Монгол тэмүүлэл монгол ухаанаар оршихуй


Данзангийн Нямаа 

/Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч/

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч, Эдийн засгийн ухааны доктор, профессор, худалдааны гавьяат ажилтан “Номин холдинг” группийн зөвлөх Амарбаярын Шагдарсүрэнгийн “Далдугаар зөрлөг” цувралын долоо, наймдугаар боть уншигчдын гарт очлоо. Тэрбээр өөрийн бүтээж туурвиснаа эхнээс нь эмхэтгэж “Далдугаар зөрлөг” нэртэй ботиуд болгон гаргаж буй юм. 
Хүмүүний амьдрал гэдэг орчлон хорвоогийн өдөр хоног дундуур галт тэрэгний цуваа мэт жирэлзэн өнгөрч, баяр жаргал, хагацал учрал зөрөлдсөн зөрлөг дээр амсхийн зогссоноо цааш мөн л хурдлан оддог гэсэн уянгын бодолд энэхүү “Далдугаар зөрлөг” гэдэг нэр хөтөлж буй санагдана. 
Далдугаар зөрлөг номын нэгдүгээр боть /2020 он/ нь Дуу шүлэг, найраглал, аян замын тэмдэглэл гэсэн тодотгол нэртэй юм.
А.Шагдарсүрэн бол гүн бодолтой, дотоод сэтгэлийн хүчтэй, аливаад бодитой ханддаг, эргэцүүллийн тойрог томтой хүн. Шүлэг зохиолд нь энэ чанар хурц тод илэрдэг. Түүний дуу, шүлэг, найраглалд эх орон, элгэн нутаг, ээж аав, энэрэл хайр, эгч ах, элбэрэлт түмэн гээд орхигдоогүй сэдэв үгүй. Найраглал болгон нь өөр өөрийн өнгө төрхтэй бүтсэн байдаг.
Аян замын тэмдэглэл нь тухайн цаг үеийн асуудлыг гярхай олж харсан, түүндээ уншигчдын анхаарлыг хандуулж, хөгжил дэвшлийн зөрөө ялгааны цаад учрыг тодруулсан, хийж бүтээхийн уриа дуудлагад дуудсан хандлагатай байгаа нь олзуурхууштай. 

“Эртэч Монгол”- 100 дахь уулзалт. Хүндэт зочин МУСГЗ, зохиолч, яруу найрагч, МонголУлсын төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Г. Мэнд-Ооёо, 2016.01.13

Далдугаар зөрлөг номын хоёрдугаар боть /2020 он/ нь Зохиогчийн намтрын товчоон, дурсамж, өөрийнх нь номын болон бусдын номыг хянан тохиолдуулсан өмнөтгөлүүд, нөхдийн дотно үг, хэлсэн үг гэсэн таван бүлэгтэй. 
Намтрын товчоон, дурсамж  бүлгээс нь  малчин ардын хүү хэрхэн өсөн бойжиж, төр, нийгмийн зүтгэлтэн, эрдмийн судлаач, итгэлт бизнесмен, эргэцүүлэн туурвигч зохиолч болсныг бахархан уншиж болох аж. 
Номын өмнөтгөл бүлгээс нь хэчнээн олон оюуны бүтээлүүд хийсэн, тэдгээр нь соён гэгээрүүлэх нөр их ажлынх нь цар хүрээг харуулахын хамт, энэ чиглэлд олон ивээн тэтгэсэн ном, урлаг, соёлын арга хэмжээнүүд байгааг тод харж болно. 
“Нөхдийн дотно үг”-ээс найз нөхөд нь түүнийг хэрхэн үнэлж, дүгнэн, дээдэлж, хүндэлдгийг бэлхнээ мэдэх болно. Тэрбээр ямар ч үед төрөлх чанараараа явж ирснийг, ажлын гүнд орох чадвар нь түүнийг амжилтад хүргэснийг онцлон тэмдэглэжээ. Хийж бүтээснээр нь, түүний нийгмийн үр өгөөжөөр нь ч бахархсан байна. 
“Долдугаар зөрлөг” номын гуравдугаар боть /2020 он/ нь бүхэлдээ зохиогчийн оюун санааны тунгалаг гол мөрнөөр зорчих боломжийг уншигчдад олгож байна. Тэрбээр 50-аад жилийн тэртээгээс Монголын бүх л мэдээллийн хэрэгсэл, сонин, сэтгүүл, радио телевизэд ярилцлага өгч, бүтээл туурвилаа нийтлүүлж явжээ. 
1972 онд А.Шагдарсүрэн “Хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах төлөвлөгөөг нэвтрүүлье” гэсэн нийтлэл "Хөдөлмөр" сонинд бичиж байжээ. 
Энэ мэт хэзээ ч шинэ содон хэвээрээ байх санаа сэдэл олон байна. Тэрбээр угаасаа шинэд тэмүүлэгч эрхэм билээ.
Уншигчдын санал, шүүмж  бүлэгт А.Шагдарсүрэнгийн ажил, бүтээлийн талаар академич Ч.Далай, Ш.Болдбаатар, доктор профессор Д.Цэрэнпил, Х.Шагдар, С.Байгалсайхан, Д.Болд-Эрдэнэ, Д.Гүн-Үйлс тэргүүтэй олон эрдэмтэн үнэлсэн үнэлгээ байна.
Далдугаар зөрлөг номын дөрөвдүгээр боть /2022 он/ Монгол ардын Зүйр цэцэн үгсийн шигшмэл нэртэй гарсан. Энэ нь А.Шагдарсүрэнгийн гэр бүлийн гишүүдийн бүтээл бөгөөд 2005 оноос хойших шинэчлэн засварласан найм дахь хэвлэл юм. Энэ номд 4000 зүйр цэцэн үг орсон байна. Онцлог нь худам монгол бичгээр хадаж гаргажээ. Цагаан толгойн А-аас Я үсгээр журамласан, бас зарим  зүйр цэцэн үгийн утгын тайлал, тайлбартай гаргасан нь хэрэглээний ихээхэн ач холбогдолтой болжээ. А.Шагдарсүрэнгийн энэ эмхэтгэлээс өөр зүйр цэцэн үгсийн ийм дайны эмхэтгэл гараагүй байна. 
А.Шагдарсүрэнгийн дараагийн тавдугаар боть /2023 он/ нь зүйр цэцэн үгсийг ах А.Пагмынхаа гар бичмэлээр хадаж гаргасан. Монгол бичиг шимтэн суралцагч хүүхэд, залуус гоё сайхан бичиж сурах үлгэр дуурайлтай болсныг өгүүлэх юун. Энэ зүйр цэцэн үгийн номууддаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай 2022 оны долдугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр Зарлигийг, Монгол хэлний тухай 2015 оны  хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуулиас иш татаж оруулжээ. 
Түүнчлэн Монгол угсаатны бичгийн уйгаржин болон тод үсгийн цагаан толгойг ойлгомжтой хэлбэрээр оруулж өгсөн нь 2025 оноос хос бичигтэн болж байгаа бидний хувьд үлэмж ач холбогдолтой юм. 
Зургаадугаар боть /2024 он/ нь ”Гэрээ засаад төрөө засмуй” нэртэй. Түүнд гэр бүлийн цадиг, нутаг нуга, аав ээж, ахан дүүс, хамтран ажиллаж байсан дотоод, гадаадын  нөхдийнхөө тухай дурсамж, “Номин Холдинг” компанийн үүсэл, хөгжлийн тухай баримт түшиж багаас их рүү өсөж бойжсон түүх багтжээ. 
Бага дунд сургууль, Улсын их сургуульд хамт суралцаж байсан анд нөхдийн тухай, барилгын байгууллагад ажилласан, Монголын Үйлдвэрчний эвлэл болон Улаанбаатар хотын Сүхбаатар, Октябрийн районуудад нам, захиргааны ажил хариуцан ажилласан, гадаадад худалдааны ажил хариуцаж Зөвлөлт Холбоот Улсад ажиллаж байсан баримт бүхий түүхүүд байна. 
А.Шагдарсүрэнгийн "Дал­дугаар зөрлөг" цуврал ботийн Долоо, Наймдугаар ботиуд /2024 он/ нь "Монгол Тэмүүлэл - Монгол ухаанаар оршихуй" нэртэй. 
Тэрбээр “Монгол тэмүүлэл - сайхан Монгол орон” ТББ-ыг санаачлагчийн нэг бөгөөд тус олон нийтийн байгууллагын тэргүүнээр 14 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд “Монгол тэмүүлэл” сэдэвтэй төрлийн олон ажил зохиож түүнд уригдаж үг хэлж, илтгэл тавьж, лекц уншсан хүмүүсийн гайхамшигтай сургамжаас товчлон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилж ирсэн байдаг юм. 
Төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, соёл урлагийн, спортын цуутай мастерууд, шилдэг бизнесмен 110 гаруй хүн тэдгээр 122 арга хэмжээнд оролцсон байна. 
Тэдний хэлсэн үг, сургаалиар урьд нь гаргасан 10 цуврал номоо нэмж засварлан энэ хоёр ботио гаргажээ. Энэ номд “Монгол тэмүүлэл - сайхан Монгол орон” ТББ-ын алсын хараа, эрхэм зорилго, Уриагаа Монгол туургатнууддаа зориулж Орос, Англи, Хятад, Япон, Солонгос хэл дээр сурталчилсан байна. Түүнд монгол ухаанаар дархлаажсан, дэлхийд байр сууриа эзэлсэн, үлгэр жишээ, манлайлагч иргэн болох нь Монгол тэмүүлэл юм гэж тодорхойлжээ. Ер нь энэ хоёр номд орсон зуун хэдэн хүн бүгд л Монгол тэмүүллийн тухай өөр өөрийн байр сууриа янз бүрээр илэрхийлсэн байх юм. Жишээ нь: Монгол тэмүүлэл бол монгол хүний чин хүслийн дээд оргил гэх юмуу, хүний уураг тархи, оюун санаа хязгааргүй потенциал чадавхтай, түүнийгээ тодорхой зорилгод чиглүүлж дайчлахыг тэмүүлэл гэнэ, Тэмүүлэл бол амьдралыг авч явах хүчтэй хөдөлгүүр гэх зэргээр маш олон талаас хэлсэн онц сонирхолтой ном байна. Тухайлбал: 
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Монгол тэмүүлэл” бол  “Хүмүүжил, боловсрол хоёрыг салгаж  зааглаж болдоггүй зүйл, бусдын дэмжлэггүйгээр бүтээж чаддаг хүн гэж бараг байхгүй, тийм болохоор эв эеэ хичээж, бие биедээ хань түшиг болсноор бүхнийг бүтээнэ гэсэн үзлийг түгээх хэрэгтэй. Энэ нь Монгол ухаан, монгол заншил сэтгэлгээний гол түлхүүр нь шүү” гэжээ.
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбат агсан:  “Хүн өөрөө өөртэйгөө ажиллаж, сэтгэлийнхээ мөн чанарыг танин мэдэх юм бол ямар ч амжилтад хүрч чадна”, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч доктор Д.Цэнджав “Тэмүүлэл бол уулын оргил мэт зорьж очих зам мөр гарцаагүй мөн. Сайхан монгол хүн гэж хэн юм бэ?, Монгол хүний догшин уур хилэнг яаж зөөллөх вэ?” гэж асуулт тавьж хариулсан байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, доктор, профессор Г.Хайдав “Монголоо битгий алдчихаарай. Монгол ухаанаа, монгол бичгээ, монгол хэлээ сайн сурч бусдын өмнө нүүр улайхгүй яв. Ямар ч юмыг хэтрүүлж болдоггүй юм шүү” гэж өгүүлжээ.
Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, доктор Н.Жанцанноров “Тэмүүлж амьдрахын оньс нь бахархал юм. Үндэсний эрх ашиг дээр тулгуурласан бахархал нь тухайн хүний оюун санааны хөтөч болдог” хэмээн тайлбарлажээ.
Мөн Оюуны чадварын IQ төвийн тэргүүн, доктор, профессор Ц.Дэмбэрэл “Юм юм руу үсчсээр байхаар үр дүнд хүрэхгүй тэнхээ барчих нь олонтой. Олимпод түрүүлэхийн тулд олимпдоо л бэлддэг шиг, зорилго тэмүүлэл маш тодорхой байх ёстой”, УИХ-ын гишүүн асан доктор, профессор С.Дулам “Эртний түүх судар, нэвтэрхий тольд Монголчуудын тухай нэг зүйл байнга давтагддаг. Монгол гэрийн эзэгтэй гэрийнхээ бүх үйлийг эрхлэхийн дээр үр хүүхэд, эр нөхрөө хүний дээдээр хайрлаж асарч халамжилдаг гэсэн агуулгатай үг бараг адилхан бий“, ”Монгол хүн аль ч талаараа бусдаас дутахгүй. Оюуны чадвараараа дэлхийн 200 улсыг жагсаахад 21-д багтсанаас үзэхэд мэдлэг эзэмших чадвараараа ямар ч байсан дутуугүй байна”.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа “Улсын сайхныг эмэгтэйчүүд нь харуулдаг. Эмэгтэй хүн үс зүсээ сайхан байлгах нь ярилтгүй чухал. Дотор талдаа бас сайхан байх хэрэгтэй. Бүсгүй хүний уян, дөлгөөн чанар хайр татдаг юм. Айлын бэр болчихоод хадмынхаа эвийг олчихдог байх хэрэгтэй. Сайн эм цуглуулдаг, муу эм тараадаг гэсэн хуучны үг бий” гэжээ.
Удирдлагын академийн багш, дэд профессор Д.Доржжав “Монгол Улс хөгжлийн гарц, том боломжийнхоо өмнө ирчихсэн байгаа. Боловсон хүчин, нөөц баялаг, олон улсын таатай байдал бүгд байна. Нүүрс, зэс, уран мэтийн баялаг маань хөгжилд хамгийн ихээр түлхэц өгч чадахуйц хэмжээгээр нээгджээ. Үүнийг зөв аргаар буюу дэлхийг хэрсэн том төслүүдийн хүрээнд оруулахыг залуу удирдагчид санаачлан хийх шаардлага үүсжээ. Бид алгуурлаж байгаад энэ боломжийг алдах вий” хэмээн анхааруулж зөвлөжээ.
МУЗН-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Лувсангийн Одончимэд агсан : 
“...Өлсөж  хэзээ ч үзээгүй 
ард түмэн 
Өөр газар оронд байдаг гэвэл 
би итгэхгүй 
Өвгөдөө шүтээн шиг дээдэлдэг 
ард түмэн
Өргөн дэлхийд өөр бас байдаг 
гэвэл би итгэхгүй
Хүний хөл огт хүрээгүй 
газар шороо 
Хөх Монголоос өөр байна гэвэл 
би итгэхгүй 
Хөвч, тайга, тал, говиос минь 
тансаг нутаг 
Хөрстөд өөр газар байна гэвэл 
би итгэхгүй
Дэндүү сайхан эх орноо харин
“Дэлхийд ганцхан гэвэл би итгэнэ” гэх зэргээр хөврөх аж. 
“Монгол тэмүүлэл - сайхан Монгол орон” ТББ нь Монгол хүнийг Мөнх тэнгэрийн үзлээ дээдлэн, эх байгальтайгаа шүтэлцэн амьдрах, түүх, соёл уламжлал заншлаа өвлөсөн үндэсний бахархалтай, эх оронч иргэн болгон хөгжүүлэх эрхэм зорилгынхоо хүрээнд “Номин Холдинг” ХХК-ийн дэмжлэгтэй олон арван оюуны бүтээлийг ивээн тэтгэж нийтийн хүртээл болгосны гадна 10 гаруй баримтат нийтлэлийн кино бүтээсэн байна. 
Тухайлбал, "Буурал түүхийн эзэд", "Улсын Их дэлгүүрийн 100 жил",  "Монголын үндэсний худалдаа үүсэж хөгжсөний 100 жилийн түүх", Монгол тэмүүлэл зэрэг бүрэн хэмжээний баримтат кино болон “Аав” найраглал, "Алтан соёмбот далбаа", "Торгууд нутаг", "Ахын минь ачлал", "Монгол тэмүүлэл" дууны клипүүдийг хийж You Tube-т байрлуулж, зарим телевизүүдээр нэвтрүүлж байжээ. 
"Далдугаар зөрлөг" цуврал нь  цаашид "Хөрөнгө оруулалтын эдийн засгийн асуудалд", "Төрөө түшилцсэн мину", "Торгуудын түүхэн товчоон", "Баруун Монгол ардын дуу хөгжим", "Төр түмнээ дээдэлсэн Номингийнхон", "Эгэл урланг эрхэмлэсэн Эрдэнэт хивснийнхэн" гээд үргэлжлэх бололтой. 
А.Шагдарсүрэн гуайтай “Далдугаар зөрлөг” номынх нь тухай ярилцаж байхад энэхүү бичиж буй зүйлээ “Монголын Үнэн” сонинд нийтлүүлээрэй, мөн “Монгол тэмүүлэл”- ийн арга хэмжээнд оролцсон, түүнийг дэмжин тусалсан нийт хүмүүст миний талархлыг дамжуулж ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэж хүргээрэй гэж эрхэмлэн захисныг ёсоор болгов. 
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.


2024.11.02   
/Чингис хааны мэндэлсэн Үндэсний бахархлын өдөрт/


0
angry
1
care
0
haha
7
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 6 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 6 цагийн өмнө
Тохуурхал 6 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 6 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 6 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 6 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 6 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 7 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 7 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 7 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 7 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр