт тусгуулж, бодит ажил хэрэг болгох бүрэн боломжтой. Энэ бол бидний одоогийн нөхцөлд хамгийн том боломж, давуу тал гэж хэлж болно.
Тиймээс бид эхний ээлжид бүтцээ чадварлаг, хүчтэй болгох зорилт дэвшүүлсэн. Дараа нь зохион байгуулалтад орсон энэ бүтцээрээ дамжуулж, нийт хүн амын 30 хувийг эзэлж буй залуучуудад тулгамдаж буй тухайлсан асуудлуудыг шийдвэрлэж, тодорхой үр дүнд хүрэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Мөн залуучуудын холбоо гэхээр цүнх баригчид гэх мэт сөрөг буруу ойлголтыг халах, оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурласан, зөвхөн намын бус нийгмийн хүрээнд нээлттэй, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг холбоо гэдгийг ойлгуулж, таниулахын төлөө ажиллана.
-Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг залуучуудын холбоог 1990-ээд оныхон удирдан авч явах гэж буй нь бас нэг онцлог гэж хэлж болох байх. Ер нь энэ үеийнхэн ямар онцлог, давуу талтай бол?
-Залуучууд дотроо гурван үед хуваагддаг. Үе бүр өөр өөрийн онцлог, давуу талтай. Тухайлбал, 19-22 насныхан бол хувийн орон зайдаа илүү анхаарал хандуулдаг. Хэрэв хэн нэгэн тэдний хувийн орон зай руу нь халдвал маш эмзэг хүлээж авдаг. Харин 22-29 насныхан бол тогтсон ажил орлоготой, орон байртай болох, мэдлэг боловсролоо дээшлүүлэх хүсэл зорилготой байх жишээтэй. Тэгвэл 30-35 насныхан нийгмийн шилжилтийн үеийг гадарладаг учраас аливаа зүйлд наанатай, цаанатай ханддаг, илүү их тэвчээртэй бөгөөд прагматик хүмүүс байдаг. Тиймээс худлаа амлалт өгөх, ажил цалгардуулах, таслахыг үзэн яддаг. Энэ үеийнхэн эцсийн бодит үр дүнг л чухалчилдаг.
-Ирэх дөрвөн жилийн дараах SDY-ыг хэрхэн зураглаж байна вэ. Холбооны хүрэх үр дүнгийн тухайд?
-Залуучуудын нэрлэсэн, тулгамдсан асуудлуудад бодит үйлдэл хийж, тодорхой хэмжээний үр дүн гаргана. Мөн дөрвөн жилийн дараа судалгаа явуулахад залуучуудын амнаас хамтын үнэ цэн, оролцоо, нийгмийн болон хувь хүний хөгжил, олон талт соёл, манлайлал, тогтвортой хөгжил, олон улсын түншлэл, өсөлт, нийгэмд үйлчлэх гэх мэт үг гарч байвал бид ажлаа сайн хийсэн, зорилго зорилтоо бүрэн дүүрэн биелүүлжээ гэж дүгнэж болно.
-Сүүлийн асуултаар дамжуулан залуучуудад хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Дэлгэц, утасны араас шүүмжилж суухаас илүү өөрсдийнхөө ажиллаж амьдарч буй орчинд эерэг өөрчлөлт бий болгохын тулд оролцдог байгаасай. Бид шүүмжлээд л суугаад байвал ямар ч үр дүнд хүрэхгүй шүү. Тиймээс санаачилга гаргаж, идэвхтэй оролцож, хамтдаа зүтгэж асуудлын ард гардаг байхыг уриалж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24619/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна