Араасаа нэхэлгүй адлагдсан он цагийн гэрч


Өнгөрөгч он цагийн гэрч болж, өвгөн буурал болтлоо төрдөө үнэнч зүтгэсэн нь буруутай мэт хойч үедээ яллагдан амьдрагч, ялагдан зүдрэгч бидний дунд ядруухан агаад зүтгүүхэн амьдарсаар л байдаг. Хэн нэгэн түүний гаргасан мөрөөр алдрын тавцанд гарч, хэн нэгэн түүний нэрээр амьдралд хөлөө олдог. Өнгөрснөө үл ойшоовоос хүн төрөлхтөн урагшилж эсбөгөөс ухарч буйгаа үл мэдэх тул өнөөдрөө хэрхэн тодорхойлох билээ. Модод ургаж, цэцэгс дэлгэрч эргээд хагдарч нүцгэрсээр байх нь он цагийг гэрчилнэм билээ. Гэхдээ энэ манай нийтлэлийн баатрын талаарх бодрол биш юм. Хүн гэгч оршин буй цагтаа өнгөрсөн ба ирээдүйн холбоос болж ирснийг сануулах гэснийх. 
“Монголын үнэн” сонины үе үеийн сэхээтнүүд нийгмийн гэгээрэл, мэдлэг оюуны санд өөрсдийн цаг үед хувь нэмрээ оруулсаар л ирсэн байдаг.

Тийм сэхээтнүүдийн нэг бол Тамсагийн Баатар гэгч эрхэм. Тоо, физикийн салбараас орж ирсэн лут “Амьтан”.Энэ том “Амьтан” Монгол Улсын алс баруун хязгаар Ховд аймгийн Булган сумын нутаг “Арал” гэх газар анх дуу хадаан мэндэлсэн гэдэг. Дурсамж дүүрэн 10 жилийн дунд боловсролоо олсон ангид нь долоон гавьяат данайж байгаа. УБДС гэж улс орны хамаг л шилдгүүдийг төрүүлсэн буянтай газар байх юм. Мань эр энэ буянтай газрыг дүүргэхдээ  физикийн багш болсон юм билээ. Залуу халуун насанд орчлонг эргүүлэх орь хүсэлд гансарч явдаг юм хойно, мөрөөрөө амьдрагч нэгэн байхыг тэр хүссэнгүй. Хуваарилагдаж очсон сургуулийнхаа хамаг л хүүхдийг  физикийн сонирхолтой  ертөнц рүү уруу татаж эхлэв. Түүнд уруу татагдсан хүүхдүүд Улаанбаатар хотын физикийн олимпиадын хошой аварга болсон гэдэг. Шавийн эрдэм багшаас гэдэг биз дээ.

Намайг бага байхад аав маань “Үнэн” сонин захиалдаг байв. “Үнэн” сонины арын нүүрэнд хүүхэд залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх сонирхолтой материалууд нийтлэгддэг байв. Тэдгээр нийтлэлүүд миний техникт сонирхон дурлах хүслийг асааж ангийнхнаа уруу татан элдэв зүйлс цуглуулан онгоцны загвар хийж нисгэх хүслээр жигүүрлэцгээж орхисон юм даг. Бид мөнөөхөн хүүхэд залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх сонирхолтой материалуудыг хайчилж, цуглуулан бараг альбом болгосон байлаа. Хэдийгээр бид хотын захын гэр хорооллын хүүхдүүд байсан боловч цуглуулсан гарын авлага дээрээ түшиглэн суралцаж “Залуу зохион бүтээгчдийн ордон”-ы хүүхдүүдээс дутахгүй онгоцтой болно гэдэг байсан сан. Хэдийгээр тэр мөрөөдөл минь биелээгүй ч тэндээс маш их зүйл сурч авснаа мэддэг дээ. Энэ түүхийг өгүүлэхийн учир манай нийтлэлийн баатар, Тамсагийн Баатар гэдэг хүний орчуулсан материалуудыг л бид уншиж, харж, урам, мэдлэг, мэдээллээ авч байжээ гэж мэдэх сонин. Т.Баатар гуай анх орчуулгын сонирхолтой материалуудаа “Залуучуудын үнэн” сонинд нийтлүүлж эхэлсэн байдаг. “Залуучуудын үнэн”сонин ч үнэхээр сонирхолтой, уншууртай байсан санагдана. Үнэхээр л шинэлэг, залуучуудын оргилуун хүсэл, тэмүүлэлд нийцсэн нийтлэл, мэдээлэлтэй байсан. Бас л унших дуртай сонины нэг. Мань эрийн “Залуучуудын үнэн” сонинд нийтлүүлдэг байсан материалуудыг хараад зохиолч Д.Цэмбэл МХЗЭ-ийн төв хорооноос эрхлэн гаргадаг “Залуу зохион бүтээгч” сэтгүүлийг эрхлэн гаргах санал тавьснаар сэтгүүлзүйн салбарт эргэлт буцалтгүй орсон гэдэг.


Гадаа сэрүүхэн хийгээд тув тунгалаг тэнгэрт намрын нар цайвалзан харагдах авай. Үнэхээр ховорхон олдох намрын налгар өдрүүдийн л нэг аж. Хатаж хорчийсон шар навчис гудамжаар нэг хөглөрөх бөгөөд уулсын оройд саяхан ороод хайлсан цасны ул гялайн цайрна. Хаашаа ч юм яаран давхилдах том, жижиг машинуудтай чихэлдэн зүтгэсээр би зорьсон газраа хүрлээ. Т.Баатар гуайнх социализмын үед баригдсан хуучин хорооллуудын нэгэнд байдаг санж.

Т.Баатар гуай “Миний амьдралыг хоёр үе шаттай гэж хэлж болно. Эхнийх нь 10 жилийн сургуулиа дүүргээд физикийн багшаар ажиллаж, олон арван шавьтай болсон он жилүүд. Хоёр дахь хэсэг нь сэтгүүлзүйн салбарт урван орсон минь юм даа. Багаасаа бичих сонирхолтой хүүхэд байлаа. Энэ хүсэл минь намайг сэтгүүлчийн замнал руу хөтөлсөн биз. Би нэр алдар, гавьяа шагнал горьдож явсангүй, хийх ёстой, дуртай ажлаа хийж явсаар өдий хүрчээ” хэмээн дурсан хүүрнэж сууна. Ширээн дээгүүр өрж тавьсан зузаан ботиос эхлээд нимгэвтэр өгүүллэг, туужийн ном бүгд түүний бичиж хэвлүүлсэн уран бүтээл гэнэ.

Т.Баатар гуай “Залуу зохион бүтээгч” сэтгүүлийг эрхлэн гаргаж байхдаа нэрт соён гэгээрүүлэгч Л.Түдэв агсны хараанд өртжээ. Түүний бичиж туурвих авьяас хоосонгүй гэдгийг илтгэсэн хэрэг л дээ. Ингээд тэрбээр 1986 онд “Үнэн” сонины Үйлдвэр худалдааны хэлтэст сурвалжлагчаар ажиллаж эхлэв. Хожим “Үнэн”сонины шарласан хуудсыг эргүүлж суусан сэтгүүлч Я.Сумъяа түүнийг “Та ямар их мэдээ материал бэлтгэдэг байгаа вэ. Хэрвээ тухайн оныхоо хамгийн их сурвалжилга, мэдээ, материал цуглуулсан хүнийг шалгаруулбал та лавтайяа шалгарна” хэмээн гайхан шогширч суусан гэдэг. Энэ хуучийг сонсоод хөдөлмөрч хүн юм даа гэдэг дүгнэлтэд хүрэхгүй байх аргагүй. “Үнэн” сонины “Үйлдвэр худалдааны хэлтэс”-т тэрбээр зургаан жил ажиллав. Түүнийг “Үнэн” сонинд ажиллаж байхад нь  Үйлдвэр худалдааны хэлтсийн эрхлэгч байсан Н.Шарав “Манай Т.Баатар маш зүтгэлтэй, идэвхтэй сурвалжлагч байсан даа. Хэдэн оныг санахгүй юм түүний бичсэн “Уруугаа ургасан байшин” нэртэй нийтлэл уншигчдыг нэг сайн шуугиулж билээ. Сонины эрхлэгч байсан Л.Түдэв гуай өглөөний шуурхай дээр Т.Баатарын нийтлэлийг өнөөдрийн улаан самбарт гарга хэмээсэн. Тухайн үед онцгой сайн нийтлэлүүдийг улаан самбарт, мууг нь хар самбарт тавьдаг уламжлал тогтсон байлаа” хэмээн дурссан байдаг.

Нийгмийн шилжилт Монгол Улсыг зах зээлийн системд оруулж, сонин хэвлэл борооны дараах мөөг шиг олширч өдөр бүр шахам нэг хэвлэл дуу хадаан мэндэлж байдаг боллоо. Хагарал, хуваагдал, үзэл бодлын тэмцэл хэзээнээс эхтэй юм бол. Хүн гэгч амьтан ерөөсөө ийм зүйлгүйгээр оршин тогтнох боломжгүй юм болов уу гэж хааяа боддог. Амар тайван амьдралыг мөрөөсөх бүрд түүнийг үзэл бодол гэх ширүүн урсгалт их мөрний нөгөө эрэгт байгааг үзэх мэт болно. Яагаад ийн бодсоноо би үл ухна. Өөдөөс минь харан хүүрнэгч эрийн амьдралын түүх бас л тийм хагарал тэмцлийн дундуур явж ирсэн болохоор ийн далийж суугаа байх даа. Түүнийг өөр нэгэн сонинд сэтгүүлчээр ажиллаж байхад “Үнэн” сонины сурвалжлагч байсных нь төлөө ялгаварлан гадуурхаж, дуртай ажлаас нь хөндийрүүлж орхисон удаа бий. Нэг л өдөр цүнхээ сугавчлаад хаалга савсан гэнэ.

Гэхдээ л түүнийг бичих ажлаас нь хөндийрүүлж чадаагүй аж. Харин ч уран бүтээлийн замд шуудран орж хорь гаруй номтой болчихсон сууж байна. Монголд адал явдалт романаар дагнасан зохиолч хэд байдаг билээ. Ямартай ч Тамсагийн Баатар гэдэг нэр адал явдалт романы төрөлд “Цохиж” явна. Түүний бичсэн “Зэрлэгийнхэн” адал явдалт роман хоёронтоо хэвлэгдэж 11 мянган ширхэг борлогдсон байх аж. Ямар сайндаа л “Миний бичсэн номууд гарсан дороо борлогдоод дуусчихдаг болохоор хүүхдүүдэд өгсөн номоо эргүүлж авах удаа олон. Сая ч мөн ялгаагүй бичсэн туурвиснаа харуулах гээд нэг хүүгийнхээс өгсөн номоо авчрууллаа” хэмээн өгүүлж суусан. Түүний бичсэн номуудаас “Тавилан”, “Зэрлэгийнхэн”, “Цааз сонссон хүн”, баримтат төрлийн “Хайранд хайлмагтсан мөнх цас”, “Хайр эрсэн залуу нас” зэрэг бүтээлүүд уншигчдын талархлыг хүлээжээ. Энэ бүх романаа бичгийн машин эсвэл комьютер ашиглахгүй зөвхөн гараар бичиж, туурвидаг гэхээр гайхалтай биз. Яагаад та гараараа бичдэг юм бэ гэвэл мань эр “Гараар бичих зохиолынхоо баатруудтай хамт уярч, хайлж, дурлаж дуулж, үзэн ядалт, өс хонзонг нь хүртэл хамт мэдрэх шиг болдог юм” хэмээн өгүүлж билээ.

Их үд хэвийх үест би Т.Баатар гуайнхаас гарав. Мөнөөхөн цайвалзан гялалзах цасны ул багасчихсан мэт харагдана. Намрын нар бяд муутайхан илч гэрлээрээ гийгүүлэн гэрэлтсээр л байх авай. Хийхээ хийж, хэлэхээ хэлчихэж чаддаг хөгшид түмний хараанд өртөх гэж хичээхгүй төрийн хишиг хүртэх гэж зүдэхгүй араасаа нэхүүлгүй, алдраас зүүгдэхгүй амьдарсаар л яваа билээ.    

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 30 минутын өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 3 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 3 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 3 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 3 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 4 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 5 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 5 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 5 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 5 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 5 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 5 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 5 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 5 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 5 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 5 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 6 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 6 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 6 цагийн өмнө