Цаг хэмнэгч мастер үсчин


Ажлын дундуур гарч гүйж цаг алдахгүй. Ажлаа тараад онгорхой газар хайж явах шаардлагагүй. Бас цаг авч түүндээ амжих гэж түгжрэлд орж сандрах ч хэрэггүй болжээ. Та утас цохиход л хаягийн дагуу тэр яваад л очно. Энэ бол явуулын үсчин. Тодотговол, явуулын үсчний газар. Содон бөгөөд сонирхолтой. Учир нь, манай улсын үсчин, гоо сайхны салбарт анх удаа нэвтэрч буй шинэлэг үйлчилгээ юм. Тиймээс бид энэ удаагийнхаа дугаарт Монголын үсчин, гоо сайханчдын “Энхжингоо” холбооны тэргүүн, мастер үсчин М.Энхтүвшиний шинэ шийдэл, шинэлэг үйлчилгээний талаар онцлон сурвалжилж байна. 

Бид тохирсон цагтаа, болзсон газартаа уулзав. “Barber shop-Явуулын үсчин, та дууд би очъё, мастер үсчин” гэх мэт үг содон бөгөөд этгээд чимэглэл, өнгө үзэмжтэй автомашины хаалга нээгдэж, дотогшоо орохыг урив. Дотогш ороход дулаахан бөгөөд тав тухтай мэдрэмж төрсөн юм. Яг л үсчний газар. Явуулынх л болохоос яах аргагүй л салон байв. Үйлчлүүлэгчдээ уйдааж залхаахгүй байх шийдэл бүрдүүлэхээ ч мартаагүй байлаа. Хүсвэл хөгжим сонсож, залхвал зурагт үзэх ч сонголттой байв. 

Тэр явуулын үсчний газраа дөрвөн сарын өмнө буюу долдугаар сард албан ёсоор нээжээ. Харин дуудлагын дагуу очиж үйлчлээд арав гаруй хонож байгаа юм. Эхлээд тодорхой нэг байрлалд зогсож, үйлчилгээ үзүүлж байгаад саяхнаас албан байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон болон хувь хүний дуудлагаар хүссэн газарт нь очиж үйлчилдэг болжээ.  Төлбөрийн хувьд харьцангуй хямд буюу хүүхдийн үсийг 10 мянга, том хүнийхийг  20 мянга төгрөгөөр засдаг байна. 

М.Энхтүвшин явуулын үсчний газраа нээхээс өмнө түрээсийн байранд зургаан жил үйл ажиллагаа явуулжээ. Ингэхдээ эмэгтэй хүний үсийг 35 мянга, эрэгтэй хүний үсийг 25 мянган төгрөгөөр засдаг байжээ.  Харин одоо түрээсэнд мөнгө төлөхгүй байгаа учраас энэ тарифаа 5000-15000 төгрөгөөр бууруулж, эмэгтэй, эрэгтэй гэж ялгахгүйгээр нэг ижил үнээр үйлчилж эхэлсэн нь бас нэгэн шинэ жишиг гэж хэлж болохоор байгаа юм.


М.Энхтүвшин: Явуулын үсчний газрынхаа тоог нэмэх төлөвлөгөөтэй байна

Бизнесээ эхлүүлээд удаагүй тул одоохондоо зөвхөн үс засалтаараа дагнаж байгаа бөгөөд цаашид шаардлагатай тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж, хими хийх зэргээр үсний  бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг болох төлөвлөгөөтэй бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн тухайгаа мастер үсчин М.Энхтүвшин хуваалцлаа. Түүнтэй цөөн хором ярилцсан юм.

-Өнөөдөр ачаалал ихтэй байв уу?

-Ер нь өдөр бүр дуудлага олонтой, ачаалал ихтэй байдаг. Өнөөдөр дөрвөн дуудлагаар 20 гаруй хүний үс зассан.

-Нэлээд ачаалалтай байдаг бололтой. Сая хүртэл захиалга орж ирж байх шиг байна. Цаашид явуулын үсчний газрынхаа тоог нэмэх бодол байгаа юу?

-Тийм бодол бий. Ачаалал ихтэй байгаа учраас цаашид яг ийм байдлаар хоёр, гурван автомашин иж бүрэн тоноглож, дуудлагаар үйлчилгээ үзүүлэх бодолтой байгаа шүү.

-Байрлаж ажиллахад түрээсийн асуудал тулгардаг байсан бол явуулын үйлчилгээ үзүүлэхэд ямар нэгэн асуудал тулгарч байна уу?

-Хүмүүс түгжрэл хэцүү биш байна уу гэдэг юм. Миний хувьд захиалга өгсөн хүмүүсийнхээ хаягийн дагуу чиглэлээ гаргаад цагаа зөв тооцоолчиход түгжрэл нэг их хүндрэлтэй санагддаггүй. Харин явуулын үйлчилгээ эрхэлж буй хүмүүст тулгардаг нэг бэрхшээл бол “Энд зогсож болохгүй” гэж хөөдөг асуудал бий. Тиймээс энэ төрлийн бизнес эрхлэгчдийг дэмжиж, хөл хөдөлгөөн ихтэй газруудад явуулын үйлчилгээ үзүүлэх цэгүүдийг гаргаж өгөөсэй гэж боддог.

-Бохирын асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Зөөврийн байдлаар шийдсэн.

-Удахгүй албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн шинэ жилийн арга хэмжээ эхэлнэ. Дуудлагаар гоёлын засалт хийх үү?

-Хийнэ.  Баяр ёслолын үеэр ачаалал нэмэгддэг учраас өмнөх өдөр нь захиалга авч үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.

-Явуулын үсчний газар нээх санаа сэдлийг хэрхэн яаж олсон бэ?

-Цаг үеэ дагаад төрөл бүрийн явуулын үйлчилгээнүүд бий болж байна. Тухайлбал, хоол, хивс цэвэрлэгээ, маникюр, сормуус зэрэг олон үйлчилгээг дуудлагаар үзүүлж байна. Тиймээс хүмүүсийн цаг завыг хэмнэж хүрч үйлчлэх, мөн түрээсийн дарамтын асуудлыг шийдвэрлэж,  бизнесээ арай өөр шинэлэг байдлаар хөгжүүлэх зорилгоор явуулын үсчний газраа нээсэн.


Нэг жилийн түрээсийнхээ мөнгөөр явуулын үсчний газраа нээжээ

Мастер үсчин М.Энхтүвшин "Идэр" дээд сургуулийг дизайнер мэргэжлээр төгссөн. Гэхдээ бага байхаасаа л үс засаж, хүнд өнгө нэмж, итгэл өгөх хүсэл сонирхолтой байсан учраас оюутан үеэсээ үсчний гараагаа эхлүүлжээ. Тэрбээр хүсэл сонирхлоо дагаж 2011 оноос үсчин болж, өдгөө 13 дахь жилдээ хайч “эргүүлж” яваа аж. Тодотговол, сонирхлоороо үсчин мэргэжил эзэмшиж, эзэмшсэн мэргэжлээрээ бизнес эрхэлж, улмаар цаг үетэйгээ хөл нийлүүлэн бизнесээ шинэлэг шийдлээр хөгжүүлж яваа нэгэн.

Төдийгөөс өдий хүртэлх хугацаад үсчнээр ажиллахад тулгарч байсан асуудал нь түрээсийн төлбөр байжээ. Үсчид ихэвчлэн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд байрлалаасаа хамаарч сарын түрээс нь 3-5 сая төгрөг байдаг аж. Тиймээс шинээр үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс шантарч, үүд хаалгаа барихад хүрдэг байна.

Дээрх үнийн дүнг хамгийн багаар тооцоход жилийн түрээс 36 сая төгрөг болох нь. Тэгвэл үсчин М.Энхтүвшин явуулын үсчний газраа нээхэд ойролцоогоор 40 орчим сая төгрөг зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, нэг жилийн түрээсийн мөнгөөрөө үсчний бизнестээ шинэлэг шийдэл нэвтрүүлсэн гэсэн үг. 


304 дэх шавиа өлгийдөн авч, өсгөн бойжуулжээ

Монголын үсчин, гоо сайханчдын “Энхжингоо” холбооны тэргүүн, мастер үсчин М.Энхтүвшин олон улсын мастер Пэрэнлэй багшаасаа маш олон зүйлийг сурч, өдий зэрэгтээ яваа тухайгаа ярилаа. Тэр үсчин болж, салон нээх чин хүсэл сонирхол өвөртлөн өөрийг нь зориод ирсэн хүнийг тосон авч, мэргэжлийн түвшинд сургадаг байна. Тодруулбал, үсчний сургалтаа 21 болон гурван сарын хугацаатай зохион байгуулдаг бөгөөд энэ хугацааны 80 хувийг практик, үлдсэн 20 хувийг онолын хичээл эзэлдэг байна. Мөн хоёр төрлийн хугацаа тогтоож өгсөн нь ч учиртай аж.  Цөөхөн буюу 21 хоногийн хугацааны сургалтдаа зөвхөн эрэгтэй хүний үс засдаг үсчин болох хүнийг хамруулдаг бол харин гурван сарынхад нь эрэгтэй, эмэгтэй хоёулангийнх нь үсийг засах хүсэл сонирхолтой хүмүүсийг хамруулж, мэргэшүүлдэг байна. Хамгийн багадаа гурав болон түүнээс дээш сараар дадлага сургуулилалт хийхэд илүү чадвартай, мэргэших бүрэн боломжтойг хэллээ. Тэрбээр “Үсчин гэдэг мэргэжил 10 хувь нь ур чадвар, 90 хувь нь сэтгэл байдаг. Тухайн үйлчлүүлэгчийнхээ үсийг засахдаа ур чадвар, мэдрэмжээ гаргахаас гадна сэтгэлээ  зориулах ёстой. Ингэснээр тухайн хүн сэтгэл ханамжтай гарч, би ч өөрөө итгэл дүүрэн үлддэг юм. Үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжтай байгаа мэдрэмжээс урам зориг, эрч хүч авдаг” гэв.

М.Энхтүвшин шавиа чадварлаг, мэргэшсэн мэргэжлийн түвшинд бэлтгэхээс гадна сар бүр сайн үйлсийн аян өрнүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, асрамжийн газрынханд тусламжийн гараа сунгаж, үсийг нь үнэгүй засаж өгдөг уламжлалтай болжээ.


Үйлчлүүлэгч: Цаг зав, мөнгө хэмнэсэн үйлчилгээ нэвтрүүлсэнд баярлалаа

Үйлчлүүлэгчид хаяг байршил харгалзахгүйгээр дуудсан газарт нь очиж түргэн шуурхай үйлчилдэг хэрнээ хүргэлтийн мөнгө гэдэг шиг дуудлагын хөлс зэрэг нэмэлт төлбөр авахгүйгээр үйлчилдэгт олзуурхаж, талархаж буйгаа илэрхийлж байлаа. Тухайлбал, явуулын үсчний газраар үйлчлүүлсэн нэгэн эрэгтэй явуулын үсчнээр анх удаа үйлчлүүллээ. Үсээ угаалгаад засуулсан.  Үс засахад сайн өдөр гэхээр нь залгаад ажлынхаа газрын хаягийг өгсөн. Тэгээд ирэх хооронд нь ажлаа амжуулаад л хүлээж байлаа.  Маш түргэн шуурхай үйлчилсэн. Ажил гарт орно гэдэг дээ,  ёстой чадварлаг санагдсан. Хайчаа хэд эргүүлээд л дор нь зассан шүү дээ. Үнэхээр сэтгэл хангалуун байна.  Ажлынхаа завсраар үсчний газар очихоор  заримдаа оочир дараалалтай,  хүлээж, цаг хугацаа алддаг тал бий. Салонууд бас харьцангуй үнэтэй байдаг. Тиймээс бидний цаг зав, бас мөнгийг хэмнэсэн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэнд баярлалаа. Мастер үсчин М.Энхтүвшиндээ ажилд нь амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24619/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 16 минутын өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 3 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 3 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 3 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 3 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 4 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 4 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 4 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 5 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 5 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 5 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 5 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 5 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 5 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 5 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 5 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 5 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 6 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 6 цагийн өмнө