Засгийн газар төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд анхаарч, эмийг цахим жороор олгохоор шийдвэрлэв


Улиран өнгөрч буй  долоо хоногт улирлын ч, улс төрийн ч нөхцөл байдал тогтуун байлаа.  Өвлийн эхэн сар дундаа орж байгаа хэдий ч нийт нутгаар цаг агаар тогтуун, тэр дундаа улсын нийслэл Улаанбаатарт нэмэх хэмтэй “өвөлжив”.   Улс төрийн нөхцөл байдлын тухайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож, УИХ хуулийн хугацаатай хууль, тогтоолын төслүүдээ хугацаанд нь хэлэлцэн баталж, Засгийн газар нийгэмд бухимдал үүсгээд байсан цаг үеийн асуудлыг хуралдаанаараа шуурхай хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Монгол Улс “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэвшүүлэв 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Азербайжан улсын   Ерөнхийлөгч Илхам Алиевийн урилгаар арваннэгдүгээр сарын 12-13-нд тус улсын Баку хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцлоо. 
160 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцсон  Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Монгол Улсын хувьд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа бүрэн амжилттай хэрэгжүүлэхэд ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай байна. Энэ хүрээнд манай улс сэргээгдэх эрчим хүч, ногоон хөдөө аж ахуй, ойн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлийг хийж байна.
Тухайлбал, манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлээд байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт нь уламжлалт бэлчээрийн аж ахуйд түшиглэсэн улс орнуудад хүчтэй сөргөөр нөлөөлж байгаа энэ цаг үед Монгол Улс “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэвшүүлж байна” хэмээн мэдэгдэв. 
Энэхүү санаачилгыг дэлхийн улс орнууд дэмжсэнээр уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно гэж үзжээ. 
Түүнчлэн энэхүү санаачилга нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан “2025 оныг Хоршооллын олон улсын жил болгон тэмдэглэх тухай”, “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлийг хангахад чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаагаа төрийн тэргүүн мэдэгдсэн юм. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр 2025 онд ашиглалтад орно

УИХ-ын намрын чуулганы ачаалал үргэлжилж байна. Хуулийн хугацаатай хууль, тогтоолын төслүүдийг парламент хэлэлцэн батлав.  Энэ УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг эдийн засагчдын төдийгүй олон нийтийн анхаарлыг татав. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас танилцуулснаар жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн гүйцэтгэл 95 хувьтай байна. Үйлдвэр 133 га талбайг хамрах бөгөөд үндсэн үйлдвэр, түүхий нүүрс, бүтээгдэхүүний агуулах зэрэг үйлдвэрийн болон иргэний нийт 67 барилга, байгууламжаас бүрдэх юм.  Үйлдвэрт нийт 457 ажиллах хүч шаардлагатайгаас одоогоор 198 хүн ажиллаж байгаа аж.  Энэ оны зургаадугаар сард үйлдвэрийн туршилт, тохируулгын нээлтийг хийсэн бол 2025 оны гуравдугаар сард  ашиглалтад оруулах гэнэ.  Төсөл хэрэгжсэнээр улс орон, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжиж шууд ажлын байрыг шинээр бий болгож, экологийн сөрөг нөлөөллийг бууруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. 


Монгол Улсад статистикийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн энэ долоо хоногт тохиов.  Ойн хүрээнд зохион байгуулсан   “Үндэсний өгөгдлийн чуулган”-д  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан оролцлоо. Тэрбээр  “УИХ, Засгийн газар хэр зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоо баримт дээр суурилсан, цаг үеэ олсон, олон хэмжээст судалгаатай хууль батлан гаргана, төдий чинээ иргэдийн амьдралын хэв маяг, эрэлт хэрэгцээнд нийцсэн, урт настай, чанартай хууль батлагддаг. Тиймээс Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, оновчтой бодлого боловсруулахад чанартай статистик ус, агаар мэт чухал ач холбогдолтой гэдгийг онцлов. Тэрбээр, дэлхийн улс орнууд их өгөгдөл, хиймэл оюун ухааныг засаглал, шийдвэр гаргалтдаа ашиглаж эхэлсэн учраас энэ хөгжлийн хурдаас манай улс хоцрох ёсгүй гэлээ. Тиймээс статистикийн албаны тогтолцоог хараат бус, технологид суурилсан, мэргэжлийн, чадварлаг болгон хөгжүүлэхэд УИХ-аас анхааран, дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. 


Засгийн газар “11-11” төвд ирүүлсэн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэсэн үр дүнгийн талаар  долоо хоног бүр танилцана 

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11" төвд өнгөрсөн аравдугаар сард эрүүл мэндийн салбартай холбоотой нийт 463 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсний 52.4 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, 37.5 хувь нь эмийн жортой холбоотой санал, гомдол эзэлжээ. Иргэдээс гаргаж байгаа гомдлын дийлэнх хувийг эмийг жороор түгээхтэй холбоотой гомдол эзэлсэн байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “11-11” төвд ажиллаж, иргэдийн асуултад хариуллаа.  Монгол Улс 2021 оноос эхлээд  хөнгөлттэй эмийн жорыг цахим хэлбэрээр бичиж, эмийн сан иргэнд олгодог тогтолцоог нэвтрүүлж, ашиглаж хэвшсэн байсан бөгөөд энгийн эмийг худалдан авахад цахим систем ашиглагддаггүй байсан. Учир нь Монгол Улсад бүртгэлтэй 2500 эмийн сангаас 1100 орчим эмийн сан нь цахим жорын программ хангамжгүй байсантай холбоотой.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх гомдлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор “Иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд сар бүр ажиллаж, санал хүсэлтийг хүлээн авч байхаа мэдэгдсэн бол энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар "11-11" төвд цахим операторын үйлчилгээ нэвтрүүлэх шийдвэр гаргалаа. Тодруулбал,  "11-11" төвд хандсан иргэдийн санал гомдолд дурдсан асуудалд долоо хоног бүр дүн шинжилгээ хийж, эцэслэн шийдвэрлэх арга хэмжээ авч, үр дүнг Засгийн газрын хуралдаанд тухай бүр танилцуулах, Төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээний талаар иргэдийн санал хүсэлтийг нийгмийн сүлжээ болон бусад сувгаар авч шийдвэрлүүлэх, цахим операторын үйлчилгээ нэвтрүүлэх, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар “И-Монгол” системээр иргэнд тухай бүр мэдэгдэж ажиллахыг Засгийн газрын ээлжит хуралдаанаас Ерөнхий сайд холбогдох сайд нарт   даалгасан байна. Мөн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм олгох эрхтэйгээс бусад эмийн санг цахим жороор үйлчлэх боломжийг бүрдүүлэх чиглэлийг өгчээ. 
Ийнхүү Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэж, шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна.
 
“Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнийг томилж, олны танил жүжигчин шалгагдаж байна 

"Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Ж.Тана “Алсын хараа-2050” салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны ажлын албыг ахлан ажиллах болсон. Тиймээс дараагийн хүнийг томилох тухай асуудал яригдаж эхэлсэн билээ.  Тэгвэл "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-д  Монголын талын 34 хувийг төлөөлж ажиллах гурван гишүүний нэгээр Э.Мэндтүвшин томилогджээ. Тэрбээр Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайваны хүү бөгөөд Харвардын их сургуулийн магистр, хуульч мэргэжилтэй аж. 
Энэ долоо хоногийн сүүлчээр жүжигчин Б.Амарсайхан бага насны хүүхэд зодсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Ямартай ч цагдаагийн байгууллагын тусгай дугаарт 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр “Аравдугаар сарын 30-ны өдрийн 20:00 цагийн үед манай найз бусдад зодуулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Сүнсний баярын үеэр хүүхдүүд хотхоны айлуудаар чихэр цуглуулахаар явахдаа хаалга өшиглөснөөс болж бусдад зодуулсан гэх утгатай дуудлага мэдээлэл ирснийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. 
Түүнчлэн ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч,  эрс хүйтрэхийг УЦУОШГ-аас сэрэмжүүлж байна. 

 Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24622/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 1 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 4 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 4 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 4 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 5 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 6 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 6 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 6 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 6 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 6 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 6 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 6 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 6 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 6 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 7 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 7 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 7 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 7 цагийн өмнө