Нүд “ичиж”, чих дөжрөх нь



Н.БӨХДАМБИЙ

/Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч/

Би юунд тэгтлээ эмзэглэнэ вэ. Миний хэрээс хэтэрч, газар авч, олны дунд бараг хэвшил болж, хэрэглээ болчихоод байхад ер нь яалтай билээ. Гэхдээ ийм гутранги, дорой буурай байж яахан болох. Ялангуяа мэргэжлийнхэн, ахмадууд, эрдэмтэн мэргэд тухай бүр үгээ хэлж, эх сайхан монгол хэлээ цэврээр авч үлдэх цаг ирсэн байна. Юун тухай өгүүлэх гэж буйг уншигч, бичигч, сонсогч  Та бүхэн гадарласан байх. Нэрт их эрдэмтний маань хэлсэнчлэн

“...Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл

Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон...”

хэмээснийг монгол хүн бүр зүрх сэтгэлдээ гүн бат хадгалан, эх нутаг, эх хэлээ эрхэмлэн дээдэлж, хайрлан хамгаалж, зүрх сэтгэлдээ нандигнан хадгалж явахаас эрхэм зүйл үгүйг эрдэмтэн мэргэд, ихэс дээдэс, ухаант ард түмэн маань үр хойчисдоо учирлан сануулж, захиж сургасаар ирсэн нь энэ мэт олон буй. Аялгуу сайхан монгол хэлээрээ цэгцтэй зөв ярьж бичих нь зүрх, цээж дотрыг уярааж, сэтгэлийг сэргээн баясгах уран яруу найраг мэт сонсголонтой сайхан байдаг. Ерөөс монгол хэл минь яруу тансгийг илэрхийлэхдээ гоц гойд билээ. Тийм болохоор монгол хүн уянга яруугийн өндөр мэдрэмжтэй, үгийн сайханд баярлан баясаж, урам зориг, золбоо хийморь нь сэргэж, дэвжин дээшилж байдаг онцлогтой ард түмэн. Үг ямар их хүчтэйг тэд хэлэлцсээр хэрэглэсээр  ирсэн. Үгийн хүч, үнэ цэнийг үгээр илэрхийлэхэд ч бэрх. Энд хэлж, бичээд буй нь номчирхол бус үнэн. Үг, хэл гэх энэ хүчтэй “зэвсгийг” өнөөгийхөн хэт хайнга, буруу зөрүү хэрэглэх нь хэрээс хэтэрч бүр монгол хүний үг хэллэгт хэвшил боллоо. Тийм үг хэллэгийн заримаас дурдъя.

“Аягүй сайхан ном уншлаа” гэх юм. Аягүй муухай гэвэл болно. Алив сайхантай зүйрлэхдээ аягүй гэх үгийг хэзээ ч хэрэглэдэггүй атал хүүхэд залуус тэр бүү хэл томчууд ч баруун солгойгүй хэрэглэх боллоо. Иймд “аягүй”-г сайхны зүйрлэлд хэзээ ч бүү хэрэглээрэй. Үүнтэй адил “...аймаар гоё” гэж чамирхах, юуг илэрхийлж буйгаа мэдэхгүйдээ гэнэдэж хэлэх эрхмүүд байна.  Тухайлбал саяхан нэгэн телевизээр “...тэгж аймаар гоё сэргэсэн” гэж мэдээллээ. Энд аймаар муухай юм болоогүй, харин ч сайхан зүйл болж сэргэснийг хэлжээ. Энэ мэтээр “...аймаар сайхан, аймаар үнэнч, аймаар гоё” гэх зэргээр ярих нь чамирхал бус үгийн, амны алдас юм. Бас монголчуудын дунд дээд түвшнээс эхлээд ард иргэд, хүүхэд залуус хүртэл хэлдэг, хэвшил болсон нэг хэллэг бий. Энэ нь “...гэж хэлмээр байна” гэх хэллэг. “Ээждээ, аавдаа, багшдаа, хайртдаа... баярлалаа гэж хэлмээр байна” гэцгээхийг сонсохоор нүүр минчийж, чих дэлдийн ичингүйрэх шиг болдог. “Ээждээ хайртай гэж хэлмээр байна” гэж хэлснээс хэлэхгүй байсан нь дээр. Уг нь “Ээждээ хайртай” ханьдаа хайртай шүү” гээд шууд хэлэх ёстой шүү дээ.    Үүнтэй бас нэг төстэй хэллэг бий. “...хүсэж ерөөмөөр байна”. Яагаад ... та нартаа амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе” гээд хэлчихэж чаддаггүй юм бэ.  Дээрх хэлэхэд ч ичмээр үг хэллэгийг монголчуудын үг ярианаас яаж халах вэ. Хүн бүр үүнийг, бодож болгоохыг эрхэмлэн хүснэм.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр монгол хэлэнд олон тоог илэрхийлэх хэлбэрийг зөрчин бичиж нийтлэх боллоо. “...гурван улсын тэргүүн нарын...”, “...нэр дэвшигч нарын хувьд...” “...мужийн сонгогч нартай уулзав” гэх мэт дурдаад байвал олон жишээ бий. “...гурван улсын тэргүүний, эсвэл ...гурвын улсын тэргүүнүүдийн” гэх зэргээр хэлбэржүүлэх. Үүнтэй адил “....нэр дэвшигчдийн хувьд”  “...мужийн сонгогчидтой уулзав” гэж хэлж бичвэл зөв болно.

Энэ мэт  үг хэллэгт бидний нүд дасаж, чих дөжирчээ. Өөрөөр хэлбэл бидний нүд дасаж, буруу зөвийг ялгахгүй болтлоо төөрөлджээ. Энд олныг нуршихгүйгээр зарим баримтыг зургаар зүүллээ. Уншигч Та бүхэн сайтар харж, мэргэн оюундаа тунгаана уу.

Энд “ойрхо, ноогдуулжээ, сургуулилт, ялвал, санхүүжилтыг, хавдарын, ажиллаа” зэрэг үгсийг телевизийн дэлгэцээр урсан гарах бүрийд нүд далдьчин, дэргэд суугаа сурагч хүүгээсээ сэтгэл зовж нүд  буруулахад хүрдэг. Энэ мэт нүд ичээж, чих дөжрүүлэх үг хэллэг, бас буруу хазгай бичлэг нийтийн дунд, тэр бүү хэл телевиз, сонин хэвлэлээр хөврөх бүрийд яс хавтайн, яана даа гэх эмзэглэл төрөх юм. Миний эл бичиглэл хүн бүрд хүрч ажил үйлсэд нь, зөв сайхан, ярьж бичихэд нь   өчүүхэн ч болтугай нэмэр тус болоосой.


Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24621/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 8 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 8 цагийн өмнө
Тохуурхал 8 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 8 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 8 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 8 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 8 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 8 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 8 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 8 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 9 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 11 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр