Монгол дархлааг хамгаалагч



Монголын анагаахын шинжлэх ухаанд дархлаа судлал хэмээх шинэ салбарыг хүч түрэн хөгжихөд хувь нэмрээ оруулж, монгол хүний дархлааны тогтолцооны онцлогийг тогтоох, түүн дээр үндэслэн оношилгоо, эмчилгээний шинэ арга, аргачлалыг боловсруулахад манлайлан ажиллаж, дархлаа судлалын анхны сурах бичиг, гарын авлагыг бичсэн анагаахын шинжлэх ухааны доктор, академич Баатарын БАЯРТ

* * *

Дархлаа гэдэг бол товчхондоо хамгаалалт. Тухайн амьд организмыг эрүүл байлгахын тулд гаднаас орж ирсэн бүхнийг хянаж, хортой заримыг нь хөөж гаргадаг "гааль" гэж дүгнэж болох талтай. Салстан бүрхүүл хэлбэрээр хүний таван цул, тэр бүү хэл арьсан доор хүртэл оршдог энэ чухал системийг судлахаар хүн төрөлхтөн таван зууны өмнөөс чармайж эхэлжээ. Цаг хугацааны эрхийг хөвбөл дархлаа судлал бол анагаах ухааны бусад салбараас харьцангуй эрт эхэлсэн гэж ойлгож болно. Дархлаагаа танин мэдэх тусам хавдар, элдэв эмчлэгддэггүй өвчнийг анагаах увдис нь дархлааны систем гэдгийг эрдэмтэд эхнээсээ мэдсээр байна.

Манай орчин үеийн анагаах ухааны хувьд дархлаа судлал бол харьцангуй залуу ойлголт. Залуу мөртөө хамгийн амин чухал энэ салбарыг Монголд хөгжүүлэхэд түүчээлсэн эрхэм бол академич Баатарын Баярт юм. Эмч мэргэжил амьдралынх нь тулах цэг гэдгийг харьцангуй эрт ойлгосон тэрбээр энэ мэргэжлийг сонгон суралцаж эхэлснээсээ хойш бусдаасаа арай өөр байжээ. Хүн бүрийн барьж аваад байдаггүй дархлаа судлалын ухаан руу тэр татагдах болжээ. Сурлага, чармайлтаараа багш нартаа үнэлэгдэж, сургуульдаа танигдсан Б.Баярт 1981 оноос клиникийн нэгдсэн II эмнэлэгт их эмчээр ажиллаж эхэлсэн. Тэр эмчийн ажлынхаа хажуугаар Анагаах ухааны дээд сургууль (АУДС)-д багшилдаг байлаа. Одоо түүний олон шавь эрүүлийг хамгаалах салбарын бодлогыг зангиддаг Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн салбарт багшийнхаа эгэл бөгөөд энгүй замналыг үргэлжлүүлж байна.

 Одоо бидний өгүүлэх түүх бол монгол хүний дархлаа гээч чухам юу болохыг танин мэдэх гэсэн аугаа аяллын эхлэл байх болно. Бидэнд мэдэгдэж буй баримтаар 1549 онд Хятадын эрдэмтэд хүний дархлааны тогтолцоог танин мэдэх гэж сонирхон судалснаас хойш энэ салбар тасралтгүй хөгжсөөр иржээ. Хүний дархлааны тогтолцоо нь тухайн хүн ямар орчинд амьдардгаас шалтгаалан харилцан адилгүй байдгийг 1800-аад оны эхээр тогтоожээ.

Клиникийн II эмнэлэг, АУДС-д багшилж байсан Б.Баярт 1986 онд ОХУ-ыг зорьжээ. Чухам тэнд л монгол хүний дархлаа гээч чухам юу болох, бусад үндэстнээс юугаараа ялгаатайг танин мэдэх хүсэл нь оргилж эхэлсэн байна. Тухайн үед монголчууд "Социализм байгуулах их үйлсэд манлайлан оролцож байна" хэмээн цээжээ дэлдэж байсан цаг. Монголын анагаах ухааны салбар бүс нутагтаа төдийгүй социалист лагерын улс орнуудаа тэргүүлж байгаа хэмээн сурталчлан ухуулж байлаа. Гэхдээ энэ бол үндэслэлгүй хоосон, социалист хийрхэл байсангүй. Ердөө хагас зуун жилийн дотор Монгол Улс хүн амынхаа 70-аас илүү хувьд тархсан халдварт өвчнөө ялан дийлээд, аймаг бүрд эмнэлэг байгуулж, дундаж наслалтаа 10 жилээр уртасгаж чадсан юм. Гэхдээ далайн түвшнээс харьцангуй өндөрт оршдог монгол хүний дархлааны тогтолцоо бусад үндэстнүүдтэй харьцуулахад ямархан болохыг таньж амжаагүй л явав. Зарим нэгний хувьд "Хүн бол хүн. Монгол хүний дархлааны тогтолцоо гэж тусдаа зүйл байхгүй" гэж маргаж болно л доо. Хөрөг нийтлэлийн маань гол баатар энэ маргаанд хариулт өгсөн юм.

Б.Баярт 1980-аад оны сүүлээр ЗХУ-д суралцаж байхдаа монгол хүний дархлааны тогтолцоог танин мэдэхээр сонирхож эхэлжээ. Зүгээр ч нэг сонирхсонгүй. Чухалчлан анхаарч, энэ талаарх баримт, мэдээллүүдийг цуглуулж эхэлсэн байна. Суралцаж судалсан зүйлсээ тэрбээр эх орондоо ирмэгцээ ажил хэрэг болгосон юм. Зөвлөлт лагер даяар өөрчлөн байгуулалтын салхи дээвэр туургагүй салхилж байсан цагт Б.Баярт эрдэмтэн эх орондоо ирлээ.

Ирмэгцээ монгол хүний дархлааны тогтолцоог судлах их үйлсээ эхлүүлжээ. Юуны түрүүн "Монгол хүний дархлааны түвшинг тогтоох ёстой" гэж тооцсон байна. Монголд ирснээсээ хойш ердөө гуравхан жилийн дараа "Дархлааны түвшин тогтоох хурдавчилсан арга" бүтээлээ 1992 онд хэвлүүлсэн байна. Энэ бүтээл хэвлэгдсэн нь монгол хүний дархлааны тогтолцооны өвөрмөц онцлогуудыг тогтоогоод зогсохгүй, оношилгооны арга барилыг өөрчлөх, эмчилгээний үр дүнг сайжруулахад асар их түлхэц болсон юм. Түүгээр ч зогсохгүй чухамдаа дархлаа сэргээдэг гэж ярьдаг бэлдмэлүүдийг нарийн судлах ажлыг эрчимжүүлсэн байна.

Б.Баярт таван жил гаруй дархлаа сэргээгч бэлдмэлүүдийг судлаад 1997 онд хоёр ч том бүтээл хэвлүүлсэн байна. Таньж мэдээд ирэхээр дархлааны тогтолцоо бол ердийн жижиг шархаас авахуулаад элдэв төрлийн өвчнийг эдгээх ерөндөг болох нь бага багаар тодроод эхэлжээ. Улмаар Монголын анагаахын шинжлэх ухааны салбарт "Дархлаа судлал" чухал байр эзлэх болсон юм. Чухамдаа Б.Баяртын судалгааны ачаар дархлаа оношилгооны иж бүрэн арга нэвтэрсэн байдаг. Тийм ч учраас АУИС дархлаа судлалын хичээлийг сургалтын хөтөлбөртөө албан ёсоор оруулж, 1990-ээд оны сүүлээс оюутнууддаа заах болжээ.

Дархлаа судална гэдэг амаргүй ажил. Хэдий амаргүй ч энэ ажлыг нарийн төлөвлөсөн аргачлалын дагуу хийвэл арай хялбар гэдгийг Б.Баярт судалгааныхаа явцад олж харсан гэдэг. Тиймээс ч 10 гаруй жилийн судалгаандаа суурилан монгол хүний дархлааны хяналтын аргачлалыг боловсруулж эмчилгээнд нэвтрүүлсэн юм. Чухамдаа түүний энэ санал санаачилга насанд хүрсэн монгол хүний дархлааны хяналтыг улс орон даяар хийх их ажлыг үүтгэжээ.

Тэр ажлын үр дүнд Б.Баярт болон түүний багийнхан монгол хүний дархлаа тогтолцооны үзүүлэлтүүдийг Монгол орны газар зүйн байдлаар бүсчлэн тодорхойлсон юм. Энэ чухал аргачлалын ачаар монгол хүний дархлаа ямар болохыг тогтоогоод зогсохгүй өнөөг хүртэл эмчилгээний практикт ашигласаар байна.

Бүсчлэн тодорхойлсон энэ ажил анагаах ухааны салбарт дараах хоёр зүйлийг тодорхой болгосон юм. Нэг нь монгол хүний дархлаанд ямар бэлдмэл тохирохыг тодорхойлсон явдал. Б.Баярт, түүний багийнхны бүсчилсэн судалгааны ачаар дархлааны олон төрлийн эмгэгийг эмчлэхэд ТS эсийг дэмжих үйлчилгээтэй дархлаа эрчимжүүлэх бэлдмэл чухал гэдгийг тодорхойлжээ.

Дараагийн чухал зүйл нь монгол хүний дархлаа болон хорт хавдар хоорондын харилцан хамаарлыг тогтоосон явдал байлаа. Эрдэмтдийн судалгаагаар хорт хавдрын үеийн дархлаа өөрчлөлт ямар байгаагаас бус хавдрын үе шатаас шууд хамааралтай болохыг тогтоожээ. Дархлаа гэдэг зүйл танигдах бүрд монгол хүнд чухам ямар эмчилгээ хэрэгтэй вэ гэдэг нь алгуур боловч тодорч байлаа. Энэ бол дархлаа судлалын нэг том гайхамшиг байсан юм. Хөргийн баатар эрдэмтний маань судалгаа дархлааны эмгэгийг эмчилж болно гэдгийг нотолсон. Тиймээс ч түүний боловсруулсан арга, аргачлалыг ашиглан Монгол Улсын анагаах ухааны салбарт дархлааны эмгэгийн эмчилгээ нэвтэрсэн билээ. Дархлааг дэмжин эмчилснээр архаг өвчлөлийг бууруулах, цаашлаад дархлааны эсийн гол бүтээгдэхүүн болох медиаторуудыг эмчлэх боломжийг олгосон юм. Тийм ч учраас АУИС-ийн дэргэд Дархлаа, оношилгооны анхны лабораторийг байгуулсан байна. Чухамдаа энэ л лаборатори монгол хүний дархлааны тогтолцооны гүнд нэвтрэхээр одоог болтол улсын хэмжээнд ажиллаж байна.

Таньж мэдэж, олж тогтоовол болохгүй зүйл үгүй гэдгийг академич Б.Баяртын түүчээлсэн Монголын дархлаа судлалын хөгжил бэлхнээ харуулна.

Түүнийг дархлааны тогтолцооны талаар таньж мэдээд ирж байхад нь 1990 онд манай анагаахын сургуулиудад "Дархлаа судлал" гэдэг хичээл заадаг болсон байжээ. Тэрхүү хичээлийн хөтөлбөрийг шинэчилж, монгол хүний дархлаа тогтолцоог оношлох аргачлалыг боловсруулах үүрэг Б.Баяртад ногдсон байдаг. Түүнчлэн Б.Баяртын агуулгыг нь гаргаж, хөтөлбөрийг нь боловсруулсан "Клиникийн дархлаа судлал" гэх хичээл 1995 оноос ЭМШУИС-ийн сургалтын практикт нэвтэрчээ. Хичээл зааж, анагаахын салбарт суралцагчид дархлааны системтэй танилцаж эхэлснээс найман жилийн дараа Б.Баярт "Дархлаа судлал" гэх энэ чиглэлээрх Монголын анхны сурах бичгийг боловсруулж эмхэтгэжээ. Үүнээс хойш нэмэлт засвар хийсэн гурав дахь хэвлэл 2011 онд гарсан нь одоо ч сургалтын томоохон хэрэглэгдэхүүн хэвээр байна.

Б.Баярт бол зөвхөн салбартаа бус Монгол Улсын шинжлэх ухааны салбарт танигдсан цараа ихтэй эрдэмтэн байлаа. Тиймээс ч тэрбээр 2011 онд академич гэх эрхэм хүндтэй цол хүртсэн билээ. Түүний хувьд академич цол хүртсэн цөөхөн эмэгтэй эрдэмтдийн нэг гэдгээрээ түүхэнд үлдэнэ.

Авьяаслаг, эрдмийн ажил хийх, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах дуртай Б.Баяртыг 2016 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгчөөр сонгосон нь түүнийг эрдэмтнийх нь хувьд, хүнийх нь хувьд, басхүү зохион байгуулагч, удирдагчийнх нь хувьд үнэлсэн шийдвэр байлаа.

Монгол Улсын Шинжлэх ухааны академи хэмээх босго өндөртэй их өргөөний 100 жилийн түүхэнд хөндсөн агуулгаараа, зорьсон судалгааны чиглэлээрээ, боловсруулсан арга, аргачлалаараа цаг хугацааны шалгуурыг торохгүй даван жин дарж үлдэх бүтээлтэй, цараа ихтэй судлаач бол яах аргагүй Б.Баярт юм.

Чухамдаа түүний бүтээсэн арга, аргачлал Монгол Улсын анагаах ухааны шинэхэн салбар гэж тодорхойлж болох “дархлаа судлал”- ыг бүрдүүлж, судалгааны ажлыг зурагласаар байна. Цаашид түүний түүчээлсэн салбар хавдрын эмчилгээнд ч түүчээлж мэднэ.

Дархлаа гэдэг хүнд төрөлхөөс заяасан чухал хамгаалалтыг таньж мэдэх их хувь заяа Б.Баярт эрдэмтэнд ногджээ. Тавилангаар ногдсон үүргээ тэр нэр төртэй биелүүлсэн. Биелүүлэх, биелүүлэхдээ өөрөөсөө хойш олон арван жил үргэлжлэх салбарын хөгжил бүрэн зураглаад, энэ шинжлэх ухааныг таньж мэдэх их аяллын шанг татаад одсон. Одоо бид тэр шанг дагаад илүү хол алхах үүрэгтэй үлдлээ.

“Зууны 100 эмэгтэй” II боть номоос...

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24619/


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 22 минутын өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 3 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 3 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 3 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 3 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 4 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 4 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 4 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 5 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 5 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 5 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 5 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 5 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 5 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 5 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 5 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 5 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 6 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 6 цагийн өмнө