Налгар намар алсарч, илүү сартай өвөл айлчлал, албан томилгоотой эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев өнгөрсөн сарын 28, 29-нд манай улсад төрийн айлчлал хийв. Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан улсын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргалаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар уламжлалт найрсаг харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэснээ тунхаглан зарлав. Ингэснээр Казахстан улс Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байна.
Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, тээвэр, логистик, хөнгөн үйлдвэр, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгсөн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бид өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцож, хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүд, замын зураглалаа хамтдаа тодорхойллоо” хэмээв. Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь хоёр орны нөхөрлөлийг улам бэхжүүлж, олон салбарт харилцан үр ашигтай харилцаа, холбоог хөгжүүлэхэд түлхэц болохыг онцлов. Улс хоорондын болон бусад оронтой тээврийн харилцааг хөгжүүлснээр хоёр орны газар нутгаар дамжин тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэхийг дурдаж, Транс-Каспийн чиглэл болон урд, хойд коридорыг ашиглах нь чухал болохыг тэмдэглэлээ.
Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаевт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцав. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хоёр улсын харилцаанд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглээд, цаашид Монгол, Казахстаны харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Их Хурлаас дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхлаа. Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг сайшаагаад цаашид хоёр орны нэрийн хуудас болохуйц харилцан ашигтай, эдийн засгийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтойг дурдав. Казахстан улсад энэ оны дөрөвдүгээр сард болсон шар усны үерийн улмаас эд материалын ихээхэн хэмжээний хохирол учирсан, Монгол Улсын Засгийн газраас 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд Казахстаны тал талархал илэрхийллээ.
Айлчлалын төгсгөлд Ерөнхийлөгч К.Токаев “Чингис хаан” үндэсний музейд зочилж нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт гүрнээс ХХ зууны эхэн хүртэлх Монголын хаад, төрт улсын түүхтэй танилцсан юм.
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг бүх нийтээр ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигийн дагуу “Монгол бахархлын өдөр” арван долдугаар жарны Модон луу жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 2-ны бямба гарагт тохионо. Эл өдрийг тохиолдуулан Монголын түүх судлалыг дэмжих тухай зарлиг гаргалаа. Ерөнхийлөгчийн зарлигт Монголын түүх судлал, олон улсын монгол судлалыг дэмжих, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг эмхэтгэн хэвлүүлэх, олон нийтийн түүхийн боловсролыг дэмжих, дээшлүүлэх цогц арга хэмжээг тусгана гэдгийг Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал танилцуулав. Энэ өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, Их эзэн Чингис хааны алтан сургаал, айлдвараас сонордуулан, Төрийн тугийг цэнгүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хүртээхээр боллоо. “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журам”-д “Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн”-ийг шагнаж болохоор заасан байдаг.
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрэн хөгжих үндэс суурийг тавьж, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм. Ийнхүү тэрбээр АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн хоёр дахь гадаад хүн болж байна.
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн менежментийн багийн сонгон шалгаруулалтын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Компанийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр олон улсын сайн туршлага, олон улсын мэргэжлийн түвшний хүний нөөцийн хэрэгцээ нэмэгдсэн. Монголын хөрөнгийн биржийн хувьд дэд бүтцийн системийг шинэчлэх, зах зээлийг тэлэх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг туршлагад үндэслэн компанийн үйл ажиллагааны үр ашиг, орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хадгалах, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, дэд бүтцийн эрсдэлийг зохистой түвшинд тогтмол байлгах зэрэг зах зээлийн шаардлага үүсээд байгааг дурдав.
Гүйцэтгэх захирал болон удирдлагын багийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах ажлыг тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл зохион байгуулна. Компанийн удирдлагын багийг олон улсад нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, олон улсын сайн туршлагатай, чадварлаг хүний нөөц бүрдүүлэх боломжтойг онцолсон байна.
Түүнчлэн “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг хамтран барихтай холбоотойгоор БНХАУ-ын “Чайна энержи групп” компаниас ирүүлсэн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг цогцоор шийдвэрлэх тухай хүсэлтийг судалж Улсын Их хурал, Засгийн газарт танилцуулж, холбогдох хуулиуд, мөн УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд тусгайлсан хуулийн төсөл боловсруулж энэ оны арваннэгдүгээр сард багтаан шийдвэрлүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт даалгажээ.
Өнгөрсөн долоо хоногт “20 минутын хот” Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаан боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нар тус хуралдаанд оролцлоо. 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тусгай замын автобус буюу UBRT төслийн нэгдүгээр үе шат болон Улаанбаатар хотын түгжрэл үүсгэдэг гол найман уулзвар гарцуудын хөдөлгөөний урсгалыг сайжруулаx зорилго бүхий “20/90” төслийн танилцуулгыг хорооны гишүүд хэлэлцэж дэмжив. UBRT төслийн эхний чиглэлийг Буянт-Ухаагаас Яармагаар дайрч, хотын төв хэсэг рүү хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ “20 минутын хот” концепцыг хэрэгжүүлэх, энэ хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын төслүүд 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт чухал байр суурь эзэлж байгааг онцлоод өнөөдрийн xурлаар танилцуулсан төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж байна, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа дурдлаа.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх нэг, хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгааг анхаарууллаа. Ялангуяа нэгдүгээр сард нутгийн баруун хойд хэсгээр, хоёрдугаар сард зүүн аймгуудын нутгаар ахиу цас орох төлөв ажиглагдаж байгаа учраас цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүрийн цаг агаарын мэдээг хүлээн авч ажил амьдралдаа ашиглахыг иргэдэд зөвлөжээ.
Б.Сийлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна