“Монголын Үнэн” сонинг шимтэн уншиж буй уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие Болдбаатарын Азжаргал нь “Дархан хотынхоо” Засаг даргаар хоёр дахь удаагаа улиран сонгогдоод байна. Иргэдийнхээ энэ их итгэл, сэтгэл, зүтгэлийг хотынхоо өнгө төрхөөр ирэх дөрвөн жил тодорхойлох болно.
Энэ жил УИХ-ын ес дэх удаагийн сонгууль манай аймагт амжилттай зохион байгуулагдаж, Дархан, Сэлэнгэ, Төв аймгийг багтаасан Төвийн бүсийн тойргоос иргэдээ төлөөлж Монгол ардын намаас долоо, Ардчилсан намаас гурав нийт арван нэр дэвшигч УИХ-д сонгогдлоо. Энэ том сонгуулийн араас үргэлжлүүлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ч мөн амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Дархан-Уул аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө таван улс төрийн нам, хоёр бие даагч нийт 95 нэр дэвшигч өрсөлдөн МАН 24, АН-16, бие даагч нэг суудал авлаа.
Ирэх дөрвөн жилийн өнгийг тодорхойлох, төрийн төлөөлөл болоод аймаг орон нутгийн иргэдийнхээ төлөөллийг сонгох энэ удаагийн сонгуулийг амжилттай зохион байгуулсан аймгийн сонгуулийн хороо, нийт төрийн албан хаагчдадаа болон сонгуульдаа идэвхтэй оролцсон иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Улсын зэрэглэлтэй хот болох хэтийн төлөвлөлтэй манай аймаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ гурван жил дарааллан III байрт эрэмбэлэгдсэн хэдий ч өнгөрсөн оны үзүүлэлтээс арван түвшин ахисан нь хамгийн их өөрчлөлт гарсан аймагт тооцогдож буйг цохон тэмдэглэх нь зүйтэй юм. Ялангуяа бизнесийн орчин, санхүү, эдийн засгийн салбаруудаар нэгдүгээрт, хүн амын амьжиргааны түвшин, үндсэн дэд бүтэц, технологийн дэд бүтцээрээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.
Дархан-Уул аймаг нь орон нутгийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”, “Хүүхэд хамгааллын жил”, “Өсвөрийн тамирчдыг дэмжих жил”, “Кинонд ээлтэй хот” зэрэг зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж, бүтээн байгуулалт өрнөсөн, хөгжил дэвшлийн жилүүдийг туулж байна. Энэ бодлого ирэх жилүүдэд ч мөн “ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛЭХ” учиртай. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийнхаа ард иргэдийн ирээдүйн төлөө 2024-2028 онд бидний хийж хэрэгжүүлэх “ТОГТВОРТОЙ БОДЛОГО-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ТОГТВОРТОЙ СЭРГЭЛТ” зургаан бүлэг 27 дэд бүлэг, 270 зорилт дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө ард иргэддээ танилцуулж, улмаар иргэдийнхээ итгэлийг сонгуулийн үр дүнд хүлээсэн юм. Ирэх дөрвөн жил энэ амлалтын төлөө иргэдээ төлөөлөн сонгогдсон бид хоёргүй сэтгэлээр зүтгэх болно.
Энэ ташрамд аймаг, орон нутагт хийж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг дэмжиж хамтран ажиллаж, гардан гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувийн хэвшлүүд болон улс, орон нутгийн төсөвт дэмжлэг үзүүлж байгаа УИХ-ын гишүүддээ нийт Дарханчуудынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье.
Дархан-Уул аймгийн Засаг дарга,МАН-ын хорооны дарга Б.Азжаргал
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна