Я.Цэлмэн: Оюун санаа, хүний эрхийн хувьд нийгэм одоо л солигдож байна


ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Хууль зүйн ухаан доктор, дэд профессор Я.Цэлмэнтэй ярилцлаа.

-НҮБ-ын эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын 40 жилийн ой тохиож байна. Монгол Улс энэ ойн хүрээнд ямар ажил хийж байна вэ?

-Өнөө жил дэлхий нийтээр Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц (ЭШЭК) батлагдсаны 40 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа (ЭШУСҮА) байгуулагдсан цагаасаа конвенцоор хамгаалсан хүний эрхийг хамгаалахад тогтолцооны шинж чанартай дэвшил гаргахад зорьж ажиллалаа. Хамгийн гол нь Монгол Улс эрүү шүүлтгүй байх, эрүү шүүлтээс ангид, хүний эрхийг хангаж чадсан улс орнуудын туршлагыг нэвтрүүлж, тэдгээр улс орны эгнээнд хамгийн түргэн хугацаанд орох боломжтой вэ гэдэг зорилт тавьж, стратеги боловсруулан, алсын хараагаа тодорхойлж ажиллаад гурав дахь жилдээ үргэлжилж байна. Энэ хугацаанд биднийг төлөвлөгөөтэй ажиллаж эрүү шүүлтээс ангид байх, хүний эрхийг хангахад тодорхой амжилтад хүрсэн, бүс нутагтаа “Үлгэр жишээ” болсон байна гэж НҮБ-ын суурин төлөөлөгч ноён Тапан Мишра  Монгол Улсад айлчилсан Олон улсын эрүү шүүлтийн эсрэг нийгэмлэгийн дүгнэлтийг бидэнд ЭШЭК-ын хэрэгжилтийн төлөв байдлын талаар УИХ-ын ХЗБХ, Хүний эрхийн дэд хороо, ХЗДХЯ, Прокурор, АТГ-тай хамтран хийсэн хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан нь бидэнд урам өгсөн төдийгүй эрхийнхээ төлөө тэмцэж байгаа олон хүнд итгэл найдвар өглөө.

-НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хорооны бүрэлдэхүүн хоёр дахь удаагаа ирж Монгол Улсад онцгой анхаарал хандуулсны учир юунд байв?  

-Монгол Улсад Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа бий болоод хэрхэн зөв нутагшиж байна, хууль эрх зүйн орчин нь нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцод нийцэж байна уу гэдэгт дүгнэлт хийхээс гадна бидний үйл ажиллагааг бэхжүүлж, туршлага солилцон, сургалт зөвлөгөө өгөхөөр өргөн бүрүрэлдэхүүнээрээ ирж ажилласан онцлог жил байлаа. Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хороо НҮБ-ын конвенцод нэгдэн орсон улсынхаа хаалттай орон зай буюу хүн өөрийн дураар гарч явах боломжгүй аль ч газарт өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд хяналт шинжилгээ хийх эрх нь нээлттэй байдаг. Үүнийхээ хүрээнд бие даан болон мөн манай үндэсний урьдчилан сэргийлэх ажиллагаатай хамтран хорих анги, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг газруудаар хяналт шинжилгээ хийсэн. Энэ сарын 9-14-ний өдрийн хооронд Женев хотноо НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 87 дугаар хуралдаан болох гэж байна. Монгол Улс ЭШЭК-ын хэрэгжилтийн талаар үндэснийхээ гурав дахь тайланг энэ хурлаар хэлэлцүүлэн, хамгаалах гэж байгаа тун чухал цаг үе тохиогоод байна. Конвенцод нэгдэн ороод эрүүдэн шүүхийн эсрэг хууль, эрх зүйн ямар зохицуулалт хийв. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр тогтолцоонд нь хүнд болон байгууллага руу чиглэсэн ямар ажил хийв гэдгээ тайлагнах байх. Монгол Улс тайлангаа хүргүүлсэн байгаа. Дөрвөн жилд нэг удаа хуралддаг энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Швейцарын холбооны улсад суугаа Бүрэн эрхт элчин сайд, хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөхүүд, дипломат консулууд хүчин чармайлт гарган ажилласны хүчинд энэ жил Монгол Улсын тайланг хамгаалуулахаар болсон. Хүний эрхийн чиглэлээр дэвшил гарсан улсуудын тайланг сонгож хамгаалуулдаг учраас тайлан хамгаална гэдэг маш нэр хүндтэй ажил гэж олон улсад  дүгнэгддэг юм байна.  

-НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хорооны бүрэлдэхүүн Монгол Улсыг эрүү шүүлтээс ангид байх хүний эрхийг хамгаалах талд ахиц гаргасан гэж дүгнэлээ гэж ойлгож болох уу?

-Монгол Улс хүний эрхийн ямар чиглэлээр дэвшил гаргасан бэ гэдгийг энэхүү тайлан хэлэлцэх хурлаар дүгнэх байх. Миний хувийн дүгнэлтээр бол манай улс энэ чиглэлээр маш том ахиц дэвшил гаргасан гэж бодож байна. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг  (ЭШУСҮА) гэрээний үүргээ биелүүлж байгууллаа. Гэтэл эдийн засгийн өндөр хөгжилтэй зарим улс орнууд бий. Тухайлбал БНСУ байгуулаагүй, Австрали одоо л байгуулж байна гэх мэт. Бидний тавьсан энэ эхлэл Ази, Номхон далайн бүс нутагтаа сайшаагдаж байгаа юм. Ажлаа авсны дараа миний бие олон улсын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгт манай улсад очиж ажиллаач гэдэг урилга өгсөн бөгөөд  хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байна. Айлчлалын хугацаанд Хууль сахиулах, хууль болон шүүх эрх мэдлийн байгууллагын алба хаагчдад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах тухай, ялангуяа “Мендезийн зарчим”-ыг нутагшуулахад хамтран ажиллаж байна.  УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга ноён Д.Цогтбаатар болон тус хорооны гишүүд эрүү шүүлтээс ангид байх хүний эрхийг хангахад онцгой анхаарч ажилласаар ирсэн. Мөн олон улсын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг, Монгол Улсын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа хамтарсан хяналт шинжилгээ хийж ажиллалаа. Тус нийгэмлэг нь хүний эрхийг хамгаалах механизм хэрхэн тогтож, нутагшиж байгааг шалгаж дүгнэлт бичдэг байгууллага. Ажил үүргийнхээ дагуу албан ёсны мэдээгээ тавьсныг Монгол дахь НҮБ-ын суурин төлөөлөгч хэлэлцүүлгийн үеэр бидэнд мэдэгдсэн юм.

-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг хараат бус бие даасан байдлаар бэхжүүлэх таны ажилд саад бэрхшээл тулгарсан гэж сонсогдож байсан?

-Бэрхшээл мэдээж байсан. Бэрхшээл тулгарна гэдгийг ч би тооцож байв. Гэхдээ өмнөх төсөөллөөс давсан бэрхшээл тулгарч байна. Ялангуяа миний хамгийн их ойлгож, дэмжиж ажиллана гэж найдаж байсан албан тушаалтнууд ойлгохгүй цаг хугацаа их авлаа. Юунд баярлаж байна гэвэл УИХ, Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны үе үеийн удирдлага, гишүүд,  цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, АНҮТ, СЭМҮТ зэрэг байгууллагын ажилтан, албан хаагч, удирдлагууд, иргэний нийгмийн төлөөлөл, иргэд маш сайн ойлгож дэмжиж ажиллалаа. Бид жилд нэг удаа Хууль зүйн байнгын хороонд тайлангаа танилцуулж ажиллах хуульчилсан зохицуулалттай. Тайлангаараа дамжуулан саналаа тавьж байнгын хороогоор дэмжигдвэл УИХ-аар хэлэлцүүлдэг. Бид байгуулагдсан цагаасаа хойш хоёр удаа тайлан танилцуулсан байна. Ганцаараа эхэлж байх үеэ бодвол бид өнөөдөр олуулаа, төрийн албан хаагч нар, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид бидний ажлыг маш ойлгож дэмждэг болсон. Бидний ажлын зорилгыг жишиж ойлгуулах гэж оролдвол Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” хөтөлбөртэй зорилго ижил юм. Хүнийг өвдсөнийх нь дараа эмчлэх биш урьдчилан сэргийлэх зорилготой энэ хөтөлбөрийн ачаар маш олон хүн эрт үедээ оношлуулж, өвчний хүндрэлээс аврагдаж эдгэж байгаа шиг хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн үр дүнтэй. Эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ тусгай тоног төхөөрөмж, сайн эмч нар, зөв хөтөлбөрийн ачаар илэрдэг бол, хүний эрх хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн хууль, эрх зүйн орчин, харилцан ойлголцол, хүний эрхийн нарийн мэдрэмж, өндөр мэдлэг, туршлага гэх зэрэг хүчин зүйлсийн нийлбэр цогц. Хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй хүмүүс нэгдвэл хаана хүний эрх зөрчигдөх гээд байна гэдгийг тогтоож, урьдчилан сэргийлж болох юм байна гэж би дүгнэсэн. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хамт олон бүгд өөрсдөө сайн дураараа ирж, сэтгэл зүрхээрээ ажиллаж байгаа учраас ажил бүр нь үр дүнд хүрч байна уу гэж бодож байна. Хамгийн гол нь хүний эрхийг хамгаалах, дэмжих үйл хэрэгт чин сэтгэл, худалгүй үнэн байх нь чухал юм гэдгийг тодотгон хэлье. Анх удаа байгуулагдаж байгаа механизм. Өмнө нь ийм механизм байсан бол үргэлжлүүлэн ажиллах чиг баримжаатай байх байлаа. Гэтэл албан хаагч юу хийх вэ гэдэг тодорхой бус. Хамгийн гол нь бидэнд хэрэгжүүлж ирсэн олон улсын байгууллагын туршлага байлаа. Үүнийг бид маш богино хугацаанд уншиж, судалж суралцахыг эрмэлзсэн. Энэ туршлагаас Г.Агар-Эрдэнэ, Б.Хишигсайхан гэдэг хоёр судлаач орчуулж, гарын авлага гаргаад бэлдсэн байв.  Мөн академич О. Амарсанаа, Эрдэнэбаяр, хууль зүйн доктор, профессор О.Мөнхсайхан, Ч.Нямсүрэн тэргүүтэй эрдэмтэн судлаачид энэ чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ хийж байгаа нь бидний ажилд тун их нэмэр болж байгааг онцлох нь зүйтэй.

-Хоёр жилийн хугацаанд та бүхэн Монгол Улсын нутаг дэвсгэрт байх 843 обьектод очиж, 145 мянга орчим хүнтэй уулзаж, 38 мянган километр замыг туулсан байна.

-Өнөөдөр бид Монгол Улсын 21 аймгийг хоёр тойроод байна. Очиж үзээгүй хорих анги, цагдан хорих, баривчлах байр байхгүй. Бид бүх саатуулах, эрүүлжүүлэх байр, СЭМҮТ, ахмад настныг асран халамжлах төв, хүүхдийн асрамжийн газарт байгаа хүмүүсийн эрхийг хэрхэн хангаж байгаад хяналт шинжилгээ хийдэг, очдог, хүсэлт гаргасан хүн бүртэй ямар нэг хэлбэрээр уулздаг. Хүний халдашгүй байх эрхийг ямар нэг хугацаагаар хязгаарлан байлгадаг дээрх тэр олон обьектод очихын зэрэгцээ Монгол Улсын бүх төрийн албан хаагч нарт энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийт иргэдийнхээ эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх эрхийн талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлхээр ажилладаг. Гэхдээ тогтмол очно гэдэг бидний хувьд нэлээд том асуудал болдог. Орон нутагт салбар нэгжгүй, байнга очиж харах ёстой гэдэг дээр төсвийн асуудал байнга хүндрэл учруулж байна. Гол нь төсвийн болон үйл ажиллагааны хараат бус байдлыг даруй хангаж өгөхгүй бол үнэхээр бодит бэрхшээлүүд тулгарч эхлээд байна. Энэ нь эргээд иргэдийнхээ эрхийг хамгаалах талд сөрөг нөлөөлж болзошгүй юм.

-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хараат бус бие даасан байдал гэдэг ойлголт энд алдагдаж байх шиг. Түрүүхэн дурдагдаад өнгөрсөн зөрчил үүсэж байна уу?

-Бидний байдлыг олон улсын хүний эрхийн хараат бус шинжээч, ялангуяа дур зоргоор баривчлах асуудал эрхэлсэн хараат бус шинжээчид 2022 онд ирж ажиллахдаа судалж, Засгийн газарт зөвлөмж ирүүлсэн. “Конвенцод заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг нь дэмжсэн хууль батлуулж ажиллана уу” гэдэг утга бүхий зөвлөмж ирүүлсэн. Олон улсын стандартын дагуу энэ байгууллагыг хараат гэж үзэх боломж алга. Энэ зөвлөмжийг ирүүлсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, дэд дарга С.Одонтуяагаар удирдуулсан өмнөх УИХ маш сайн анхаарч Их Хурлын тогтоол батлуулж, хүний эрхийг дэмжих, хамгаалах ажлыг өндөр түвшинд дэмжсэн. Маш сайн хүний эрхийн мэдрэмжтэй парламент байсан гэж хардаг.

-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг хариуцсан гишүүн харьцангуй эрх мэдэлтэй юм уу гэж надад бодогдсон?

-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг хариуцсан гишүүн зөвлөмж гаргах эрхтэй. Зөвлөмжийг байгууллага, албан тушаалтан хүлээж аваад 30 хоногийн дотор заавал хариу өгөх ёстой. Биелүүлээгүй тохиолдолд тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох, огцруулах,  хуулийн этгээд, байгууллагыг татан буулгах, үйл ажиллагааг нь зогсоох, түдгэлзүүлэх хүртэл саналыг хүргүүлэх эрхтэй. Бид өнөөдрийг хүртэл 41 зөвлөмж хүргүүлсэн байна. Зөвлөмж болгоны ард хяналт шинжилгээ явж байдаг. Хяналт шинжилгээ, шалгалт хоёр өөр. Хяналт шинжилгээ өргөн хүрээнд хийгддэг, олон хүн, байгууллагыг хамардаг. Жишээлбэл асрамжийн газрын нийт хүүхдийн эрх зөрчигдөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдгийг тогтоохын тулд тухайн байгууллагын удирдлага, албан хаагчдын үйл ажиллагааны биелэлт, биелүүлэх ёстой тогтоол шийдвэр, сүүлийн таван жилийн үйл ажиллагааг нь гаргаж үзээд, үр дүнгийн биелэлтийг нь шалгаж үзнэ. Жишээ нь хорих байгууллагын нөхцөлийг сайжруулах талаар зөвлөмж өгөхөд тэнд ажиллаж байгаа болон хоригдож байгаа хүн бүртэй биечлэн уулзаж байж гаргаж байна. Энэ бүх ажлын дараа зөвлөмж гарна. ХЭҮК-ын тухай хуульд “Комиссын гишүүн болон бусад албан тушаалтан Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцохыг хориглоно” гэж заасан байдаг. Энэ зохицуулалт бол биднийг үйл ажиллагаа явуулахад хамгийн том хамгаалал болж байна.

-Хүний эрхийн асуудлаар хийх яриа мэдээж төгсөшгүй. Үргэлж сайжруулсаар явдаг байх. Хүний эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх салбарт хууль зүйн ухааны доктор Я.Цэлмэн гэдэг хүн орсон шалтгаан юу байсан бэ?   

-Аав, ээж, эмээ өвөө нар минь их нөлөөлсөн гэж боддог. Тэд буруу зүйлтэй эвлэрдэггүй, ядарсан нэгэндээ туслах, бусдыг ялгаж харьцахгүй байх талаар байнга хэлж, зөвлөж, биеэрээ үлгэрлэж өсгөсөн. Тийм болоод ч тэрүү багаасаа л буруу гэж санагдсан зүйл дээрээ санаа бодлоо хэнээс ч эмээлгүйгээр хэлж сурсан байв. Ингээд хүсэл мөрөөдлөө дагаж эрх зүйч, хүний эрхийн ажилтан, мэргэшсэн мөрдөгч, багш, эрдэмтэн судлаач гэсэн ажил мэргэжлүүдийг эзэмшихийг хичээж өнөөдрийг хүрлээ.  Мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ гэдэг чиглэлээр хууль зүйн ухааны магистрын судалгаагаа хийж, сэтгэл санааны хохирлыг барагдуулах чиглэлээр санал гаргаж, докторын судалгааны ажлаа хийж байхдаа хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад тогтолцооны өөрчлөлт хийх боломжийг эрэлхийлж ирсэн. Ингээд л өнөөдөр энэ салбарт зорьж, хүсэж ажиллаж байна даа. Энэ хариуцлагатай албан тушаалд УИХ-ын гишүүдийн олонхын саналаар 2022 оны зургадугаар сарын 2-ны өдөр сонгогдон ажиллаад хоёр жил гаруй болж байна. Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны эд эс болох шинэ механизмыг зөв нутагшуулахын тулд хууль болон тогтолцооны хувьд өөрчлөлт хийх боломжийг эрэлхийлэн ажиллаж байна. Ер нь бидний нийгэм оюун санаа, хүний эрхийн хувьд одоо л солигдож байна гэж хэлмээр байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ХЭҮК-т ирж ажиллахдаа “Бүх хуулийг хүний төлөө, хүний эрхийг хангахад нийцүүлэхээр зорьж байна” гэж хэлсэн нь бидэнд улам их итгэл өгч байна. Хууль тогтоогчид, нийгмийн маань тэргүүлэгчид улсын хөгжил, нийгмийн сайн сайхны амин сүнс нь хүний хөгжил, хүний эрх гэдгийг бүх түвшинд ойлгож, дэмжиж байгаад Үндэсний урьдчилан сэргийлэх ажиллагааныхаа өмнөөс талархал илэрхийлье. Улсын хөгжил хүний хөгжлөөс шууд хамаарч байна шүү дээ.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24621/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 7 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 7 цагийн өмнө
Тохуурхал 7 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 7 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 7 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 7 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 7 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 7 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 7 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 7 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 8 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 10 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр