Төсөв тойрсон хэрүүл, уран дагасан улстөржилттэй долоо хоног


Өвлийн тэргүүн сар хөдөөд тасхийсэн жавар, харин хотод төсөв тойрсон хэрүүлийг дагуулан ирлээ. Өнгөрсөн наймдугаар сард Засгийн газраас  УИХ-д өргөн барьсан 2025 оны төсвийн төсөлд  орлогыг 33.9 их наяд, зардлыг 35.8 их наядаар тооцож, алдагдлыг ДНБ-ий хоёр хувьтай тэнцүү буюу 1.9 их наяд төгрөг байхаар тусгасан. Гэвч гурван сарын хугацаанд төсөв дээр тоймтой юм дуугараагүй эрхэм гишүүд гэнэт босож ирж, Засгийн газрынхаа оруулж ирсэн төсвийг буцаан татахыг шаардаж эхлэв. Хэмнэх, үр ашиггүй зардлыг танах нь туйлын зөв. Гэхдээ одоо Засгийн газар төсвийн төслөө буцааж татах хугацаа бараг  байхгүй. Хуульд зааснаар арваннэгдүгээр сарын 15 гэхэд 2025 оны улсын төсвийг баталж чадахгүй бол УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ тарна. Тиймээс  нэр бүхий гишүүдийн энэ огцом үйлдлийг шаардлага гэж үзэх үү, “шантааж” гэж ойлгох уу гэдгээ иргэд мэдэхгүй тээнэгэлзэж сууна. Энэ нь ч аргагүй. Нэмэгдсэн төсвийн төслийг найман сараас хойш харж чимээгүй суусан гишүүд гэнэт “амь орсонд” гайхах, бас эргэлзэх, талцах хүмүүс ч  олон байна. Төсвийн хэрүүл Төрийн ордноос хальж,  цахим орчинд ч мэтгэлцээн өрнөж байна. Хамгийн их шуугиан тарьсан заалт бол Соёлын сайдын багц дахь 18.3 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал. Өсвөр насны 183 мянган хүүхдэд үзвэр үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасахыг зарим иргэд шаардаж, харин урлаг соёлынхон цээжээрээ хамгаалан мэтгэлцэж эхлэв.  


Өнгөрөгч долоо хоногт “Монгол бахархлын өдөр" тохиосон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн  Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ.Төрийн тэргүүн зарлигтаа “Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмэр оруулсан учраас Бан Ги Мүнд энэ хүндтэй шагналыг олгож байгаагаа онцгойлон дурдсан. Ийнхүү  Бан Ги Мүн Монгол төрийн тэргүүн дээд шагналыг хүртсэн гадаадын хоёр дахь иргэн болж байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногт БНХАУ-д ажлын айлчлал хийж, Шанхайн олон улсын импортын VII ЭКСПО-д оролцохоор мордсон. Тэрбээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны уулзалт хийж,  олз омог ихтэй яваад буцаж ирлээ.  Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлж, тогтолцооны 14 реформыг хийхээр төлөвлөөд байгаа. Энэ хүрээнд Хятадын талтай эрчим хүч, аж үйлдвэр, уул уурхайн салбарт хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлэхээр тохирч, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдүүлжээ. Тухайлбал,  БНХАУ-ын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын  хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөлд  253 сая ам.долларын санхүүжилтийг Хятадын тал  олгохоор боллоо. Эрчим хүчний дутагдалтай байгаа энэ үед Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулбал баруун бүсийг  100 хувь ногоон эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм. Үүнээс гадна 20.9 сая ам.долларын санхүүжилтээр холбооны шугам, сүлжээг шинэчлэх, сумдыг шилэн кабелиар холбох төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрэв. Мөн  “Ерөнхийлөгчийн нэрэмжит спорт цогцолбор”-ыг Хятадын буцалтгүй тусламжаар барих гэрээг үзэглэжээ.  Уг спорт цогцолбор 19 спорт заал, усан сан, хүлээн авалтын танхим, хүүхдийн тоглоомын талбай, худалдаа үйлчилгээний болон нийтийн үйлчилгээний талбай, оффис, урлагийн танхим, автомашины зогсоол зэрэг нийт 60 орчим мянган метр квадрат талбайг хамрах том цогцолбор юм. Үүнээс гадна Монгол Улсаас тэжээлийн амьтны уураг болон өөх, тос экспортлох хорио цээрийн нөхцөлийг  тохирчээ. Үүний үр дүнд малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох, дэлхийн зах зээлд гаргах нөхцөл нь бүрдэж байна. 
Засгийн газраас УИХ-д Цөмийн энергийн тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн нь  улстөрчид төдийгүй зарим иргэний хөдөлгөөнийнхний анхаарлыг татаж эхлэв. Уг нь Цөмийн энергийн тухай хуулийн төсөл батлагдвал сүүлийн 27 жилийн турш ярьж байгаа уран олборлох асуудал шийдэгдэж, Монгол Улс францчуудтай хэлэлцээрийн ширээний ард суух боломжтой болно. Гэвч үүнийг дагасан улстөржилт эхэллээ. С.Ганбаатар тэргүүтэй гишүүд “Шар нунтаг олборлоод  Африкийн зарим орон ядуурсан. Үүнийг дэмжихгүй” хэмээн мэдэгдэл хийж, зарим иргэний хөдөлгөөнийхөн  нэгдэж нийлээд уран олборлохыг  эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд байна.
Өнгөрөгч долоо хоногийн хамгийн таагүй мэдээг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дуулгалаа. “Тэрбээр жилд 4000 гаруй хүн хавдраас болж нас барж байгаа. Гэхдээ хавдрын эмнэлэг барьснаар энэ нас барж байгаа хүмүүсийн тоо буурахгүй. Харин хавдраас урьдчилан сэргийлэхэд анхаарах ёстой гэдгийг сануулав. Эрүүл мэндийн сайд Сүхбаатар дүүрэгт баригдсан 200 ортой эмнэлэгт ажиллах боловсон хүчин бүрдэж өгөхгүй байгаагаас шалтгаалан үүдээ нээж, үйлчлүүлэгчээ хүлээж авч чадахгүй байгаа гэдгийг ч нуусангүй. Тэгвэл хамгийн таатай мэдээг Сангийн яамнаас өглөө. "Олон улсын Валютын сан 2024 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын эдийн засгийг ирэх онд зургаан хувиар өсөхөөр төсөөлж байсан бол 2024 оны аравдугаар сард долоон хувь болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр ирэх онд Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө бүс нутгаа тэргүүлнэ" гэжээ. Ирэх оны эдийн засгийн өсөлтөд Оюутолгойн гүний уурхайн олборлолт эрчимжин зэсийн баяжмал дахь алт, зэсийн агууламж нэмэгдэж, нүүрсний экспорт өсөхийн зэрэгцээ 2025 оны төсвийн бодлогын үр нөлөө эергээр нөлөөлнө гэж үзээд ийнхүү дүгнэсэн байна.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24621/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 47 минутын өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 3 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 3 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 4 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 4 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 5 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 5 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 5 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 5 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 5 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 5 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 5 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 5 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 5 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 5 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 6 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 6 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 6 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 6 цагийн өмнө