Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сэтгүүлч



 Я.СУМЪЯА 
/Цэндийн Намсрайн нэрэмжит шилдэг редакторын шагналт сэтгүүлч/

Өнгөрсөн зун манай улсын 333 сумаас 102 нь 100 жилийн ойгоо тэмдэглэсний нэг нь ахмад сэтгүүлч Дорждулам гуайн төрсөн нутаг Баянхонгор аймгийн Жинст сум байлаа. 
Нутаг усныхаа энэхүү тэгш дүүрэн ойд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Даваагийн Дорждулам  гуай “Миний тоонот Жинст” нэртэй шилмэл бүтээлийн нэгэн боть туурвин сумынхаа ойд зорих их цувааны эхний хөсөгт номоо дайхдаа  өөрөө яваад   очихын дайтай сэтгэл нь уужран, баярлан догдолсоор ерөөл өргөн үлдэж билээ. 
“Үнэн” сонинд үзэг элээж, үгээр урлахуйн эрдэмд боловсорсон бичгийн хүн тэрбээр “Миний тоонот Жинст”-ээ он жилүүдийн цадиг түүх, учрал ерөөл, хүмүүний амьдралын утгас долгис бүхнийг сэтгүүл зүйн бичлэгийн амин сүнс болсон алт шиг үнэт баримтаар шаглан, урнаар өгүүлэн бүтээсэн юм. Тоонот нутаг Жинстээ үгүйлэн санаж, хүндэтгэн биширч,  бахархан дурсаж өгүүлэхүйеэ үл дундрах сэтгэлд үлдсэн бүхнээсээ дээжлэн бичиглэсэн болгонд нь унаган нутгийнх нь уул ус, тал хөндий, буурь бууц, тэр гуай, энэ гуайнхнаа нэр ус, царай төрх, дүн нуруугаараа уншигч хэнбуйгаан ч нүд сэтгэлд буутал бичиглэсэн нь аргагүй  бяр бядтай сэтгүүлчийн мөн чанарыг илтгэнэ.    
Сэтгүүл зүйн халуун гал тогоонд хамтдаа явсан эрхэм нөхдийнх нь үг, өгүүллээр эхлэх энэ ном “Тоонот амьтай бүтээл турвилын дээжис”, “Үнэн” сонины багт үзэг барьсан он жилүүдийн бичиглэл”, “Үнэн” сонин, үнэндээ бол эх орныхоо томилолтоор гадаадад”, “Нэгэн хэвлэлээс нийгмийн зүтгэлтэн болтол өсгөдөг ажил мэргэжил бол-сэтгүүлч”, “Үгүйлэн санах тоонотдоо өргөх сүүтэй үг” гэсэн зургаан бүлэгтэйн дээр түүх өгүүлэх ховор сонин гэрэл зургаар баялаг юм. 
Ер нь бол Жинст гэх ганц сум, Баянхонгор гэх нэг аймгаар зогсохгүй Монголын түмний нэгэн цаг үеийн өнгө төрх нутагтай устай, хүнтэй зонтойгоо, хөдөөх малчин амьдралын сүр сүлд сайхан буурлууд, үр хойчис, сор болсон хөдөлмөрийн сайчууд, эрдэмтэн сэхээтэн, авьяас билигтнүүдтэйгээ нүд сэтгэлд буугаад ирнэ. “Үхрийн махыг үнхэлцэгт нь" гэдэг шиг Монголоосоо халин хилийн чанадын улс орны ахуй амьдралын шимтэй сайхнаас дээжилсэн авьяаслаг бөгөөд тулх туршлагатай сэтгүүлчийн оюуны бяр “Миний тоонот Жинстээс”  мэдрэгдэнэ. 
Буурлуудаа буцаж одсоны хойно бид “Тэднийхээ мэнд ахуйд үүнийг ч асуух минь, түүнийг ч лавлах минь  яав” гэж олон зүйл дээр амаа барин мухарддаг. Тийм нэгэн буй аваас Дорждулам гуайн номоос ижий аавынхаа гэгээн дүр, цагаан мөрөөр орж эрснээ олж, олсондоо олзуурхан нутгийн сайхан эгчээрээ бахархан Жинстийнхэн өнөөдөр эл номыг гар дамжуулан уншиж суугаа. Нутаг ус, уугуул суугуул түмэн олноо номон суваргаар мөнхлөх шиг том бэлэг өөр ер юу бий гэж. Үнэхээрийн нутаг амьтай хүний гараас л гарах бүтээл энэ мөнөөс мөн.  Үүний хамт “Ардчиллын салхийг манайхан хагалсан”, “Миний бурхан-Намсрай эрхлэгч”, “Хоточ цагаан банхар”-ыг шинжихүй”, “Бид азтай гуулиуд”, “Мартахын аргагүй хүн”, “Манай Бидэръяа гуай” зэрэг олон нийтлэл нь “Үнэн” сонины алтан үеийнхэнтэй нүүр учран золгуулж, Монголын сэтгүүл зүйн төв штаб, жинхэнэ академийг ямархан тулхтай зангаргатай хүмүүс авч явсныг таниулах нь юутай  бахархалтай. 
Монголын хэвлэл мэдээллийн салбарт эмэгтэй сэтгүүлч цөөн ахуй тэр үед “Үнэн” сонины халуун гал тогоонд эрчүүдтэй мөр зэрэгцэн шандас сорьж, дан гагц өөрийн авьяас билиг, чин хүсэл, зүтгэл бүтээлээр цээжинд нь өнгөлөн гарч ирснээр барахгүй энэ цагийн сэтгүүлзүйн ачааны хүндийг үүрэх эмэгтэй сэтгүүлчдийн бүхэл бүтэн “арми” араасаа үлгэрлэн дагуулсан булган сүүлтэн бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Даваагийн Дорждулам гуай яах аргагүй мөн юм. Түүний тухай  тэр цагийн “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Л.Түдэв, тус сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Х.Цэвлээ зэрэг нэрд гарсан нийтлэлч, Хөдөлмөрийн баатруудаас эхлээд нэрт сэтгүүлч Жа.Пүрэв, эрдэмтэн сэтгүүлч, зохиолч Т.Баасансүрэн, До.Цэнджав, Б.Өвгөнхүү гээд олон хүн бичиж,  “Монголын сэтгүүл зүйн Өндөр ээж,” “Үнэн” сонины Өрлөг эх”, “Манай бага эрхлэгч”, “Улаан Яватай хүүхэн” гэх зэргээр жинхэнэ амьдрал дундаас төрсөн ясны сэтгүүлч мөн болохыг нь бусдын төлөө гэсэн сүүн сэтгэл, уйгагүй хөдөлмөрч, туйлын үнэнч, шударга шулуун зан чанартай нь хамтатган сэтгэлийн гүнээс урласан байдаг юм.  
Л.Түдэв эрхлэгч “Гадаадад анхных” нэртэй өгүүллээрээ  Д.Дорждулам гуайг хөрөглөн бичихдээ дээр миний гарчиглаад байгаа  “Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сэтгүүлч” гэх сонин бөгөөд содон цол өргөмжилсөн нь анхаарал татдаг. Л.Түдэв эрхлэгчээс тодруулан эшилбээс, “Шинэ Монголын ууган сонин “Үнэн” (“Монголын үнэн” нэрээр анх дуудуулсан, 1920 он) дөчөөд насандаа анх удаа өөрийнхөө тусгай сурвалжлагчийг гадаад улсад томилон илгээсэн түүхтэй. Тэр цагаас хойш хорьдугаар зууны сүүлчийн жилүүд хүртэл арваад сэтгүүлчийг Москва, Бээжин, Гавана хотод тусгай сурвалжлагчаараа ажиллуулсан юм. Тэдний дотор ганцхан эмэгтэй сэтгүүлч байсан бөгөөд тэр нь гадаадад томилогдон ажилласан анхны бүсгүй хүн төдийгүй Москвад хоёронтоо томилогдон ажиллаж Зөвлөлт улсын аж байдал, амжилт бүтээл, хүн зоны ололтыг нүдээр үзэж, биеэр танилцаж цогцолбор мэдээллээр монгол уншигчдаа хангаж байсан онцлог нэгэн, ...Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сэтгүүлч Даваагийн Дорждулам” гэсэн байдаг. Ийн цоллож болох учрыг тэрбээр тайлбарлахдаа  “Сэтгүүлч хүн, тэр тусмаа улс орноо төлөөлөн гадаад тусгай сурвалжлагчаар ажиллаж байдаг сэтгүүлч хүн юуг яаж бичих нь түүний өөрийн бүрэн эрх, онцгой авьяасын хэрэг юм. Элчин сайд хүн үгийн алдас хийж болохгүй шиг сэтгүүлч хүн үгийн гологдол, гажуудал гаргах ёсгүйгээрээ ихэр мэргэжил болой” хэмээсэн байна.  
Эрхэм Л.Түдэв эрхлэгчийн энэ тодорхойлолтыг бататган 2013 онд Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Монголын сэтгүүлзүйн академиас  Д.Дорждулам гуайг Монгол Улсаас анх удаа гадаадад тусгай сурвалжлагчаар ажилласан анхны эмэгтэй сэтгүүлч мөн болохын дээр сонины сэтгүүлчдээс ч мөн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн анхны эмэгтэй сэтгүүлч мөн хэмээн “Монголын сэтгүүлзүйн анхдагч”-ийн батламж олгосныг онцлон дурдахад бахархалтай байна.
Монголын сэтгүүл зүйд  хоёроор тогтохгүй анхдагчийн шан татсан Онц бөгөөд бүрэн эрхт элчин сэтгүүлч Д.Дорждулам гуай  төр түмнийхээ төлөө сэтгэлээ чилээн өнөөдөр ч үзэг тавилгүй бичиж туурвисан хэвээрийн дээр сэтгүүлч гэдэг тэтгэвэрт үл гарах ажил мэргэжил мөн болохыг “Миний тоонот Жинст”-ээрээ нотлон тунхаглав.
Үзэг цаастай шадарласан нэгэн жарных нь бүтээл туурвилын сор дээж бүтээлүүд болох “Заяа төөрөг минь”, “Монголын сэтгүүл зүйн шилдэг нийтлэлийн 76 дугаар боть” зэрэг нь  өнөөдөр Монголын сэтгүүл зүйн сургалт, судалгааны нэн эрэлттэй гарын авлага болсныг нэмэн дурдахад таатай байна.  Тэгвэл дахин нэг жин дарах чамбай бүтээл ийнхүү уншигчдаа зорилоо.
 Ер нь “Үнэн” сонин   хүнд тодорхой нэг хугацааны дотор биш, нэгэн насаараа сэтгүүлч явах хат суулгадаг  жинхэнэ академи байжээ. Миний бие энэ академийн өндөр босгоор орох чадал чансаа, хувь зохиол дутсан ч тэдний “хал цэргүүдтэй” нь харин шадар нөхөрлөж  Цэндийн Намсрай эрхлэгчээр нь овоглосон шилдэг редакторын шагналт цөөн сэтгүүлчийн нэгэн болж ном бүтээлийнх нь үг үсгийн тоосыг гүвэлцэж яваагаа их хувь заяа хэмээн залбирнам. Энэ 2024 онд л гэхэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Х.Цэвлээ гуайнхаа “Монголчууд хаан сонголтын хаалганд тулж ирлээ”, “Богд ламтан”, “Өвөө эмээгийн бор авдар”, “Уучлаарай хүүхдүүд ээ, хэдэн муусайн буурал нь эмний мөнгө, шөлний мах л горьдож сууна” зэрэг найман өгүүлэл багтаасан, өгүүлэл тус бүр нь нэгэн боть ном болох том санаа, гүн агуулгатай “Учиртай хэдхэн үг” нэртэй, тогооны бариулын дайтай бага жаахан номоос эхлээд, Монгол Улсын Соёлын гавьяат сэтгүүлч С.Жамбалдоржийн бүтээлээр “Монголын сэтгүүл зүйн шилдэг нийтлэл”-ийн 26 дугаар боть, сэтгүүлч Хүрэлбатын бүтээлээр “Монголын сэтгүүлзүйн шилдэг нийтлэлийн боть, Д.Дорждулам гуайнхаа энд өгүүлэн буй номыг ариутган шүүж хэвлүүлэв. “Үнэн” сонины ахмад сэтгүүлчдийн  далай их бүтээлээс энэ нэгэн жилийн дотор зөвхөн миний гараар орсныг дурдахад ийм байна.    
Д.Дорждулам гуай бол монгол бүсгүй хүний эрхэм чанар, эрдэм бүхэн тэгш дүүрэн заяасан хаана ч үлгэр  дуурайлтай сайхан эмэгтэй. Хэзээ ч хэнтэй ч нэг л зангаараа явах, хүний сайн хань, айл гэрийн сайн эзэгтэй, алаг үрсийнхээ элбэрэлт ээж, энэрэлт  эмээ, тулж нөхөрлөсөндөө насан туршийн итгэлт сайн анд нь... гээд  ажил мэргэжил алдар цолоос нь илүү нэгэн насных нь чимэг болсон нандин чанар бүхэн тэгш дүүрэн  заяажээ. Тэр бүхний тухай эс дэлгэрүүлэх ч   хүний сайн хань гэхийн учраа жаахан тодруулъя. 
“Миний тоонот Жинст” номын 41 дүгээр хуудаст Ю.Цэдэнбал дарга Дорждулам гуайн маань насны сайхан хань, манай улсын нэрт дипломатч О.Эрдэнээ гуайд  Алтангадас одон гардуулж буй торгон агшныг мөнхөлсөн нэгэн сайхан гэрэл зураг буй. Зурагт буй нүүрэнд нь инээмсэглэл, бас бахархал доторсон гурван эрхэм хүний нэг нь.   Гадаад явдлын яамны сайд М.Дүгэрсүрэн гуай аж. Алтангадас одон   алт шиг үнэ цэнтэй, жинхэнэ  төрийн дээд шагнал мөн байсан үеийн ховор энэ гэрэл зургийн тухайд Дорждулам гуай “Дүгэрсүрэн сайд хүнээ шагнуулах гэж, хөдөлмөрийг нь төр улсдаа үнэлүүлэх гэж хөөцөлдөн, төрийнхөө тэргүүн дээр Эрдэнээг маань ингээд өөрөө хөтлөөд очиж байсан юм даа” хэмээн бахархан өгүүлж байсан. 
Хосоороо өтөлж яваа буурлууд бол Монголын минь бахархалт буяны нэг яах аргагүй мөн. Тийн өндөр насыг насалж өргөн түмнийхээ дунд явах заяа буяных нь гол түшиг нуруу нь халамжит сайн хань байж таарна. Дорждулам  гуай нутгийн ойдоо номоо элч болгон илгээгээд өөрөө үлдэхийн учирч ч үүнд байсан. Явбал  ханьтайгаа хоёулаа хамт явмаар байдаг. Гэвч Эрдэнээ маань жаахан тэнхээрхүү, явлаа гэхэд  хүмүүст төвөг удах юм бидэнд их байна аа хэмээн наанаа ханиа,  цаанаа бол үр хүүхэд, өрөөл бусдыг бодсон хайлган сэтгэлээр өгүүлсэн.      
Эргэх дөрвөн цагийн турш шинэ өрөм, шахсан бяслаг, шаргаасан ээзгийтэйгээ суудаг манай Дорждулам гуай шиг жинхэнэ Монголоороо эзэгтэй эдүгээ хотод бүү хэл хөдөөд ч цөөн болов уу. Эгэл бор малч амьдрал ахуйд төрж, хар багаас хал үзэж халуун чулуу долоон өсөж, ХАА-н шинжлэх ухааны  эрдэм ухаанд сурч боловсорсон Дорждулам бүсгүй үнэхээр юм үзэж нүд тайлсан нэгэн Монголын сэтгүүл зүйн хаалгаар шилэгдэн орж ирсэн юм билээ.
Тиймдээ ч “Үнэн” сонины анхдагчдын нэгэн  Онц бөгөөд бүрэн эрхт элчин сэтгүүлч гарцаагүй мөн билээ.  

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24621/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 28 минутын өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 3 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 3 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 3 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 3 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 4 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 4 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 5 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 5 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 5 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 5 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 5 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 5 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 5 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 5 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 5 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 5 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 6 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 6 цагийн өмнө