Монгол Улсын Засгийн газраас байгуулсан Эрчим хүчний үндэсний хороо тус салбарт цогц шинэчлэл хийх ажлыг албан ёсоор эхлүүлж буйгаа зарлалаа. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.
-Хамтарсан Засгийн газрын хамгийн эхний, том реформ эрчим хүчний салбарт өрнөхөөр болж байна. Эрчим хүчний салбарын шинэчлэлийн эхлэл нь үнэ тарифын өөрчлөлт гэж ойлгож болох уу?
-Эрчим хүчний реформ бол зөвхөн үнэ тариф нэмэх тухай асуудал биш гэдгийг юуны өмнө тодотгож хэлье. Энэ бол зөвхөн нэг хэсэг нь юм. Энэ салбарт цогц шинэчлэл өрнөнө. Тухайлбал нэгдүгээрт, хүрэн эрчим хүчнээс ногоон эрчим хүч рүү шилжүүлнэ. Хоёрдугаарт, төрийн монополь болчихсон энэ салбарыг хувийн хэвшилд шилжүүлэх. Гуравдугаарт, төвлөрсөн системийг тархмал эх үүсвэртэй болгох буюу задлах. Дөрөвдүгээрт, эрчим хүчний салбарт технологийн шинэчлэл хийх асуудал багтаж байгаа юм.
Энэ бүгд нийлснээр эрчим хүчний цогц реформ болно. Эдгээр шинэчлэлийг бид богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Урт хугацаандаа бидний төсөөлж буй алсын хараа нь Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болохыг зорьж байна. Уул уурхайгаас хараат байж ирсэн эдийн засгаа солонгоруулах буюу эрчим хүчээ гадагш гаргаад орлого олдог орон болох зорилтыг дэвшүүлж байгаа юм. Бидний энэ төлөвлөгөө саадгүй өрнөж чадвал 2027 он гэхэд Монгол Улс эрчим хүчний чадлын дутагдлаас бүрэн гарна. Манай улсын эрчим хүчний энергийн хэрэглээ жилд долоо, чадлын хэрэглээ өвлийн оргил ачааллын үеэр 12 орчим хувьд хүрч өсөж байна. Биет хэмжээгээр илэрхийлбэл жилийн дундаж чадлын өсөлт 200 мВт-ыг давж байна. Үүнийг зүйрлэж хэлбэл, жил бүр “ТЭЦ 3”-тай тэнцэх хэмжээний хүчин чадалтай станцыг нэмж ашиглалтад оруулах шаардлага үүсэж байна гэсэн үг. Монгол Улс нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээгээр БНХАУ, ОХУ-тай харьцуулахад дөрөв дахин бага байна. 2020 оноос хойш эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж эхэлсэн. 1990 оноос хойш зах зээлд бүрэн шилжиж чадаагүй цөөн хэдэн салбарын нэг нь эрчим хүчний салбар. Эрчим хүчний борлуулалтын үнийг төрөөс тогтоож, улс орон даяар мөрдүүлдэг. Зардал нь зах зээлийн ханшаар гардгаас болоод сүүлийн жилүүдэд алдагдал өссөөр ирсэн. 2023 оны байдлаар богино хугацааны өр төлбөр 357 тэрбумд хүрсэн. Эрчим хүчний уурхайнуудын алдагдал 80 орчим тэрбум, урт хугацааны өр төлбөрийн хэмжээ нэг их наяд 800 гаруй тэрбум төгрөгт хүрээд байна шүү дээ. Тийм ч учраас эрчим хүчний реформ хийх асуудал 2000 оноос яригдсан ч харамсалтай нь сүүлийн жилүүдэд эрч нь суларсан. Төрийн өмчит эрчим хүчний компаниудад авлига, хулгай байна гэх хардлага байдаг. Тийм ч учраас эхний ээлжид эрчим хүчний алдагдлаа нөхөх, түүний дараа төрийн өмчит компаниудын хувьцааг олон нийтэд санал болгох ажлыг ийнхүү эхлүүлж байна.
-Эрчим хүчний салбарын алдагдлыг төсвөөс нөхөх боломжийн талаар та юу хэлэх вэ. Нөгөө талаас төрийн өмчит компаниудыг хувьчлах процесс хэрхэн өрнөх вэ?
-Ирэх жилийн төсөвт нийтдээ 38 төсөл, арга хэмжээг шинээр санхүүжүүлэхээр тусгасан. Үүний 50 хувийг эрчим хүч, үлдсэн 50 хувийг зам холбоост оруулахаар төсөвлөсөн. Энэ жилийн төсвийн онцлог нь энэ. Цаашид нүдэнд харагдахгүй дэд бүтцийн төслүүд хийгдээд, хэрэгжээд явна. Төр цаашдаа хувийн хэвшлийнхэнд боломж олгоё, дэд бүтцийг нь угсарч, хөрөнгө санхүүтэй нь холбож өгье л гэж байгаа юм. Эрчим хүчний салбарт бидний танилцуулж байгаа реформын нэг хэсэг нь айл өрх бүр эрчим үйлдвэрлэгч байя гэж байгаа юм. Иргэдийн өдөр тутмын амьдралд ногоон хэрэглээг нэвтрүүлж, ухаалаг тоолуурыг айл өрхөд тавихаар бэлтгэж байна. Ингэснээр 430 гаруй мянган өрхөөс 130 тэрбум төгрөгийг хэмнэх тооцоолол гарсан. Ингэж бид аль болох хэмнэлттэй үр ашгийн тогтолцоог бий болгохыг зорьж байна. Ерөөсөө эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд бүрэн шилжүүлье гэж байгаа юм. Үүний тулд төрийн өмчит компанийн захирлуудыг төрөөс томилдог байдлыг өөрчилнө. Үнэнийг хэлэхэд, эдгээр төрийн өмчит компанид ил тод бус байдал, авлига байна гэдэг хардлага байсаар ирсэн. Тиймээс энэ байдлыг өөрчлөхийн тулд эхлээд төрийн өмчит компаниудын үйлдвэрлэж буй цахилгаан, эрчим хүчийг өртөгт нь дөхүүлээд авъя, үүнд жил орчмын хугацаа шаардах болов уу. Үүний дараа төрийн өмчит компаниудын хувьцааг олон нийтэд нээлттэйгээр санал болгоно. Тэгэхээр төр оролцохгүй гэсэн үг. Зах зээлийнхээ зарчмаар явж таарна. Менежмент сайжирч, өрсөлдөөн бий болж чадвал эрчим хүчний өртөг буурах бүрэн боломжтой. Зах зээлийн систем рүүгээ ингэж орох юм. Хувийн хэвшилд шилжүүлсний дараа үнийг чөлөөлөх нь байна шүү дээ. Одоо бол өртөгт нь ойртуулах тухай ажил өрнөж байгааг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ хоёр асуудлыг нэг амьсгаагаар шийдэх боломжгүй учраас шат дараатайгаар өрнөнө. Энэ бол эхний ээлжид хэрэглэгчээ бодож байгаа л хэлбэр юм шүү дээ. Миний хувьд 2022 оны наймдугаар сард энэ салбарын сайдаар томилогдсон, шинэ Засгийн газарт улиран ажиллаж байна. Би эрчим хүчний салбарт хоёр ажлыг хийж, хэрэгжүүлэхээр зориод ажиллаж байна. Нэгдүгээрт, эрчим хүчний реформыг эрчимжүүлэх асуудал. Үүний тулд дан ганц улс төрийн хүчин байж болохгүй, ард нь аливаа улс төр өрнөдөг учраас хамтарсан Засгийн газар байгуулж байж энэ ажлыг хийж, хэрэгжүүлнэ гэдэг санаачилгыг анхлан гаргасан хүмүүсийн нэг нь би л дээ. Хоёрдугаарт, төрийн өмчит компаниудыг олон нийтийн өмчид шилжүүлэхийн тулд нягтлан бодох бүртгэлийг нь олон улсын стандартад хүргэх, аудитыг нь ч олон улсын шаардлага хангахуйц компаниудаар гүйцэтгүүлж эхэлсэн. Энэ ажил хоёр жил орчмын хугацаанд үргэлжилж байна, дахиад нэг жил үргэлжлүүлэхэд төрийн өмчит компаниудын үнэлгээг зөвөөр гарчихна гэсэн үг. Зах зээл дээр эдгээр компанийн үнэлгээг зөвөөр гаргаж, олон нийтийн хяналтад оруулах ажлын бэлтгэл ингэж өрнөж байна. Ингэж байж бид эрчим хүчний хараат байдлаас бүрэн гарна.
-Эрчим хүчний үнийг хэт доогуур барьж ирснээс алдагдал хэдэн жилээр хураагдсан, реформ хийх болсон гэдэгтэй бүх түвшинд санал нийлж байх шиг байна. Тэгвэл өртгийг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ. Дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдлийг хэрхэн тооцоолж байна вэ?
-Бүх түвшинд санал нийлж байна. Тухайлбал, УИХ-ын 126 гишүүний 100 гаруй нь энэ салбарт реформ хийх цаг нэгэнт болсон гэдэгтэй санал нийлж байна. Харин эрчим хүчний үнийн нэмэгдэл нэг их дарамт болохгүй байх гэж бодож байна. Эрчим хүчний зохицуулах хороо цахилгаан, дулааны үнийг өөрчлөх шийдвэрийг хараат бусаар гаргаснаар ойрын өдрүүдэд олон нийтэд танилцуулна. Манай улс хамгийн сүүлд 2022 оны арваннэгдүгээр сард эрчим хүчний үнийг нэмэгдүүлсэн. Тухайн үед уул уурхай, эрчим хүчний салбарыг 38 хувиар, бусад аж ахуйн нэгжүүдийн цахилгаан эрчим хүчний үнийг 5000 мянган кВц хүртэл 14 хувиар, 5000 кВц-аас дээшхийг нь 28 хувиар нэмэгдүүлж байсан. Энэ удаад Эрчим хүчний зохицуулах хорооны урьдчилсан тооцооллоор уул уурхайн цахилгааны тарифыг одоогийн 294-өөс 340 орчим төгрөгт хүргэх баримжаатай байна. Харин айл өрхүүдийн цахилгааны нэг кВц-ийн үнийг 140-өөс 175 төгрөгт хүргэх, 150-300 дахь кВц-ийн үнийг 250 орчим төгрөгт хүргэх тооцооллыг оруулж ирсэн. Эрчим хүчний зохицуулах хороо хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг учраас нэгдсэн байдлаар эцсийн дүнг мэдээлэх учиртай. Эрчим хүчний үнийн нэмэгдэл инфляцад нөлөөлөх вий гэх болгоомжлол байгаа нь үнэн. Тиймээс бид энэ тухайд холбогдох байгууллагуудын хамтаар тооцоолол хийж үзсэн. Үүнээс үзэхэд хамгийн ихдээ 2024 оны үлдсэн хугацаа, 2025 онд инфляцыг 2.4 орчим хувь нэмэгдүүлэх байх. Энэ бол Эдийн засгийн хөгжлийн яам, ҮСХ, Монголбанктай хамран гаргасан урьдчилсан тооцоолол. Энэ тооцоолол дээр хүлээлтийн инфляц нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний үнэ нэмэгдсэн учраас бусад бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгдэх вий гэсэн болгоомжлол байна. Хүлээлтийн инфляц нэг улирлынхаа явцад дахиад хоёр орчим хувиар нэмэгдээд нийтдээ 3-4 хувийн үнийн өсөлт үүсгэхийг үгүйсгэхгүй. Байгаа байдал энэ. Гэхдээ дээр хэлсэнчлэн бидний энэ реформ амжилттай хэрэгжсэнээр үнэ эргээд буурах нөхцөл бүрдэнэ гэдгийг дахин тодотгоё. Товчхондоо, эрчим хүчний үнийн нэмэгдлийг ард иргэдэд аль болох ачаалал багатайгаар тусгах үүднээс бүх тал ачааллаа жигд үүрээд явж байна. Тухайлбал, эрчим хүчний салбарын шинэчлэлд зориулаад ирэх жилийн төсөвт 50 тэрбум төгрөгийг тусгасан. Нөгөө талдаа эрчим хүчний компаниудын үр ашгийг сайжруулснаар хэмнэлт гаргахыг зорьж байна. Гуравдугаарт, ногоон хөгжлийн банкийг байгуулаад түүгээрээ гадна дотноос хямд эх үүсвэр татаж байгаад айл өрхүүдэд хөнгөлөлттэй зээл өгөх байдлааро тэднийг эрчим хүч үйлдвэрдлэгч болох боломжоор хангая гнэжу байгаа юм. Ард иргэд маань өөрсдөө эрчим хүчээ хэмнэдэг зөв хэрэглээг нэвтрүүлэх тухайд ч бид ажилоаж байна. Ерөөсөө эрчим хүчний реформ бол бүх талын оролцоотой цогц ажил.
-Эцэст нь та эрчим хүчний салбарт өрнөж буй бүтээн байгуулалтын талаар та нэгдсэн мэдээлэл өгнө үү?
-Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил буюу 2024-2025 оны өвөл бид 300 мВт-ын шинэ эх үүсвэрийг нэгдсэн сүлжээнд холбож байна. Өвлийн ид оргил ачааллын үед шаардлагатай тохиолдолд 80 орчим мВт-ын цахилгаан эрчим хүчнийг ОХУ-аас импортлохыг үгүйсгэхгүй. Ерөөсөө эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд эх үүсвэрээ үе шаттайгаар нэмэгдүүлээд явж байна. Тухайлбал, Бөөрөлжүүтийн 600 мВт цахилгаан станцын эхний 150 мВт-ын блокийг бид саяхан ашиглалтад хүлээн авсан. Ирэх жил дахин 150 мВт-ыг, 2027, 2028 онд 3,4 дүгээр блокийг ашиглалтад оруулснаар бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлнэ. Үүний тулд бид хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчидтайгаа тохироод бүх шатны дэмжлэгийг үзүүлээд явж байна. Цаашлаад Төв аймгийн Баян суманд 660 мВт дулааны цахилгаан станцыг 2027 оны наадмаас өмнө ашиглалтад орно. Дараа нь төвийн бүсэд буюу Сэлэнгэ аймгийн төвд 70 мВт-ын дулааны цахилгаан станцыг барьж байна, 2026 онд ашиглалтад орно. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30 мВт-ын цахилгаан станц хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулж байна. Мөн ТЭЦ-2, ТЭЦ-3 дээр өргөтгөл хийх төслүүд үргэлжилж байна. Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 2028 онд ашиглалтад орно. Зүүн бүсэд 2024 оны зургадугаар сард Дорнодын цахилгаан станцын 50 мВт-аар өргөтгөж, ашиглалтад хүлээн авснаар бүрэн хүчин чадлаараа ажиллахаар болж байна. Ингээд 2027 оны дунд үе гэхэд Монгол Улс эрчим хүчээ дотооддоо бүрэн хангах хүчин чадлын бололцоотой болно.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна