Хойтон жилийн ойгоор хойморт суух байгаа...



Тун удахгүй “Монголын үнэн” сонины ойн баяр болно. Ойн баяраар олон сайхан ахмад сэтгүүлч хаалга үүдээр багтаж ядан, бараа сүр нь базаад тавьчих шиг л орж ирдэг сэн. Тэдний төөлөх нуруу нь намсаж, туйлах ир нь харьсан ч хийсэн бүтээснээрээ нийгэмд танигдаж, хэлсэн ярьсан нь домог шахуу болчихсон ханагарууд л даа. Аргагүй л дээ. Атар газрыг эзэмшин амуу тариа сугсарч байхад, анхны баатрууд төрсөн аварга хотууд сүндэрлэж байхад тэдний залуу нас омогшиж, дүрэлзэж хамт байсан юм чинь. Байконурын сансрын станцаас Ж.Гүррагчааг үдэж, Багануурын уурхайн шав тавилцаж явсан ханагарууд. 

Нэрт соён гэгээрүүлэгч Л.Түдэв агсны “Монголын үнэн” сонинд өгсөн ярилцлагын хэсэг миний ямар хүмүүсийн тухай өгүүлэх гээд байгааг ойлгомжтой болгох болов уу. Л.Түдэв “Олон  жилийн дараа намайг “Үнэн” сонинд минь Ерөнхий эрхлэгчээр томилон ахин ирүүлснээс хойших жилүүдэд ч зохиолчийн сандал тэнд эзгүйрсэнгүй, Бажуудайн Ганбат, Цэрэндоржийн Балдорж, Гаажидын Дамба, Минжаахайн Гүрсэд, Сономын Лочин, Ц.Доржготов, И.Батсүх, Ш.Дулмаа, Даг.Жамъян, Н.Иштавхай, Л.Нямготов, Ш.Цэен-Ойдов, Т.Баасансүрэн гэхчилэн цөөнгүй зохиолч ажиллаж байсан юм.

Зуун хөгжмөөс бүрдсэн яруу тунгалаг найрал хөгжимд бүрээ, бөмбөр, хуур, хийл цөм л өөр өөрийнхөөрөө дуугардаг бөгөөд харин нэг нь байхгүй юм уу дуугарахгүй бол найрал хөгжим найраа алддаг юм даа” хэмээн өгүүлсэн нь фондод хадгалагдан үлджээ.

Миний өгүүлэх гэж буй хүнийг ахмад сэтгүүлч Г.Дамба гэнэ. Анх түүнийг “Монголын үнэн” сонины ойн баяраар харж билээ. Бусад ханагаруудаас насаар нэлээд ахимаг харагдсан тул би сониучирхан хууччуулаас “Энэ хэн гэдэг хүн бэ” гэж асуувал товчхоноор “Аан манай аваргуудын нэг ээ” л гэж билээ. Мөнөөхөн Л.Түдэв агсны дурсан өгүүлсэн симфони найрал хөгжмийн нэгээхэн өнгө ажгуу. Хожуухан л би түүнийг алиа шооч зантай нэлээд шогч эр хэмээн яригддаг Гаажидын Дамба гэж мэдэж билээ. Мань ханагар одоогоос 90-ээд жилийн тэртээ буюу 1936 оны Гал хулгана жил Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд мэндэлсэн юм билээ. Уран бүтээлийн гараагаа 1960-аад оноос эхэлж “Тэмээний эвэр” /Редактор Ц.Дамдинсүрэн, 1977 он/, “Наадмын сонин” /Редактор М.Гүрсэд, 1983 он/, “Танхай өвгөн” /Редактор Б.Ганбат, 1986 он/, “Шинэ нутаг” /Редактор Д.Маам, 1989 он/, “Жинхэнэ сонгууль” /Редактор Ц.Доржготов. 1990 он /, “Хасах тавын хараа” /Редактор Х.Зандраабайды, 1984 он/, “Тийрэн” /Редактор Ж.Өлзийсайхан, 1993 он/, “Буузны будилаан” /Редактор Л.Одончимэд, 1997 он/, “Хаширдаггүй төгцөг” /2004 он. 70 шог өгүүллэг багтсан/, “Нөхөр Валентин” /1990 он/, “Хаширдаггүй төгцөг-2” /2008 он/, “Зэрлэг Амбаа” /2013 он/ зэрэг шог хошин, өгүүллэг, тууж, нийтлэлийн ном хэвлүүлсэн МЗЭ-ийн гишүүн зохиолч. Түүний бичсэн шог өгүүллэгүүд амьдралын гашуун үнэнийг бодит явдлаас  урган гарсан мэт энгийн хэрнээ уран өгүүлэмжээр, уншигчдад ичгүүр, гашуун инээд, үзэн ядалт зэрэг мэдрэмжийг төрүүлдгээрээ онцлогтой.


 Уг нь мань эрийн унаган мэргэжил хүний эмч. Ажлын гараагаа 1958-1965 онд Дундговь аймгийн Луус сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч, бага эмчээр эхэлсэн юм билээ. Хүний төрмөл унаган авьяас гэдэг дуртай ажил руу ягуухнаар хөтлөн чиглүүлсээр байдаг юм хойно 1969-1996 онд “Үнэн” сонинд утга зохиолын ажилтан, сурвалжлагчаар орж ажиллаж эхэлжээ. Тэрбээр “Монголын үнэн” сонинд ажилласан тэр он жилүүддээ хэлтсийн эрхлэгч, коллегийн гишүүн, нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажилласан гэхээр хэр монцгор амьтан байсныг нь илтгэх аж.

Саяхан би Г.Дамба гуайн талаар кино найруулагч, зураглаач Чогдонгийн өгүүлсэн нэгэн сонирхолтой хуучийг уншиж билээ. Тэрбээр “Үнэн” сонины сурвалжлагч Гаажидын Дамба бид xоёрыг 1978 онд Камбож, Вьетнамын дайны фронтыг сурвалжлуулахаар томилсон юм. Залуу ч байж, зоригтой ч байж.  Камер, фото аппарат, бас радиогийн сурвалжилгын аппараттай. Хоёулаа үүрийн дөрвөн цагт фронт руу гарлаа. Толгой дээгүүр их бууны сум исгэрээд л, бид хоёр 16 цаг хүртэл ганц ч үг солиогүй юм даг... Үгээр хэлэхийн аргагүй нүд халтирам аймшгийг бид тэнд л үзэж билээ. Байрандаа ирээд, биеэ нойтон алчуураар арчиж зогссон Г.Дамба гуай “Саяхан Францын " L'Humanité” сонины сурвалжлагч амь эрсэдсэн. Би лав амьд гарахгүй байх. Тэмдэглэлийн дэвтэр маань л уншигчид, үр хүүхэд, ард түмэнд маань хүрнэ гэж бодсон. Тийм учир нямбай нягт бичиж, тэмдэглэж явлаа гэж хэлсэн” хэмээн өгүүлжээ. Энэ хуучаас түүнийг ажилдаа хэр үнэнч, нягт нямбай ханддаг байсан нь харагдаж байна билээ. Тухайн он цаг үзэл суртлын хүнд төмөр хөшигний хоёр талд гарсан хорвоо ертөнц нэг нь нөгөөгөө хялайн харж орондоо орох завгүй олзлолдон тэмцэж байв. Нам, төрийн төв хэвлэлээс үзэл суртлаар тэмцэлдэж байсан дайны бүс рүү томилолт өвөрлөн явна гэдэг хувь хүний эр зоригоос гадна хэр чансаатай, итгэл даах сэтгүүлч байсныг нь энэ богинохон түүх давхар нотолно. Фронтод дайны гал дундуур ганц ч үг солих завгүй, амь нэхэн исгэрэх суман мөндөр дунд алхаж явахдаа үлдэх түүхээ бүтэн байлгахыг хичээж явна гэдэг сэтгэлийн тэнхээ шүү. Би лав ээж, аав, эхнэр хүүхдэдээ эргэн очиж чадах болов уу гэдэг аминчхан бодолдоо л ээрэгдэж явах байсан биз. Хүний амьдралын түүх баялаг байх тусам бичих санаа ундран гарч, бичсэнээ уншин эргэн дурсахад амттай байдаг болов уу. Би дээрх түүхийг уншаад Г.Дамба гуай “Фронтод явах өргөдөл” уран сайхны бүрэн хэмжээний кино зохиолыхоо санааг тэгэхэд олсон юм биш байгаа хэмээн бодож билээ. Учир нь, энэ кино 1985 онд олны хүртээл болсон гэхээр би гэдэг хүн 10 нас хүрэх гээд дэгдэж явжээ. Киноны утга санаа ерөнхийдөө Монгол-Оросын ард түмний нөхөрлөл, эх орны дайны хүнд цаг үед улам бэхжиж байсныг харуулна. Монголын жирийн малчин ард өөрийн биеэр фронтод явж байлдах санал, өргөдлөө гарган хөөцөлдсөөр фронтод бэлэг хүргэн зорьсноо бүтээж байгаа тухай өгүүлдэг.

Нэрийг нь уншихад л өгүүлэмж нь тодрох “Нутгийн  нэр”, “Аваргын нууц”, “Хөөгдсөн арслан”, “Хэзээ ч мартахгүй”, “Хариугаа авсан нь”, “Хууль унш, эгч минь”, “Алгуурлаж болдоггүй ажил” зэрэг нэг бүлэгт хошин шог жүжгүүдийг бичиж МҮОНТ, МҮЭСТО болон Увс, Дорнод аймгийн театруудад тоглуулаад амжиж. Уран бүтээл гэдэг он цагийн гэрч болж, уран бүтээлчид нийгмийн түүчээ болдог доо. Г.Дамба гуай 1996-1999 онд “Нийслэлийн сонин бичиг” сонинд эрхлэгч, 1999-2010 хүртэл “Их Засаг” их сургууль, “Орхон” их сургууль, “Их Монгол” дээд сургуульд сонин сэтгүүлийн эрхлэгч, хэвлэлийн редактор, сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, сэтгүүл зүйн багшаар ажилласан байдаг. Ийнхүү хэвлэл мэдээллийн байгууллагад 50 гаруй жил үр бүтээлтэй ажиллахдаа, нийтлэл, сурвалжилга, тэмдэглэл, өгүүлэл, найруулал зэрэг сэтгүүл зүйн бүх төрлөөр 2000 гаруй бүтээл туурвин бичиж уншигчдын танил болсон хүнийг би танихгүй байсан нь алдас болсон хэрэг мөн биз дээ. Түүнийг шог хошин зохиолоороо олонд хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч учраас “Үнэн” сонины дэргэдэх “Тоншуул” сэтгүүлийн зөвлөлийн гишүүнээр хавсран ажиллуулж байв.

Ахмад сэтгүүлч Г.Дамбын хэвлэл мэдээллийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, шог хошин зохиол, нийтлэл, шог зургийг сэтгүүл зүйн нэг төрөл зүйл болгон дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөр зүтгэлийг үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтангадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одон, Ардын хувьсгалын ойн медалиудаар тус тус шагнасан.

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдахад 1992-1996 онд парламентын сурвалжлагч, тоймчоор ажиллаж, парламентын сэтгүүл зүйг хөгжүүлэхэд хувь  нэмрээ оруулсан бөгөөд 150 гаруй томоохон сурвалжилга бэлтгэн нийтлүүлж, сурвалжилга, нийтлэлийн 15 ном редакторлон хэвлүүлсэн байдаг ажээ. 

Сэтгүүлч, зохиолч Г.Дамба гуайн “Хоёулаа түрүүлсэн юм”, “Ариун газар шороо”, “Төөрсөн бүргэд”, “Өөдлөхийн заяа”, “Цэмбэл өвгөний баяр” зэрэг 22 өгүүллэг, “Халуун малгай”, “Дөл бадарсан сэтгэл”, “Таван богдын хэлхээ” зэрэг 38 зураглал, найруулал, 29 шог найруулал, 130 гаруй шог өгүүллэг, 10 богино хэмжээний жүжиг, гурван кино зохиол, нэг бүрэн хэмжээний жүжиг, дөрвөн телевизийн хошин, шог жүжиг Монголын утга зохиол, урлагийн ертөнцөд өөрийн хөг эгшгээр уярал хайр, ухаарал хошигнолыг өгүүлж, үр хойчсоо соёлоор сурган хүмүүжүүлсээр амой.

Тун удахгүй сонины 105 жилийн ойн баяр болно. Ойн баяраар олон сайхан ахмад сэтгүүлчид “Соёлын гавьяат зүтгэлтэн” цолныхоо тэмдэг тэргүүтнийг зүүн, хаалга үүдээр багтаж ядан, бараа сүр нь базаад тавьчих шиг л орж ирнэ. Тэдний төөлөх нуруу нь жил ирэх тусам намсаж, туйлах ир нь ч харьсаар л буй. Энэ жил хийсэн бүтээснээрээ нийгэмд танигдаж, хэлсэн ярьсан нь домог шахуу болчихсон ханагаруудын хэд нь ойн баяртаа ирэх бол. Г.Дамба гэж ядруухан зүстэй, зүдрүүхэн тамиртай, энгэр хоосон, сэтгэл хөөрсөн хөгшин “Хойтон жилийн ойгоор хойморт суух байгаа” гэх хөндүүрлэх сэтгэл үлдээн харц дальдартал сууж байгаад гарах байх. Би мэддэг бол насаараа соёл түгээж амьдарсан түүнд “Соёлын гавьяат зүтгэлтэн” цолыг нь өгчих юмсан.   

 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24619/


0
angry
1
care
0
haha
4
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 3 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 4 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 4 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 4 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 4 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 4 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 4 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 4 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 4 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 4 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 4 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 5 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 5 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 5 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж б… Өчигдөр