ТУМБААШЛАГ ТӨР


“Монголын үнэн” сонины ахмад сэтгүүлч бичиж байна

  Хорлоогийн ЦЭВЛЭЭ

/Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч/


Харгис, зэрлэг араншин

Монголчууд бидний аминаасаа илүү хайрлан хамгаалж ирсэн унаган эх орон Монгол минь өнөөдөр нээрэн тийм аймаар хэцүү болчихлоо гэж үү. Хэрэв үнэхээр тийм аймаар болсон юм бол хэзээ хаанахын ямар гээчийн аюултай догшин хар шуурга дайрахаараа бидний ааш араншинг ингэж танигдахын аргагүй болтол эвдэж дэглээд хаячихдаг юм бол оо?! Эсвэл би монгол хүн гэж цээж дэлдэн ханхалздаг. Монголоо алдсан хүмүүс  олигтой, өөдтэй бүхнийг үгүйсгэгч өнөө цагийн мөнөөх хэтэрхий мэргэн улс төрийн жараахайнуудын хоосон сээхэлзүүр өвчний халдварыг авчихаад бид бараг бүх нийтээрээ ингэж сэтгэл сэмэрч эмзэглэн уруу дорой царайлан уйлагнаад байна уу.

 Эсвэл нэг нэгэндээ хоосон тунирхаж ялархахдаа ингэж янгуучлаад байна уу. Тийм биш юм бол энэ цагийн хуучирсан үзэлтэй би болон бидний үеийн зарим нөхөд эдүгээ цагийн хамтарсан төр, засгийн газраас явуулж эхэлсэн аливаа тулгамдсан амин чухал асуудал бүхнийг эв санааны нэгдлийн арга зарчмаар алсын хараатай удирдахыг эрхэмлэж байгаа шинэ үеийн улс төрийн зоригт шонхруудынхаа шинэ давшилт хандлагыг хараад мөнөөх улигт атаа жөтөө гэгч хууч өвчин нь хөдөлж сэдрээд болдог сон бол савж унамаар болтол бачуурч цухалдаад байна уу. Ямар ч атугай хачирхалтай этгээд сонин ааш араншин цадигаа алдтал сагаж дэвэрч магадгүй болоод л байх шиг ээ.

Би хэмээх энэ муу зөнөг өвөө үнэн зөв мэдэрч л байдаг байгаа даа! Би чинь өөрөө уншиж сонсож тэр бүр чадахгүй, голдуу бусдын амнаас будаа идэж суудаг яалт ч үгүй ядар дорой болсон амьтан шүү дээ. Нэг л биш ээ. Нэгэн бол миний ухаан санаа биш болжээ. Нөгөө бол миний энэ эх орон их өөр болчихсон байх. Харахгүй юу. Өнөөдөр манай нийгмийн ухамсар сэтгэхүйг нэлэнхүйд нь хүүшлэх дөхөөд байгаа бусдынхаа ололт амжилт бүхнийг улайран үгүйсгэж харлуулахыг чухалчилдаг өнөөх хоосон сээхэлзүүр сэтгэлгээтний хэсэг бүлгүүд бий болсон байна. Энэхүү үгүйсгэгчдийн хорт нөлөөнд хэт автсанаас болж аймхай, молхи миний аюулхай цээжний дотор талд хамаг ашигтай бүхнийг хамж залгидаг мөнөөх гобсек маягийн мангас үзэгдээд тэрхүү мангасын хий үзэгдлээс нь дэмий баахан айж самгардаад байх шиг санагдах боллоо.

Энэхэн зуур ийм нэгэн гэнэн томоогүй боловч сац бас эргэж нэг бодвол лут их хашир хэрсүү гэмээр бодол зурсхийсэн нь санамсаргүй тохиолдол яавч биш.

Бидний монголчууд чинь хэтэрхий их хардамхай хүмүүс. Сав л хийвэл сэтгэлдээ ямар нэгэн атаатан дайсны хий дүрс зохиомжлон бий болгож түүнийгээ сэтгэлээрээ харчихаад, түүнтэйгээ тулалдах нэрээр огт гэм зэмгүй бусдыгаа эх орны эсэргүү дайсан болгон хадуурч мянга түмээр нь цаазлан хороож байсан маш гашуун бөгөөтлөө бас хошин маягийн ээдрээтэй түүх туулж хаширсан хүмүүс мөнөөсөө мөн. Тухайлан өнөө цагийн монгол түмний гүнээ гэмшин өвдөг сөхрөн толгой бөхийлгөн гашуудан тэмдэглэдэг зарим баримтыг тоймлон дурдвал, 1920-1930-аад оны Бодоо, Данзан, Гэндэн, Дэмид, Амар, Лосол, Догсом, Лувсаншарав, 1950 -1960 аад оны Дамба, Төмөр-Очир, Цэнд, Лоохууз, Жалан-Аажав тэргүүтнийг хэлмэгдүүлсэн явдал байдаг. Эндээс үүдэн эргэж нэг бодоход байхгүй дайсныг байж байгаа мэтээр дүрслэн боддог энэ асуудлыг улам лавшруулан бодож учрыг гүнзгийрүүлэн тунгаахад хүн гэдэг амьтан тэр тусмаа монгол хүмүүс чинь байгаа зүйлийг байгаагаар нь харахаас гадна байхгүй дайсан, байхгүй эсэргүү, байхгүй тагнуул, байхгүй хорлон сүйтгэгчдийг байж байгаа мэтээр төсөөлөн бодохдоо гаргуун дур сонирхолтой, түүгээр үл барам бусдыг хэлмэгдүүлж мууг нь үзэхийг ид хав болгон бахархал болгохыг битүүхэн хүсдэг муу зуршлаасаа даруй түргэн салж бүр үгүй болгоосой гэж хүсэн залбирцгаая.

Ул шагайхад дурладаг муухай зангаас шалтгаалж бусдыг буруу таньж хэлмэгдүүлэх, нэр хүндийг харлуулах эс бөгөөс хий хоосон магтан хөөргөж өндөр шан харамж хүртээх, өндөр дээд албан тушаалд дэвшүүлэх зэргээр төөрөлдүүлэх гэм нүгэл олонтаа тохиолддог байсан удаатай. Эдүгээ манай орны улс төрийн талбарт хоосон сүржигнэн худал магтах, заримдаа санаатай гүтгэн нэр төрийг гутаах харалган өрөөсгөл ханддаг бусармаг явдал ихээхэн газар авч байна.

Чингээд бодоход амьдын хорвоо заримдаа дэндүү их хатуурхан дамшиглах юм. Бидний монголчууд гэдэг чинь эд мөнгө, эрх ямба, албан тушаалын хачин их шуналтай атлаа шуналаа ухаалгаар захирч тэвчих тэсвэр тэвчээр султай хүмүүс байж тун ч магадгүй.

 

Ухаалаг хүмүүнлэг араншин

“Бусдынхаа төлөө хийсэн тэр бүхэн чиний аз жаргал, амиа бодож үйлдсэн бүхэн нь чиний үйлдсэн нүгэл хилэнц байх болно”. Ийм нэгэн айлдвар ам дамжин мөнхөрчээ. Хэлсэн эзэн нь дорнын их сэтгэгч соён гэгээрүүлэгч Санти Любо гэдэг юм. Эрхмийн нэрийг буруу тогтоосон байж магадгүй тул уучлан залруулна буй заа.Тэр их үнэн үг хэлжээ. Үнэнхүү гайхамшигтай! Чингэхлээр боловсрол, эрүүл мэнд, үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, зам, тээвэр, барилга, шинжлэх ухаан, соёл урлаг, хүн амын ухамсар зан суртахууныг хөгжүүлэх талаар аливаа нэгэн улс орны төр засгаас явуулж байгаа бодлого, арга хэмжээнүүд нь нэгэнт л хүний төлөө явуулж байгаа нь тов тодорхой учраас тэдгээрт оролцох нь цаад утгаараа хүн бүрийн сайн сайхны төлөө зориулсан буяны үйл хэрэг мөн гэдгийг мэдэж авах нь зүйтэй юм шиг байна. Энэ бүхний төлөө тэмцэх нь өөрийн аз жаргалыг бүтээх тэмцэл мөн байдаг юм байна. Ингээд бодохоор төр, засгийн авч хэрэгжүүлж байгаа ийм бодлого үйл ажиллагааны эсрэг чиглэсэн бодлого үйл хэрэг гэж байгаа бол тэр нь маш зохисгүй муу хэрэг тул “сөрөг хүчин” нэртэй улс төрийн хүчин байх нь манайхны монгол ухаарлаар үзвэл тийм аятай таатай хэллэг биш гэмээр санагдана. Яагаад гэвэл, сөрөг хүчин байх гэдэг нь алсын утгаараа муу ёр, нүгэл хилэнц зөгнөсөн ч байж болох талтай байна. Түүний оронд “олонх цөөнх” гэсэн хэллэгээр ярих нь манай монгол нүүдэлчдийн соёл иргэншлийн уламжлалд илүү зохистой баймаар санагднам.

Тумбааш араншин

Энэ цагийн Монгол Улс дэлхийд дээгүүрт ордог болсон тухай мэдээ сонсоод баярлан гонсойно гэгч боллоо. Ямар ч атугай монгол маань чухам юугаараа тийнхүү онцгойрон  ялгарна вэ. Ард түмний амьдралын аз жаргалаараа тэр үү гэвэл “Яалаа гэж дээ” гэж олон улсын хэвлэл мэдээлэл хариу өчлөө. Тэгвэл ардчилал эрх чөлөөгөөрөө тэр үү гэвэл бас “Үгүй, үгүй” гэнэ.Тэгтэл “Айлаас эрэхээр авдраа уудал” гэсэн миний ард түмний ухаалаг мэргэн үг санаанд ороод ирлээ.

1954 онд Баянхонгор аймгийн “Лениний зам” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга болсноос хойш өнөөг хүртэл бүтэн далан жил үзэг цаастай ноцолдсоны хэрэг юу сан билээ гэж омогшингуй бодоод мартамхай болсон мөнөөх ядарсан сэтгэл оюунаа нэгжиж үзэхээр шийдлээ. Гэтэл явсан нохой яс олж зууна гэгчээр боломжийн хэдэн үг аюулхай цээжнээсээ олоод авлаа. Тэнд дор дурдсан үг өгүүлбэр байж байх юм аа. Тухайлбал “Эдүгээ цагийн монгол араншин нь нэгдүгээрт, хүн амын ядуурлаар, хоёрдугаарт, авлига хээл хахуулиар, гуравдугаарт, албан тушаалын хулгай, муу арга залиараа дэлхийд нэрд гарсан улс болсон гэж байна” гэсэн сэтгүүл зүйн тойм тайлбар маягийн хэдэн үг олж авсан тул түүнийхээ оносон оноогүй алин болохыг шүүлгэхээр юуны өмнө уншигч танд хандан бичиж суугаа минь энэ.

Үнэхээр хурдан шуурхай дэвшин хөгжиж чадахгүй үлгэр домогт гардаг шиг чөтгөр шулмын шидэт төмөр чөдрөөр чөдөрлүүлсэн мэт доороо л түгэнцэж байгаа нь үнэн аваас сул чөлөөтэй болон тавигдах аврал өршөөл байна уу хэмээн сураглаж суугаа юм. Миний бодлоор бол тийм авралын шидэт алтан үрэл бэлэн хадгалагдаж байгаа байх гэж итгэж байна.

Тэр бол зуун арваад жилийн тэртээх тэр нэгэн бэрх цагт Монголын төр түмнийг аварч байсан эв нэгдлийн шидэт үлгэр загвар болсон домогт “Тумбааш” хэмээх үзэл санааны итгэл үнэмшил мөн байж таарна.

Зууны тэртээ Манжийн колоничлолын дөнгөнөөс салахад тэр үеийн монгол түмний сэтгэл оюуны туг сүлд болж байсан шиг эдүгээ цагийн амин хувиа бөөцийлсөн “Би үхэхээр чи үх” гэсэн хүмүүнлэг бус агуулгатай буруу сэтгэлийн аюултай үзэл санаагаар дөнгөлөгдсөн дээр нэрлэсэн гурван муухай дөнгөнөөс салахад бас ариутгагч дотоод далд оюун санааны хүч хэрэгтэй байдаг. Тэрхүү нэн чухал агаад гайхамшигтай бурханлаг чанартай аз жаргалын цэцэрлэгт хүрээлэн болсоор ирсэн та бидний оюун ухаан хэмээх сэтгэлгээний ертөнцийн дотор оюун санааны бишрэл болон үйлчилж байдаг. Хүмүүн бидний аюулхай цээжний дотор орших бөгөөтлөө хүнийг өөрийг нь дотроос нь өргөж тээж явдаг их энэрэл хүндэтгэлийн тэр гайхамшигтай дотоод хүчин зүйлийн нэрийг нь тумбааш гэдэг юм билээ.

Тийм ээ, тумбааш. Бас дахин хэлье, тумбааш. Энэ цагийн монголчууд биднийг бие биеэ дайсагнан үзэж атаа хорсол өвөрлөж татаж унагадаг, нэр төрийг нь гутаан доромжилдог зэрэг бусармаг хийрхлээс хамгаалдаг ганц итгэл найдвар бол тумбааш үзэл.

Тийм ээ, тумбааш, тумбааш, тумбааш!

Монголоор бол “Эвтэй дөрвөн амьтны үзэл санаа” хэмээн нэрлэдэг үзэл. Манай нүүдлийн соёл иргэншлээр “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” байх үзэлтэй яв цав таарч тохирно. Монгол ардын зүйр үгээр бол “Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байх”, бас цаашилбал ”Бүгдээрээ нийлбэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй”, “Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай хүчтэй” гэх олон гоё нэртэй нэгэн мөн чанартаа бат нягт нэгдмэл үзэл. Нарт хорвоод эв нэгдлийг дийлэх хүч байхгүй гэж Чингис хаан маань сургаж байсан. “Эвтэй бол хүчтэй” гэж монголчууд түүнийг дээдлэн шүтдэг.

Манай энэ удаагийн Засгийн газар бол яалт ч үгүй энэхүү алдарт тумбааш үзлийн суурин дээр байгуулагдсан засгийн газар. Тиймээс энэ засгийн газрыг тумбааш загварын засгийн газар гэх нь ээ ч болох учиртай. Хэрвээ Монголын ард түмэн бидэнд аз жаргал гээчийг амсаж эдлэх дээдийн заяа байдаг л юм бол энэ тумбаашлаг Засгийн газар аз жаргалын алтан алим гэгчийг олж авчирч ард түмэн бидэндээ түгээж өгнө. Аз жаргалын алтан алим гэдэг нь Монгол Улс ядууралгүй, авлигалгүй, албаны өндөр эрх мэдлийн төлөө ухаан жолоогүй өрсөлдөн тэмцэлдэж хамаг байдаг оюун ухаан, эд хөрөнгөө шавхан үрэн таран хийдэггүй, хулгай,  залилангүй болно гэсэн утгаар үүнийг ойлгох нь зөв болов уу.

Энэ эрхэм ариун үүрэг зорилтыг олон намын хамтарсан тумбааш агуулгыг өөртөө бүрэн шингээсэн Засгийн газар л хэрэгжүүлж чадах болно хэмээн гүнээ итгэж байна.

Чадна аа чадна, энэ Засгийн газар эс чадвал өөр ямар ч засаг төр аз жаргалын алтан үрэл авчирч чадахгүй. Ийм учраас ийм чухал үзэл санааг сонгон авч амьдралд хэрэгжүүлж байгаа Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй тумбаашлаг хамтарсан Засгийн газарт сайн сайхныг хүсэн ерөөе.

 Өнөө цагийн  монгол араншин амар амгалан жаргалаар амсар дүүрэн дэлгэрч байх  болтугай!

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24621/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 8 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 8 цагийн өмнө
Тохуурхал 8 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 9 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 9 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 9 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 9 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 9 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 9 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 9 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 9 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 11 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр