Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувьд хүргэнэ


Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлж, жендэрийн тэгш байдлыг хангах талаар үе үеийн парламентаар хэлэлцэж, хууль, эрх зүйн өөрчлөлт оруулж ирсэн. Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар УИХ-д гуравхан  эмэгтэй гишүүний  төлөөлөл сонгогдсон бол өнөөдрийн УИХ-ын 126 гишүүнтэй парламентын 32 нь эмэгтэй гишүүн байна. Энэ нь жендэрийн тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжиж байгаагийн үр дүнг илэрхийлнэ. Басхүү сонгогчид ч сонголтоо хийхдээ жендэрийн хүйс харах бус улс төрийн нам, хувь нэр дэвшигчийн үнэлэмждээ тулгуурладаг болсон нь өнгөрсөн хугацаанд гарсан дэвшил юм.


“Эмэгтэй парламентчдын чуулган 2024” арга хэмжээ энэ сарын 4-нд Чингис хааны музейд боллоо. УИХ-ын  Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ  дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хамтран зохион байгуулсан энэ арга хэмжээ төрийн шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, эв нэгдлийг бэхжүүлэхийг зорьжээ.

“Эмэгтэй парламентчдын чуулган 2024” арга хэмжээнд УИХ-ын гишүүд, үе үеийн УИХ-д  гишүүнээр сонгогдон ажиллаж байсан эмэгтэйчүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл, жендэрийн манлайлагч улстөрчдийн төлөөлөл, аймаг, дүүргийн ИТХ-д сонгогдсон  эмэгтэй төлөөлөгчид, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллага, эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний төлөөлөл оролцсон юм.

Эмэгтэй парламентчдын III чуулганыг УИХ-ын  дарга Д.Амарбаясгалан нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс парламентын засаглалаа бэхжүүлэх, улам бүр төгөлдөржүүлэх, олон улсын жишигтэй хөл нийлүүлэн алхах, бүс нутгийнхаа хэмжээнд манлайлал үзүүлэх томоохон зорилгын төлөө ажиллаж байна. Энэ ч утгаараа ес дэх удаагийн парламентыг 126 гишүүнтэйгээр бүрдүүлж чадсан. Нийт 32 эмэгтэй парламентад сонгогдож, 25 хувиар эмэгтэйчүүдийн оролцоог хангаж чадлаа. Энэ нь бүс нутгийнхаа хэмжээнд тэргүүлэх, дэлхийн дунджид хүрсэн томоохон үзүүлэлт болсон юм.

Монгол Улс 100 жилийн өмнө 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа “Тус харьяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй хэмээх ялгаваргүй нэгэн адил эрх эдлүүлбээс зохимуй” хэмээн хуульчилснаар эрэгтэй, эмэгтэй иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Ази тивийн анхдагч улсуудын нэг билээ.   Монгол Улс 1950 оны “БНМАУ-ын Их Хурлын сонгуулийн тухай дүрэм”-ээр баталсан анхны сонгуулийн хуулиас хойш өнөөдрийг хүртэл сонгуулийн эрх зүйн орчныг сайжруулсаар ирсэн. Үүний нэг тод жишээ нь УИХ-ын  гишүүдийн тоог 126 болгох, эмэгтэйчүүдийн оролцоог бүрэн хангах, тэд хуулиар заасан квотын хүрээнд нэр дэвшдэг болох боломжийг нээж өгч чадсан нь томоохон амжилт юм. УИХ-ын  2024 оны сонгуульд улс төрийн намууд нийт нэр дэвшигчийн 30 хувьд эмэгтэйчүүдийн нэрийг дэвшүүлсэн бол, 2028 онд энэ үзүүлэлт 40 хувьд хүрнэ. Үүнийг бид хуульчилж чадсан. Цаашдаа жендэрийн эрх тэгш байдал 50:50 хувьд хүрнэ гэж үзэж байна” хэмээв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь эрүүл ардчиллыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах суурь. Монгол Улсын хувьд энэхүү амжилтаа бэхжүүлж, дараагийн шатанд хүрэхийн тулд шийдвэр гаргах түвшинд өнөөдөр ажиллаж буй, өмнө нь ажиллаж байсан эмэгтэйчүүд дэмжлэгийн тогтолцоо бүрдүүлэн, хувь оролцоотой, үр дүнтэйгээр хамтран ажиллах шаардлагатай” гэсэн бол БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан “Эмэгтэй улстөрчид нэгдэн хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд олон чиглэлээр санаачилгатай хамтран ажиллаж чадвал нийгэм тэр хэрээр тэгш, хүртээмжтэй болж өөрчлөгддөг гээд энэхүү чуулганаар цаашдын зорилтоо хамтдаа тодорхойлох  боломжтой”  гэлээ.

УИХ-ын дэд дарга, Эмэгтэй парламентчдын зөвлөлийн тэргүүн Х.Булгантуяа “Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал” сэдэвт илтгэл танилцуулсан юм.  УИХ-ын найман удаагийн сонгуульд давхардсан тоогоор нийт 608 хүн сонгогдсоноос 65 буюу 10.7 хувь нь эмэгтэй байсан бол 2024 онд 25.4 хувь болжээ.

Ингээд чуулганд ирсэн зарим төлөөлөгчийн байр суурийг сонслоо.


Х.Баасанжаргал: Сонгуулийн зардлыг бууруулах талаар  бодлогын алхам хийх хэрэгтэй

/УИХ-ын гишүүн/

-Энэ удаа­гийн пар­ламентын бүрэл­дэхүү­ний 25 хувь нь эмэгтэй­чүүдийн төлөө­лөл байна.  1949 онд эмэгтэйчүүдийн улс  төрд эзлэх хувьд 24.5 хувьд хүрч байжээ. 1977, 1981 онд мөн эмэгтэйчүүдийн улс төрд эзлэх хувь 23-24 хувь хүрч байсан түүх бидэнд бий. Бид энэ ахиц дэвшлээ хадгалж байх ёстой.  УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн тухай хуульд шаардлагатай өөрчлөлтийг оруулах хэрэгтэй. Тэр дундаа УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн зардлыг бууруулах талаар дорвитой бодлогын алхам хийх ёстой. Энэ асуудлыг бид сонгууль дөхсөн үед биш эртээс Ажлын хэсгүүд байгуулж, яриа хэлэлцээ хийж, нийгмийн зөвшилцлийг хангаж хэлэлцэх хэрэгтэй юм. Тэр дундаа тооноос илүүтэй чанарын асуудал яригдана. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олноор гарснаар юу өөрчлөгдсөн бэ гэдэг асуудалтай бид хэдхэн жилийн дараа нүүр тулна. Бид үүнд бэлтгэлтэй байж, ажлаа сайн хийх ёстой.  Би хуульч хүн. Хүний эрхийн асуудлыг хөндөж ирсэн. Тийм учраас “Монгол Улс хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-2”-ыг батлах ёстой.

Хамгийн анхны хөтөлбөрөө 2003 онд баталж байсан. Үүнээс хойш бидэнд үндэсний хэмжээний хүний эрхийн бодлого байгаагүй. Тийм учраас энэ парламент Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийн бодлогоо батлах хэрэгтэй гэж үзэн Ажлын хэсгийг ахалж ажиллаж байна.


М.Мандхай: Орон нутгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулна

/УИХ-ын гишүүн/

-УИХ-ын болон орон нутгийн сон­гууль нэр дэвшигч эмэг­тэй­чүү­дээс маш их хүч шаардлаа. Эмэгтэй нэр дэв­шигчид маань шударга бус асуудалтай нүүр тулсан. Өнөөдөр парламентад УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулсан УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулагдан ажиллаж байна. Энэ бүлэг ирэх жилүүдэд Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахад анхаарч ажиллана.  Олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж, хуульд өөрчлөлт оруулан, шинэчлэл хийнэ. Бид нөлөөллийн үйл ажиллагааг хийнэ. Орон нутгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид,  Эмэгтэйчүүдийн холбоодоор дамжуулан эмэгтэйчүүдээ чадавхжуулах сургалт явуулахаар төлөвлөсөн.  УИХ-ын эмэгтэй гишүүд салбар, салбарынхаа хууль, эрх зүйн орчныг шинэчлэхэд идэвхтэй оролцох хэрэгтэй. 


М.Цэнд-Аюуш: сонгинохайрхан дүүрэг орон нутгийн сонгуулиар “жендэрийн мэдрэмжтэй намын байгууллага” гэдгээ дахин баталгаажуулсан

/СХД-ийн МАН-ын хорооны дэд дарга,  ИТХ-ын төлөөлөгч/

-Миний хувьд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын сонгуульд хоёр дахь удаа нэр дэвшин ялалт байгуулсан. Энэхүү чуулганд  төлөөлөл болон оролцож байгаадаа баяртай байна.  МАН шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд эртнээс анхаарч, манайлал үзүүлж ирсэн. Үүний үр дүнд энэ жил болж өнгөрсөн УИХ болон Нийслэл, дүүргийн гээд шат шатны сонгуульд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэж чадлаа. Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны удирдлагуудын хувьд намынхаа энэхүү бодлогыг бүх шатандаа хэрэгжүүлж ажиллахыг хичээж ирсэн. Ингэснээр СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчдийн 41.8 хувьд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлсэн нь “Жендэрийн мэдрэмжтэй намын байгууллага” гэдгээ баталсан үйл явц гэж ойлгож болно. Эрэгтэйчүүд алсыг харж шийдвэр гаргадаг бол эмэгтэйчүүдийн тухайд асуудлыг шийдвэрлэхэд тулгарах саад бэрхшээлийг нарийвчлан харж, аливаа асуудлыг жижиг гэхгүйгээр шийдэхийг хичээдэг үнэнч хүмүүс байдаг.  Тиймээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэнээр  СХД-ийн хэмжээн дэх 300 гаруй мянган хүн ам болон нийгмийн бүхий л салбарт  тулгамдсан олон асуудлыг тухай бүрт шийдэх боломж бүрдэж байна гэж харж байна.


Б.Юмжирмаа: Булган аймаг Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувиар орон

нутагтаа тэргүүллээ

/Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч,  СДМЭХ-ны тус аймгийн салбар холбооны дарга

-Эмэгтэйчүү­дийн оролцоог бүх шатанд  нэмэгдүүлж байж  нийг­мийн   аливаа сайн  сайхан бий болж тогтдог.  Тиймээс зөвхөн Монгол биш олон улсын байгууллага ч жендэрийн тэгш оролцоог нэмэгдүүлэх талаар анхааран ажиллаж байна. Монгол дахь олон улсын байгууллагууд улс төрийн намуудтай хамтарч ажилласнаар шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүллээ. 2028 онд хууль, эрх зүйн хүрээнд өөрчлөлт орсноор эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэхээр УИХ ажиллаж байна. Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 31 хувь нь эмэгтэйчүүд сонгогдлоо. Энэ нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувиараа бусад орон нутгаа тэргүүллээ.

Өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ. Сонгогчдын боловсролд анхаарч  ажилласны үр дүнд тодорхой хэмжээнд өөрчилж чадсан гэж бодож байна. Ирэх жилүүдэд орон нутгийн бүх түвшинд улстөрч эмэгтэйчүүдийг бойжуулж байж эх орны хөгжил зөв болно.

Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24621/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 7 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 7 цагийн өмнө
Тохуурхал 7 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 7 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 7 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 7 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 7 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 7 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 7 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 7 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 7 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 10 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр