Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дэд дарга С.ГАНЗОРИГ-той ярилцлаа.
-2024-2028 оны сонгуулийн шинэ цикл эхэлж, цаг хугацааны түүх бичигдээд явж байна. Дархан-Уул аймгийн МАН-ын хороо ирэх дөрвөн жилд нийгэм, эдийн засгаа дэмжсэн ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
-Дархан-Уул аймгийн МАН-ын хороо ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө нийгэм эдийн засаг, дэд бүтэц, хүнсний аюулгүй байдал, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах тал дээр олон ажил тусгасан. Хөтөлбөр болон хэрэгжиж буй үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гурван төсөл хөтөлбөр бий. Нэгдүгээрт, “Хүрээлэн буй орчин ба ногоон хөгжлийн сэргэлт”, хоёрдугаарт, “Үйлдвэрлэлийн хөгжил ба аж үйлдвэрлэлийн сэргэлт”, гуравдугаарт, “Орон нутгийн хөгжил ба Хот хөдөөгийн сэргэлт хөтөлбөр”-ийг бид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.
Дарханд хамгийн тулгамдсан асуудлын нэг бол ажлын байр. Цар тахлын үеэр ажил эрхэлж байгаа түвшинг бодитоор гаргаж чадсан. Нийгмийн даатгал төлдөггүй ч хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэдийг харахад 30 орчим мянган ажлын байр манайд байгааг судалгаагаар гаргасан. Манайд бүртгэлгүй ч уул уурхайд ажилладаг 3000-5000 орчим ажлын байр бий.
Бид аж үйлдвэржүүлэх бодлогын хүрээнд Төрийн дарамтгүй ажлын байрыг бий болгох зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Төрийн аливаа байгууллагын шаардлага, шахалтаас үүдээд Дарханд нэг ч ажлын байр хаагдах ёсгүй. ТҮЦ эрхлэх, гутал засвар, машин засвар ажиллуулж байгаа хэн нэгэн төрийн аливаа шахалтаас болоод ажлаа зогсоох ёсгүй. Нөгөө талдаа иргэдэд эрүүл ахуй, хүнсний болон галын аюулгүй байдалтай холбоотой асуудлаас бусад тохиолдолд бүх төрлийн бизнес эрхэлж болно. Энэ бүх арга хэмжээг Дархан хотдоо төвлөрүүлэх нь эдийн засгаа сэргээж, ажлын байрыг нэмэгдүүлэх чухал бодлогын нэг хэсэг байх юм.
-Ирэх дөрвөн жилд Дархан-Уул аймгийн МАН-ын хороо Ахмадын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо руу чиглэсэн ямар ажлууд төлөвлөсөн бэ?
-2016-2020 оны Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Хүний хөгжлийн бодлогыг онцолж байсан. Энэ хүрээнд бааз суурь болгож хөгжлийн төвүүдийг байгуулах бодлого хэрэгжүүлж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв, Хүүхдийн хөгжлийн төв, Ахмадын хөгжлийн төв, Залуучуудын хөгжлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн төв гэх мэт зорилтот таван бүлгийн төв ашиглалтад бүрэн орсон бөгөөд чиглэл тус бүрдээ бодлого хэрэгжин амжилттай явагдаж байна. Цаашид ч бид бодлогоо тууштай хэрэгжүүлнэ.
Энд нэг зүйлийг онцлоход, манай Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дэргэдэх Ахмадын холбоо 1992 онд байгуулагдсан. Ахмадууд маань Хөгжлийн төвөөрөө үйлчлүүлж, өдрийн эмчилгээ хийлгэдэг. Дээр нь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын харьяанд ахмадын амралтын газартай. Залуучууд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвүүдэд спорт, урлаг, соён гэгээрэл, сургалтын чиглэлээр олон ажлууд зохион байгуулагдаж хэвшсэн.
-Танай намын хороо Жендэрийн тэгш эрхийг хэрхэн бий болгох, Авлига албан тушаалын хэрэгтэй тэмцэх чиглэлээр ямар ажлууд хийж яваа вэ?
-МАН бол Жендэрийн тэгш эрхийг хангах талд онцгой анхаарал хандуулдаг улс төрийн нам. Онцолж хэлэхэд, энэ онд болсон УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байсан. Дарханы ИТХ гурван эмэгтэй төлөөлөгчтэй боллоо. Тэдний нэг нь Дархан-Уул аймгийн хамгийн анхны ИТХ-ын даргаар сонгогдлоо. Мөн Дархан сумын ИТХ-ын даргаар эмэгтэй төлөөлөгч сонгогдсон. Тиймээс манай намын хороог Жендэрийн тэгш эрхэнд мэдрэмжтэй ханддаг, эмэгтэйчүүдийн дуу хоолойг улс төрд хүргэх цаг үеийн санаачилга, шийдвэртэй зэрэгцээд алхаж яваа гэж ойлгож болно. Авлига, ашиг сонирхлын зөрчлийн тухайд ч бид дотооддоо мөрддөг журамтай. 2022 оноос Дарханы ИТХ-ын МАН-ын бүлэг аливаа тендер, сонгон шалгаруулалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөө оролцохыг хориглосон шийдвэр гаргаж хэрэгжүүлэн ажиллаж байна.
-МАН “Цахим нам” хөтөлбөр хэрэгжүүлж, гишүүдээ цахимаар бүртгэж авсан. Дарханы МАН-ын хорооны цахим бүртгэл хэдэн хувьтай байна вэ?
-Дархан-Уул аймгийн МАН-ын хороо өнөөдрийн байдлаар цахимд бүртгэлтэй 8050 гишүүнтэй байна. Цахим бүртгэл 90 хувьтай үргэлжилж байна.
-Намын хороо гишүүддээ УИХ, Засгийн газрын бодлого шийдвэр, Шинэ сэргэлтийн бодлого гэх мэт улс орны бодлогын асуудалтай холбоотой шийдвэрийг хэр давтамжтай хүргэдэг үү?
-Дархан-Уул аймгийн МАН-ын хороо шинийг санаачлагч байж, орон нутагтаа тэргүүн туршлагыг нэвтрүүлж, салбар бүрийн манлайллыг дэмжиж хурдтай байх, НАШБ-уудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хууль дээдлэх, дүрэм журмыг хариуцлагатай мөрдөх, авлига, ашиг сонирхлоос ангид, сахилга, хариуцлагатай байх, анхан шатны болон төрийн бус байгууллагуудаа хөгжүүлэх, боловсон хүчнээ бодлогоор сургах ажлыг өнгөрсөн дөрвөн жил тасралтгүй явуулж, мэдээлэл түгээж ирсэн. Энэ ажлуудаа цаашид үргэлжлүүлнэ.
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцсон Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны мөрийн хөтөлбөр бол "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилттэй уялдсан. Бидний “Тогтвортой бодлого, Тогтортой хөгжил, Тогтвортой сэргэлт 2024-2028” мөрийн хөтөлбөр аймаг орон нутгаа хөгжүүлэх, тасралтгүй үргэлжлэх бодлого болсон.
Д.Отгоо
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна