Дархан-Уул аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга Б.АЗЖАРГАЛ ярьж байна.
-2024 оны УИХ-ын сонгууль онцлогтой болж өнгөрсөн. Анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдлээ. Бүсийг төлөөлсөн гишүүд сонгогдоно гэх мэт өмнө нь болж байгаагүй сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн өөрчлөлт орон нутагт ямар байдлаар мэдэгдэв. Энэ талаар ярихгүй юу?
-Үндэснийхээ нийтлэг эрх, ашгийг дээдлэн, парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийг амьдралд бодитоор хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын сонгуулийн тойргийг томсгож, бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах шийдвэр өнгөрсөн онд гарсан. Үндсэндээ 30 гаруй жил тогтсон УИХ-ын гишүүдийн тойрог тойрог руу их, бага хэмжээгээр цацдаг мөнгийг том төсөлд зориулж, улсын хэмжээний томоохон хөтөлбөр хэрэгжүүлэх нь зөв гэдэг үүднээс ийм шийдвэр гарсан. Мөн УИХ Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэмжих тогтоол баталж, Засгийн газар 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, хэрэгжүүлж эхлээд байна. Орон нутгийг бүсчилж хөгжүүлснээр хөгжлийн явц хурдсан гэж үзэж байна. Тодруулбал, шаардлагатай байгаа үйлдвэрлэлийг бүс нутгийн онцлогт тохируулан сэргээн хөгжүүлэхэд дөхөм болж байна. Жишээлбэл, Сэлэнгэ аймаг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг бодлогоор дэмжихэд, Дархан-Уул аймгийн тухайд гэхэд олон улсын зам дагуу байрладаг бизнесийн таатай орчинг хөгжүүлэх давуу талууд бий болж байна.
-Төвийн бүсээс УИХ-д өрсөлдсөн МАН-ын 10 нэр дэвшигчийн долоо нь УИХ-ын сонгуульд ялсан. Энэ бол том амжилт. Гурван суудал сөрөг хүчинд очсон. Жаахан хичээсэн бол бүрэн ялах боломж байсан гэж боддог уу?
-Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулснаараа онцлог байлаа. Ингэхдээ Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны намын гишүүдийн идэвх оролцоо чармайлт өндөр байсан боловч бүсчилсэн сонгууль гэдэг утгаараа Сэлэнгэ болоод Төв аймгийн иргэд сонгогчдод хүрч ажиллах тал дээр ялимгүй цаг хугацаа нөлөөллийн хувьд бага байсан юм болов уу. Гэхдээ бидний хувьд бол долоон нэр дэвшигчээ УИХ-д сонгуулж чадсан. Энэ бол чамлахааргүй амжилт.
-Сонгуулийн ялалтад аймаг, сумын намын хороодын эв нэгдэл нэлээн чухал байр суурь эзэлж байх шиг харагддаг. Танай намын хорооны эв нэгдэл, хамтран ажиллах ур чадвар хэр ямар түвшинд байдаг вэ?
-Тэгэлгүй яахав, манай намын хорооны хамгийн чухалд тавьдаг асуудлын нэг бол эв нэгдэлтэй байж, хүн бүр харилцан хариуцлага хүлээж, дэмжин, нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажиллах зорилго байдаг. Тиймдээ ч намын хорооны бодлого үйл ажиллагааг намын гишүүд, дэмжигчдэд нээлттэй танилцуулж улмаар тэдний санал бодлыг сонсож цаашдын бодлого шийдвэртээ тусган хэрэгжүүлж ажилладаг. Бид намын хорооноос гарч буй бодлого шийдвэрийг намын гишүүн бүрдээ дуулгаж, тэд маань хүндэтгэлтэй хандаж, дагаж мөрдөж чаддагаас бидний эв нэгдлийг харж болно.
Товчхон түүх дурдахад, 1961-1990 он хүртэлх Дархан хотын бүтээн байгуулалтын үйл ажиллагааг хотын МАХН-ын хороо, түүний Товчоо удирдан чиглүүлж ирсэн. Дархан хотын Намын хороо байгуулагдсан цагаасаа эхлэн хотын үйлдвэр, аж ахуйн газар, үйлчилгээ, соёл боловсрол, эрүүлийг хамгаалах байгууллагуудыг бэхжүүлэх, боловсон хүчнээр хангах ажлыг удирдлага, бодлого чиглэлээр хангаж ирсэн түүхтэй.
1990 он бол Монгол Улсад Ардчилсан хувьсгал өрнөж, улс төр, нийгэм эдийн засаг, оюун санааны өөрчлөлтүүд явагдаж, нам төвт тогтолцооноос парламентын засаглалд, нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоонд шилжсэн түүхэн үе байсан. Монгол Улс олон намын тогтолцоотой болсон өнгөрсөн хугацаанд дарханчууд МАН-д итгэл үзүүлж ирсэн. Тодорхой хэлбэл, 1990 оноос хойш найман удаагийн орон нутгийн сонгуулийн долоод нь МАН ялалт байгуулж, орон нутгийн эрхийг барьж байна. Эндээс манай Дарханы МАН-ын хорооны үндэс суурь, ажил үйлс, эв нэгдлийг харж болно.
-Аймаг, орон нутгийн ИТХ-ын сонгуулийн онцлог юу байв. Дарханы МАН аймгийн ИТХ-д ялалт байгуулсан?
-Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Дархан-Уул аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө таван нам, хоёр бие даагч нийт 95 нэр дэвшигч өрсөлдөн МАН 24, АН-16, бие даагч нэг суудал авсан. Энэ удаагийн сонгуулийн онцлог нэгдүгээрт, нэг тойрогт оногдох мандатын тоо буюу иргэдийн дуу хоолой болох төлөөлөгчдийн тоо нэмэгдсэн. Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор сөрөг хүчний идэвх оролцоо нэмэгдсэн учраас бид орон нутгийн сонгуульд шударга өрсөлдөх, иргэдээ төлөөлж чадах боловсон хүчинд тавих шалгуурыг нэмэх гэх мэт цаг хугацаатай уралдсан шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй болсон. Дарханы МАН-ын хороо нэр дэвшигчдэд тавих шалгуураа өндөрсгөж, салбар салбартаа манлайлдаг хүмүүсийг нэр дэвшүүлж чадлаа. Олонх суудлыг ч авч чадсан.
Энд харин нэг зүйл онцолж хэлэхэд, ялалт, ялагдал гэдэг үг бидэнд тийм зохимжтой биш. Бид Монгол гэдэг нэг дээвэр дор, нэг айлд амьдарч байгаа. Бидний хувьд ялалт, ялагдал гэж байх учиргүй харин “Цаашид хэрхэн ажиллах хэрэгтэй вэ” гэдгийг энэ олонх болсон суудлаас ажиглаж, дүн тавьж болох юм. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүн бол бидэнд улам хичээх хэрэгтэйг ойлгуулсан ташуур болсон гэж бодож байна.
-Сонгуулийн ялалтад мөрийн хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН ямар мөрийн хөтөлбөртэй оролцсон бэ. Мөрийн хөтөлбөрт туссан гол гол төслүүдээ нэрлэхгүй юу?
-Орон нутгийн сонгуульд бид Дархан-Уул аймгийнхаа ард иргэдийн ирээдүйн төлөө 2024-2028 онд хийж хэрэгжүүлэх “ТОГТВОРТОЙ БОДЛОГО-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ШИНЭ СЭРГЭЛТ” бодлогыг боловсруулж оролцсон. Тодруулбал, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засаг хөрөнгө оруулалтын бодлого, Хүрээлэн буй орчин ба ногоон хөгжлийн сэргэлт, Үйлдвэрлэлийн хөгжил ба аж үйлдвэржилтийн сэргэлт, Орон нутгийн хөгжил ба хот хөдөөгийн сэргэлт, Засаглалын бодлого ба төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн зургаан бүлэг 27 дэд бүлэг 270 зорилттой Мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Ирэх дөрвөн жилд УИХ, Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын томоохон төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллахын зэрэгцээ Дархан-Уул аймгийг хөгжүүлэх, иргэдийнхээ нийгэм, эдийн засгийг сэргээхэд чиглүүлэн боловсруулсан Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллана.
Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийх энэ зургаан тулгуурт бодлого нь намын төдийгүй аймгийн Засаг даргын үйл ажиллагааны үндсэн суурь нь юм. Бид энэ зургаан бодлогоор аймаг, орон нутгаа удирдахаа иргэддээ зарласан. МАН-ын бодлого шийдвэр төрийн бодлого болж хэрэгжиж чаддагийг эндээс харж болно.
Дархан-Уул аймаг инновац, технологид суурилсан аж үйлдвэрийн төв болох зорилтоо дэвшүүлсэн. Шинэ сэргэлтийн зургаан бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас гаргасан Ган болон Арьс ширний цогцолбор үйлдвэр барих хоёр том мега төсөл манай аймагт хэрэгжинэ. Үүнд бид итгэл найдвар тавьж байна. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг төр авсан нь сайшаалтай. Тиймээс Гангийн үйлдвэрийг концессын дагуу хийх бүрэн боломж бүрдэж байна гэж бид харж байна. Энэ хоёр мега төсөл хэрэгжвэл Дархан-Уул аймагт ойрын хугацаандаа 8-10 мянган ажлын байр бий болно. Ажлын байр бий болохын хэрээр хөгжил урагшилна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалын хүрээнд Дархан-Уул аймаг хүнс нийлүүлэгч аймаг болох бүрэн боломжтой. Дархан-Уул аймаг улсын хэмжээний хүнсний ногооны 17-20 хувийг хангаж байна. Бид 25-30 хувьд хүргэх зорилгоор хүнс үйлдвэрлэгч байгууллага, компаниудыг Дарханд ирж үйлдвэрээ барих саналыг хүргүүлж, үр дүнд хүрэхээр ажиллаж байна.
-Сүүлийн жилүүдэд Дарханд барилгын салбар хөгжиж байна. Орон сууц нэмэгдсэн байна. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэр зэрэг тэлэв. Шинээр суурьшсан бизнесийн байгууллагууд бий юу?
-Манай Дарханд сүүлийн жилүүдэд барилгын материалын үйлдвэрлэл, барилга угсралтын ажил хөгжиж байгаа. Одоогийн байдлаар 23 байршилд 2754 айлын орон сууц баригдаж, 584 айлын орон сууц ашиглалтад орж, орон сууцны барилга байгууламж тав дахин нэмэгдлээ.
Аймгийн удирдлагын зүгээс бизнесийн таатай орчин нөхцөлийг бүх талаар дэмжиж, бүрдүүлэх тал дээр анхаарч ирсэн. Сүүлийн жилүүдэд Дарханд CU, GS25, Tom и Toms coffee, Yuna, Bulls, КПС гэх мэт худалдаа үйлчилгээний том компаниуд салбар төвөө нээж, шинэ ажлын байр бий боллоо. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн нэгж тоо 200-аар нэмэгдсэн байна. Бид Дархан-Уул аймгийн орон нутгийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”, “Хүүхэд хамгааллын жил”, “Өсвөрийн тамирчдыг дэмжих жил”, “Кинонд ээлтэй хот” зэрэг зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлсэн бөгөөд үндсэндээ өнгөрсөн он жилүүд бүтээн байгуулалт өрнөсөн, хөгжил дэвшлийн жилүүд болж өнгөрлөө.
-Аймгийн хэмжээнд баригдсан нийгэм, эдийн засагт үр нөлөөтэй томоохон бүтээн байгуулалтаас дурдахгүй юу?
-Боловсролын салбарт эрх зүйн болон төсвийн шинэчлэл хийж явж байна. Багш нарын цалинг нэмэгдүүлэх, үр дүнд суурилсан цалингийн системийг бий болгохоос гадна “Боловсрол-2032” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Дархан хот “Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж, өнгөрсөн жилүүдэд долоон цэцэрлэг сургуулийг шинээр барьж, өргөтгөн засварласан бол энэ онд шинээр таван сургууль, цэцэрлэгийг шинээр барьж, өргөтгөн засварлах ажлыг эхлүүлсэн.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг 1327 хүүхэд өгч 18 хүүхэд 800 оноо авсан амжилтыг үзүүлж, тэр дундаа англи хэлний хичээлээр 13 хүүхэд 800 оноо авч англи хэлний шалгалтын дүнгийн түвшингээр сүүлийн гурван жилд улсдаа тэргүүлж, ЭЕШ-ийн нийт дүнгээр ч улсдаа гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.
“Өсвөрийн тамирчдыг дэмжих жил” болгон зарлаж сургуулийн спорт залыг шинэчлэх ажлыг шат дараатайгаар хийж таван спорт залыг ашиглалтад орууллаа. Дархан хотын хүүхэд залуучуудаас 17 спортын төрлөөр 250 гаруй өсвөрийн тамирчдыг бүрдүүлэн спортоор хичээллүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, амжилт гаргахад дэмжлэг үзүүлж ажилласаны үр дүнд Дэлхийн аваргаас жүдо бөхийн тамирчин С.Анхзаяа хүрэл медаль, Азийн аваргаас Чөлөөт болон жүдо бөхийн тамирчин О.Ариунсайхан, Б.Ганцэцэг нар хос хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлж, улс, аймаг, тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаанаас 418 медаль хүртсэн.
Мөн 2200 хүний суудалтай хоёр зал, усан бассейн бүхий "Darkhan-United arena" спортын цогцолборыг удаан хүлээсний эцэст бид ашиглалтад оруулж нээлтээ хийсэн бол Төвийн бүсийн нэгдсэн эмнэлэг шаваа тавилаа.
Дархан хотын авто замын шинэчлэлийг өнгөрсөн жилүүдэд 30 байршилд 83.1 км урттай авто замыг явган зам, дугуйн зам, гэрэлтүүлгийн хамт цогцоор нь хийж, 763 авто машины зогсоол шинээр барьж байгуулсан бол энэ онд үргэлжлүүлэн 13 байршилд 22.9 км урттай авто замын 28 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр засвар шинэчлэлтийн ажлыг эхлүүлсэн.
"Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнд "Дархан-60" цогцолборыг байгуулах ажлуудыг үргэлжлүүлэн энэ жил элсний болон стандарт гар бөмбөгийн талбай, экстрим тоглоомын талбай, усан парк, хиймэл нуурыг шинээр байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Гэх мэт нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх, тэлэх ажилд шат дараатай анхаарч, бодит ажлуудыг хэрэгжүүлж байна.
Д.Жаргалан
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна