Хоноцын сэтгэл ба үгүйлэгдсэн хайр


“Монголын үнэн” сонины ахмад сэтгүүлчид бичиж байна


Г.Жамц

/Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч/

“Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь” гэдэгсэн. Өнөөгийн зарим хүн ямар хачин араншинтай золгосон юм бэ. Өөрсдөө болж байвал тэдэнд эх нутаг, элгэн садан огтхон ч хамаагүй. Эх орон юунаас эхэлдэг вэ. Энэ бол бидний гэр орон. Орон гэртээ хоноцын сэтгэлээр хандаад байвал яаж ч өөдөлж дэвжих билээ.

Манж чин улсын даран­гуйллын хар жилүүдэд ар, өвөр Монгол, Буриад хэмээн хуваагдан сарниж, алдаа оноот социализмын үед газар нутгаасаа өм цөм алдсаар Ардчилалтай золгосон Монгол орон минь буурай хөгжилтэй хэдий ч бахархах зүйл арвин. Харин ийм эх орны эзэд нь харийн хүн шиг хайш яйш байхыг яалтай.

Эх ороноо айл гэртэй зүйрлэвэл өрхийн тэргүүн нь төрийн түшээд. Заримдаа тэдний ухаан самуурсан мэт үзэгдэнэ. Зөөлөн сэнтийдээ дахин залрахын тулд орон гэрээ нураад унаж байсан ч чимээгүйхэн залбирч, дараагийн сонгуульд яаж хор найруулахаас өөрийг бодох ухаан сөхөө алга. Хэн юу гуйж, хэрхэн авирлаж байлаа ч “За биелүүлж өгье” гэсээр улсынхаа сан хөмрөгийн уутыг гөвөхөөс буцахгүй. Албан тушаал тэдэнд ичих нүүр байтугай, амь амьдралаас нь үнэ цэнтэй мэт.  Сонгууль дөхөөд ирэхээр ая тал засаж, яаж ч худал хэлэхээс буцахгүй.

Амиа бодож алс оронд цагаачилж одогсдыг ч зүйл бүрээр дэмжиж, хөөрхийлөх аж. Хоноцын сэтгэлээр далд хуйвалдаанаар гаргасан тэр шийдвэрийн горыг өнөөдөр бүгд амсаж, бачимдаж байна. Хэрэлдэн тэмцэлдэж байна. Энэ чухамдаа бөх бат орон гэрийнхээ доогуур тамын цүнхээл ухаад юу байдгаа таслан цөлмөхтэй төсөөтэй.

Дэлхийн нэгэн гайхамшиг Цагаан хэрмийг бариулах шалтгаан болсон Хүннү, Сүннүгийн үеийн хөшөө дурсгал, хүн чулууд, бахархах нандин дурсгалууд шуналын хараанд өртөж түрүүч нь алга болж байхад санаа зовох түшээд алга. “Усны эх булингартай бол” гэж үг бий. Төрийн дээдсийн энэ мэт хоноцын сэтгэлт үйл ажиллагаа доодсод яаж тусах нь ойлгомжтой. Шуналын сэтгэл цулбуур, жолоогоо алдаж, эмс охидын зарим нь буруу замд орж удмын сан, тэнгэр язгуурт ариун цусаа бузарлаж, буртаглах юутай эмгэнэл. Шуналын сэтгэлээр мөнгөө нүд ирмэх зуур үржүүлэхээр хадгаламж зээлийн хоршооны луйварчдад алдсан зарим нь ард түмний хөлс хүчээр төлүүлнэ гээд өлсгөлөн зарлаж суух. Ийм хүмүүст чухамдаа эх оронч сэтгэлийн үнэр ч алга.

Өнөөдөр улсын Ерөнхийлөгчийг эс тооцвол эх хэл, бичиг соёл, уламжлалт шашин, түүхээ дээд­лэх мэргэн түшээ Монголын төрд даанч үгүйлэгдэж байна. Эх хэл, бичиг соёл минь холион бантан болж ядуурч дордлоо. Үндэснийхээ бичгээр сийлсэн тамганыхаа дардсыг бараг уншиж, бичиж чадахгүй төрийн албан хаагч, түшээд шөнийн од шиг олон байгаа нь ой гутам, гутамшиг.

Монголынхоо буянаар ийш тийш явж “нүд тайлсан” зарим мэргэд “Даяаршлын эрин үе” гэж мэдэмхийрч Монголын онцлог, түүх, соёлоо уландаа гишгэж явах нь нэгэн гаслан. Манайхан гадаадын туршлага, янз янзын юмыг хуулбарлан дуурайхдаа гойд атлаа, аль ч орны хүн ардын эх оронч сэтгэл, эцэг өвгөдийн соёл, ёс заншлаа амь шигээ эрхэмлэж, алаг нүд шигээ хайрладаг сайхан чанарыг яагаад үл дуугарч, үл дуурайна вэ.

Бас өөрийн гэснээ дорд үздэг хоноцын сэтэлгээний ухуулга биз ээ. Бид яагаад ийм болчихов оо. Алсын улбаатай хэд хэдэн шалтгаан буй. Үүнийг нуршиж өнгөрсөн цаг үеэ муулаад ч яах вэ. Харин 1990 онд эхэлсэн үндэсний сэргэн мандалт, эх оронч үзлийн гал цог бөхөж, бүдгэрэх гээд байгаа нь зүүд нойрыг хулжаах харангын түгшүүр. Элэг нэгтэй ухаант мэргэдийн үрс шүү бид чинь. Ухаарч үзэцгээе. Элгэн нутаг, эх түүхээрээ бахархах, эх орноо хайрлах сэтгэлийн гал цог монгол хүн бүрийн зүрхэнд бадамласнаар Монгол хөгжинө.

“Үндэсний бахархал, эх оронч үзлийн хүч” улс орны хөгжлийн хамгийн хүчирхэг хөдөлгүүр, хөтлөгч зүтгүүр мөнийг дэлхийн нэрт эдийн засагчид нотолж, өнөөгийн тэргүүлэх хөгжилт улс орны үлгэр дуурайл амьдралд батлан харуулсан. Чухамдаа гадаадын зээл, буцалтгүй тусламж бол хүн амыг бэлэнчлэх сэтгэлгээнд дасгаж, сэтгэн бодох чадварыг ч бөхөөдөг олигтой зүйл биш. Дээрээс нь манай төрийн түшээд сонгуулийн тэнэг амлалтаа биелүүлж шунахайрах өвчнийг гааруулсаар...

Зах зээлд соёлтой, хүн чанартай зохицож, шуналын сэтгэлийн жолоог татаж, эх оронч үндэсний үзлийг дээдлэх орчныг бүрдүүлье. Англи хэл суралцахаас илүүтэйгээр эх хэл бичиг соёлоо дэлгэрүүлэх, монгол сэтгэлгээ, эх оронч үзлийг тэтгэх хөрс шороо, шим бордоо ус агаарын таатай нөхцөлийг төрийн бодлогоор тэтгэх цаг   иржээ. Эх орончдоо шагнаж, магтаж, мандуулъя.

Эх оронч үндэсний үзэлтнүүдийг л төрийн түшээгээр сонгоё. Үндэсний үзэл хэдий чинээ олны сэтгэлийг эзэмдэхийн хэрээр үндэсний аюулгүй байдлын аргамжааны бэх бат чанар шууд хамаарна. Хүүхэд багачуудаас эхлэн хүн бүрийн зүрх сэтгэлд эх орон, төрөлх нутаг, төрсөн газар, элгэн саднаа эрхэмлэх халуун хайрын галыг ноцооё. Монголд үгүйлэгдсэн хайр энэ л шүү дээ. Эх орон өнөөдөр үүгээр гачигдаж байна. Монголоо хайрлах сэтгэл эхийн цагаан сүү билээ. Энэ хайр үндэсний бичиг соёлд минь гүн шингэсэн байдаг. Юуны өмнө үндэсний монгол бичгээ төрийн бичиг болгоё. Өвгөдийн минь бичиг соёл өнөөгийн мунхаг бидний харьжсан сэтгэлгээг ч анагаах увдистай. Эх орноо хайрладаг хайр үгүйлэгдэнэ. Энэ хайр өрх гэр бүлийн гал голомтыг улам ч илчлэг сайхан болгоно. Энэ хайр хүнийг хүн болгоно. Энэ хайраар Эх орон минь цангаж байна.

“Сэтгэлийн гал” номоос...

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24621/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 8 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 8 цагийн өмнө
Тохуурхал 8 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 8 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 8 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 8 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 8 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 8 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 8 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 8 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 8 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 11 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр