Төвийн бүсийн тулгуур төв Дархан-Уул аймагт өнгөрсөн дөрвөн жил их бүтээн байгуулалт өрнөсөн он жилүүд байлаа. Дархан-Уул аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас 2021-2024 онд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар иргэндээ чиглэсэн төрийн бодлого хэрэгжүүлж ирснийг дараах бүтээн байгуулалтууд бататгаж байна.
Ерөнхий боловсролын сургуулиудын хүртээмжийг нэмэгдүүллээ
Дархан сумын дөрөвдүгээр сургуулийг өргөтгөн 480 хүүхдийн анги танхимыг ашиглалтад оруулжээ. Улсын төсвийн 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн энэ бүтээн байгуулалтаар ачаалал буурч, хоёр ээлжээр хичээллэдэг болсон байна.
Мөн 10.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн ЭКО сургуулийг энэ онд ашиглалтад оруулжээ. Түүнчлэн 7.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар есдүгээр сургуулийн 320 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийг барьж, тавдугаар сард нээлтээ хийсэн байна.
Мөн өнгөрсөн дөрвөн жилд Дархан сумын нэг, 15 дугаар сургууль, Шарын гол сумын зургадугаар сургууль, “Од” цогцолбор сургуулийн спорт танхимыг шинэчлэн засварласан байна.
Сурагчдын автобусны чиглэлийг нэмэгдүүлж, Багшийн хөгжлийн төвийг байгуулжээ
Тус аймагт улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутагт анх удаа Багшийн хөгжлийн төвийг байгуулжээ.
Орон нутгийн төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн автобусны тоог дөрвөөр нэмэгдүүлсэн байна. Ингэснээр найман автобус найман чиглэлд ЕБС-ийн сурагчдад үнэ төлбөргүй үйлчилдэг болсон. Энэ онд дахин дөрвөн автобус нэмэх юм.
Түүнчлэн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн дэргэд гүүрэн гарцыг ашиглалтад оруулснаар тухайн сургуулийн гурван мянга гаруй сурагч болон иргэд автозам хөндлөн гарахдаа аюулгүй зорчдог болсон байна.
Зусланд амрах хүүхдүүдийн тоог 2.4 дахин нэмэгдүүлсэн байна
“Зулзагын гол” хүүхдийн зуслангийн байруудыг 200 сая төгрөгөөр иж бүрэн засварлаж, 145 сая төгрөгийн дагалдах тоног төхөөрөмжийг нийлүүлжээ. Зуны гал тогоо, задгай театр, бүжгийн талбайг орон нутгийн төсвийн 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж ашиглалтад оруулсан байна.
Мөн зуслангийн нэг байрыг тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулан 20.9 сая төгрөгөөр засварлан тохижуулж сэргээн засах үйл ажиллагаанд хамруулжээ.
“Хүүхдийн төмөр зам”, музей, номын сантай “МИНИЙ МОНГОЛ”
“Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулсан байна. Орон нутгийн төсвийн 1.2 тэрбум төгрөгийг тус цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоом,тохижилтод зарцуулжээ. Ингэснээр хүүхэд, багачууд амралт чөлөөт цагаа ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой болсон.
Түүнчлэн “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд музей, номын сангийн цогцолборын төслийг 14.5 тэрбум төгрөгийг төсөвт өртөгтэйгөөр 2021 онд эхлүүлсэн. Тус цогцолборыг 2025 онд ашиглалтад оруулах ажээ.
2021 онд “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд 2.3 км урт төмөр зам бүхий “Хүүхдийн төмөр зам”-ын цогцолборыг 7.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулаад байна.
Олон улсын жишигт нийцсэн “DARHKAN UNITED ARENA”
Дарханчууд чөлөөт цагаараа спортоор хичээллэх, хамт олон, найз нөхөд, албан байгууллагаараа төрөл бүрийн тэмцээн, наадам зохион байгуулахад нээлттэй. Учир нь Дархан-Уул аймагт 2200 хүний суудалтай олон улсын жишигт нийцсэн “DARHKAN UNITED ARENA” спорт цогцолбор ашиглалтад орж, хүүхэд, залуус, бүх насныхны чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газрын нэг болжээ. Тус спорт цогцолборыг улсын төсвийн 27,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттаар барьж гүйцэтгэжээ. Мөн олон улсын стандартад нийцсэн, 1700 хүний суудалтай хөл бөмбөгийн талбайн тохижилтын ажлыг улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж, 2022 онд ашиглалтад оруулсан байна.
Дархан хотын 60 жилийн ойг угтан “ДАРХАН 60” цогцолборыг өнгөрсөн хугацаанд байгуулсан билээ. Энэ цогцолборт орон нутгийн төсвийн 2.8 тэрбум төгрөгөөр зургаан төсөл арга хэмжээг хэрэгжүүлж “3х3” сагсан бөмбөгийн гурван талбай, “5х5”-ын зургаан стандарт талбайг дугуйн зам, явган хүний зам, гэрэлтүүлгийн хамт ашиглалтад оруулсан байна.
Түүнчлэн хуучин Дарханы оршин суугчдад зориулан Дархан сумын Өргөө багт 220 хүний суудалтай, хоёр давхар 1816.5 ам.метр цутгамал бетон баганан болон шугаман суурьтай хоёр танхимтай, 40 автомашины зогсоолтой спорт цогцолборыг улсын төсвийн 3.7 тэрбум төгрөгөөр барьж, 2022 онд ашиглалтад оруулжээ.
Төвийн бүсийн гуравдугаар шатлалын эмнэлэгтэй болно
Орон нутагт анх удаа буюу Дархан-Уул аймаг Төвийн бүсийн гуравдугаар шатлалын нэгдсэн эмнэлгийг байгуулахаар барилгын шавыг энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр тавьжээ. Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр барьж буй энэхүү нэгдсэн эмнэлэг нь 250 ортой, өдөрт 800 хүнд үйлчлэх амбулатори болон өдрийн эмчилгээ үзүүлэх, тусгай тоноглол бүхий мэс заслын зургаан өрөөтэй, сард 5000 хүнд оношилгоо хийх лабораторийн 20 мянган шинжилгээ хийх хүчин чадалтайгаар төлөвлөгдсөн байна.
Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн гурван жилийн хугацаанд 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар найман төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, Яаралтай тусламжийн тасагт тусгай зориулалтын долоон автомашиныг хүлээлгэн өгч парк шинэчлэлийг нэмэгдүүлжээ. Нэгдсэн эмнэлгийн 11тасгийг засварлан тохижуулж тоног төхөөрөмжийг шинэчилсэн байна.
Мөн 2024-2025 онд нийт 6,6 тэмбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Амин холбоо”, “Гэрэлтэй”, "МЭДС ТОБ” зэрэг гурван өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл хийгдэх аж. Дархан сумын 15 дугаар багт шинээр өрхийн эмнэлгийг барьж, байгуулахаар төлөвлөжээ.
Ахмадын хөгжлийн төвийг орон нутагт анх удаа байгуулжээ
Дархан-Уул аймагт 2021 онд Герентологийн төв буюу Ахмадын хөгжлийн төвийг улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан билээ. Тус төв нь нэг дор 50-70 ахмадыг хүлээн авч эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хөгжлийн сэргээн засах тусламж үйлчилгээг өдрөөр үзүүлэн ажиллаж байгаа юм.
Мөн Азийн хөгжлийн банкны 4.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийн барилгыг 2023 оны есдүгээр сард бүрэн ашиглалтад оруулсан байна Ингэснээр дөрвөн мянга гаруй иргэн онцлогтоо тохирсон үйлчилгээг авах боломжтой болжээ.
Дахин төлөвлөлтийн хүрээнд 60 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, Залуус I, II орон сууцны хорооллын төслийг эхлүүллээ
Дархан хотын Гэрлэх ёслолын ордон 1984 онд ашиглалтад орж, 2001 онд хувьд шилжсэн байдаг. Дархан-Уул аймгийн ИТХ-ын шийдвэрээр Гэрлэх ёслолын өргөөг 21 жилийн дараа орон нутаг 495 сая төгрөгөөр худалдан авсан байна. Тус Гэрлэх ёслолын өргөөний гадна талбайн засвар, тохижилтыг хийж, Дархан хот байгуулагдсаны 61 жилийн ойн өдөр дахин үүдээ нээжээ.
Дархан-Уул аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар сүүлийн 10 жил гэр хорооллыг тэлэхгүй байх бодлого хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд дахин төлөвлөлтийн Дархан сумын зургадугаар багт 60 айлын таван давхар нийтийн эзэмшлийн хоёр орон сууцыг ОНТХО-ын гурван тэрбум төгрөгөөр 2022 онд ашиглалтад орууллаа.
Мөн шинээр орон сууцны хорооллыг төлөвлөн 127 га талбайд Залуус 1, 2 орон сууцны хорооллын төслийг эхлүүлээд байна.
Тус төслийг 77 тэрбумын өртөгтэйгөөр 2022-2026 оны хооронд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд төсөл бүрэн хэрэгжснээр 10 мянган айл буюу 33 мянган иргэн орон сууцтай болох боломж бүрджээ.
Өнгөрсөн гурван жилд шинээр нийт 110 км авто замыг тавьжээ
Өнгөрсөн жилүүдэд Дархан-Уул аймаг авто замын салбартаа анхаарч, 110 км авто зам тавьсан байна. Тодруулбал, 2021-2023 онд авто замын салбарт улсын болон орон нутгийн төсвийн 101.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 86 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж 110 км авто замыг шинээр тавьжээ. Үүнд:
Дархан-Шарын гол чиглэлийн 48.9 км хатуу хучилттай авто зам
Хонгор-Салхитын 13.1 км авто зам
Дархан сумын зургаа, долоо, наймдугаар багийг 25, 31 дүгээр хороололтой холбосон 1.8 км авто зам
Дархан сумын нэг, наймдугаар багийг холбосон 1.1 км авто зам
Монгол банкны уулзвараас Байгаль орчны уулзвар хүртэлх 0.7км авто зам
Анагаахын уулзвараас ШУТИС хүртэлх 0.8 км авто зам
“ДиБиЭс”-ийн уулзвараас Аюулгүйн тойрог хүртэлх. 1.3 км авто зам
Тавдугаар баг Хүнсний үйлдвэрийн урдах 0.85 км хоёр эгнээ авто зам
380 айлын хажуугийн 1.7 км авто зам
“16 давхар”аас 27 дугаар байр хүртэлх 0.65 км авто зам
Мобикомын уулзвараас-Хуучин нисэх онгоцны буудал хүртэлх 8.7 км авто зам
МСҮТ-Олон улсын уулзвар хүртэлх 1.1 км авто зам
Хүнсний захын уулзвараас Хүнсний үйлдвэрийн хойд уулзвар хүртэлх 0.9 км авто зам тус тус багтаж байна.
Мөн олон талаас уулзвар нэвтэрдэг “Дархан Тэди” төвийн уулзварт 2.8 км тойрог замыг улсын төсвийн 7.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тавьж, нээжээ.
Аймгийн хэмжээнд 2035 он хүртэл 50 км дугуйн зам тавих төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас 12.1 км-ыг ашиглалтад оруулаад байгаа аж. 2021-2023 онд 17.9 км явган хүний замыг ашиглалтад оруулсан байна. Дархан сумын наймдугаар багийг нэгдүгээр багтай холбох авто замын гүүрэн гарцыг улсын төсвийн 7.4 тэрбум төгрөгөөр барьжээ.
Залуучууд театр, Нэгдсэн эмнэлэг, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, Морь барианы газар, орон сууцны хороолол зэрэг найман байршилд 763 автомашины зогсоолыг шинээр байгуулсан байна.
2024-2025 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн нийт 76 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 25 төслийг хэрэгжүүлж, 38.7 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Гэр хорооллын багууд 100 хувь гэрэлтүүлэгтэй болж, 604 хяналтын камер суурилууллаа
Австри улсын Засгийн газрын нэг сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2021 онд Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумдын гэр хорооллын гудамж талбайд нийт 1400 гаруй сүүлийн үеийн лед гэрэлтүүлэг шинээр суурилуулсан байна.
Мөн аймгийн хэжээнд 2021-2023 онд улсын төсвийн 12.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 12 байршилд 5460 ширхэг буюу 136.5 км урт гэрэлтүүлгийг гэр хорооллын гудамж, зам талбайд суурилуулжээ.
2021 онд төрийн хяналтын нэгдсэн системийн 124 камер, 2022 онд 106 цэгт 183 камер, 2023 онд 108 цэгт 297 камер буюу нийт 604 хяналтын камер суурилуулаад байна.
Айл өрхүүдийг дэд бүтцэд холбогдох боломжийг бүрдүүлэв
Дархан сумын нэг, хоёр, гуравдугаар баг, Тосгон чиглэлийн дулаан хангамж, цэвэр, бохир усны шугам сүлжээг улсын төсвийн 930 сая төгрөгөөр үе шаттай хийж, ашиглалтад оруулжээ.
Дархан сумын дөрөвдүгээр сургууль, 13 дугаар цэцэрлэг, өрхийн эмнэлэг, багийн төвийн барилгыг орон нутгийн төсвийн 863.2 сая төгрөгөөр төвлөрсөн дулаан хангамж, цэвэр, бохир усанд холбосон байна. Дулаан дамжуулах сүлжээний 3540 метр болон 1597 хос/метр дулааны шугамуудыг улсын төсвийн 9.8 тэрбум төгрөгөөр өргөтгөжээ.
Дархан сумын 5-8 дугаар багийн айл өрхийн төвлөрсөн дулаан хангамж, цэвэр, бохир усны шугамыг улсын төсвийн 18.8 тэрбум төгрөгөөр байгуулснаар айл өрхүүд дэд бүтцэд холбогдох боломж бүрдсэн байна.
Дархан сумын наймдугаар багийн Нарантолгойн 37 өрх, таван аж ахуйн нэгж дулааны шугамд холбогджээ.
Дархан сумын 5, 7, 13, 15 дугаар багт дулаан хангамжийг өргөтгөх, шинэчлэх ажлыг 16 тэрбум төгрөгийг өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн бол Дархан хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг 55.2 тэрбум, цэвэр, бохир усны шугам татах, шинэчлэх ажлыг улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байна. Ажлын гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байгаа аж.
Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр Дархан хотын цэвэрлэх байгууламжийг 100 хувь шинэчилснээр өдөрт 8000-24000 шоо.метр бохир усыг цэвэршүүлэн, лагаас биогаз, цахилгаан эрчим хүч гаргах боломжтой болжээ.
Түүнчлэн Хонгор сумд эрчимжсэн мал аж ахуйн суурьшлын бүсийг орон нутгийн хөрөнгө оруулалтын 213.9 сая төгрөгөөр, Орхон суманд эрчимжсэн туслах аж ахуйн суурьшлын бүсийг мөн орон нутгийн хөрөнгө оруулалтын 161 сая төгрөгөөр байгуулжээ.
Аймгийн хэмжээнд 500 мянган мод, бут тарьж, ургуулжээ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд дарханчууд 20 сая мод тарихаар төлөвлөсөн билээ. Одоогоор аймгийн хэмжээнд есөн төсөл арга хэмжээг 1.8 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж байна. Нийт 108.6 га талбайд 500 мянган мод, бут тарьж ургуулжээ.
Н.Энх
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна